Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2015/0026/З |
Дугаар | 111/ШШ2015/0030 |
Огноо | 2015-12-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 111/ШШ2015/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгчЧ.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан иргэн *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус холбогдох “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн тус ажлын байранд Төрийн албаны тангараг өргөж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч билээ.
Аймгийн Засаг дарга ******* 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр "Апбан тушаалаас чөлөөлж, тур орлон гүйцэтгэгч томилох тухай” 191 дүгээр захирамж гаргаж хууль эрх зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан юм.
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэрээрээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 28дугаар магадлалаараа, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаар тогтоолоороо миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд намайг ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгохыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон билээ.
Гэвч аймгийн Засаг дарга ******* Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны баасан гаригт “*******ийг ажилд эгүүлэн томилох тухай” захирамж гаргасан боловч ажил хүлээлгэж өгөлгүйгээр 4 дүгээр сарын 21-ны даваа гаригт “Албан тушаалаас халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” 273 дугаар, 4 дүгээр сарын 23-нд “Албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” ******* дугаар захирамжуудыг тус тус гаргаж дахин хуулийн үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх 2014 оны 10 дүгээр сарын 20- ны өдрийн 21 дүгээр шийдвэрээрээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 484 дүгээр магадлалаараа, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 34 дүгээр тогтоолоороо миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд намайг ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгохыг аймгийн Засаг даргад дахин үүрэг болгосон билээ.
Аймгийн Засаг дарга ******* Дээд шүүхийн тогтоолыг 2015 оны 3 дугаар сарын 15-нд гардаж авсан боловч хэрэгжүүлэхгүй байсаар “*******ийг ажилд томилох тухай” захирамжаа 2015 оны 5 дугаар сарын 5-нд гаргасан боловч ажил хүлээлгэж өгөхгүй байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Должинсүрэн албадан хүлээлцүүлсний маргааш 5 дугаар сарын 14-ний өдөр “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаа гаргаж намайг нэг өдөр ажиллуулж, Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлээд дахин гурав дахь удаагаа хууль бусаар ажлаас халаад байна.
Засаг дарга ******* Дээд шүүхийн шийдвэрийг гардаж авсан боловч хэрэгжүүлэхгүй байх хугацаандаа буюу 4 дүгээр сарын 10-нд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга *******д ******* нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дүгнэлтийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу гэсэн албан тоотыг явуулсны дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Засаг даргын хүсэлд нийцүүлж “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалт хүчингүй болгох тухай” 14 дүгээр тогтоолгаргасан байна.
Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалт хүчингүй болгох тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэхь заалтад: “Монгол улсын “Газрын тухай хууль”-ийн 20.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэжээ. 2011 оны 6 дугаар сарын 6-нд зохион байгуулсан Газрын харилцаа, барилгахот байгуулалтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг дээрх хуулийн заалтад нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан байх тул уг сонгон шалгаруулалтын *******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” гэсэн байгаа ба энэ нь тухайн үеийн ажлын байрны тодорхойлолт нь /2009 онд батлагдсан/ хуулийн заалтад нийцээгүй хууль зөрчсөн гэсэн утга агуулж байх боловч үүнтэй холбоотойгоор сонгон шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болоогүй, зөвхөн намайг ажлаас халах гэсэн Засаг даргын хүсэлтийг биелүүлж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь уг тогтоолыг хуульд нийцээгүй, тогтоолын заалт нь ямар ч логик утгагүй гэдгийг нотолж байна гэж би үзэж байна. 2011 оны 6 дугаар сарын 6-нд зохион байгуулагдахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтын томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг намайг хангаж байна, *******ийн эзэмшсэн геологич мэргэжил нь газрын харилцааны чиглэлд хамаарна, геологичоор ажиллаж байсан болон даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан жилүүд нь /нийт 8 жил/ хуулийн шаардлага хангана гэж сонгон шалгаруулалтыг шалгаруулах ажлын хэсэг дүгнээд намайг шалгаруулалтад оруулсан бөгөөд би өрсөлдөгчдөөсөө өндөр оноо авснаар тухайн ажилд томилогдсон юм.
Иймд ямар ч хууль журамд нийцээгүй аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалт хүчингүй болгох тухай” 14 дүгээр тогтоолыг үндэслэж гаргасан аймгийн Засаг даргын “Төрийн албаны тухай” хуулийн 25, 26 дугаар зүйлд нийцээгүй 5 дугаар сарын 14-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг буцаан ажилд томилуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нийт 2508261 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулах,
Цалин: 5 дугаар сарын ажлын 15 хоног 394223 төгрөг, 6 дугаар сар ажлын 26 хоног 788447 төгрөг, 7 дугаар сар ажлын 22 хоног 644067 төгрөг, 8 дугаар сар ажлын 9 хоног 236482 төгрөг, нийт-2090219 төгрөг. Ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгал 418042. Нийт 2508261 төгрөг.
Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагуудаар урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн *******ээс ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Газрын тухай хууль”-д нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан гэж үзэж 2015 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор хүчингүй болжээ.
Тус тогтоолыг аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу нягтлаж үзэхэд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг газрын харилцаа, гөодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”, мөн хуулийн 20.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.” гэсэн заалтуудыг илт зөрчиж томилсон нь тогтоогдсон тул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар 2011 оны “*******ийг ажилд томилох тухай” 303 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Иймд *******ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн *******ээс ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Газрын тухай хууль”-д нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан гэж үзэж 2015 оны 05дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
Уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар 2011 оны “*******ийг ажилд томилох тухай” 303 дугаар захирамжийг хүчингүй болгосонбайдаг.
Иймд *******ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн *******ээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг газрын харилцаа, гөодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”, мөн хуулийн 20.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.” гэсэн заалтуудыг илт зөрчиж томилсон нь тогтоогдсон.
Иймд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар 2011 оны “*******ийг ажилд томилох тухай” 303 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Авирмэд овогтой Батболд миний бие шүүх хуралд оролцохгүй бөгөөд шүүхээс гаргах шийдвэрийг хүндэтгэн үзэх болно. Миний бие аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 14-ний өдрийн 289 тоот захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу “Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нийт 2.508.261 төгрөгийг гаргуулах, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хяналаа.
Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анх Баянхонгор аймгийн Засаг дарга *******ы 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/325 дугаар албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл хуралдаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалт хүчингүй болгох тухай” тогтоолыг гаргасан байна.
Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа тогтоолын үндэслэлийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2.7, аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/325 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэр гэж тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.” гэж заасан байх бөгөөд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтыг хуульд нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан гэж үзэн уг сонгон шалгаруулалтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүйд тооцсныг шүүх хууль бус гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь газрын харилцааны зохих мэргэжилтэй, тодруулбал Техникийн их сургуулийг Ашиг малтмалын ордын эрэл, зураглал мэргэжлээр төгсч /Геологич инженер мэргэшлийн цолтой./, түүнийгмэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан гэж үзэн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтад бүртгэж оруулсан, түүний нэрийг дэвшүүлэх саналыг гаргасан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай илтгэх хуудас, танилцуулга, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзэж сонгон шалгаруулалтад оруулсан, түүнчлэн нэр дэвшүүлэх саналаа тухайн үед гаргасан, холбогдох хуульд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтоо боловсруулах нь захиргааны байгууллагын үүрэг атал нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцээд, ажлын байрны тодорхойлолтыг хүчингүйд тооцох, ажлын байрны тодорхойлолтыг хуульд заасан болзол, шаардлагын дагуу дахин боловсруулах, хуульд нийцүүлэн мөрдөж ажиллахыг зөвлөмжлөх шийдвэр гаргасан атал 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөрогноолсон 14 дүгээр тогтоолд хэлэлцэж шийдвэрлэснээс өөрөөр буюу хуульд нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалт явуулсан тул сонгон шалгаруулалтын *******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин явуулж, томилохыг Засаг даргад зөвлөж, тогтоол гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 4.4.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдов.
Аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу хуульд нийцээгүй шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох эрх нь хуулиар олгогдсон хэдий ч Төрийн албаны тухай хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь төрийн албанаас чөлөөлөх эсхүл халснаар дуусгавар болохоор хуульчилсан атал томилсон захирамжаа хүчингүй болгосон нь буруу байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “Аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”, 20.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.” гэж тус тус заасан байх бөгөөд энэ хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэгч *******ийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар 2011 онд томилсон атлаа одоо уг шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаар захирамжаараа 2011 оны “Ажилд томилох тухай” 303, 2015 оны 264 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 27.1.2-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах” гэж заасныг зөрчсөн төдийгүй Төрийн албаны хуульд захирагдах, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл юм.
Түүнчлэн нэхэмжлэгч *******ийг удаа дараа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажлаас халж, тус шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр ажилд нь эгүүлэн тогтоож байсан болохыг дурдах нь зүйтэй.
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч *******ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажилд томилсон захирамжаа хүчингүй болгосон Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамж хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч ******* төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр халах шийдвэр гаргаагүй хэдий ч анх томилсон шийдвэрээ хүчингүйд тооцсон хэлбэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, ажиллах боломжгүй болгосон байх тул хууль бусаар халсан гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдсэн болно.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албантушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинхөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин 5.925.786 /Таван сая есөн зуун хорин таван мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас /Засаг даргын Тамгын газар/ гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр бодож нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан *******ийн ажилгүй байсан хугацааны цалин 5.925.786 /Таван сая есөн зуун хорин таван мянга долоон зуун наян зургаан/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас /Засаг даргын Тамгын газар/ гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг үүрэг болгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН