Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 136/ШШ2024/00496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр багт оршин суух Намжил В овогт Л.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дугаар багт оршин суух Р овогт Ч.А холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 3,035,800 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Алтанцэцэг,

Хариуцагч: Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Ө 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн * сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт * маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг * маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж автомашинд 1,790,000 төгрөгийн хохирол учруулсан. Автомашинд бензин хийсэн зардалд 208,000 төгрөг, автомашиныг хүн гуйж чирүүлэхээр түлш хийсэн 223,800 төгрөг, Аймгийн төвөөс хөрөнгө үнэлгээний үнэлгээчин биечлэн ирж автомашиныг үзсэн зардалд 200,000 төгрөг, техникийн шинжээч аймгаас биечлэн ирсэн хөлс зардал 500,000 төгрөг, автомашинд үнэлгээ хийсэн төлбөрт 114,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан 200,000 төгрөг нийт 3,035,800 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээгээр тогтоогдсон хохиролд 1,790,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

3.Шүүх хариуцагч Ч.А-гээс 2,104,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 931,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн * сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт * маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг * маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гарч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн * дугаар Шийтгэлийн хуудсаар Ч.А-г 100 нэгжээр торгосон шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болжээ.

6.Д.Б-ийг * дугаар шийтгэлийн хуудсаар 100 нэгжээр торгосныг Д.Б эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/237 дугаар шийтгэвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна.

7.Хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Л.Ө-ны эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэвэрийн хуудсаар тогтоогдож байна.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан.

9.Нэхэмжлэгчийн автомашинд 1,790,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

10.Түүнчлэн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 114,000 төгрөг, нэхэмжлэгч хууль зүйн туслалцааны хөлсөнд 200,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг гаргуулах нь зүйтэй байна.

11.Харин техникийн шинжээч, үнэлгээчин Хөвсгөл суманд очиж ажилласан 700,000 төгрөг, машин чирэхэд гарсан зардал 208,000, 223,800 төгрөг нь тогтоогдохгүй байна.

12.Ашид билгүүн ХХК үнэлгээний зардал 114,000 төгрөг гэж баримт хэрэгт авагдсан байхад дахин үнэлгээний зардал, техникийн шинжээчийн зардал нэхсэн нь үндэслэлгүй байна.

13.Мөн түүнчлэн шатахууны баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14."төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт биш байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48,614 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.А-гээс 2,104,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 931,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-гээс 48,614 төгрөгийг гаргуулж Л.Ө-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу шийдвэрийг эс зөвөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ