| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00654/И |
| Дугаар | 307/ШШ2025/00186 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/00186
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 307/ШШ2025/00186 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух С******* овогт П*******гийн М******* /РД:Е*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 8 тоот хаягт оршин суух Бо******* овогт Ц*******ийн И******* /РД: Т*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 65,894,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: П.М*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Г,
Хариуцагч: Ц.И*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.М******* нь хариуцагч Ц.И*******т холбогдуулан 65,894,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч П.М******* би хариуцагч Ц.И*******ийг хүүтэй мөнгө зээлдэг гэдгийг хүнээс сонсоод зээл авах зорилгоор холбогдож, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл 1 өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд, буцаагаад хүүтэй нь төлдөг байсан. Би А.А гэж хүнийг танихгүй, Ц.И*******ээс л мөнгө зээлж авдаг байсан. Би хариуцагч Ц.И*******ээс зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт хангалттай буцааж төлчихөөд, өрийн дарамтад орчихоод байхад дахин надаас мөнгө нэхэж байгаа.
Би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сар хүртэл Ц.И*******ээс нийт 205,705,000 төгрөг авч, буцааж 285,039,000 төгрөг шилжүүлсэн ба зээлсэн мөнгөнөөсөө 79,289,000 төгрөг илүү төлсөн.
Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ба Ц.И******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байж надаас зээлийн хүүд 79,289,000 төгрөг авсан атлаа дахин мөнгө нэхэж хохироож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү алданги тооцохгүй., 282.4-т Мөнгө шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. гэж заасан.
Би хариуцагч Ц.И*******тэй зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас Ц.И*******т хүү тооцож авах эрх байхгүй, миний зүгээс түүнд зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар зээлийн хүүд төлсөн 65,894,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдаж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Бидний хооронд үүссэн зээлийн харилцаа уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хүн Аймгийн засаг даргад өргөдөл гаргаж байж байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Ц.И******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Иймд Ц.И******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Иргэний хуульд зааснаар хүү шаардах эрхгүй байж зээлийн хүүд 79,289,000 төгрөг авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргаж, дутуу нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэлгүйгээр анх нэхэмжилсэн 65,894,000 төгрөгөө хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан П.М*******гийн хүсэлтээр бусдын дансанд шилжүүлж зээлүүлсэн гэх 4 удаагийн гүйлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаанд хариуцагч энэ тайлбараа нотлох боломжтой байсан. Гэтэл шүүх хуралдаанд ийм тайлбар гаргаж, бусдын дансанд шилжүүлсэн 4 удаагийн гүйлгээг П.М*******д зээлүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хангаж, Ц.И*******ээс 65,894,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.И******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.М******* нь надад Танил эгчээсээ мөнгө зээлээд өгөөч гэж гуйсны дагуу би түүнд тус болж, А.А гэх танил эгчээсээ мөнгө зээлэх талаар асуухад 10 хувийн хүүтэй буцаан төлөх санал хэлсэн. Уг саналыг би П.М*******д хэлэхэд тэр зөвшөөрч, миний дансанд орж ирсэн мөнгийг надаас авдаг байсан. П.М******* энэ мэтчилэн хэд хоноод эсвэл хэсэг хугацааны дараа байнга л Мөнгө асуугаад өгөөч гээд над руу холбогддог байсан. Би заримдаа асууж өгч, заримдаа өгдөггүй байсан. Тэгэхээр П.М******* миний фэйсбүүк хаяг руу өөрийн фэйсбүүк хаягнаасаа чат бичээд Мөнгө олоод өгөөч, нөгөө 10 хувиараа юу? гэх зэргээр өөрөө хүүний саналаа хэлж, надаар хүмүүсээс мөнгө асуулгадаг байсан.
П.М******* мөнгө зээлүүлэх эрхтэй газраас мөнгө зээлж авах гэхээр барьцаа байхгүй гэдэг шалтгаанаар хувь хүмүүсээс мөнгө зээлж, хариуд нь 10 хувийн хүү төлдөг байсан. Д.М*******д хэн нэгэнд барьцаанд тавих зүйл байхгүй, мөнгө зээлэх хэрэгцээ байнга гардаг байсан. Би түүнд тусалж, өөрийнхөө дансаар орж ирсэн мөнгийг 10 хувийн хүүтэй П.М*******д өгөөд П.М******* хэлэлцэж тохиросрн ёсоор хүүтэй нь надад буцаагаад өгөхөөр би цааш нь нөгөө хүнд нь үндсэн мөнгийг хүүтэй нь буцаагаад өгдөг. П.М******* авсан зээлээрээ гар утас хямдхан аваад буцаагаад үнэ нэмээд зардаг гэж хэлдэг байсан.
П.М******* намайг ашиглаж хүнээс авсан сүүлийн мөнгөө өгөхгүй, нөгөө хүн нь надаас нэхээд байсан учир би П.М*******гаас зээлээ төлөхийг шаардахад намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн утгатай 68,984,000 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй.
П.М******* өөрөө хүртэл А.А гэж эгч рүү залгаж мөнгө асууж байсан. Би А.А эгчээс мөнгө авч П.М*******д авч өгөөд П.М*******гаас буцааж аваад А.А эгчийн данс руу шилжүүлдэг байсан. Би өөрийн дансаар шилжүүлэн дамжуулж өгдөг байсан. Үүний хариуд А.А эгч надад хааяа урамшуулал гэж 100,000 төгрөг өгдөг байсан.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар шаардаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх нь нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгөө шилжүүлсэн ба энэ шилжүүлэг нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдолд үүсдэг.
Нэхэмжлэгч П.М******* нь хариуцагч Ц.И*******ээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөө хүүтэй нь буцаагаад төлсөн. Харин одоо зээлийн хүүд төлсөн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр буцааж авах агуулгаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө хүүтэй нь буцааж өгсөн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргааны агуулгыг тодорхойлж байна. Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчид шилжүүлсний дараа зээлдэгч нь мөнгийг хүлээн авч захиран зарцуулахыг ойлгоно.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлсэн бол зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээний харилцаа дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч үндсэн зээл дээр маргаагүй хэр нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэж, зээлийн хүүд төлсөн мөнгөө буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Энэхүү зохицуулалт нь зээлдүүлэгчид хамаатай болохоос зээлдэгчид хамаатай заалт биш. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүлээн зөвшөөрч төлсөн хүүгийн төлбөрөө буцаан шаардах эрх хуульд байхгүй.
Нөгөө талаар үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөө хүүтэй нь төлөөд дуусчихсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар гэрч А.А Энэ бол миний мөнгө байсан. гэж мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгээр П.М******* уг мөнгийг А.Аийн мөнгө гэдгийг мэдэж байсан нь тогтоогдож байгаа.
Хэрэгт авагдсан дансны хуулгаар А.Аээс Ц.И******* рүү, Ц.И*******ээс П.М******* руу шилжсэн шилжүүлэг байгаа. Мөн дансаар хийсэн гүйлгээнээс харахад П.М*******гаас орж ирсэн мөнгө Ц.И*******ийн дансанд үлдээгүй байгаа нь харагдана. Үүнээс харахад уг мөнгө нь А.А гэж иргэний мөнгө, Ц.И******* үндэслэлгүйгээр хөрөнгөжигч биш гэдгийг нотолж байна.
Иймд П.М*******, Ц.И******* нар гэрээг бичгээр байгуулаагүй боловч талууд амаар тохиролцож, хүүтэй байсан гэдгийг анхнаасаа мэдэж байсан, Ц.И*******ийн хувьд хүний мөнгийг өөрийн дансаар оруулаад гаргасан асуудал л байна. Зээлийн гэрээний жинхэнэ харилцаа А.А, П.М******* нарын хооронд үүссэн байх тул Ц.И******* гэж хүн энэ хэргийн хариуцагч биш гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс 10 хувийн хүү өндөр байсан, энэ хүүг багасгаад өгөөч, бууруулаад өгөөч гэсэн шаардлага огт хэрэгт гаргаж өгөөгүй. П.М******* нь Би зээлийн хүүд төлсөн мөнгөө буцааж авъя. Ц.И******* мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байна. гэж байгаа.
Нэхэмжлэгч тал 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл удаа дараагийн гүйлгээгээр яг хэдэн төгрөг нь хэдэн хувийн хүүтэй байсан талаарх тооцооллыг өнөөдрийг хүртэл нарийвчилж гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй байна. Анх зээлүүлсэн мөнгө, хамгийн сүүлд зээлүүлсэн мөнгө хоёрын хооронд яг хэдэн төгрөгийн хүү байсныг тодорхойлж өгөөгүйгээс үзэхэд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 487,870 төгрөг төлсөн баримт, П.М*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.М*******гийн Голомт банк дахь 4 тоот дансны хуулга, П.М*******гийн Хаан банк дахь 53, тоот дансны хуулга, П.Моос Ц.И*******т 5,500,000 төгрөг, Б.Мэс Ц.И*******т 11,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Ц.И*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас Ц.И******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн эсэх лавлагааг, Хаан банк ХК-иас 50 тоот данс эзэмшигчийн талаарх лавлагаа, 53, тоот данснаас 50 тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн гүйлгээний хуулгыг, Голомт банк ХК-иас 4 тоот данснаас 50 тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн гүйлгээний хуулгыг нотлох баримтаар гаргуулж, П.М, Б.М нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хх55-94, 96, 100-102, 107-110/
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Аээс гэрчийн мэдүүлэг авч, Худалдаа хөгжлийн банк ХК-иас А.Аийн 476014020 тоот дансны 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан. /хх129-132, 151-172/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.И*******ээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сар хүртэл 1 өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, хүүтэй нь буцаан төлдөг байсан. Дээрх хугацаанд Ц.И*******ээс нийт 205,750,000 төгрөг зээлж, буцаан 285,039,000 төгрөг төлсөн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Ц.И*******т зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй. Ц.И******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, зээлийн гэрээ байгуулаагүй атлаа надаас зээлийн хүүд 79,289,000 төгрөг авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд Ц.И*******ээс 65,894,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргаж 65,894,000 төгрөг нэхэмжилсэн байна. Дансны хуулгаа шүүн үзэхэд хариуцагч Ц.И*******т 79,289,000 төгрөг шилжүүлсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхгүй. Анх нэхэмжилсэн 65,894,000 төгрөгөө гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгч П.М*******гийн гуйлтаар А.А эгчээс мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, уг мөнгийг П.М*******д шилжүүлдэг байсан. П.М******* 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гэдэг санал гаргасан бөгөөд зээлийн хүүг өөрөө хүлээн зөвшөөрч төлдөг байсан. Улмаар П.М*******гаас зээлээ хүүтэй нь миний данс руу буцаан шилжүүлэхээр би А.Аийн дансанд шилжүүлдэг байсан. П.М*******гийн зээлсэн мөнгө нь А.Аийн мөнгө, би П.М*******, А.А нарыг зуучилсан. Би үндэслэлгүй хөрөнгөжөөгүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.И******* нь Хаан банк дахь 50 тоот данснаас нэхэмжлэгч П.М*******гийн Хаан банк дахь тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 184,150,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан П.М*******гийн Хаан банк дахь тоот дансны хуулга, Ц.И*******ийн 50 тоот дансны хуулга, Хаан банкны 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 50 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх17, 55-86/
4.2. Нэхэмжлэгч П.М******* нь Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Ц.И*******ийн 50 тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 207,954,000 төгрөг, Хаан банк дахь 53 тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12,870,000 төгрөг, 50 тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, Голомт банкны 4 тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 33,560,000 төгрөг, Б.Моор дамжуулан 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5,500,000 төгрөг, Б.Мөнх-Эрдэнийн дансаар дамжуулан 11,000,000 төгрөг, нийт 275,884,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч Б.М, Б.М нарын мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх56-94/
4.3. Хариуцагч Ц.И******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлээгүй болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7- тоот албан бичгээр тогтоогдсон. /хх96/
5. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулаагүй үйл баримтад маргаагүй.
Харин нэхэмжлэгч П.М*******гийн зээлийн хүүд төлсөн мөнгөөр хариуцагч Ц.И******* үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх, нэхэмжлэгч нь зээлийн хүүд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргахад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэх нөхцөл тогтоогдсон байхыг шаардана.
6.1. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ц.И*******ийн зүгээс нэхэмжлэгч П.М*******д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 184,150,000 төгрөгийг зээлүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.
Хариуцагч Ц.И******* нь нэхэмжлэгч П.М*******гийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10,900,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөгийг бусдын дансанд шилжүүлж зээлсэн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх 30,900,000 төгрөгийг П.М*******д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П.М******* нь хариуцагч Ц.И*******ээс уг зээлийн мөнгөн хөрөнгийг 1 өдрийн 10 хувийн хүүтэй зээлж, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 91,734,000 /275,884,000-184,150,000/ төгрөг төлснөөс дүгнэхэд уг зээлийн харилцааг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй гэж үзэхгүй.
Иймд хариуцагч Ц.И*******ийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй атлаа байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.3. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь заалтад заасан зохицуулалтууд нь хариуцагч буюу зээлдүүлэгч Ц.И*******ийн шаардах эрхэд хамааралтай зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч П.М*******гийн зээлийн хүүгийн төлбөрт хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрийг буцаан шаардах эрх олгосон заалт биш юм.
6.4. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хариуцагч Ц.И******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасан тул нэхэмжлэгч П.М*******гийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн 65,894,000 төгрөгөөр хариуцагч Ц.И*******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
6.5. Хариуцагч Ц.И******* нь Нэхэмжлэгч П.М*******д шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгө нь А.Аийн мөнгө. Би П.М*******гаас зээл, хүүгийн хамт төлсөн мөнгийг А.Ад буцаан шилжүүлдэг байсан. Би П.М*******, А.А нарыг зээлийн гэрээ байгуулахад зуучилсан. гэж тайлбарласан.
Гэвч П.М*******, А.А нарын зүгээс хариуцагч Ц.И*******тэй зээлийн гэрээнд зуучлах гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Ц.И*******ээс А.Аийн дансаар шилжүүлсэн мөнгөний аль хэсэг нь нэхэмжлэгч П.М*******гаас шилжүүлсэн мөнгө болохыг тодорхойлох боломжгүй байна.
7. Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч П.М******* нь хариуцагч Ц.И*******т зээлийн хүүд төлсөн төлбөрөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхгүй тул 65,894,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.И*******ээс 65,894,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ