| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0551/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч СБ нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Сант овогт СБд холбогдох 1711009780183 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, Улаанбаатар зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 11 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл байхгүй, хэрэг хариуцах чадвартай, Сант овогт СБ (РД:00000000000000),
нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ард”-ын автобусны буудал дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Батмөнхийн зүүн гарын дунд, ядам хуруунд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч СБ нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.,
Хохирогч Б.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Ард кино театрын автобусны буудал дээр автобуснаас буухдаа буух хаалга руу дөхөөд буух гэтэл ард байсан хүмүүс намайг шахсан юм. Тухайн үед автобусанд хүн ихтэй байсан юм тэгээд автобуснаас буусан. Би чихэвчээр хөгжим сонсоод явж байсан. Тэгээд автобуснаас буух үед одоо нэрийг нь СБ гэх хүн миний нуруу руу түлхчихсэн юм, эргээд харахад юм хэлэх шиг болсон. Би чихэвчтэй байсан учир хэлсэн зүйлийг нь сонсоогүй мөн хариулж чадаагүй цааш явчихсан юм. Ингээд явган хүний гарцаар гарах гээд зогсож байхад тэр ах араас мөрнөөс татсан юм тэгээд эргээд харахад миний нүүр рүү гараараа далайгаад цохих гэж оролдсон тэр үед би бултчихсан. Тэгээд чихэвчээ авсан чинь “туниа муутай юм байж яасан овоо бацаан бэ” гээд намайг заамдаад цохих гэж оролдсон тэгэхэд нь баруун гарыг нь зүүн гараараа бугуй хэсгээс нь барьж авахад миний гарын атгалтыг тавиулаад нүүрэнд гараараа цохьсон. Тэгээд миний атгалтыг гараараа тавиулах үедээ миний зүүн гарын ядам болон дунд хурууны хумсыг хугалчихсан юм. Тэгснээ намайг заамдаж чирээд буудал дээр авчирсан тэгэхээр нь би дахиад тавиулсан юм. Ийм байдал үүссэн тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Бид хоёрт маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй юм. Тэр ах миний зүүн гарын дунд болон ядам хурууны хумсыг хугалсан юм. Түүнээс миний хумс руу гараар болон ямар нэгэн зүйлээр цохьж хумс хугалаагүй юм. Миний нүдээр харахад эрүүл харагдаж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн зардал болон утасны билл авсан 1000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Би тухайн үед 102 руу дуудлага өгөх үед СБ нь миний гар утсыг аваад дуудлага тасалчихаад байсан учир билл авч байсан юм” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.07-ны өдрийн ¹12722 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.Б.Батмөнхийн биед зүүн гарын дунд, ядам хурууны хумс хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.2017.10.07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч СБ нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ард”-ын автобусны буудал дээр хохирогч Б.Батмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Б.Батмөнхийн заамдсан гарын атгалтыг тавиулах үед түүний зүүн гарын дунд, ядам хурууны хумс хугалж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батмөнхийн “Тэгээд миний атгалтыг гараараа тавиулах үедээ миний зүүн гарын ядам болон дунд хурууны хумсыг хугалчихсан юм” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.07-ны өдрийн ¹12722 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирлын мөнгө төлсөн баримт болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Сант овогт СБнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан 59.000 төгрөгийн хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч СБ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 175.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Сант овогт СБийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч СБд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч СБд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ