Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 40

 

ДГА-ийн СШ сумын ЕБ-ын 2-р сургуулийн нэр бүхий 55 багш нарын

итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-гийн нэхэмжлэлтэй, ДГА-ийн СХАА-ны СХШ-ын

УБ Э.Э-т холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа

                                                  Д.Мөнхтуяа

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:          Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “...Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай 24/07-186 дугаар улсын байцаагчийн актын нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0577 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч Э.Энхцэцэг нар,

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 3 дугаар зүйлийн 3.1.4, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нар болох нэр бүхий 55 багш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, АА-ны СХШ-ын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай 24/07-186 дугаар акт дахь ДГА-ийн СШ сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0577 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Э.Энхцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Төсвийн тухай хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарах төдийгүй төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад төсвийн тогтвортой байдал, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг баримтлах байдлаар хэрэгждэг бөгөөд манай байгууллагын зүгээс доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ба санхүүгийн хяналт шалгалтын УБ Э.Э-ийн тогтоосон төлбөрийн актыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

4. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно”, 16-д “Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ”, 18-д “Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу ерөнхий боловсролын багшид нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан байна. Дээрх заалтад Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/376/217/366 тоот “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар өөрчлөлт оруулж, журмын 1-д Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дахь заалтыг “Сурагчийн улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч багш үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд багшид албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил олгоно” гэж өөрчлөн найруулж, уг тушаалын хэрэгжилтийг 2018 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт үүрэг болгосон байгаа нь улсын байцаагчийн тогтоосон актын үндэслэл дэх журмын холбогдох заалт нь хяналт шалгалт хийсэн үед хүчин төгөлдөр хэрэгжих үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч нь улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайд буюу улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байх боловч Сайдын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13-1/1739 тоот албан бичгээр “Улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

6. Мөн энэ асуудлаар Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гаргасан гомдлын хариуд Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, Эдийн засгийн газраас “Сурагчийн улирлын амралттай байх хугацаанд зөвхөн албан тушаалын үндсэн цалинг олгох нь зүйтэй” гэсэн хариуг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9/1670 албан тоотоор аймгуудын Боловсрол, соёл урлагийн газруудад хүргүүлснийг хувилж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар авч үзээгүй төдийгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т 3ахиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яаманд хандаж дээрх албан бичиг болон уг журмыг хэрхэн мөрдөж байгаа талаар тодруулга авалгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас харахад улсын байцаагчийн тогтоосон актын үндэслэлд авсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 16 дахь заалт “Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж зааснаас үзэхэд улирлын амралттай байх хугацаанд цалингийн нэмэгдэл олгохоор байна. Гэвч улсын байцаагч дээрх журмын 25 дугаар зүйлийг хатуу баримталж акт тогтоосон байна гэж үзэж байгаа нь “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ыг нэхэмжлэгч Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь хүчин төгөлдөр мөрдөнө гэж үзэн тайлбарласан, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “Тус журмын 16 дахь заалтыг баримталсан байх ба 25 дахь заалт нь 90 дүгээр тогтоолын цалингийн нэмэгдлийг сурагчийн улирлын амралттай байх хугацаанд багшид олгохыг хориглосон заалт биш бөгөөд уг заалт нь багшид албан тушаалын үндсэн цалинг сурагчийн улирлын амралтаас үл хамааран олгож байхыг журамласан байна” гэж журмын зүйл заалтыг зориуд гуйвуулан тайлбарласан.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 3 сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дахь заалт нь Монгол Улсын нийт багш нарт сурагчийн амралттай байх хугацаанд албан тушаалын үндсэн цалин олгох нэмэгдэл баталгааг олгосон, эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгож, ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч 90 дүгээр тогтоолын нэмэгдлийг улирлын амралттай байх хугацаанд олгохыг хориглосон заалт биш байна” гэсэн ойлгомжгүй дүгнэлт гаргасан байна.

9. Манай алба нь 3 сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ сурагчдын улирлын амралттай байх хугацаанд нэмэгдэл олгосон зөрчилд улсын байцаагчийн акт тогтоож орон нутгийн орлогод төвлөрүүлсээр байгаа бөгөөд зарим нэг төлбөрийн актыг иргэний шүүхээр баталгаажуулж төлбөрийг барагдуулсаар ирсэн.

10. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Багш нар нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч тул тус хуулийн 28.9-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж нарийвчлан тогтоосны дагуу боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлэгч Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яамнаас Засгийн газраас тогтоосон 90 дүгээр тогтоолоор олгохоор болсон нэмэгдлийг ямар хугацаанд олгох талаар зохицуулсан журмыг боловсруулан баталж, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа юм.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, 15.4-т “Энэ хуульд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 15.5-д “Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй'’’, 18.2-т "Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно” гэж тус тус тодорхой заажээ.

12. Гэтэл Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, сургуулийн захиргаатай 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хамтын гэрээг байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх боловч тус гэрээний 3.9 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 18.2 дахь заалтуудыг зөрчсөн, мөн Хамтын гэрээг боловсруулсан болон баталсан ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс хууль журамд нийцээгүй боловсруулсан хамтын гэрээг баталгаажуулж, үйл ажиллагаандаа мөрдөн төсвийн хөрөнгийг зүй зохисгүй захиран зарцуулснаас санхүүгийн зөрчил гарах үндэс болсон байна.

13. Иймд, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0577 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримттай хамааралтай хэрэглэвэл зохих хууль, түүнд үндэслэж гарсан тушаал, шийдвэрийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “Илүү олгосон цалингийн нэмэгдлийг төлүүлэх тухай” Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, АА-ны СХШ-ын УБ Э.Э-ийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24/07-186 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч 55 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-гийн нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.

15. Хариуцагч улсын байцаагчаас ДГА-ийн СШ сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 2015, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар 2015-2016 оны хичээлийн жилд сурагчдын амралттай байх хугацаанд багш нарт Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор нэмэгдэлд 3505,2 мянган төгрөгийг илүү тооцож олгосон зөрчил илэрснийг нөхөн төлүүлэхээр дээрх маргаан бүхий 2017 оны 24/07-186 тоот актыг тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж тус тус заасантай нийцсэн, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчөөгүй хууль ёсны захиргааны акт байна.

16. Нэхэмжлэгч нь Улсын байцаагчийн тогтоосон актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан, Сангийн сайдаас тухайн актыг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг мэдэгджээ.

17. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг баталсан байх бөгөөд хэргийн оролцогчид сурагчдын улирлын амралттай байх хугацаанд энэ тогтоолд заасан нэмэгдлийг олгох эсэх асуудлаар маргасан байна.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаанд хамааралтай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно”, 16-д “сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ” гэж заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэжээ.

19. Тухайлбал, дээрх тушаалын холбогдох заалтад сурагчдын улирлын амралттай байх хугацаанд зөвхөн “...албан тушаалын цалин олгоно” гэж тодорхой заасан байна.

20. Мөн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний хэмжээг ...Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд салбарын бодлогыг хэрэгжүүлэгч яамдаас Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор баталсан нэмэгдлийг ямар хугацаанд олгох талаар зохицуулж үүнийг салбарын хэмжээнд мөрдүүлж байгааг шүүх анхаарахгүйгээр ”..., ...тушаалын 16 ба 25 дугаар заалт нь 90 дүгээр тогтоолд заасан нэмэгдлийг улирлын амралтын хугацаанд олгохыг хориглосон заалт биш... харин ч эрх олгосон...” гэж тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрхийн актын зорилгыг үгүйсгэсэн, Төсвийн тухай хуулийн ерөнхий зарчмуудад нийцэхгүй буруу дүгнэлт хийсэн, энэ талаар хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэл хуульд нийцжээ.

21. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Сургуулийн захиргаатай байгуулсан “Хамтын гэрээ”-ний 3.9-д “...сурагчдын амралтаар ...Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдэл..., ...-ийг хасахгүй бүрэн олгоно“ гэсэн нь “...Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Хамтын гэрээ хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг баримтална” гэж заасантай нийцээгүй...” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй. 

22. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2018/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0577 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.8-д заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24/07-186 дугаар актын нэр бүхий 55 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ