Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч:Ц.Н /РД:*******/,

          Хариуцагч: Нийслэлийн улсын бүртгэлийн газар,

          Гуравдагч этгээд: С.Э /РД:*******/,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүүрэг, хороо Ш // хэсэг гудамж ******* тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Нэхэмжлэгч Ц.Н болон гуравдагч этгээд С.Э нар нь 2013 оноос хамтран амьдарч байсан.

          2.2.2013 онд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар дээр 7х5 буюу 35 м.кв сууцыг зоорийн хамт барьсан бөгөөд 2021 оны зун хувийн сууцаа 3х2.5 буюу 7.5 м.кв-аар өргөтгөж, засан сайжруулалт хийснээр 71 м.кв талбай бүхий сууц бий болсон.

          2.3.Анх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар тус дүүргийн хороо, Шд байрлалтай нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Ц.Нт эзэмшүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дугаартай гэрчилгээ[1] олгосон байна.

          2.4.2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ц.Н, С.Э нарын хороонд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Н нь өөрийн эзэмшлийн дүүргийн хороо, Шд байрлах 699 м.кв газрыг гуравдагч этгээд С.Эт үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ[2].

          2.5.Улмаар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар тус дүүргийн хороо, Шд байрлалтай нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай С.Эт эзэмшүүлж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дугаартай гэрчилгээ[3] олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

          2.6.Гуравдагч этгээд С.Эээс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр уг газар дээрх буюу дүүргийн   хороо, Ш //,   хэсэг гудамж, тоот хаягтай 71 м.кв талбайтай хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлгийг холбогдох баримтуудын хамт улсын бүртгэлийн байгууллагад гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дугаартай гэрчилгээ[4] олгожээ.

          2.7.Нэхэмжлэгч Ц.Ноос гуравдагч этгээд С.Эт холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/0 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          2.8.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00******* дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “Ц.Н болон С.Э нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээг хүчингүй болгож, дүүргийн хороо, Ш хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Нын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай” гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангасан бөгөөд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр тогтоолоор хариуцагч С.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          2.9. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00******* дугаар магадлалыг биелүүлж, дээрх газрын эзэмших эрхийг Ц.Нын нэр дээр шилжүүлэн бүртгэж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

          2.10.Улмаар дээрх албан бичиг болон нэхэмжлэгч Ц.Ноос 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийг[5] үндэслэн дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай захирамжаар[6] тус дүүргийн хороо, Шд байрлалтай нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газар эзэмших эрхийг Ц.Ням-очирт эзэмшүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дугаартай гэрчилгээ[7] олгожээ.

 

 

          2.11.Нэхэмжлэгч Ц.Ноос 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “ дүүрэг, 19-р хороо Ш // хэсэг гудамж ******* тоотод байрлах 71 м.кв талбайтай, хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Эийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр “гомдолд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.  

          2.12.Нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүүрэг, хороо Ш // хэсэг гудамж ******* тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар  шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Н миний бие анх иргэн С.Этэй 2013 оноос хойш танилцаж бие биедээ түшиг тулгуур болж насан туршдаа хамтран амьдарна гэж нэг гэрт орсон. Бид 2 хамтран амьдрах хугацаанд бие биедээ халамжтай сайхан байсан би Эийг юугаар ч дутаагаагүй. Миний бие эрүүл мэндийн хувьд бөөр бага зэрэг өвддөг байсан. Одоогоос 3 жил гаруйн өмнөөс бөөрний дутагдалд орж байнгын эмчилгээ хийлгэж, улмаар диализын эмчилгээнд орж эхэлсэн. Би өөрийн гэсэн орон сууц, зуслангийн газартай байсан, орон сууцаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж бид түрээсийн төлбөрөөр боломжийн амьдарч байсан. Миний хүү гэр бүл зохиож орон сууц худалдаж авах шаардлага гарч мөнгөний хэрэг болсон учраас орон сууцаа зарж хүүхдийнхээ орон байр худалдан авахад нэмэр өгч хүүдээ зориулсан. Ингээд бид хоёр дүүргийн 4 дүгээр хороонд дүүгийнхээ байранд түр хугацаагаар хамт амьдарч байсан. Гэтэл хамтран амьдрагч С.Э нь нэг өдөр надад хэлэхдээ бид 2 насан туршдаа хамт байх юм чинь миний хань зуслангийнхаа газраа миний нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлээд гуйгаад байхаар нь би над шиг ийм хүнд өвчтэй хүнд насны хань болох хүн гэж бодож “Чи бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй, албан ёсны гэр бүл биш ч гэсэн чамайг би насан туршдаа хамт амьдарна гэж итгэж газраа бэлэглэе” гэж хэлээд бид хоёр 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хамтдаа нотариатын газар очиж дүүргийн хороонд байрлах 699 м.кв Ш зуслангийн тоот гэрчилгээтэй газрыг түүний нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн юм.

          Гэтэл үүнээс хойш миний хамтран амьдрагч С.Э нь гэнэт ааш зан хувирч үл ялих шалтгаанаар уурлаж, хэрүүл өдөж байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай гэрээс явсан эргэж ирээгүй, би түүнд бэлэглэсэн зуслангийн газар дээрээ очиход миний шинээр барьсан зуслангийн сууцны цоожны голыг солиод хашааны хаалгыг түгжээд явсан байсан. Би бие муутай, хүнд өвчтэй тул зусландаа гарах эрхгүй болж аргаа барж 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд энэ хугацаанд С.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр миний зуслангийн сууцыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан авсныг шүүхэд ирүүлсэн гэрчилгээний хуулбараас мэдсэн бөгөөд шүүхийн явцад хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд шүүхээс уг нэмэгдүүлсэн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзээд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. С.Э бид нарын хооронд үүссэн газар эзэмших эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээний маргаан нь иргэний хэргийн гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэн тус гэрээ нь хүчингүй болоод би өөрийн эзэмшлийн дүүргийн хороо Шд байрлах 699 м.кв талбайтай зуслангийн газраа буцааж авсан. Харин С.Э нь өнгөрсөн хугацаанд дээрх миний зуслангийн эзэмшил газрыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авахдаа уг газар дээр миний барьсан зуслангийн сууцыг надад мэдэгдэлгүйгээр хууль бус арга хэрэглэн өөрийн нэр дээр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч авсан байдаг юм.

          С.Эийн нэр дээр бүртгэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Би С.Эийн нэр дээр бүртгэсэн дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт, нотлох баримтаа гаргаж урьдчилан шийдвэрлүүлэхээр хандахад тус газраас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичигт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар та асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд Нийслэлийн бүртгэлийн газарт иргэн С.Эийн нэр дээр бүртгэсэн № тоот гэрчилгээтэй, Ү-******* улсын бүртгэлтэй, дүүргийн 19-р хороо Ш // гудамж ******* тоотод байрлах, 71 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

           3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар, үл хөдлөх хөрөнгө 2 хоорондоо салшгүй холбоотой. Тухайн газар нь 2003 оноос хуучин эхнэрийнх нь нэр дээр байж байгаад 2017 онд шинээр Э.Нын нэр дээр шилжсэн газар байдаг юм. Тэгэхээр Ц.Нын хувьд С.Эийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэсэн нь Ц.Нын эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа учраас үүнийг хүчингүй болгож, дахин бүртгэл хийлгэх тийм боломж нөхцөлийг нь л гаргуулах үүднээс энэ бүртгэлийг хүчингүй болгож, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байгаа юм. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрхийг нь зөрчсөн ийм бүртгэл гарсан байгаа юм. Тэгээд Нийслэлийн Улсын бүртгэлийн газар хандахад энэ хэргийг шүүхээр шийдвэр гарсны дараа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн учраас Нийслэлийн Улсын бүртгэлийн газрыг хариуцагчаар татаж, бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...газар шилжүүлсэн асуудалд 3 шатны шүүх нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Улсын бүртгэлийн газар энийг хүлээж авч бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан. Тиймээс энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний үйлчлэгчийн хууль ёсны шаардлагад нийцэж байна гэж үзэж байна” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ дүүргийн хороо ш //, хэсэг гудамж тоот хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай хаяг, дугаар олгосон тодорхойлолт, газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ, ******* дугаартай газрын гэрээ, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн план зураг, 4 талаас авсан фото зураr зэрэг нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэн дугаартай гэрчилгээ олгосон байна.

Дээрх бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шаардлагатай нотлох баримтуудыг авч холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн байна. Хуульд газрын эрх дуусгавар болсноор хувийн сууцын эрх дуусгавар болно гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгч нь анхнаасаа газар эзэмших гэрээгээ шилжүүлээд шүүхийн шийдвэр гаргуулахдаа давхар хувийн сууцтай холбоотой өмчлөлийн маргаан тухайн үед нь иргэний шүүхээр шийдүүлэх ёстой байсан. Захиргааны байгууллагаас шүүхийн байгууллагад хандаж өмчлөлийн маргаанаар шийдүүлнэ үү гэдэг хариу нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн агуулгатай болохоос захиргааны хэргийн шүүхэд хандахыг хэлээгүй. Учир нь энэ бүртгэл хууль зөрчсөн асуудал байхгүй. Хариуцагч захиргааны байгууллага талуудыг иргэний шүүхээр маргаантай явж байна гэдгийг мэдэх боломжгүй. Гуравдагч этгээд С.Э нь хуульд заасан бүх нотлох баримтыг хангаад ирсэн болохоор захиргааны байгууллага бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийг харахад өмчлөлийн маргаан байна. Тиймээс иргэний хуулиараа, иргэний шүүхээрээ шийдвэрлүүлэх нь зүйтэй. Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бүх нотлох баримтыг бүрдүүлсэн. Хаяг, хянан баталгааны дүгнэлт, газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг нь байна. Улсын бүртгэлийн байгууллагаас буцаах ямар ч үндэслэл байхгүй. Хуульд заасан буцаах үндэслэл байхгүй учраас бүртгэнэ. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.5.Гуравдагч этгээд С.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үл хөдлөх хөрөнгө С.Э миний хувийн хууль ёсны өмч бөгөөд миний бие энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль ёсны дагуу өмчлөх эрхийг бүртгүүлсэн. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь С.Э миний хуулиар хамгаалагдсан үл хөдлөх хөрөнгө, өмч хөрөнгөө бусдын аливаа шаардлагаас ангид байлгах туйлын өмчлөх эрхэд шууд ноцтойгоор халдаж байх тул гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий тоот, Ү-2******* дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээд С.Э миний нэр дээр 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.3 дахь хэсгийн дагуу 10.6 дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн. Тодруулбал тус үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн миний өмч мөн болохыг нотолсон баримт бичгүүдийг үндэслэн дүүргийн хороо, Ш // хэсэг гудамж, ******* тоотод байрлах, 71 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд анх удаа бүртгэж, С.Э миний өмч болохыг бүртгэж, баталгаажуулсан байдаг. Энэхүү Нийслэлийн улсын бүртгэлийн бүртгэлийн үйлдэл нь хууль ёсны болохыг Ү-2******* дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт хавсаргасан мэдүүлэг, өмчлөгч болохыг нотолсон баримт бичгүүдийн хуулбарыг гаргуулснаар бүрэн нотлох боломжтой юм. Иймд энэхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь С.Э миний Иргэний хуулийн 101.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бусдын аливаа шаардлага, энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд саад үйлдлийг зогсоохыг шаардах туйлын эрх бүхий өмчлөх эрхээр баталгаажсан эд хөрөнгө юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэхэд “Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээд С.Э миний өмчлөх эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж буй хүрээнд өмчлөх эрхийг хуулиар хамгаалах зарчим, зохицуулалтыг үндэслэн хэрэг, маргааныг шийдвэрлэж өгнө үү. Учир нь нэхэмжлэгч С.Н болон С.Э миний бие 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зарын дагуу танилцаж, үүнээс хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч гэр бүл болж хамтран амьдарч, хамаатан садан эргэн тойрны бүх хүн гэр бүлийн нэгэн адил бодож амьдарч ирсэн. Ингээд анх 2013 онд тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байрлах газарт 7х5 буюу 35 м.кв сууцыг зоорийн хамт, мөн 7 м.кв шилэн таамбар, 5,5 м.кв үүдний өрөө бүхий шинэ байшинг барьж орж байсан. Энэхүү байшинг барихад миний бие өөрийн нэр дээрх Б дүүргийн 12 дугаар хороо, , байрны тоотод байрлах Ү- дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий орон сууцыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан борлуулж, үүний орлогоос 10,000,000 сая төгрөгийг энэхүү хувийн сууцыг шинээр барихад зарцуулсан байдаг. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч нь хүндээр өвчилсөн бөгөөд энэ хугацаанд миний бие ажил хийхийн хажуугаар асарч хамгаалж ирсэн. Улмаар нэхэмжлэгч ярилцсаны дагуу нэхэмжлэлийн шаардлагад нэгж талбарын , гэрчилгээний дугаар бүхий 600 м.кв газрыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжийн дагуу С.Э миний нэр дээр шилжүүлсэн.

          Энэ хугацаанд нөхөр С.Н маань хүнд өвчтэй байсан тул миний бие 2021 оны зун хамтдаа амьдарч байсан хувийн сууцаа 3х2.5 м буюу 7.5 м.кв-аар өргөтгөж, шинээр засан сайжруулалт хийсэн. Энэхүү засвар, өргөтгөлийн ажилтай холбогдох зардлыг ажил эрхэлж байсны хувьд нийт 11,000,000 сая төгрөгийн зардлыг хариуцан гаргаж, одоогийн 71 м.кв бүхий зоорьтой, нойлтой хувийн сууцаа бий болгосон байдаг. Энэхүү хувийн сууцад зарцуулсан зардал, мөнгөн төлбөрүүдийг тухайн засвар хийгдэх үеийн тооцоо болон анх 2013 онд шинээр барихад орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу олсон орлогоос зарцуулалт хийж байсан нотлох мөнгөн гүйлгээний баримт, хуулгыг гарган өгч энэхүү үл хөдлөх хөрөнгө нь миний өмч болохыг нотлох боломжтой юм. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь дүүргийн хороо, Ш хаягт байрлах, нэгж талбарын , гэрчилгээний дугаар бүхий 699 м.кв газар дээр байрладаг. Энэхүү газрын газар эзэмших эрхийг С.Ноос С.Э рүү шилжүүлсэн хэлцлийг иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу хүчингүй болгосон байдаг. Хэргийн материалд хавсаргасан үүнтэй холбогдох шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан С.Нын нэхэмжлэл, эдгээр шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь бидний хамтын амьдралын хугацаанд болж өнгөрсөн үнэнд нийцэхгүй юм. Эдгээр шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар хавсаргаж, газрын эзэмших эрх С.Нын нэр дээр шилжиж, бүртгэгдсэн үйл баримтыг үндэслэн С.Э миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэгдсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардах нь миний хууль ёсны дагуу өмчлөх эрх олж авч, өмчлөх эрхтэй этгээд болохоо улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл, өмчлөх эрхэд минь ноцтой халдаж буй юм. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн шинж чанарыг тодорхойлоход түүний байрлаж буй газар хамаарах боловч үл хөдлөх хөрөнгө нь түүний байрлаж буй газраас үл хамааран өмчлөх эрх олгогдох бусдын эд хөрөнгө юм. Иймд нэхэмжлэгч С.Н нь маргаан бүхий газрын эзэмших эрх шүүхийн шийдвэрийн дагуу түүний нэр дээр шилжсэнийг үндэслэн миний хуулийн дагуу өмчлөх эрх олж авсан эд хөрөнгийг баталгаажуулсан хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах нь дээрх тайлбар, үндэслэлийн дагуу хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ.

          3.6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй холбоотой нотлох баримт байхгүй. Хариуцагчаас яг энэхүү бүртгэлийг хийхэд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Гуравдагч этгээдээс хуульд заасан мэдүүлэг, нотлох баримтаа өгсний үндсэн дээр бүртгэсэн гэдгээ хариу тайлбараараа болон сая хурал дээр хэлсэн тайлбараараа нотолж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд улсын бүртгэгч тухайн бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэлийг тодорхой заагаад өгчихсөн. Өнөөдрийн шүүх хуралд маргаан бүхий асуудлаар огт бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч талаас өмнө нь иргэний хэргийн шүүхээр шийдэгдсэн асуудал, тухайн шүүх хурлын тэмдэглэлд дурдагдсан байгаа үйл баримт, тэр шийдвэрийг үндэслээд өнөөдрийн өмчлөх эрхийг хууль бус гэж үзээд байгаа. Гэтэл захиргааны хэргийн шүүхэд маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэж тухайн маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байтал шүүхийн шийдвэрийг үндэслээд одоо үндсэндээ эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө бүхэлдээ хууль бус байна. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж тусгагдсан байдаг. Энэхүү зарчмын үндсэнд яг өнөөдрийн бодит хэрэг дээр харвал С.Э гэж хүн өөрөө тухайн үл хөдлөх хөрөнгийг барихад эд хөрөнгө, төсөв мөнгөө зарцуулаад барьсан, тухайн барьсныгаа нотлох баримтаа бүрдүүлээд улсын бүртгэлд буюу захиргааны байгууллагад хандаж мэдүүлэг гаргасан байна. Захиргааны байгууллага иргэний энэ үйл баримтыг үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон буюу тухайн хүнд мөнгөн төгрөгөөр илэрхийлэгдэх эд хөрөнгийн бүртгэлийг бий болгож өгсөн. Ийм хууль зүйн үр дагавар биелээд байхад өнөөдөр бусад шүүхийн шийдвэрийг үндэслээд энэхүү өмчлөх эрхийг хүчингүй болгоно гэдэг нь иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Нын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00******* дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Ц.Н болон С.Э нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээг хүчингүй болгож, дүүргийн хороо, Ш хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Нын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэсэн, ингэхдээ “талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С.Э нь Ц.Ныг түүний бие махбодид халдаж зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэх дуудлага өгсөн ч энэ зөрчил нь Цагдаагийн байгууллагаар тогтоогдоогүй, энэ үйлдэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан “...бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн”-д хамаарах бөгөөд нэхэмжлэгч Ц.Н бэлэглэлийг хүчингүй болгохоор хариуцагч С.Эээс шаардах эрхтэй” талаар дүгнэсэн, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. 

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх дүүргийн хороо, Шд байрлалтай нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газар эзэмших эрхийн талаар эцэслэн шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэгдсэн асуудлын талаар захиргааны хэргийн шүүх дахин дүгнэлт өгөхгүй. 

          4.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “С.Э нь нэхэмжлэгчийн зуслангийн эзэмшил газрыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хууль бус арга хэрэглэн уг газар дээр барьсан зуслангийн сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу С.Эийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хүчингүй болно” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

          5.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх  бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ” гэж зааснаас үзвэл  газрын эрхэд үндэслэн улсын бүртгэлд анх бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэхээр байна. 

          6.Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан  мэдүүлэгт мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; 10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр; 10.6.3.газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг; 10.6.4.иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт; 10.6.5.барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг; 10.6.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг; 10.6.7.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт; 10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт зэрэг баримтыг хавсаргах шаардлагыг хуульд тодорхойлон заажээ.

          7.Гуравдагч этгээд С.Э нь маргаан бүхий дүүргийн   хороо, Ш //,   хэсэг гудамж, тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Хот байгуулалт, хөгжлийн газрын тухайн зуслангийн сууцны зориулалттай барилгад олгосон хаягийн тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг зэрэг дээрх хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримтуудыг бүрдүүлэн мэдүүлэг гаргасныг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасанд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

          8.Хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг харьцуулан судлахад нэхэмжлэгч Ц.Нын гаргасан “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэхээс өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гуравдагч этгээд С.Э улсын бүртгэлийн байгууллагад хандан маргаан бүхий 71 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан нь тогтоогдож байна.

          9.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар магадлалаас үзвэл Ц.Н, С.Э нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан шаардах эрхэд үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          10.Ийнхүү Ц.Н, С.Э нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд гуравдагч этгээд С.Э өөрийн эзэмшлийн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлснийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

          11.Учир нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноос бус Иргэний хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй тул тухайн гэрээний үндсэн дээр үүссэн газар эзэмших эрхэд үндэслэн гуравдагч этгээд С.Эээс маргаан бүхий 71 м.кв үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсныг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх... буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж үзэхгүй.

          12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан иргэний хэргийн шүүхэд “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж байх хугацаанд гуравдагч этгээд С.Э тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхтэй, түүнчлэн газрын эрхэд үндэслэн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах эрхтэй бөгөөд шүүхэд маргаж байгаа үйл баримт нь тухайн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

          13.Магадгүй газар эзэмших эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гуравдагч этгээд үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, өмчлөх эрхийг олж авсан бол үүнийг захиргааны акт гаргуулахдаа хууль бус арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Гэвч энэ маргааны хувьд тийм үндэслэл тогтоогдоогүй.

          14.Нөгөөтэйгүүр С.Э нь “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаагаа нэхэмжлэгч Ц.Нт мэдэгдээгүй” нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчээс дундаа хэсгээр болон хамтран өмчлөх эрхийн хүрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрх нээлттэй байна.

          15. дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгийг үндэслэн 228 иргэний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсний дотор дүүргийн ******* хороо, Шд байрлах 699 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар Ц.Нт эзэмшүүлж, 2021 оны ******* дугаар захирамжийн С.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

          16.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.

          17.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гуравдагч этгээд С.Эийн 699 м.кв газрыг эзэмших эрх дуусгавар болсноор тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх бус харин ашиглах эрх дуусгавар болох тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан “газар эзэмших эрх дуусгавар болсноор бүртгэлийг хүчингүй болгох үр дагавартай” гэх тайлбар үндэслэлгүй байна.

          18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          19.Энэхүү шүүхийн шийдвэр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6,  Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нын гаргасан “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүүрэг, хороо Ш // хэсэг гудамж ******* тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэргийн 87 дахь тал

[2] Хавтаст хэргийн 14 дэх тал

[3] Хавтаст хэргийн 131 дэх тал

[4] Хавтаст хэргийн 64 дэх тал

[5] Хавтаст хэргийн 129 дэх тал

[6] Хавтаст хэргийн 127 дахь тал

[7] Хавтаст хэргийн 23 дахь тал