Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00077

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02725 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Д-ын хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан “МД” ХХК-ийн даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч П.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д- нь “МД” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тогтоол болон компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/19-208 дугаартай тушаалаар тус компанийн даатгал хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Д.Д- нь үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж, үзүүлэлт өндөртэй ажиллаж байсан гэж үзэж байна. Учир нь 2019 оны “МД” ХХК-ийн жилийн эцсийн тайлангаар 400 000 000 гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн. Байгууллагын удирдлагын зүгээс 2020 оны 3 дугаар сараас Д.Д-ыг ажлын байранд ирэх шаардлагагүй хэмээн яриа хөөрөө гаргаж улмаар ажлаар хангахаа больсон.

Д.Д- нь дээрх нөхцөл байдлыг хэсэг харзнасан боловч юу ч өөрчлөгдөхгүй байсан болохоор шинээр томилогдсон “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.О-д хандаж хөдөлмөрийн нөхцөл байдал, ажлын байрны тухай ярихад тэрээр Д.Д-т тоймтой хариу өгөөгүй юм. Д.Д- нь ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрээ гаргаач гэж удаа дараа хандсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчид цалин хөлс бодоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй. Д.Д-ын санхүүгийн зохицуулах хорооны вэб сайтаас уг хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 486 дугаар тогтоолоор 2019 оны 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж Д.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухай зүйлийг олж үзлээ. 2019 оны 94 дүгээр тогтоол нь зохицуулалттай байгууллагын удирдлагад ажиллаж болох эсэхийг тодорхойлсон шийдвэр юм. Энэ тогтоолын агуулгаас харахад “МД” ХХК Д.Д-ыг ямар нэгэн байдлаар, өөрт нь мэдэгдэхгүйгээр ажлаас халсан байна. Д.Д- нь “МД” ХХК-д ажлаас халсан шийдвэрээ өгөх талаар хандсан боловч түүнд хариу өгөхгүй, мөн ажлын байранд нэвтрүүлэхгүй байна. Иймд хариуцагч “МД” ХХК нь Д.Д-ыг үндэслэлгүйгээр “МД” ХХК-ийн дэд захирлын албан тушаалаас халсан байх тул Д.Д-ыг “МД” ХХК-ийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг энэ өдрийг хүртэл тооцон 35 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д- нь “МД” ХХК-ийн дэд захирлын албан тушаалд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Түвшин буюу манай компанийн эцсийн хувьцаа эзэмшигч болон “ТА” ХХКнарын хооронд байгуулагдсан менежментийн хэлцлийн үндсэн дээр томилогдсон. Энэ харилцаа 2017 оны намраас эхлээд 2018 онд үүссэн. “ТА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М, Д.Д-, н.Н нар нь н.Т хувьцаа эзэмшигчтэй уулзаж компанийн менежментийг цааш сайжруулан авч явах талаар хэлцэл хийсэн. Уг хэлцлийн дагуу компанийн удирдлагыг шилжүүлэн авах, компанийн 21 хүртэлх хувийг эзэмших байдлаар менежментийг үргэлжлүүлэн явна гэх хэлцэл хийгдсэн. Уг хэлцлийг хэргийн материалд хавсаргаж өгсөн. “ТА” ХХК“МД” ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй харилцаа үүсч, “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “ТА” ХХКорж ирсэн. “ТА” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн хүсэлтээр менежментийн гэрээний төлбөрийг ажилтны хувийн данс руу цалин оруулах байдлаар тохиролцож, гүйцэтгэх захирал болон дэд захирлын албан тушаалд томилж, үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байсан. “ТА” ХХКбуюу менежментийн компани нь менежментийн хэлцэл хийсэн үр дүндээ хүрч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад 400 000 000 төгрөгийг ашигтай ажилласан гэх боловч энэ нь аудит болон компанийн ашигтай ажиллагааны тайлан зэргээр худлаа гаргасан гэдэг нь тогтоогдсон. Мөн манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс “ТАХХК-тай харилцаагаа дуусгавар болгох талаар ямар нэгэн санал санаачлагыг гаргаагүй байхад “ТА” ХХКнь өөрсдөө харилцаанаас татгалзаж, компанийн удирдлагыг буцаан шилжүүлэн авах хүсэлтийг тавьсан. Д.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс тус компанид ажил үүргээ гүйцэтгэхээр нэг ч ирээгүй 7 сар явсан. Д.Д- нь миний тушаалыг ямар ч хамаагүй байдлаар гаргачих гэж хэлдэг байсан. Д.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.О- гэх хүнтэй ажил үүргээ хүлээлцэж, өрөөгөө суллаж өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд 2020 оны 3 дугаар сард гүйцэтгэх захирал М.О-той уулзаж 3 дугаар сарын нийгмийн даатгалыг таслахгүй бодож өгнө үү гэх хүсэлтийг тавьж, гүйцэтгэх захирал М.О- хүсэлтийг хүлээн авч 2020 оны 3 дугаар сард амралтын мөнгийг нь бодож тооцоог дуусгасан бөгөөд дээрх баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Д.Д- нь өөрөө ажилдаа ирэхгүй байсан атлаа 2020 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. “ТА” ХХКхувьцаагаа буцаж худалдан авч 1.1 тэрбум төгрөгийн шаардлагыг хувьцаа эзэмшигч н.Түвшинд тавьж, уг хэлцэл дээр тодорхой шийдвэрийг аль аль талаас тохиролцож чадахгүй байсан учраас давхар уг асуудлыг хөндөж оруулан ирсэн. Д.Д-ын тушаал гарснаар ажил үүргийн харилцаа дуусгавар болоогүй, үүнээс үүдэж ямар нэгэн үр дагавар бий болоогүй. Харин Д.Д- нь тушаал гарахаас өмнө үүрэг гүйцэтгэхээ больж ажилдаа ирээгүй. Д.Д-ын ямар ч хамаагүй тушаал гаргачих гэсэн хүсэлтийг нь үндэслээд тушаал гаргасан. Дээрх нөхцөл байдлаар харахад талуудын хоорондын харилцаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болгосон нь харагдаж байна. Гэхдээ компанийн удирдлагын зүгээс дуусгавар болгоогүй, “ТА” ХХКөөрсдөө санал гаргасан. Тушаалд дурдагдсан бүтэц орон тоо батлах тухай тогтоол гарснаар Д.Д- халагдаагүй, “ТА” ХХКманай компанийн үйл ажиллагааг цаашид авч явах менежмент хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж энэ тухайгаа мэдэгдсэн учраас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлөөс уг компанийн удирдлагыг буцаан авах шийдвэр гаргаж, Д.Д- гэх хүн ажиллахгүй юм бол Д.Д- гэх хүнд зориулсан албан тушаалыг нь байхгүй болгосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл бид нар цаашдаа компаниа ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй авч явах юм гэдэг байдлаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Гэхдээ тушаалыг үндэслэж Д.Д- ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ыг “МД” ХХК-ийн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53 372 061 төгрөгийг “МД” ХХК-аас гаргуулан Д.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 877 939 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Д.Д-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МД” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МД” ХХК-аас 424 810 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.О- давж заалдах гомдолдоо:

... Компанийн ТУЗ-ийн тогтоолын дагуу нэхэмжлэгч Д.Д-ын ажиллаж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдсан тул гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М- 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, Д.Д-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэг ажлаас нь чөлөөлж, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Үйл баримтыг нотлох зорилгоор хариуцагчийн зүгээс “Менежментийн хэлцэл”, ТУЗ-ийн 2020 оны 05 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирал Б.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тухай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй тайлан, “МД” ХХК-ийн депозит дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд хүргүүлсэн боловч анхан шатны шүүх “... орон тоо хассан үйл баримт баримтаар тогтоогдоогүй” гэсэн хууль бус дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны улмаас дээр дурдсан “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг Д.Д-т танилцуулж, түүний ажлыг хүлээлцсэн баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй болсон. Гүйцэтгэх захирал Б.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Д.Д-ын ажлыг хүлээлцүүлэхээр дотоод хяналт хариуцсан захирал О.Н-гаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон. Дотоод хяналт хариуцсан захирал О.Н-гаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Д-т гүйцэтгэх захирал Б.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг хувийг албан ёсоор гардуулж, түүний ажлыг хүлээж авсан байсан. Бид энэ тухай баримтаа өөрсдийн сонгож авсан өмгөөлөгч П.Е-аар дамжуулан шүүхэд гаргаж өгөхөөр бэлдсэн байсан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч П.Е-ны шүүх хуралдаан хойшлуулах тухай үндэслэл бүхий хүсэлтийг хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны улмаас хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрх ноцтой зөрчигдөж, шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх нөхцөл, боломж хууль бусаар хязгаарлагдсан. Нэхэмжлэгч Д.Д- ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш бүхэл бүтэн 6 сар 15 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдол гаргасан эсэхийг тодорхой болгохгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Д- ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шүүх хариуцагч “МД” ХХК-аас 53 372 061 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах эрхтэй” гэж заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хэргийн оролцогчоос гаргасан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн учир дутагдалтай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн даргалагч шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасныг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллагын Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/20-252 дугаар тушаалаар дэд захирал ажилтай Д.Д-ыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1, “МД” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот “Компанийн 2020 оны бүтэц, орон тоог батлах” тухай тогтоолыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлжээ. /хх35/

 

            Ажил олгогч нь Д.Д-ыг ажлаас халсан үндэслэлээ “...хувийн байдлаасаа болж ажлаа хаяж явсан, өөрийнх нь хүсэлтийн дагуу тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг, мөн нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаалыг түүнд гардуулж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдааны шатанд ийм баримт байхгүй гэж тайлбарлажээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын байр буюу дэд захирлын албан тушаал цомтгогдсон гэх боловч тушаалд дурдсан “МД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хэрэгт баримтаар авагдаагүй байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” үндэслэл бүрдсэн талаар болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдсэн нь тогтоогдохгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй тул ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль бус, уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг нь сэргээж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв болно.

 

            Талууд Д.Д-ын сарын цалинг 7 500 000 төгрөг болох тухайд маргаагүй тул шүүх уг дүнгээс 1 өдрийн дундаж цалингийн хэмжээг гаргаж, 348 837 төгрөгийг ажилгүй байсан 153 хоногоор тооцож нийт 53 372 061 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсэг 9 877 939 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны олговрыг 35 000 000 төгрөг гэж тодорхойлсноо шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад буюу 8 сар 13 хоногийн цалинтай тэнцэх олговор гэж 63 250 000 төгрөгөөр тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацааны олговор олгох заалтын хүрээнд гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад хариуцагчид гардуулж, тайлбар гаргуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч талын шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангасан, эрхийг нь хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд үзлэг хийх ажиллагаанд оролцох шалтгаанаар товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэнийг хангалгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн шүүгчийн 181/ШЗ2020/14303 дугаар захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүх хуралдаан даргалагч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах эсэхийг шүүх хуралдааны оролцогчдоос асуухад хариуцагч тал татгалзал байхгүй гэжээ.

 

Иймд хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор “хүсэлт хангаагүй” гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ