| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0533/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цорос овогтой Д.Бд холбогдох 1711007370147 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, 6-19 насны 6 хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-26 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цорос овогтой Д.Б, (РД:00000000000),
нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гахайн байрны автобусны буудлын орчимд хохирогч Д.Ундрах-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Д.Ундрах-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр таксинд явж байтал хүү Буянбадрах залгаад “аав 2 хүн ирээд хаалга нүдээд гараад ир гээд байна. Бид хэд айгаад байна” гэж хэлэхээр нь “цагдаад дуудлага өг” гэж хэлчихээд 5 орчим минутын дараа хүү маань дахиад залгаад “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь яваад өгсөн гэхээо нь гэртээ очоод ямар хүмүүс байсныг нь асуучихаад такси үйлчилгээнд авсан хүнээ хүргэж өгөх санаатай буцаад гараад явж байтал буудал дээр хүүхдүүд айлгаад байсан гэх залуу зогсож байхаар нь машинтайгаа очоод ярилцах санаатай хажууд нь очоод “яахаараа хүүхдүүд айлгаж ичээгээд байдаг юм бэ, цагдаагийн байгууллагад очъё” гэхэд нөгөө залуу суухгүй гэж машины хаалга өшиглөөд хаачихаар нь уур хүрээд нүүрэн тус газарт нь 2 удаа баруун гараараа цохьсон” гэжээ.
Хохирогч Д.Ундрах-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өмнөх орой нь намайг будаа агшаагчаа зарах гээд явж байхад араас чулуу шидээд “хөөе хулгайчаа юу хулгай хийгээд яваад байгаа юм бэ” гэсэн хүүхдүүдийн эцэг эхтэй нь уулзах санаатай хашааны хаалгыг нь нүдээд “Яах гээд байгаа юм бэ, Яв” гээд байхаар нь автобусны буудал руу явсан. Буудал дээр зогсож байтал цагаан өнгийн марк-2 автомашин дотроос 2 залуу бууж ирээд “яагаад хүүхэд айлгаад байгаа юм бэ” гээд нэг бүдүүн залуу нь машинд суу гэж хувцаснаас татаад байхаар нь би тавь гэхэд жолоо барьж явсан бүдүүн залуу нь миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгээд би газарт унахад тэр залуучууд яваад өгсөн ” гэв.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.12-ны өдрийн ¹11626 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.Д.Ундрах-Эрдэнэний биед дээд эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гахайн байрны автобусны буудлыг орчимд хохирогч Д.Ундрах-Эрдэнэтэй өөрийн хүүхдүүдээ өмөөрч, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогчийг зодсоноос түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ундрах-Эрдэнийн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.12-ны өдрийн ¹11626 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчид хохирлын 100.000 төгрөг хүлээлгэн өгсөн бичгийн баримт болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Цорос овогт Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Цорос овогт Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ