Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0881

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0881

Улаанбаатар хот

 

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлоор, Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэр нь агуулгын болоод хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/109 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц болон дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагуудын жагсаалтыг баталсан бөгөөд дүүргийн Засаг даргын харьяа байгууллагын нэг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв юм. 

Уг төвийн дүрмийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 дугаар захирамжид баталсан бөгөөд дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар “...төвийн дарга ажиллах бөгөөд түүнийг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө...” гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжид тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс гэж нэрлэхээр тогтоож, захирамжийн 1 дүгээр хавсралтаар “... Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны үлгэрчилсэн жагсаалт”, 2 дугаар хавсралтаар “...Багануур, Налайх хотын ...жагсаалтыг...” баталсан.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгон өөрчилсөн бүртгэлд дээрх А/832 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийг баталсан мэтээр бүртгэсэн тул уг дүрэм хүчин төгөлдөр бус юм.

Энэхүү хүчин төгөлдөр бус дүрмээр “...төвийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд томилж, чөлөөлнө...” гэж заасан нь дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрхээ /2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 дугаар захирамжаар батлагдсан дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3/ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа тул нэхэмжлэгч уг эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Дээрх шүүхийн шийдвэр нь агуулгын болоод хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэг талаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...дүүргийн Засаг дарга нь ...өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагын бүтэц, орон тоог батлах эрх бүхий субъект гэдгээрээ Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг томилж, ...эрхтэй гэж үзэх боломжтой, ...тухайн асуудлыг хариуцсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тухайн хэлтсийн даргыг томилсон...” гэж үзсэн нь шүүх хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх дүүргийн Засаг дарга нь тухайн хэлтсийн даргыг томилох боломжтой байна гэж үзэн бичгээр дүгнэлт гаргасан атлаа салбарын асуудал хариуцсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тухайн хэлтсийн даргыг томилсон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж өмнө гаргасан дүгнэлтийнхээ эсрэг дүгнэлт гаргасан нь шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй, түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна гэж үзэхэд хүргэж байна. 

2. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтоогоогүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж тухайн салбарын сайдын бүрэн эрхийг заасан байна.

Үүнээс үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тухайн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөхөөс гадна тухайн байгууллагын бүтэц, дүрмийг мөн адил батлах ёстой байхаар хуульчилсан байна. Гэтэл салбарын асуудал хариуцсан сайд зөвхөн тухайн хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлж, байгууллагын бүтэц, дүрмийг дүүргийн Засаг даргыг батлах байдлаар хандаж буй нь үндэслэлгүй бөгөөд хуулиар олгогдсон дээрх чиг үүргээ салбарын яамны зүгээс бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм нь өөрөө Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжаар батлагдсан жинхэнэ хавсралт биш юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар уг дүрмийг үндэслэж дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгон өөрчилж бүртгэсэн үйл явдал нь хууль бус байхад шүүх энэ талаар огтхон ч анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар батлагдсан 1, 2 дугаар жинхэнэ хавсралтыг үнэлээгүй, мөн дээрх захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан гэх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийг үндэслэж бүртгэл хийсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хэрхэн үнэлсэн талаараа шийдвэртээ тусгаагүй байна.

Дүүргийн Засаг дарга Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв /хуучнаар/-ийг байгуулж, өөрийн дүүргийн Төрийн сангаас санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг тул дүрмийн дагуу тухайн төвийн даргыг томилох, чөлөөлөх, бүтэц, орон тоог батлах нь зүй ёсны хэрэг юм.

Гэтэл шүүх хэргийн үнэн зөв, бодит байдлыг тодруулж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгчийн тухайн хэлтсийн даргыг чөлөөлөх, томилох асуудлаар маргаж байна гэж дүгнэсэн нь маргаан бүхий харилцааг хэт явцуу байдлаар дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх тухайн хэлтсийн даргыг томилсон салбарын асуудал хариуцсан сайдын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан мэт дүгнэлтийг шийдвэртээ тусгасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.4 дэх хэсэгт “...үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт ...” зэргийг бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл үүсгэн байгуулагч буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс шинээр төвийн дүрмийг батлаагүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулах, өөрчлөх талаар шийдвэр гаргаагүй байхад өмнөх шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, гэрчилгээ, тамга шинэчлэн олгосон нь хууль тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болсон гэдэгт маргаагүй нь үнэн боловч улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа нь хуурамч бичиг баримтад тулгуурлан бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй, хууль бус үйлдэл учраас уг үйлдлийг хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан болно.

Мөн нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль зэрэг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой салбарын хууль, эрх зүйн актад зааснаар бус одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 дугаар захирамжаар олгогдсон эрхээ эдлэхийн тулд шүүхэд хандсан байхад шүүх нэхэмжлэгчийн уг хүсэл зоригийг буруу тодорхойлж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийг төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр 19-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй, шүүх хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлаагүй, хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтоогоогүй, хариуцагчийн үйлдлийг хэрхэн үнэлсэн талаараа шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэгчийг тухайн хэлтсийн даргыг чөлөөлөх, томилох асуудлаар маргаж  байна гэж маргаан бүхий харилцааг хэт явцуу байдлаар дүгнэсэн” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг гомдлоор шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгон өөрчилсөн гэдэгтэй маргаагүй, харин тус хэлтсийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ тайлбарлан маргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилсон тухайд хийсэн анхан шатны шийдвэрийн талаар дүгнэлт хийв.

Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж тус хуулийн зорилтыг тодорхойлсон бөгөөд 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг хэн томилохоос үл хамаарч Баянзүрх дүүргийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчид олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нь нээлттэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс гэж өөрчлөн байгуулсан байна. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх бус харин дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлыг хүрээнд хамаарах агентлаг байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заажээ. Гэтэл Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг томилох эрхийг дүүргийн Засаг даргад тусгайлан олгосон зохицуулалт үгүй байна.

 Нөгөө талаас нь авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар сайд нь зөвхөн “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх” эрхтэй бөгөөд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг биш байна

Ийм нөхцөлд /энэ маргааны тухайд/ анхан шатны шүүх дүүргийн Засаг даргын эрх зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага маань “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийг төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр 19-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” юм. Энэ хүрээнд авч үзвэл Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийг буруутгах боломжгүй.

Учир нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс гэж нэрлэхээр тогтоосон байна. Иймд тухайн байгууллагыг “хэлтэс” болгон өөрчлөн бүртгэх шаардлага бий болсон байна.

Нөгөөтээгүүр хэлтсийн даргыг томилсон сайдын тушаал гарч, хүчин төгөлдөр болсон байжээ. Иймд эрх бүхий этгээдээс байгууллагаа төлөөлөн холбогдох баримтыг бүрдүүлэн ирүүлсэн тул бүртгэл хийсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс” болгон бүртгэснээр, хэдийгээр энэхүү бүртгэх явцдаа зарим нэг алдаа, дутагдал гаргасан байх боловч, үүнээс шалтгаалан дүүргийн Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй юм.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийн холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР