Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2016/0363/З |
Дугаар | 417 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 417
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45а байр, 29 тоотод оршин суух Жүгдэрдэмидийн Отгонсайхан,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1, Хуульчдын гудамж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах”
Шүүх хуралдаанд: Ж.Отгонсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгонсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Жүгдэрдэмидийн Отгонсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2007 онд ажилд орж, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, сургалтын менежерийн албан тушаалыг хашиж, тус байгууллагад 9, улсад 16 дахь жилдээ ажиллаж байна.
Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан хошууч Ж.Отгонсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн Сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерээр албан тушаал хоёр шат бууран томилогдсон ч төрийн албыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар албан тушаал бууруулж томилсон.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал буруулах үндэслэлийг заасан байдаг бөгөөд дээрх заалтаас бусад үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулан томилох эрхгүй байдаг.
Албан тушаал бууруулах болсон шалтгаанаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги, хөтөлбөр”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын төлөвлөгөөнд тусган ажилласан гэж тайлбарладаг. Тухайн үед 2015 оны ажлын төлөвлөгөөнд оруулах ажлуудыг албаны дарга намайг өрөөндөө дуудан үүрэг болгосон. Би хийх ажлын төлөвлөгөөг өөрийн хувийн тэмдэглэл дээр тэмдэглэж авснаар төлөвлөгөөнд оруулсан.
Энэ ажил үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргын ажлыг гүйцэтгэж байхдаа хийсэн. Ж.Отгонсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд 1 жил гаруй хугацаа өнгөрч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолтод дээрх үүрэг тусгагдаагүй болно. Ж.Отгонсайхан нь сургалтын менежерийн албан тушаалыг хашиж байхдаа ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргаж байгаагүй төдийгүй 2015 оны жилийн эцсийн байдлаар үр дүнгийн гэрээг “А” буюу маш сайн гэсэн үнэлгээтэй 97 оноотойгоор дүгнэгдсэн.
Иймд одоогийн албан тушаалтай холбогдолгүй, өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй холбоотойгоор албан тушаал бууруулж томилсон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Мөн Ж.Отгонсайханыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилох үед Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерийн ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дугаар тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан, Ажил хүлээлцэх үед хүлээлцэх ёстой техник хэрэгсэл, бичиг баримт бүгдийг хүлээлгэн өгсөн. Албан хэрэгцээнд ашиглаж байсан мэдээллийг хуулбарлан авсан зүйл байхгүй байхад энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газрын Захиргааны удирдлагын газрын Хууль, олон нийттэй харилцах тасгийн мэргэжилтэн, дэслэгч Г.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ...Нэхэмжлэгч Жүгдэрдэмид овогтой Отгонсайханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаал болон 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь эрхлэх асуудлын хүрээнд “Хууль зүй дотоод хэргийн яамны /хуучин нэрээр/ харьяа бүх агентлагуудын хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг 2008-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар тушаалаар баталсан байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөнд тусгаж, 2008-2011 он, 2012-2015 он, 2016-2019 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргаар 2015 онд ажиллаж байсан хошууч Ж.Отгонсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Хууль зүйн яаманд хүргүүлэхдээ удирдлагын тодорхой чиглэл, зөвшөөрөлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөвлөгөөний хэрэгжүүлэх арга хэмжээний 1.3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулах”, “Хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулан дээд байгууллагад хүргүүлсэн байх”, “Батлагдаж мөрдөгдсөн байх” гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжиж байгаа хөтөлбөрийг буруу томьёолж, үндэслэлгүйгээр боловсруулан хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2015 онд 71 арга хэмжээ төлөвлөн Хууль зүйн сайдаар батлуулан ажилласнаас тус арга хэмжээ хэрэгжээгүй ба тус асуудалтай холбогдуулан Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах /баталсан арга хэмжээг оруулсан/, ажлаа төлөвлөж чадахгүй байгаа мөн тус арга хэмжээг төлөвлөгөөнөөс хасах үүргийг өгсөн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах ажилтны зөвлөгөөнөөр Хууль зүйн яамнаас ирсэн албаны мэргэжилтэн тус асуудалтай холбоотойгоор байгууллагыг ажлаа буруу төлөвлөж байгаа талаар ярьсан, мөн байгууллагын төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтээр тус арга хэмжээ хэрэгжээгүй талаар Хууль зүйн яамнаас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/4725 дугаар албан бичгээр чиглэл ирүүлсэн байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 болон 4 дэх хэсэг, ажлын байрны үндсэн зорилтод байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулах, хяналт тавих, батлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан ба хошууч Ж.Отгонсайхан нь байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг буруу батлуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг унагаасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно.”, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “...тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг.
Иймд Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежер, хошууч Ж.Отгонсайханыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар албан тушаал бууруулан Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилсон.
2. Мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтан, хошууч Ж.Отгонсайхан нь Албаны сургалт дадлагын хэлтсийн менежерийн ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, албан хэрэгцээнд ашиглаж байсан цахим баримт, мэдээллийг албаны компьютерээс цахим баримт, мэдээлэл үлдээлгүй хуулбарлаж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны А/82 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.5-д Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн нэгж /газар, хэлтэс, тасаг/-ийн даргыг байлцуулан ажил авах хүнд /хэрвээ ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн даргад/ тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг санхүү /нярав/-д хууль тогтоомжийн үндэсний сангаас лавлагаанд ашигласан материалыг сан хариуцсан ажилтанд, ном, сэтгүүлийг номын санд, ажлын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг зүйлсийг Захиргааны удирдлагын газрын холбогдох ажилтанд тус тус хүлээлгэн өгнө.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны А/86 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын компьютер, техник хэрэгсэл, дотоод сүлжээ, программ хангамж ашиглах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2. “Албан хаагч тухайн ажлын байртай холбогдох бичиг баримтыг төрөлжүүлж; өөрийн компьютерт С:/Му Documents гэсэн файлын санд хадгална.”, тус журмын 8.3. “Албан хаагч нь боловсруулсан мэдээллийн файлыг хадгалахдаа дараа нь /дараагийн хүнд/ хайж олоход тохиромжтой, ойлгомжтой нэр өгч, тодорхой дарааллаар төрөлжүүлэн файлын санд хадгална.” заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6/409 дүгээр тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаал болон 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Отгонсайханы нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Отгонсайханы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Отгонсайханы “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ж.Отгонсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/205 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерийн албан тушаалд томилогджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Ж.Отгонсайханыг “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилжээ.
Уг тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг тус тус үндэслэн Ж.Отгонсайханыг урьд эрхэлж байсан албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл тогтоогдохгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д зааснаар “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ж.Отгонсайхан нь хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа ажил үүргийн хуваарийн дагуу боловсруулсан боловч Захиргааны удирдлагын газрын дарга Д.Адъяабазар хянах үүрэгтэй, мөн Төсвийн шууд захирагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийн гарын үсэг зурсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/97 тоот албан бичгээр 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хүргүүлсэн байна.
Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хууль зүйн сайдаар батлагдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн Ж.Отгонсайхан нь бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдон Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргын албан тушаалаас бууж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерийн албан тушаалд томилогджээ.
Гэвч 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежер Ж.Отгонсайхан Захиргааны удирдлагын газрын дарга М.Алтан-Очирт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөрийн талаар илтгэх хуудас бичихдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайдын /хуучнаар/ 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн стратеги хөтөлбөр, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, харьяа агентлаг, байгууллагуудын төрийн үйлчилгээний стандарт, мэдээлэл, харилцааны стратеги хөтөлбөр тус тус батлагдсан” талаар дурдаж байсан ба үүний дараа ШШГЕГ-ын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/3934 тоот албан бичгээр Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбатад тус газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс 2 арга хэмжээ хасуулах санал хүргүүлж байсан байна.
Хасуулах саналдаа 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.2-т байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулах саналыг мөн хамтатган хүргүүлэх боломжтой байсан бөгөөд энэ талаар Хууль зүйн яамнаас чиглэл санамж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулаагүй удирдлагын буруутай үйлдлүүд нөлөөлсөн байна.
ШШГЕГ-ын удирдах албан тушаалтнууд өөрсдийн ажлын байрны тодорхойлолт болон чиг үүргийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй байж, төлөвлөгөөний эх төслийг боловсруулсан ажилтныг буюу Ж.Отгонсайханыг тухайн албан тушаалыг эрхлэхээ больсоны дараа арга хэмжээ тооцож, сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн заалтын ерөнхий зарчмыг зөрчсөн буруутай үйлдэл болжээ.
Өөрөөр хэлбэл Ж.Отгонсайханыг Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа ажил үүргийн хуваарийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг хангалтгүй боловсруулсан гэж буруутгах боломжтой боловч Ж.Отгонсайхан уг албан тушаалыг жилийн өмнөөс эрхлэхээ больсон, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаал бууран Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого, чиглэл хариуцсан менежерийн үүргийг гүйцэтгэж байхад өмнөх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй нь холбогдуулан арга хэмжээ авч, сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй юм.
Иймд Ж.Отгонсайханыг албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар бүхий “Ж.Отгонсайханыг албан тушаал бууруулан томилох тухай” тушаалыг хүчингүй болгон, Ж.Отгонсайханыг Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин нэхэмжлэгч Ж.Отгонсайханы “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/405 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/409 дүгээр тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилогдон Ж.Отгонсайханыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын компьютер, техник хэрэгсэл, дотоод сүлжээ, программ хангамж ашиглах журмын 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Уг тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ж.Отгонсайханд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар “төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 13.1.5 “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 26 дугаар зүйлийн 26.1 “...албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/82 дугаар тушаалын хавсралтаар Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль тогтоомж, энэ журам болон үйлчилгээний стандарт, ёс зүйн дүрэм, бусад журам, зааврыг зөрчсөн албан хаагчид.... сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ж.Отгонсайхан нь хэдийгээр хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн дагуу Цагдан хорих 461 дүгээр ангийн Хуяглан хүргэлтийн хэлтсийн нийгмийн ажилтнаар томилогдсон, түүнд гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн менежерийн ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, албан хэрэгцээнд ашиглаж байсан цахим баримт, мэдээллийг байгууллагад үлдээлгүй хуулбарлаж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.5-д “Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн нэгжийн даргыг байлцуулан ажил авах хүнд ... тус тус хүлээлгэн өгнө”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын компьютер, техник хэрэгсэл, дотоод сүлжээ, программ хангамж ашиглах журмын” 8 дугаар зүйлийн 8.2-д “Албан хаагч нь тухайн ажлын байртай холбогдох бичиг баримтыг төрөлжүүлж, өөрийн компьютерт C:\My Documents гэсэн файлын санд хадгална. Шаардлагатай бол сүлжээний зөвшөөрөгдсөн бусад санд хадгалж болно”, 8.3-д “Албан хаагч нь боловсруулсан мэдээллийн файлыг хадгалахдаа дараа нь /дараагийн хүнд/ хайж олоход тохиромжтой, ойлгомжтой нэр өгч, тодорхой дарааллаар төрөлжүүлэн файлын санд хадгална” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл Ж.Отгонсайхан нь Албаны сургалт дадлагын хэлтсийн менежерийн ажлаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журамд заасны дагуу хүлээлгэн өгөлгүй, албан хэрэгцээний цахим баримтуудаа зөвшөөрөгдсөн сүлжээнээс гадуур хуулбарлаж авсан нь нэхэмжлэгч, гэрч нарын тайлбараар тогтоогдож байна.
Мөн маргаан бүхий ШШГЕГ-ын даргын 2016 оны Б/185 дугаар тушаалын 3 дугаар хэсэгт хошууч Ж.Отгонсайханы ажлыг хүлээлцүүлэхийг Албаны сургалт, дадлагын хэлтэст даалгасан байхад тушаалын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Ж.Отгонсайханд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дугаартай “Ж.Отгонсайханд сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.8, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Отгонсайханыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн сургалтын бодлого чиглэл хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.1-д тус тус заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/409 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА