Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2024/00499

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * гудамж * байр, * тоотод оршин суух Б овогт Д.Д

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * дугаар байр * тоотод байрлах, И Т Г ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 135,376,837.78 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Минжүүрдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Мөнхбуян,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д И Т Г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Д миний бие Ихтугчин говь ХХК-тай Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р хэсэг, Авто тээврийн үндэсний төвийн хойд талд баригдаж байгаа 40 Апартмент хотхонд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байрны 2 давхарт * тоот хаягт байрлах 55.61 мкв 2 өрөө орон сууц, 25 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулж 2 давхарт 206 тоот хаягт байрлах 46,65 мкв 2 өрөө орон сууц, * дугаартай гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулж 63,5 мкв үйлчилгээний талбайг нийт 192,562,000 төгрөгийн гэрээ байгуулсан.

Миний бие гэрээний үүргийн дагуу И Т Г ХХК-ний Хас банкны * тоот данс руу урьдчилгаа төлбөрт 59,084,800 төгрөг, гэрээнд заасан хуваарийн дагуу 35,617,430 төгрөг, нийт төлбөр 94,702,230 төгрөгийг гэрээний үүргийн дагуу бүрэн биелүүлсэн. Гүйцэтгэгч компани гэрээ байгуулахад мкв үнийг 1,200,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захиалагч нартай уулзаж барилгын материалын үнийн өсөлтийн дагуу мкв үнийг 1,600,000 төгрөг болох талаар мэдэгдсэн. Гэтэл тун удахгүй мкв үнийг 2,000,000 төгрөг мөн гадна фасадаа металл хавтангаар өөрчлөх болсон гэсэн шалтгаанаар дахин мкв үнийг 2,200,000 төгрөг болгох талаар мэдэгдсэн. 2024 оны 10 дугаар сард гүйцэтгэгч компаний төлөөлөл Х.С утсаар урьж санал болгон мэдэгдсэнээр захиалсан орон сууцны мкв үнийг 2,800,000 төгрөг болгох шаардлагатай гэсний дагуу анхны гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр талаас хавсралтад гарын үсэг зурсан. Гэрээний үнийн дүнд нэмэлт өөрчлөлт хийснээр гүйцэтгэгч компаний санхүүжилт нь бүрдэж барилгын ажил цаашид үргэлжлэх боломжтой гэж ойлгосон.

Тухайн барилга баригдах гэрээнд заасан хугацаа өнгөрч барилга өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй. Цаашид баригдах нь тодорхойгүй зогсонги байдалтай болсон тул И Т Г ХХК-тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 гэрээгээр байрны төлбөрт шилжүүлсэн 94,702,230 төгрөг, тус гэрээний 5.10-д зааснаар алданги 40,674,604,78 төгрөг нийт 136,376,837.78 төгрөгийг И Т Г ХХК-иас гаргуулж өгнө үү. Алдангийг тооцоход 859 хоногт 81,349,215.57 төгрөгийн алданги гарч байна. Ковидын нөхцөл байдлыг даваад гарсны дараа тухайн барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад орохгүй 3 жил зогсонги байдалтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгч Д.Дтэй 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 25 дугаартай гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №06 дугаартай гэрээг байгуулсан. Орон сууц захиалан бариулах 2 гэрээний хувьд орон сууцны мкв, үнийн хувьд зөрүүтэйгээс бусад заалт нь ижил бөгөөд гэрээний 2.4-т урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон. Харин үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 2.2-т гэрээний 50 хувийн урьдчилгааг захиалагч талаас төлөхөөр харилцан тохиролцсон. Захиалагч Д.Д нь дээрх гурван гэрээний төлбөр төлөх үүргээ гэрээгээр тохирсон цаг хугацаанд бүрэн биелүүлээгүй ба нийт 94,702,230 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нийт 80,664,630 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэгч талаас орон сууцыг гэрээнд тохирсон цаг хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талд тухай бүр мэдэгдэж байсан. Үүний дагуу талууд гэрээний төлбөр буюу орон сууц, үйлчилгээний талбайн мкв-ийн үнийг нэмэгдүүлж дахин гэрээ хийсэн тул алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилж байгаа 14,037,600 төгрөг болон алданги 40,674,608 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4х/, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5х/, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай гэрээ /хх 6-12х/2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай гэрээ /хх 13-18х/, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай гэрээ /хх 19-25х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 26-43х/, Төлбөр төлсөн баримтын нэгтгэл /хх-44х/, И Т Г ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай баримт /хх-45х/, И Т Г ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай баримт /хх-46х/, Итгэмжлэл олгосон тухай баримт /хх 63/64х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: И Т Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-69х/, Хүнд нөхцөл байдлын тодорхойлолт /хх 67-68х/Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-56х/, Барилгын гүйцэтгэлийн зураг /хх-70х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх 80,664,630 төгрөгийн шаардлагыг хангаж 54,712,207 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч Д.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.И Т Г ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 94,702,230 төгрөг, алданги 40,671,607.78 төгрөг нийт 135,376,837.78 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а.Нэхэмжлэгч Д.Д 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч тал 80,664,630 төгрөг төлснийг зөвшөөрч байна. Гэрээний дагуу төлсөн гэх 14,037,600 төгрөг болон алданги 40,674,608 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

И Т Г ХХК болон Д.Д нар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд 40 апартмент орон сууцны 2 давхарт * тоот бүхий 55,61 морон сууцыг И Т Г ХХК 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх Д.Д нь 66,732,000 төгрөгийг 26,692,800 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг гэрээ байгуулснаас хойш дараа сараас эхлэн сар бүрийн 01-ний өдөр 60 сар буюу 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон, гэрээнд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны төлбөр 1 мкв талбайг 1,200,000 төгрөгийг 2,800,000 төгрөг болгон, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2025 оны 01 дүгээр улирал болгохоор өөрчлөлт оруулж,

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд 40 апартмент орон сууцны 2 давхарт 206 тоот бүхий 46,65 мкв орон сууцыг И Т Г ХХК 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх Д.Д нь 55,980,000 төгрөгийг 15,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг гэрээ байгуулснаас хойш дараа сараас эхлэн сар бүрийн 05-ны өдөр 60 сар буюу 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон, гэрээнд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны төлбөр 1 мкв талбайг 1,200,000 төгрөгийг 2,800,000 төгрөг болгон, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2025 оны 01 дүгээр улирал болгохоор өөрчлөлт оруулж,

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулж үйлчилгээний талбай давхарт 63,5 мкв талбайг И Т Г ХХК 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх Д.Д 69,850,000 төгрөгийг 34,925,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг ашиглалтад орох хүртэл хуваан төлөхөөр тус тус тохиролцжээ. /хх 6-25 тал/

Д.Д 205, 206 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 94,702,230 төгрөг төлсөн гэж, хариуцагч 80,664,630 төгрөг төлсөн гэж зөрүүтэй тайлбар гаргасан байсныг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 80,664,630 төгрөгийг 205, 206 дугаар орон сууцны төлбөрт төлсөн, үйлчилгээний талбайд төлбөр төлөөгүй талаар төлсөн хөлсний талаар тооцоо нийлсэн.

И Т Г ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р баг алтанговь гудамж 1-1 тоот хаягт байршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0713007132 дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-69 тал/

Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Д.Д дээрх 3 гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг дараа сараас эхлэн сар бүрийн 01, 05-ны өдөр 60 сарын хугацаанд хуваан төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө гэрээний 2.7-д заасан 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,

И Т Г ХХК уг орон сууцыг 2022 оны 2 дугаар улирал дуустал буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байсан.

Талууд 205, 206 тоот орон сууц захиалан бариулах гэрээний хугацааг 2025 оны 01 дүгээр сар болгон, 1мкв талбайн үнийг 1,200,000 төгрөгийг 2,800,000 төгрөг болгон, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2025 оны 01 дүгээр улирал болгон өөрчилсөн.

Хариуцагч И Т Г ХХК нэхэмжлэгчийн төлсөн 80,664,630 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, нэхэмжлэгч төлөлтөө хугацаандаа төлөөгүй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр алданги болон илүү шаардсан төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд гэрээний хугацааг 2025 оны 01 дүгээр улирал болгон өөрчилсөн, гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.

И Т Г ХХК Д.Дгээс гэрээний дагуу мөнгийг хүлээн авч байсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээ хүчингүй гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардсаныг хариуцагч зөвшөөрч байх тул хариуцагчаас 80,664,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,712,207 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Д.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834,834 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И Т Г ХХК-иас 561,273 төгрөгийг гаргуулж Д.Д-д олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан хариуцагч И Т Г ХХК-иас 80,664,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,712,207 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 561,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ