| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2024/0012/З |
| Дугаар | 120/ШШ2024/0022 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 120/ШШ2024/0022
2024 оны 10 сарын 21 өдөр Дугаар 120/ШШ2024/0022 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “******* ******* ******* *******” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.*******д холбогдох,
Гомдлын шаардлага: “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагчийн № дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “******* ******* ******* *******” ХХК-иас “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагчийн № дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.2. Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “дээрх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгон, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн дугаар авахаар, мөн энэ хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаалтанд даалгаж, тогтоолыг оролцогч нарт даруй танилцуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж”,
2.3. мөн прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “...хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхээр...” тус тус шийдвэрлэн, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3/100 дугаар албан бичгээр зөрчлийн дугаартай хэргийг хүргүүлжээ.
3. Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч Б.******* нь дээрх зөрчлийн дугаар хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар “******* ******* ******* *******” ХХК-ийг “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000,00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж” шийдвэрлэжээ.
4. Гомдол гаргагч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШЗ2024/0067 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэлээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
5. Гомдол гаргагч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани нь “******* *******” ХК-ийн ******* ордын зүүн уурхайд нүүрс ачилтын ажил гүйцэтгэх гэрээгээр ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн эзэмшлийн маркийн *******432 парк дугаартай 89-52 улсын дугаартай авто ачигч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа операторын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн 48-96 Э улсын дугаартай HOWO маркийн техникийг татаж унагаасан осол болсон.
- Манай компанийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан техник ашиглалтын шаардлага хангасан эсэх техникийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги хэвийн ажиллагаатай эсэхийг тусгай чиг үүргийн зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага гэрчилгээнд заасан хугацаанд хяналтын үзлэг хийж, шалгаж, тогтоодог. Үүний дагуу манай компанийн маркийн 89-52 улсын дугаартай нь техник 2023 оны 06 дугаар арын 14-ны өдөр үзлэг оношилгоонд орж тэнцсэн, хэвийн ажиллаж байгаа техник юм.
Гэтэл улсын байцаагч Б.******* нь манай компанийн техник дээр очиж үзлэг, шалгалт хийгээгүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулалгүй, тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байхад гарсан эвдрэл гэмтлийг бүрэн бус техник ажилд гаргасан гэж дүгнэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчлийн шинж нь ажил олгогчийн зүгээс техникийн үзлэг, шалгалт оношилгоонд орж тэнцээгүй, эвдэрсэн эд ангийн засвар үйлчилгээг цаг тухайд хийгээгүй болохыг мэдсээр байж ажилд гаргасан үйлдлийг хэлдэг, ийм тохиолдол гаргаж байгаагүй.
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн эзэмшлийн маркийн *******432 парк дугаартай 89-52 улсын дугаартай техник шанага гацсан дуудлагыг засварын хэлтэст өгсний дагуу манай компанийн механикч Ч.- очиж үзлэг шалгалт хийхэд тус техникийн шанаганы position sensor-н цахилгааны утас тасарсан байсныг засаж холбон засварлаад тестэлж шалгаад операторт хүлээлгэн өгч ажилд гаргасан. Тус техникийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж хэвийн ажиллагаатай болгож ажилд гаргасан болох нь засвар үйлчилгээний дуудлагын бүртгэл, засвар үйлчилгээний тайлан болон засвар хийсэн механикийн мэдэгдэх хуудсаар тус тус нотлогддог.
Өмнөговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагч Б.******* нь зөрчил үйлдэгдсэн хугацаа болох 2023 оны 12 сарын 28-ны өдөр манай компанийн маркийн *******432 парк дугаартай 89-52 улсын дугаартай техникийг техникийн үзлэг шалгалт оношилгоонд орж тэнцсэн, ямар эд ангийн эвдрэлийн байсан эсэхийг шалгаж тогтоолгүй, эрхий бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гаргуулалгүйгээр тухайн техник ажил үүргээ гүйцэтгэж байх үед үүссэн засварын дуудлагыг шууд эх сурвалж болгон үндэслэж өөрийн үзэмжээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан хэмээн манай компанид торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.
Тус шийтгэлийн хуудас хүчинтэй байснаар манай компани үйлдээгүй зөрчлийн асуудлаар үндэслэлгүй торгууль төлөх, цаашлаад тус ослын хувьд бүрэн бус техник ажилд гаргасан гэм буруутайд тооцогдож, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мөн гуравдагч этгээдэд учирсан хохирол төлбөрийг төлөх мөнгөн төлбөрийн үүрэг хууль бусаар үүсэж компаний эрх ашиг сонирхол ихээхэн хөндөгдөж байна.
- Маргаан бүхий актын хуульд заасан шаардлагыг хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр... тусгана” гэж заасан. Гэтэл Улсын байцаагчийн гаргасан № дугаартай шийтгэлийн хуудсанд зөрчлийн шалган шийдвэрлэсэн он, сар, өдрийг дурдаагүй нь тус шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг илтгэж байна.
Иймд Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагч Б.*******гийн № дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
5.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компанийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчлийг гаргаагүй буюу бүрэн бус техник ажилд гаргаагүй гэж үзэж байгаа. Үндэслэл тайлбар нь техникийн бүрэн бус байдал гэдэг нь техникийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги хэвийн ажиллагаатай шууд ашиглах боломжтой байхыг ойлгоно гэж байгаа. Манай 89-52 улсын дугаартай техникийг яагаад бүрэн бус техник гэж үнэлсэн нь шийтгэлийн хуудсан дээр тодорхойгүй байдаг. Учир нь тухайн гомдол мэдээлэлтэй холбоотойгоор манай компанийн оператор, гомдол гаргагч талын мэдүүлэг, тэгээд манай компанийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлан мэдүүлэг болон уулын мастер 5 хүний мэдүүлгээр тухайн техникийн шанага гацсан гэдэг нөхцөл байдлаас үндэслээд бүрэн бус техник ажилд гаргасан гэж үзээд манай компанид торгуулийн арга хэмжээ авсан.
Тус техник нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр техникийн үзлэгт хамрагдаад, үзлэг шалгалтад тэнцээд, “******* *******” ХК-ийн уурхайд ажиллаж байсан. Тухайн шанага гацсан гэх дуудлага манай компанийн засварын хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирсэн байдаг. Дуудлагыг засварын хэлтэст өгсний дагуу манай компанийн механик - очиж үзлэг шалгалт хийхэд тус техникийн шанаганы цахилгааны утас тасарсан байсныг засаж холбон засварлаад шалгаад операторт хүлээлгэн өгч ажилд гаргасан. Өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгэж байх явцад үүссэн эвдрэл гэмтлийг засварын хэлтсээс засварлаад ажилд гаргасан үйл баримт байна. Энэ нь манай компанийн засварын тайлан, тухайн үзлэг шалгалт хийсэн механикч -гийн тайлбар болон ослын судалгааны тайлангаар нотлогдож байна.
Гэтэл Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тухайн техникт ямар нэгэн үзлэг шалгалт хийлгээгүй байж тухайн техникийг бүрэн бус техник байна гэж холбогдох баримтыг үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан нь манай компанийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Манай компанийн техник хэвийн ажиллагаатай байсан. Юугаар нотлогдож байна вэ гэхээр үзлэгт орсон үзлэгийн оношилгооны дүгнэлтээр нотлогдож байна. Энэ дүгнэлт нь нийтэд нээлттэй мэдээлэл www.portal.smartcar.mn шалгахад 2023 оны 06 дугаар сард техникийн үзлэг шалгалтад ороод тэнцсэн техник байсан юм гэдэг нь нотлогдож байгаа. Тиймээс манай компанийн техникийг бүрэн бус техник гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т эрх бүхий албан тушаалтны шийдвэр оногдуулах шийдвэртэй зөрчлийг шалган шийдвэрлэсэн он сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр зэргийг шийтгэлийн хуудсанд заана гэж хуульд тодорхой заасан. Гэтэл манай компанид ямар нэгэн он сар, өдрийг огт дурдаагүй шийтгэлийн хуудас ирсэн. Энэ нөхцөл байдлаас харахад тус шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль бус болохыг илтгэж байгаа юм.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан буюу харьяаллыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу эрх олгосон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагч гүйцэтгэнэ гэж зааж өгсөн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.53-т хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.15, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг харьяалан шийдвэрлэх гээд заасан байгаа
Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Н. нь манай компанид хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Манай компанид холбогдох гомдол мэдээллийг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын мэргэжлийн байцаагч харьяаллын дагуу хяналт шалгалт хийж, зөрчлийг тогтоолгүй, чиг үүргийн хувьд эрх бүхий албан тушаалтан биш, хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Н.ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан дүгнэлтийг үндэслэж Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.******* торгууль тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдал зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.53-т зааснаар хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж зөрчлийг шалгах чиг үүрэгтэй. Гэтэл манай зөрчилд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шалгалт явуулаагүй мэргэжлийн бус этгээд хяналт шалгалт явуулж, улмаар тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалын 14 дүгээр хавсралтаар Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан.
Энэ хавсралтаар хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагчийн орон тоо 2 гэж зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчлийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагч харьяалан шийдүүлэх боломжтой байсан. Энэ нөхцөл орон тоо нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох тушаалын хавсралтаар батлагдаад тухайн орон тоо байсаар байхад мэргэжлийн чиг үүргийн эрх бүхий этгээд биш, хөдөлмөрийн Улсын байцаагч хянан шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн харьяаллыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс тус шийтгэлийн хуудас хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангахгүй гэж үзэж байна.
Гуравдугаарт, манайд холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шийтгэлийн хуудас оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зөрчил үйлдсэн нь нотлогдсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг. Гэтэл манай компани тус шийтгэлийн хуудсанд заасан зөрчлийн шийтгэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой биш байхад шийтгэл оногдуулсан.
Хэдийгээр шийтгэлийн хуудсанд манай компанийн ажилтан Т.ын гарын үсэг байгаа ч гэсэн Т.д манай компанийг төлөөлж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгоогүй байдаг. Т.д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл нь Өмнөговь аймгийн сумын цагдаагийн хэлтэст шалгагдаж буй гомдолтой холбоотой олгосон итгэмжлэл. Гэтэл энэхүү итгэмжлэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас шийтгэлийн хуудсанд Т.ын гарын үсгийг зуруулаад зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байдлаар манай компанид мэдэгдэлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй. Бид шийтгэлийн хуудас ирсний дараа мэдсэн. Т.д Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт байх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох итгэмжлэлийг огт олгоогүй. Зүй нь манайд мэдэгдсэн бол бид холбогдох баримт, тайлбар өгөх байсан.
Иймд Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагч Б.*******гийн № дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын байцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2024 оны 02 дугаар 13-ний өдөр гомдол “ *******” ХХК-иас гаргаж, Цагдаагийн ахлах дэслэгч Х. зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч, гэрч нараас мэдүүлэг авч, нотлох баримтуудыг аваад 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” Эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдсэн.
Түүнийг Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын 2024 оны 01 “татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол гарсан бөгөөд гомдол гаргасан аж ахуйн нэгжийн өмгөөлөгчөөс гаргасан “зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэх” хүсэлтийн дагуу Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоол гарч манай газарт шилжүүлсэн.
Манайхаас зөрчлийн хэргийг шалгаад “******* ******* ******* *******” ХХК-ний ажилтан Э. болон хууль ёсны төлөөлөгч Э. нарын мэдүүлгээр бүрэн бус техникийг ажилд гаргаж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж ажиллаагүйгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйл зөрчигдөн осол гарсан болох нь илтэд тодорхой дахин мэдүүлэг авах шаардлагагүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.15.1.2 дахь заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан...” гэжээ.
6.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэлийн хуудсыг оногдуулсан гол үндэслэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд машин механизмын техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг “******* эй ******* *******” ХХК хангаж ажиллаагүй гэж үзсэн. Ямар нотлох баримтаар тухайн үндэслэлийг гаргасан бэ гэхээр энэ зөрчлийн хэргийн материал нь цагдаагийн байгууллагаас манайх руу харьяаллын дагуу шилжиж ирсэн. Цагдаагийн байгууллагаас шилжиж ирэхдээ гэрч, уулын мастер, оператор, итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд авбал зохих бүх холбогдогчоос мэдүүлгийг авсан байсан. Мөн нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Нотлох баримтуудад техникийн үзлэгийн хуудас, засвар үйлчилгээний хэлтсийн холбогдох газрынх нь тайлан гэх мэт бичиг баримтууд дээр нотлох үйл ажиллагааг би хийж ажилласан.
Ерөнхийдөө техникийн шанага гацсан гэдэг үйл баримт нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болж, техникийн үзлэг хийгдсэн байдаг. Оператор өөрөө техникийн үзлэгээ хийсэн. Ерөнхий үзлэгийн дүнгээрээ шанага удаа дараа дутуу ордог, мултардаг, тоормос муу барьдаг гэх зэргээр үзлэгийн хуудсанд тэмдэглэл хийгдсэн байсан. Энэ нь тухайн техник бүрэн бүтэн байдлаа хангаж чадаагүй байна гэсэн үндэслэлийг нотолсон. Иймд манайхаас Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ оногдуулсан. Техникийн улсын үзлэгт оруулсан техник тэр жилдээ огт эвдрэхгүй бүрэн бүтэн байна гэсэн баталгаажуулсан бичиг баримт биш, тухайн хугацаандаа техникт өдөр тутмын үзлэг хийж байх ёстой.
Төлөвлөгөөт засвар үйлчилгээнүүдийг хийж байх ёстой байдаг. Тэр оператор, гэрчийн мэдүүлэгт техникийн үзлэгийн талаар гарсан зөрчлүүдийг мэдэгддэг боловч олигтой үр дүнтэй засдаггүй талаар дурдсан байдаг. Иймд тухайн аж ахуйн нэгжийн засвар үйлчилгээ дутмаг хийгдэх тодорхой хяналт сул байсан гэх үндэслэлийг гаргаж өгч байгаа. Техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас “******* эй ******* *******” ХХК-ийн эзэмшлийн 89-52 улсын дугаартай авто ачигч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 48-96 Э улсын дугаартай HOWO маркийн техникийг татаж унагаасан осол гаргаж, хохирол учруулсан нь илт тодорхой тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, шийтгэлийн хуудсанд он сар, өдөр бичээгүй асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудсанд газрын даргын гарын үсэг зурагдсан. Тухайн үед газрын дарга гарын үсэг зурахдаа он сар өдрөө бичээгүй асуудал гарсан байсан. Бид яаж мэдсэн бэ гэхээр прокурорын шалгалт хийгдсэн. Бүх зөрчлийн материалууд дээр шалгалт хийгээд үзэхэд он сар бичигдээгүй асуудал гарсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Гуравдугаарт, харьяалал зөрчсөн асуудал яригдсан. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт нь аймгийн хэмжээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжсэн. Анх ирэхдээ хөдөлмөрийн эрүүл ахуйн хоёр Улсын байцаагч ирсэн. Нэг байцаагч нь жирэмсний амралттай, нөгөө байцаагч нь шилжин ажилласан. Хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчийн сул орон тоо зарлагдсан боловч яам дээрээ албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй учраас энэ орон тоог нөхөх боломжгүй яваад байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагчгүй ажиллаж байгаа.
Үүний улмаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой заалтуудыг хөдөлмөрийн эрүүл ахуйн Улсын байцаагчийн харьяалалд хамааруулаад үзсэн. Эдгээр хүндрэл бэрхшээл гарсан учраас энэ материал Цагдаагийн байгууллагаас шилжиж ирээд манайд хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагч байхгүй гэсэн шалтгаанаар тодорхой хугацаанд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн, ерөнхий газраас “харьяаллын дагуу тухайн орон нутагт үйлдэгдсэн зөрчил учраас тухайн орон нутагтаа шийд” гэсэн чиглэл ирсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.1.17-т эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхүүдийг зааж өгсөн. Шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлж болно гэсэн байгаа. Энэ чиглэлийн дагуу газрын дарга Б.******* шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж гаргасан.
Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч талаас хэлж байна. Энэ зөрчлийн материал нь цагдаагийн байгууллага дээр шалгагдаж, зөрчлийн хэрэг нээгдээд ирсэн. Үргэлжлээд явж байсан зөрчлийн хэрэг байгаа. Зөрчлийн хэрэг нээгээд тодорхой хугацаанд сунгагдаад хугацаа нь дуусах шатанд манайхаар шийдвэрлэгдсэн. Тухайн компанийн удирдлагуудтай менежерүүдтэй холбогдож ажиллаад манайхаас итгэмжилсэн төлөөлөгчөө томилъё, явуулъя гэж яриад Т. гэдэг хүнийг ирүүлсэн. Т.ыг ирүүлэхдээ итгэмжилсэн төлөөлөгч томилсон тухай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэсэн огноотой бичиг ирүүлсэн. Энэ өдөр шийтгэлийн хуудас гаргасан. Манайд итгэмжилсэн төлөөлөгч өөрөө ирсэн болохоор хаана хаягласан байсныг нь анзаараагүй, итгэмжлэл цагдаагийн хэлтэст гэж хаяглагдсан асуудлыг шүүхийн шатанд мэдсэн. Энэ асуудалд хайхрамжгүй алдаа гаргасан байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хариуцагч нь дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар[1] “******* ******* ******* *******” ХХК-ийг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Өмнөговь аймгийн сумын нутагт байрших “******* тавантолгой” ХХК-ийн *******н ордын зүүн уурхайн талбайд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “******* ******* ******* *******” ХХК-ийн 89-52 улсын дугаартай САТ-988 *******-******* парк дугаартай тээврийн хэрэгсэл /авто ачигч/ нь нүүрс ачилтын ажил гүйцэтгэж байхдаа нүүрс ачуулж байсан “ *******” ХХК-ийн 48-96Э улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг татан унагаасан, сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х. “ *******” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн авч шалгаад “зөрчлийн шинжгүй” гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан, энэ татгалзсан шийдвэрийг сум дундын Прокурорын газраас хянаад хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаалтанд даалгасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.[2]
4. Дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд гомдол гаргагчийн зүгээс Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоол /...татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, ажиллагаа явуулахыг даалгасан.../-ыг эс зөвшөөрөн эрх бүхий этгээдэд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан талаар баримт хэрэгт болон зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
5. Харин гомдол гаргагч талаас “…Манай компанийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаагүй, манайд мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, тухайн техник дээр очиж үзлэг, шалгалт хийгээгүй, тухайн техникийн эд ангийн эвдрэлийн улмаас уу, жолоочийн хариуцлагын улмаас осол болсон эсэх талаар бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, эрхий бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гаргуулалгүйгээр чиг үүргийн хувьд өөр хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.******* огноогүй шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь хууль бус, манай компанийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн...” гэх,
6. Хариуцагч талаас “...Цагдаагийн хэлтсээс гомдол, мэдээлэл хүлээн авч шалгах явцад зөрчлийн дугаар хэрэгт цугларсан баримтууд, зөрчлийн холбогдогч Э. болон хууль ёсны төлөөлөгч Э. нарын мэдүүлгээр бүрэн бус техникийг ажилд гаргаж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж ажиллаагүйгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйл зөрчигдөн осол гарсан болох нь илтэд тодорхой дахин мэдүүлэг авах шаардлагагүй байсан тул хуульд заасны дагуу торгох шийтгэл ногдуулсан, одоогоор тус байгууллагад хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч байхгүй учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.17-т заасны дагуу газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.******* шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж гаргасан, хууль зөрчөөгүй…” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
7. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.12-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, мөн зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гээд мөн хэсгийн 6.53-т “хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн …15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” гэж тус тус заажээ.
8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[3] үзвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/49 дүгээр тушаалаар “хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын нэгжийн удирдлагад буюу Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.*******д улсын ахлах байцаагчийн эрх, албан болон хувийн 07/27-01/184 дугаарыг олгосон”, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны А/45 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хууль журмын дагуу хэрэгжүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэх” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан, мөн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/15 дугаар “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын 14 дүгээр хавсралтад Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагч/-2 орон тоотой ажиллахаар батлагдсан байх боловч уг орон тоонд буюу 2024 оны 01 сараас хойш хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчгүй ажиллаж байгаа болох нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 518 дугаар албан бичиг,[4] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…хуулийн өөрчлөлтөөр Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан улсын байцаагч нар гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагуудад таран ажиллах болсон, тус байгууллагад тухайн үед 2 хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажиллахаар ирсэн боловч 1 нь өөр байгууллага руу шилжсэн, нөгөө нь амаржсаны амралттай хугацаа нь дуусаагүй байгаа учраас энэ орон тоон дээр ажиллах хүнгүй байгаа, мөн ажлын байрны тодорхойлолт нь батлагдаагүй гэдэг шалтгаанаар хүн томилон ажиллуулах боломжгүй байгаа…” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
9. Тухайн тохиолдолд /зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байгаагүй/ Прокурорын тогтоолоор зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлснийг хариуцагч хүлээн авч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан эрхийнхээ хүрээнд үргэлжлүүлэн шалгаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хэсгийн 1.7-д “шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Иймд гомдол гаргагчийн “чиг үүргийн хувьд өөр, хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.******* шийдвэр гаргасан нь хууль бус“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
10. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шалгагдаж буй зөрчлийн хэрэгт манай компанийг төлөөлж оролцох эрхийг Т.д олгоогүй байхад түүнийг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэдэг байдлаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргах боловч “******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэ-Очир 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/38 дугаар албан бичгээр Э.т, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6/155 дугаар албан бичгээр Т.д тус бүрт “тус компанийг төлөөлөн хуульд заасан эрх, үүргийг бүхэлд нь хэрэгжүүлэх, тайлбар, хүсэлт, гомдол гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бүх ажиллагаанд компанийг бүрэн төлөөлөх эрхийг” 1 жилийн хугацаатай олгож, уг албан бичгүүд /Итгэмжлэл олгох тухай/-ийг Өмнөговь аймгийн сумын Цагдаагийн хэлтэст хаяглан, хүргүүлсэн байна.
Мөн Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “******* ******* ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.ыг тогтоон, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбар мэдүүлэг авсан, Т. маргаан бүхий шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, гардан авсан нь хэрэгт цугларсан баримтуудаар[5] тогтоогдохын зэрэгцээ нэгэнт харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн хэрэгт дахин холбогдогчийг болон хууль ёсны төлөөлөгчийг тогтоох эсэх нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах асуудал тул хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 11-д “Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
11. Хэрэгт авагдсан баримт[6] болох хариуцагчаас ирүүлсэн Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 359 дугаар албан бичиг /...ерөнхий газраас манайд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжиж ирсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр явуулсан, энэ өдөр нэхэмжлэгч компанид дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж, Т.аар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн.../-т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...тухайн компанийн удирдлагуудтай менежерүүдтэй холбогдож ажиллаад манайхаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилъё, явуулъя гэж яриад Т. гэдэг хүнийг ирүүлсэн, итгэмжлэл нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэсэн огноотой бичиг ирүүлсэн. Энэ өдөр шийтгэлийн хуудас гаргасан. Тухайн үед газрын дарга гарын үсэг зурахдаа он сар өдрөө бичээгүй асуудал гарсан байсныг прокуророос хийгдсэн шалгалтаар мэдэж нарийн бичгээс огноог нь хугацаа дуусах сүүлийн өдрөөр 4 сарын 27-ны өдрөөр тавьсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна, зөрчлийн хэргийн харьяаллаас үүдэн байгууллага хооронд шилжүүлснээс болж хугацаа алдсан” гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн осол гаргасан зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр, “Шийтгэлийн хуудас”-нд огноо бичээгүй, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталгаажуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
12. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т ”Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 3-т “Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно”, 4-т “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж тус тус заасан.
13. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас[7] үзэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3/100 дугаар албан бичгээр мөн өдөр зөрчлийн дугаартай хэрэг нээж, харьяаллын дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр хүргүүлснийг Өмнөговь аймгийн Прокурорын газар мөн оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шилжүүлсэн, улмаар хариуцагч эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг ...сунгуулах тухай” саналыг үндэслэн тус аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Зөрчлийн дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан байна.
14. Гэвч, дээрх хуулийн зохицуулалт болон сунгасан хугацаагаар уг зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлт явуулах боломжит хугацаа нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байхад үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудас гаргасан нь дээрх хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана” гээд 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж заасантай нийцээгүй байна.
15. Тодруулбал, нэгэнт зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад хариуцагч хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх, шийтгэлийн хуудсаар “******* ******* ******* *******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй тул маргаан бүхий “Шийтгэлийн хуудас”-ыг хуульд нийцсэн, хууль ёсны үндэслэл бүхий акт гэж үзэх үндэслэлгүй юм.
16. Иймд дээрх үндэслэлээр “******* ******* ******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан “******* ******* ******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн № дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 12 дахь талд
[2] Хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн дугаартай хэргийн 88-98 дахь талд
[3] Хавтаст хэргийн 59, 97-99, 107-117 дахь талд
[4] Хавтаст хэргийн 259 дэх талд
[5] Хавтаст хэргийн 103-104, Зөрчлийн хэргийн 20-24 дүгээр талд
[6] Хавтаст хэргийн 48 дугаар талд
[7] Хавтаст хэргийн 68, Зөрчлийн хэргийн 98 /бүртгэсэн дугаар 310, огноо 2024.03.06 гэж тэмдэглэгдсэн/, 102-103 дугаар талд