| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0550/Э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч ТБ нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цэнгэн овогт ТБт холбогдох 201725031269 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21 дүгээр гудамж 43 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Цэнгэн овогт ТБ (РД:00000000000),
нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21 дүгээр гудамжны 42 тоотод А.Анирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ТБ нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч А.Анир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Баатар “танайд яахаараа архи байдаггүй юм, танайд яагаад хүн орж болдоггүй юм” гэсэн. Би хаалгаа онгойлгоод гэртээ ортол Баатар миний араас дагаж орж ирээд намайг хараалын үгээр доромжлоод байхаар нь би гартаа утсаа аваад цагдаа дуудлаа шүү гэхэд Баатар миний гар утсыг гарнаас булааж аваад манай гэрээс гарсан. Баатар миний гар утсаар манай гэрийн амбаарыг цохиж байснаа эхнэр нь гарч ирэх үед над руу гар утсыг маань шидсэн. Би газарт унасан гар утсаа авахаар доош тонгойгоод өндийх үед Баатар гараараа миний зүүн хацар руу цохьж, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн” гэв.
Гэрч С.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би цонхоор харж байтал манай нөхөр, хөрш айлын эмэгтэй 2 гэрийнх нь үүдэн дээр юм яриад зогсоод байсан. Тэгээд манай нөхөр нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авах шиг болсон” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.16-ны өдрийн ¹7587 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.А.Анирын биед тархи доргилт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.А.Анир нь 3-р бүлгийн цустай байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч ТБ нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух А.Анираас архи нэхэж, улмаар гэртээ оруулсангүй гэх шалтгаанаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Анирын “...Баатар “танайд яахаараа архи байдаггүй юм, танайд яагаад хүн орж болдоггүй юм” гэсэн. Би хаалгаа онгойлгоод гэртээ ортол Баатар миний араас дагаж орж ирээд намайг хараалын үгээр доромжлоод байхаар нь би гартаа утсаа аваад цагдаа дуудлаа шүү гэхэд Баатар миний гар утсыг гарнаас булааж аваад манай гэрээс гарсан. Баатар миний гар утсаар манай гэрийн амбаарыг цохиж байснаа эхнэр нь гарч ирэх үед над руу гар утсыг маань шидсэн. Би газарт унасан гар утсаа авахаар доош тонгойгоод өндийх үед Баатар гараараа миний зүүн хацар руу цохьж, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч С.Батцэцэгийн “...би цонхоор харж байтал манай нөхөр, хөрш айлын эмэгтэй 2 гэрийнх нь үүдэн дээр юм яриад зогсоод байсан. Тэгээд манай нөхөр нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авах шиг болсон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.16-ны өдрийн ¹7587 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирлын мөнгө тухай тэмдэглэл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Цэнгэн овогт ТБыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс гэм хорын хохиролд 208.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч ТБыг торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 175.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Цэнгэн овогт ТБыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ТБыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ТБыг торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ТБ нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ТБт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ