| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00603/И |
| Дугаар | 136/ШШ2024/00535 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2024/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, * сум, * баг, * гудамж * дугаар байр * тоотод оршин суух, И овогт С-ийн Г,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Ардын армийн 135 дугаар ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 14 жилийн хугацаанд сантехникийн слесариар ажиллаж байсан. 1994 оны 10 дугаар сард ажлаас халагдсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа юм. Иймд улсад ажилласан жил тогтоох боломжгүй байна. Иймд миний ажиллаж байсан 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан хугацаанаас бусад хугацааг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар ажилласан жилийн архивын лавлагааны хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/22 дугаар ажилласан жилийн лавлагааны хуулбар, * дугаар цэргийн батлахын хуулбар, гэрч Г.Н-ын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, * дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч И.П-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, * дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр Г.Н, И.П нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч С.Г нь Ардын армийн 135 дугаар ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл слесариар, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь түүний тайлбарт дурдсан тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч С.Г нь Ардын армийн 135 дугаар ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл слесариар, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан болох нь түүний
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7306 дугаар ажилласан жилийн архивын лавлагаанд Санжийн Гантөмөр Ардын армийн * дугаар ангийн захирагчийн 1980.07.03-ны * дүгээр тушаалаар сантехникийн слесариар /энгийнээр/ 1980.07.01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн ангийн 1981.06.29-ний 88 дугаар тушаалаар цэргийн албанд татагдах болсон учир 1981.06.25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. Мөн ангийн захирагчийн 1984.07.05-ны өдрийн 156 дугаар тушаалаар засварчинаар /энгийнээр/ 1984.07.02-ны өдрөөс томилогдсон. Ажлаас чөлөөлөгдсөн тухайд 1995, 1996 оны баримтыг шүүж үзэхэд нэр нь гарахгүй байна. Жич: 1994 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд 1994 оны 10 сарыг дуустал цалинжсан баримт байна гэж,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/22 дугаар ажилласан жилийн лавлагаанд Санжийн Гантөмөр Зэвсэгт хүчний 126 дугаар ангийн захирагчийн 1994.10.05-ны өдрийн * дугаар тушаалаар гал унтраах ангид гал сөнөөгчөөр /энгийнээр/ 1994.10.05-ны өдрөөр томилогдсон гэж,
-Цэргийн батлахад 1981-1984 оны хооронд цэргийн алба хаасан талаар тэмдэглэжээ.
С.Г нь 1980 оноос 1994 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлаа цэргийн алба хаасан хугацаанаас бусад хугацааг тогтоож шийдвэрлэлээ.
7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул С.Гантөмөрийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар И овогт С-ийн Г-ийг Ардын армийн 135 дугаар ангид 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл слесариар, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ