Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Б

Шүүгдэгч                                                       Б.М, А.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      З.Б

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.М, шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Б нарын давж заалдах гомдлоор Б.М, Г.П, М.Ч, А.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. С овогт Б-н М,

          2. Б овогт А-н Д,

3. Б овогт Г-н П,

4. Б овогт М-н Ч,

          Б.М, Г.П нар Б.Д-той бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр        аймгийн      сумын        багийн нутаг дэвсгэрээс Б.М-н ухаа халзан зүсмийн нэг тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн нэг тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Д, М.Ч, Б.М нар бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр      аймгийн       сумын         багийн нутаг дэвсгэрээс С.Г-н улаан халзан, хар тарлан, шар тарлан, хар цоохор зүсмийн дөрвөн тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

   Орхон аймгийн Прокурорын газраас: Б.М, А.Д, М.Ч, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч С овогт Б-н М, Б овогт А-н Д, Б овогт Г-н П, Б овогт М-н Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Мийг 4 /дөрөв/ жил хорих ялаар, шүүгдэгч А.Дийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Г.Пг 2 /хоёр/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Чыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, А.Д нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 198 хоног, шүүгдэгч А.Дийн цагдан хоригдсон 5 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч М.Чт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Пгийн цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногоор,

шүүгдэгч М.Чын цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногоор тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаанд,

шүүгдэгч М.Чыг 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож,

мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П, М.Ч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П, М.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч  Б.М, А.Д нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хоёр ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн болон улбар шаргал өнгийн уяа, нэг ширхэг сүх, нэг ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,

хураан авсан гэх мах тус шүүхэд ирээгүйг дурдаж, 150кг үхрийн махыг устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж,

шүүгдэгч Г.П, Б.М, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх 3 хос гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож,

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Миний бие анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцсон, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр харамсаж, гэмшиж байна. Миний эцэг эх С.Б, З.О нар нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг. Ээж З.О нь даралт ихсэх хууч өвчтэй аав С.Б нь мөн даралт ихсэх өвчтэй эмнэлгийн хяналтад байдаг юм. Ар гэрийн энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оноосон 4 жилийн хорих ялыг багасгаж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо:

... А.Д ямар хулгайн хэрэг хэзээ, хаана болсныг мэддэггүй. Өөрөөр хэлбэл Б.М, М.Ч нар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн С.Г-н 4 үхэр хулгайлсныг мэдээгүй би энэ үед Булган аймагт малын хулгайн хэрэгт шалгагдаж байсан гэдэг. Энэ нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр нотлогддог.

Б.М, М.Ч нар 2022 оны 07 дугаар сар хүртэл А.Дийн тухай юу ч яриагүй байсан атлаа Б.М давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа А.Дийг уг гэмт хэрэгт оролцсон гэсэн гомдлын өргөдөл гаргасан ба улмаар Б.М, М.Ч нар А.Дийг хулгайн гэмт хэрэгт оролцсон гэж мэдүүлэг өгч А.Дийг яллагдагчаар татсан .

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр Б.М би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр малын хулгайн хэрэг хийгээгүй байтал намайг энэ хэргийг үйлдсэн гэж шүүх шийдвэрлэсэн. Энэ хэргийг дахин шалгуулахын тулд би А.Дийг холбогдуулж өргөдөл гаргаж мэдүүлэг өгсөн. Би М.Чыг тэгж мэдүүлэг өгөөрэй гэсэн юм. Харин М.Ч мөн анхан шатны шүүх хуралдаан дээр А.Д энэ хэрэгт ямар ч холбогдолгүй Б.Мийг тэгж хэл гэхээр нь би түүний үгээр орж мэдүүлэг өгч гэсэн мөртлөө өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзаад орж ирэхдээ өгч байсан мэдүүлгээсээ буцаж анх би үнэн ярьсан гэдэг. Гэтэл М.Ч гэдэг хүн төрөлхийн “Хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдол” сэтгэцийн оноштой эмнэлгийн хяналтад байдаг. Ийм оноштой хүний мэдүүлгийг 100 хувь үнэн гэж ойлгоход бас хүндрэлтэй. Үндсэндээ зөвхөн энэ хүний мэдүүлгээр А.Дийг гэм буруутай гэж үзэхэд учир дутагдалтай байна. А.Дийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн маршрут хэрэгт онцгой ач холбогдолтой байтал энэ талаар хангалттай шалгалт хийгээгүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн зарчим алдагдсаны улмаас өнөөдөр А.Д 2 жил 6 сарын ялаар шийтгэгдээд байна. Ийм учир хэргийг дахин хянаж Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж А.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгч М.Чын өмгөөлөгч Б.Д тайлбартаа:

... Өмгөөлөгч З.Б-с тус шүүхэд гаргасан гомдолдоо “... М.Ч ...анхан шатны шүүх хуралдаан дээр А.Д энэ хэрэгт ямар ч холбогдолгүй Б.Мийг тэгж хэл гэхээр нь би түүний үгээр орж ... өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзаад орж ирэхдээ өгч байсан мэдүүлгээсээ буцаж анх би үнэн ярьсан гэдэг...” гэжээ.

Миний үйлчлүүлэгч М.Чын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болсон үйл явдлын тууштай мэдүүлдэг. Хулгайлах гэмт хэрэгт А.Д холбоотой нь зөвхөн Б.М, М.Ч, А.Дийн өөрийнх нь мэдүүлгээс гадна үхэр тууж яваа бичлэг, гэрчүүд, хохирогчийн шууд заасан мэдүүлгээр давхар нотлогддог юм.

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд М.Чын хамт оролцож, дэлгэрэнгүй тайлбарлах болно. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй шийдвэр тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... Д хамаагүй. Хивсний үйлдвэрээс салаад уулзаагүй. Би өмнө давахын хурал дээр Д-н талаар ярьж хэрэгт татуулсан. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Д тайлбартаа: ... Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б тайлбартаа: ... Тэр өдөр Д-н маршрутыг тогтоогоогүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: ... Хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М, шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Б нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М, А.Д, Г.П, М.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Б.М, А.Д, Г.П, М.Ч нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Б давж заалдах шатны шүүхэд ... А.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн агуулгатай гомдол гаргасан байх боловч

хохирогч С.Г-н “… Би 2021 оны 3 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед...аав, ээж рүүгээ залгаж ярихад “бараан захын хажуу талын “МТ” ШТС дээр хүрээд ир” гэхээр нь шууд очсон, аав, ээж хоёр “Б хүү Э түрүүн бид хоёр луу яриад, танай үхрийг хэн харж байгаа вэ, энд гурван танихгүй хүмүүс гэрийн чинь ойролцоогоос туугаад явж байна гэхээр нь одоо очлоо гэж хэлээд араас нь дагаж явсаар байгаад энд хүрээд ирлээ, цагдаа нарт хэлчихсэн, энгийн хувцастай цагдаа нар дагаж байгаа, та нар хол байж байгаарай” гэсэн,

... Цэцэрлэгт хүрээлэнгийн урд дэнжийн уулын ард манай дөрвөн үхрийг хар, саарал хувцастай хоёр хүн туугаад баруун зүгт Уртын гол багийн нутаг дэвсгэрийн чигт явж байсан. .... ...4 дүгээр сарын 01-ний өглөө ажилд явахаас өмнө хэрэг болсон газрыг очиж үзэхэд миний нэг үхрийг алчихсан, гурван үхрийг өөр хашаанд хашчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 33-34/,

          гэрч С.С-н “... 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр...дөрвөн үхрээ хашаанаасаа гаргаад гол руу явуулаад, 16 цагийн үед манай урд талын гудамжинд байдаг хөрш Э над руу залгаад “танай үхрийг хоёр хулгайч туугаад явж байна, танай хүүхдүүд хаана байгаа юм, танай үхэр хариулгатай байгаа юу” гэсэн, 17 цагийн үед “Номин” агуулах худалдааны урдуур төв зам дагуу 100 айл тал руу хоёр хүн ээлжлээд туугаад явж байсан, хар өнгийн хувцастай, саарал өнгийн куртиктэй хоёр залуу байсан ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 42/,

          гэрч Б.Б-н “... дулааны сүлжээний турбаны дундуур дунд эргэм насны дэлдэн чихтэй туранхай шар залуу яваад байхаар нь энэ хүн үхэр тууж явсан залуу мөн байх гээд хараад байж байтал “Номин” агуулах худалдааны зүүн талаар саарал ноосон цамцтай 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн, хар савхи мэт куртиктэй 168 орчим см өндөртэй эрэгтэй хүн хоёр гарч ирээд дөрвөн үхрийг нийлүүлэн тууж эхэлсэн ба хар савхин куртиктэй залуу нь үхрүүдийг үргэлжлүүлэн тууж, саарал цамцтай нь 30 орчим метрийн хойно дагаж явсан.” гэсэн мэдүүлэг /2 хх 44/,

          гэрч А.М-н “ ... нагац ах Д өглөө 10 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт манай гэрт ирээд машинаа ахдаа өгч байгаач, ах нь хүүхдээ эмнэлэгт үзүүлж боолтыг нь солиулах гэсэн юм гэж хэлээд ... миний машиныг авч явсан ... үдээс хойш 17 цаг өнгөрч байхад миний машиныг хашаан дотор оруулж тавьчихаад түлхүүр өгөөд өөрөө ах нь гэр лүүгээ явлаа гээд манай гэрээс гарч явсан... эхнэр нь манай гэрийг буулгалцаж өгсний дараа 20 цаг өнгөрч байхад би гэрт нь хүргэж өгөхөд бага насны хүүхдүүд л гэрч нь байсан. Д ах байгаагүй ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 40/,

          гэрч А.А-н “... буцаад очиход М ганцаараа байсан бөгөөд сая Д ах ирээд цай авч ирж өгөөд миний машиныг аваад явлаа гээд сууж байсан. Тэгээд бид нар цайгаа ундаа уучихаад амбаар доторх зүйлсээ янзалж байгаад нэг харахад Ч байхгүй болсон байсан бөгөөд тэнд байсан хүмүүсээс асуухад утас нь байнга дугарч байгаад гараад алхаад явчихлаа гэж хэлсэн. Ч, Д нар ахиж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх 49/,

          гэрч Б.Э-н “...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр...С-н хар үнээг үл таних, саарал куртиктэй эрэгтэй хүн чулуугаар шидээд зам хөндлөн туугаад явж байсан, би “танил хүн нь бэлчээж байгаа юм байлгүй” гэж бодчихоод байж байтал 5-10 минутын дараа харахад хар үхрийг туугаад явж байсан саарал куртиктэй 40 гаруй насны, жижгэвтэр биетэй, дэлдгэрдүү чихтэй эрэгтэй хүн С ахын дөрвөн үхрийг нийлүүлээд “Номин” худалдааны төвийн зүг рүү замын урд талаар буюу төвийн шугамны урдуур туугаад явж байсан. ...би найзыгаа дагуулаад машинтай араас нь очиход “Номин” худалдааны төвийн урд талд С ахын дөрвөн үхэр байсан, тууж явсан эрэгтэй хүн нь байхгүй байсан. ... “Номин” худалдааны төвийн хажуугаас хоёр хүн алхаж гарч ирээд анх үхэр тууж явж байсан саарал куртиктэй хүнтэй шүргэлцэж зөрөөд хар савхин куртиктэй нь үхэр лүү очиж үхрүүдийг бөөгнүүлэн наадмын талбайн зүг туугаад явж эхэлсэн, саарал куртиктэй эрэгтэй хүн урд нь гарч нэлээд зайтай алхаж байгаад 100 айл худалдааны төвийн орчмоос алга болчихсон, харин саарал цамцтай эрэгтэй хүн нь нэг хэсэг зайтай ганцаараа алхаж байгаад “Горьдлого”-ын урд талаас хар савхин куртиктэй залуутай нийлж наадмын талбайн урдуур, цааш жалгаар тууж явсаар         багийн гэр хороолол дунд ирээд саарал ноосон цамцтай нь хашаа давж хаалга онгойлгон дөрвөн үхрийг айлын хашаанд оруулж хашсан. ...Тэр хоёр залуу хашаа руу дөрвөн үхэр тууж оруулчихаад буцаагаад хоёр үхэр /хар үнээ, хар алаг бяруу/гаргаж явуулсан, араас нь ахиад  нэг үхэр /улаан үнээ/ гаргаж явуулсан байсан... ” гэсэн мэдүүлэг /2 хх 50-51/,

           гэрч Б.Т-н “... 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ... Э гэх хүн залгаад “дөрвөн тооны үхрийг хоёр үл таних залуу туугаад явж байна” гэж хэлсэн, ...Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар болох ахлах мөрдөгч, хошууч А.Х, мөрдөгч дэслэгч Б.М, дэслэгч Ч.М, дэслэгч М.Г нарыг дуудан үхэр тууж авч явсан газрыг хайж эхэлсэн. ... байшин дотроос хоёр эрэгтэй хүн гарч зугтсан, бид нар уг хоёр эрэгтэй хүний араас хөөж нэг залууг нь барьж авч, нөгөө залуу нь хаашаа гүйсэн нь сайн харагдахгүй алга болсон. ...Бидний барьж авсан залууг Ч гэх залуу байсан бөгөөд зугтсан залуугийн талаар асуухад “М гэх хүн зугтсан” гэж хэлсэн. Бид нар Чыг дагуулан дутуу баригдсан байшингийн хажууд очиход газар нэг тооны үхэр хэвтэж байсан, гэрэл тусган харахад цусалж алсан үхэр байсан... ” гэсэн мэдүүлэг /3 хх 70-71/,

            М.Чын яллагдагчаар өгсөн “ ... Д ах над руу залгаад М               баг хивсний ойролцоо 4 үхэртэй явж байгаа ахын дүү хамт туулцаад наадмын талбайн ойролцоо аваад ирээч гэсэн ... хутга, сүх, олс зэрэг зүйлийг Д ах машинтай ирэхдээ авч ирсэн ... М саарал өнгийн цамцтай 4 үхэр туучихсан гарч ирсэн. Д М хоёр хоорондоо юм ярьж байгаад Д ах машин руугаа яваад М бид хоёр үхрээ туусан ...

          ... Уртын голын Дэнж рүү явдаг сайжруулсан замаар 3-4 гудамж яваад байдаг газарт очиход Д миний урдаас гарч ирээд “ ... гудамжны үзүүрт байж бай” гээд өөрөө дөрвөн үхрийг нэг хашаа руу тууж оруулж хаалгыг нь хаачихаад намайг “наад үхэрнүүдээ харж байгаарай” гээд өөрөө “хойшоо айл руу орж ус уучихаад ирье” гэж яваад алга болчихсон ... тухайн үед А.Д ах саарал өнгийн нимгэн куртиктэй явж байсан...саарал өнгийн машинтай Д ах, Д хоёр гарч ирээд үхэр байгаа хашаа руу Д гартаа сүх, уяа, хоёр ширхэг хутга бариад орсон, араас нь Д ах машинаа гудамжны үзүүрт байрлуулчихаад явж орсон ... А.Д намайг ахыгаа харж үзээч ... малын хулгайн хэрэгт яваагүй гээд хэлээд өгаач, ах нь хоёр жоохон хүүхэдтэй эхнэр эмнэлэгт хэвтсэн гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /2 хх 66-67/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 51 дугаартай дүгнэлтээр М.Ч нь сэтгэцийн хувьд DS:F 70,1 Төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлттэй нь тогтоогдсон хэдий ч түүнийг “үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэж дээрх дүгнэлтэд тусгасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.Чын мэдүүлгийг нотлох баримтаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Чын өгсөн А.Дийн талаарх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч А.Дийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Б.М нь “... ялыг багасгаж өгнө үү... ” гэсэн давж зааодах гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ял хариуцлагыг хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч З.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ