Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 505

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Н.Бд холбогдох 1711009100176 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нийслэлийн төр захиргааны авто баазад үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77а-13 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н.Б  (РД:О000000000000),

нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 221 дүгээр цэцэрлэг дотор хохирогч Б.Янжмаагийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “ЛЖ-Ж-6” загварын гар утсыг завшиж 1.007.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Н.Б нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.,

Хохирогч Б.Янжмаагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр 221 дүгээр цэцэрлэгт очсон. Машинаас буухад гар утас байсан ба дүүгээ цэцэрлэгт нь оруулж өгч хувцсыг нь сольж өгчихөөд гараад утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд буцаж ороод хайж үзэхэд байхгүй байсан. Ингээд багшаас нь таньд ямар нэгэн хүн гар утас үлдээсэн байна гэж гар утас өгсөн үү гэхэд үлдээгээгүй гэж хэлсэн. Цэцэрлэгийн хувцас солих өрөөнд нь камер байгаагүй ба харин үүдний хэсэгт камер байсан. Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан тул одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Гэрч Д.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын эхэнд байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байхад манай эхнэр Балжинням хүүхдээ хүргэж байгаад 221 дүгээр цэцэрлэгийн нэг давхрын үүдэнд байдаг манаачийн ширээний хажуу талд шалан дээр утас байхаар нь аваад ирлээ гээд надад өгсөн юм. Би тэгээд тэр утсыг нь аваад машиндаа хийсэн. Тэгээд би тэр өдөр ажлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум яваад гурав хоноод ирсэн. Би тэр утсыг нь машиндаа хийгээд хөдөө аваад явсан. Маркийг нь сайн мэдэхгүй байна. Одоо миний машинд байгаа.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 221 дүгээр цэцэрлэг дотор хохирогч Б.Янжмаагийн гээгдүүлсэн 1.007.200 төгрөгийн үнэ бүхий “ЛЖ-Ж-6” загварын гар утсыг авч завшсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Мөнхбатын “...2017 оны 10 дугаар сарын эхэнд байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байхад манай эхнэр Балжинням хүүхдээ хүргэж байгаад 221 дүгээр цэцэрлэгийн нэг давхрын үүдэнд байдаг манаачийн ширээний хажуу талд шалан дээр утас байхаар нь аваад ирлээ гээд надад өгсөн юм. Би тэгээд тэр утсыг нь аваад машиндаа хийсэн.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Н.Быг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Н.Бын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Н.Быг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Бын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ