Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2024/00539

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * дүүрэг, * хороо, * хороолол, * гудамж, * байр * тоотод оршин суух, Б овогт А-ийн М,

Нэхэмжлэгч: Америкийн Нэгдсэн Улсын * хаягт оршин суух М овогт Б-ийн Т,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, *баг, * дүгээр байр, * тоотод оршин суух Ж овогт Д-ийн Э,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * баг, * байр, * тоотод оршин суух Д овогт Д-ийн С,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,100,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М,

Хариуцагч: Д.Эр,

Хариуцагч: Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.М, Б.Т нар нь Д.Э, Д.С нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.М би Б.Т-ыг төлөөлж түүний өмчлөлийн *р дүүргийн * хороо, * хороолол, * гудамж, * дугаар байрны * тоот 47,93 м2 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 47 дугаар байрын зоорийн даврхын 1 тоот 18 м2 авто зогсоолыг 55,000,000 төгрөгөөр худалдахаар Д.Э болон түүний эхнэр Д.С нартай тохиролцсон юм. Д.Сансардуламтай 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр гэрчилгээг Д.С-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Марааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон тул 5 дугаар сарын эхнээс утсаар ярьж мессэж бичээд мөнгөө шилжүүлэхийг удаа дараа хүсч хэд хоног шаардуулсны дараа 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юм. Тэр өдөртөө үлдсэн мөнгийг 9 дүгээр сард шилжүүлнэ гэсэн мессэж ирүүлсэн. Яагаад 9 дүгээр сард билээ гэж асуухад та бид ингэж тохирсон шүү дээ гэхэд бидний тохирооны эцсийн хугацаа 5 дугаар сар, өөр ямар нэг хугацаа яригдаагүй гэхэд шууд утсаа тасалсан. Үүнээс хойш утсаа авахгүй их удсан, боломжгүй байна удахгүй мөнгөө хийнэ гэж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би танд 10,000,000 төгрөгийн нэмэлт урамшуулал өгч байгааг сайн ойлгоорой боломж гарангуут өгнө өө удахгүй гэж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гээд 2 л удаа хариу мессэж өгсөн. Зөвхөн өнгөрсөн жилийн 11 сараас хойш 340 гаруй удаа залгасан, 40 гаруй мессэж бичсэн, энэ оны 02 дугаар сараас миний хоёр утсыг блок хийсэн байдаг юм. Эхнэр рүү нь мөн адил олон удаа залгаж мессэж бичсэн боловч бас л ямар ч хариу өгөөгүй.

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0177 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу Сөүлийн гудамж 47 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот авто зогсоолын төлбөрийг 5 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч Д.Э, Д.С нар нь хугацаандаа өгөөгүй юм. Тус гэрээний 3.5 дугаар зүйлд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон юм. Гэрээнд заасан төлбөрийн дагуу 55,000,000 төгрөгийн өдрийн 0,5 хувь нь 275,000 төгрөг. Д.Э, Д.С нар 05 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг 315 хоногийн хугацаа хожимдуулсан байна. 5,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги өдрийн 25,000 төгрөг нийт 12,750,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг тул 5,000,000 төгрөгийн алданги нийт 2,500,000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд Д.Э болон Д.С нараас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн * бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, 55,000,000 төгрөгийн хугацаа хожимдуулсан алданги 6,600,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн алданги 2,500,000 төгрөг нийт 14,100,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Д.Э, Д.С нар нь 12 дугаар сарын 05-ны өдрийн үед 5,000,000 төгрөг төлсөн гэв.

2.Хариуцагч Д.Э, Д.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Э, Д.С бид нэхэмжлэгч А.М-дын гаргасан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 9,100,000 төгрөг нийт 14,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

2023 онд анх байр болон зогсоолыг худалдан авахдаа бид нийт 170,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Д.С миний бие гэрээний үнийн дүнг нягталж хараагүйгээс болоод байр 120,000,000 төгрөг, зогсоол 55,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа сүүлд мэдсэн. Бид байрны төлбөр 120,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлсөн. Харин зогсоолын төлбөрийг санхүүгийн бэрхшээлийн улмаас хэд хоногоор хожимдуулж төлсөн нь үнэн бөгөөд тухайн үед гэрээнд зогсоолыг 50,000,000 төгрөгөөр зарсан гэж тооцоод 50,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сард бүрэн шилжүүлсэн. Тэрнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар зогсоолын үлдэгдэл төлбөрийн талаар огт нэхэмжлээгүй. Гэхдээ зогсоол худалдах худалдан авах гэрээнд бидний хайхрамжгүй байдлыг ашиглан 55,000,000 төгрөгөөр хийгдсэн гэдгийг мэдээгүй бөгөөд 5,000,000 төгрөг нэмэгдэж гэрээнд бичигдсэн болохыг шүүхэд хандах үед мэдсэн. Бидний зүгээс А.М-д зогсоол худалдах, худалдан авах гэрээнд өөрсдийн анхааралгүйн улмаас нэмэгдэж бичигдсэн 5,000,000 төгрөгийг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгчийн тайлбарлаад буй 2023 оны 09 дүгээр сараас хойш мөнгөө нэхсэн, утсаа авахгүй байсан гэх тайлбарын тухайд анх бидний хооронд тус байр, зогсоолыг 170,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараагаар нэхэмжлэгчийн зүгээс байраа хямдхан зарж байна, мөнгөө нэммээр байна гэсэн шаардлагыг гаргаад байхаар нь би боломжтой үедээ мөнгө нэмж өгч болно гэдэг байдлаар хэлснээс өөрөөр тохиролцсон зүйл байхгүй. Түүнийгээ үлдэгдэл 5,000,000 төгрөгөө нэхсэн мэтээр тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Харин хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр бидний хооонд байгуулсан зогсоол худалдах, худалдан авах гэрээний 3.5 дугаар зүйлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцох агуулга бүхий заалт тусгагдсан хэдий ч тухайн зогсоолыг анхнаасаа 50,000,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн итгэлтэй байсан тул гэрээнд 5,000,000 төгрөг нэмж тусгагдсаныг мэдээгүй, нэхэмжлэгчийг тухайн 5,000,000 төгрөгийг бус харин мөнгө нэмж өгье гэсний дагуу мөнгөө нэхээд байна гэж ойлгосон. Тиймээс бидний зүгээс автозогсоол худалдах, худалдан авах гэрээнд нэгэнт тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд тус нэмэгдэж тусгагдсан 5,000,000 төгрөгийг бидний хайхрамжгүй байдлыг далимдуулж төөрөгдөлд оруулж хийсэн хэлцэл тул түүний алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс алдангид нэхэмжилж буй 9,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон тул бидний оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний зүгээс шүүхээс гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандах болго гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах * дугаартай гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 0177 дугаартай гэрээний хуулбар, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүх хариуцагч Д.С 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлснийг баталж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.С-аас 8,500,000 төгрөг гаргуулж М, Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

а/ * дүүрэг, * хороо, * хороолол, * гудамж * байрны зоорийн давхрын* тоот 18 м2 авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 9,100,000 төгрөг нийт 14,100,000 төгрөг гаргуулна гэж,

8.Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

а/худалдах худалдан авах гэрээгээр 50,000,000 төгрөгөөр авто зогсоол худалдан авахаар тохиролцсон. 5,000,000 төгрөгийг гэрээнд нэмж бичсэнийг мэдээгүй. 5,000,000 төгрөгийг төлсөн, алданги 9,100,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Т-ыг төлөөлж А.М болон хариуцагч Д.С нар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр * дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж * дүүрэг, * хороо, * хороолол, * гудамж * дугаар байрны * тоот 47,92 м2 талбайтай орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр,

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0177 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж * дүүрэг, * хороо, * хороолол, * гудамж * дугаар байрны зоорийн давхрын 1 тоот 18 м2 авто зогсоолыг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх 6-9 тал/

10.Талуудын хоорондын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан гэрээний харилцаа үүсчээ.

11.Дээрх гэрээнүүдийн дагуу худалдагч Б.Т нь Д.С-д гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгөх, Д.С хэлэлцэн тохирсон 120,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх, 55,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээжээ.

12.Зохигч талууд 902 тоот үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авсан, төлбөр төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-ын өмчлөлд шилжүүлсэн, 01 тоот авто зогсоолыг Д.С-ын өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй.

13.Харин Д.С * тоот автозогсоолыг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан, төөрөгдөлд оруулж 55,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргаж байна.

14.Талуудын хооронд байгуулсан 01 тоот автозогсоолыг худалдах худалдан авах 0177 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээний зүйлийн үнэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 55,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж үнийг тодорхойлсон байна.

15.Хариуцагч тал төөрөгдөлд оруулсан, гэрээний үнийг 50,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбараа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд 55,000,000 төгрөгөөр 01 тоот авто зогсоолын үнийг тохиролцсон гэж үзлээ.

16.Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5-д 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дотор төлбөрийг төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх хуулийн заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

17.Нэхэмжлэгч нь Д.Э, Д.С нараас гэрээний үүрэг шаардсан боловч 01 тоот авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээнд худалдан авагчаар Д.С байх тул Д.С-аас гэрээний үүрэг гаргуулах нь зүйтэй байна.

18.Нэхэмжлэгч алдангийг 55,000,000 төгрөгийн 24 хоногийн алданги 6,600,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн алданги 2,500,000 төгрөг нийт 9,500,000 төгрөг гэж тооцжээ.

50,000,000 төгрөгийг хариуцагч нар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн тул 24 хоногийн алданги 6,000,000 төгрөг болж байна.

5,000,000 төгрөгийн алдангийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2,500,000 төгрөг болох тул нийт алданги 8,500,000 төгрөг болно.

19.Иймд алдангид илүү шаардсан 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.С-аас алдангид 8,500,000 төгрөг гаргуулж А.М, Б.Т нарт олгох нь зүйтэй байна.

20.Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 01 тоот авто зогсоолын төлбөрт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч 5,000,000 төгрөг төлснийг баталж энэ хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-аас 225,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Д.С-аас 8,500,000 төгрөг гаргуулж А.М, Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.С 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-аас 225,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.     

                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ