| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/20 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/20
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам
Шүүгдэгч Ц.Ц , Ц.Л нарын өмгөөлөгч: Р.Шүрхүү
Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч: Т.Оюунчимэг
Гэрч: Д.Болдмаа
Шүүгдэгч: Ц.С, Ц.Ц , Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Л, Ц.Ц , Ц.С нарт холбогдох эрүүгийн 1727000000002 дугаартай, 146/2017/0056/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суух, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 65 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 63 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан, Б овогт Ц.С
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум оршин суух, урд ял шийтгэлгүй, З овогт Ц.Ц
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суух, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 11 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 63 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сум дахь сум дундын шүүхийн 68 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 02 жил 04 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Ө овогт Ц.Л
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.С, Ц.Л, Ц.Ц нар нь машин механизм ашиглан 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.Амгалан, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир, Г.Эрдэнэсувд нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч хохирогч Ц.Амгаланд 2.045.000 төгрөгний, хохирогч Ш.Алтангэрэлд 150.000 төгрөгний, хохирогч Ж.Бямба-Очирт 177.000 төгрөгний, хохирогч Г.Эрдэнэсувдад 296.100 төгрөгний буюу нийт 2.668.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С, Ц.Ц , Ц.Л нар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.Амгалан, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир, Г.Эрдэнэсувд нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр би 2 дүүгээ дагуулаад Өвөрхангай аймгийн Шаргалжуутын рашаан орох зорилготойгоор гэрээсээ гарсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Хужир сумаар дайрч явсан бөгөөд наагуур зам ерөөсөө мэдэхгүй байсан. Хужирт сумын төвд гарам гарах гэж байгаад машиныхаа кастирыг чулуунд цохиод цоолсон юм. Тэгээд бид 3 машинаа янзалсан юм. Манай хоёр дүү машинаа янзлаад гарам дээр үлдсэн юм. Харин би дээлээ тайлчихаад дүү Ц.Л-гийн гутлыг өмсөөд Хужирт сумын төв рүү дэлгүүр орж цавуу, тамхи авах гээд явсан юм. Тухайн үед онгорхой дэлгүүр байхгүй бүх дэлгүүрүүд нь хаалттай байсан юм. Би энэ хэргийг ганцаараа үлдсэн. Намайг явж байх үед нэг хашаанд 3 байшин байсан. Тэгээд тэр айлуудаас юм аваад буцаж ирэх үед манай хоёр дүү унтаж байсан юм. Авчирсан юмнуудаа машиныхаа багаажинд хийчихээд машинаа янзалчихаад цаашаагаа Өвөрхангай аймаг орсон. Өвөрхангай аймагт машинаа янзлаад ээжийн эгчийнд очсон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь Шаргалжуутын рашаан орчихоод буцахдаа орьё гэж бодоод цаашаагаа морины шүтээн орсон. Морины шүтээн дээр нилээн удсан. Дараа нь бид 3 гурав Шаргалжуутын рашаан руу явсан. Явах замдаа замаасаа буруу салаад Хайрхандулаан сумын төв рүү орж ирсэн. Тухайн үед гадаа харанхуй болсон тул Хайрхандулаан сумын төвийн урд машиндаа хоносон. Өлөө нь машиндаа унтаж байхад цагдаа нар ирсэн. Энэ хэрэгт манай хоёр дүү ямар ч хамааралгүй. Би Хужирт сумын цагдаа дээр ирээд байцаалт өгөхдөө н.Мягмарсүрэн, н.Үл-Олдох гэсэн хоёр цагдаад тухайн үед энэ хэрэгт манай хоёр дүү хамааралгүй гэж хэлж байсан. Мэссэжний тухайд гэвэл би эхнэртээ худлаа хэлсэн юм. Манай эхнэр тухайн үед жирэмсэн байсан бөгөөд намайг хэрэг хийсэн юм бол би хүүхдээ авахуулна гээд байсан юм. Би эхнэр, хүүхдээ бодоод эхнэртээ худал хэлсэн юм. Манай эхнэр тэр мэссэжний талаар юу ч мэдэхгүй. Надад итгээд л мэдүүлэг өгсөн байсан. Энэ бүхэн миний буруутай үйлдлээс ийм зүйл болчихсон. Шаргалжуутын рашаан орох зорилго нь газар, нутаг үзэх гэж явсан юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ц.С ах эхнэр, 2 хүүхдийн хамт манайд ирсэн юм. Тэгээд Өвөрхангай аймаг орж ээжийн эгчийнд очиж, цаашаагаа морины шүтээн үзэж, Шаргалжуутын рашаан орчихоод ирье намайг хамт яваарай гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө Ц.С ах манайх руу утсаар ярьж намайг хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Архангай аймаг орсон. Аймаг дээр Мөнхтамир гэдэг дүүгийндээ цайны сүү аваачиж өгсөн. Тэднийд очтол том пиво задалж өгсөн. Тэр пивийг уучихаад том ах Ц.С-ынд очсон. Ахынд очоод байж байтал Ц.С ах дүү Ц.Л-г утсаар дуудсан. Удалгүй дүү Ц.Л машинаа жолоодоод Ц.С ахынд ирсэн. Тэгээд бид гурав Архангай аймгаас Өвөрхангай аймаг орж ээжийн эгчийнд очих, цаашаагаа морины шүтээн, Шаргалжуутын рашаан орох зорилготойгоор гарсан. Явах замдаа Хужирт сумын гол гарах гэж явж байгаад машиныхаа касчерийг том чулуунд цохиж цоолсон юм. Дүү Ц.Л машинаа янзлах гээд өмсөж явсан пүүзээ тайлаад муу хувцас өмсөж машинаа янзлах болсон. Тэр үед ах Ц.С хөлд хөнгөн юм гээд дүү Ц.Л-гийн пүүзийг өмсөж дэлгүүр орчихоод ирье гээд явсан. Би дүү Ц.Л-д түлхүүр багажийг нь дөхүүлж өгч байгаад нойр хүрээд байхаар нь машиндаа ороод унтаад өгсөн. Нэг мэдэхэд ах Ц.С дуудаж сэрээсэн. Намайг сэрэхэд өглөө үүр цайчихсан байсан. Тэгээд бид 3 цаашаагаа Өвөрхангай аймаг явсан. Өвөрхангай аймаг дээр техникийн зах орж машинынхаа касчерийг дахиж янзлуулж гагнуулсан. Дараа нь ээжийн эгчийнд очтол эзэнгүй байсан. Ц.С ах ээжийн эгч рүү залгахад маргааш ирнэ гэж хэлсэн. Морины шүтээн дээр хоол унд идэж байгаад цааш Шаргалжуутын рашаан руу явсан. Явах замдаа замаасаа буруу салж Хайрхандулаан сумын нутаг руу орсон байсан. Тухайн үед орой болчихсон байсан бөгөөд эндээ унтаад өглөө явахаар болсон. Дүү Ц.Л бид хоёр машин дотроо унтаж байсан бөгөөд Ц.С ах машины гадаа унтсан юм. Бид нарыг унтаж байхад хоёр цагдаа ирсэн. Нэг цагдаа машины бичиг баримтыг шалгана гээд өөрийнхөө машин дотор авч суусан. Нөгөө цагдаа нь бид 3-н биед нэгжлэг хийсэн. Тухайн үед биед үзлэг хийхэд дүү Ц.Л бид хоёроос юм гарч ирээгүй. Харин Ц.С ахын халааснаас 2 жижиг ууттай зүйл гарч ирсэн. Нэг нь жижиг даавуун ууттай зүйл, нөгөө нь жижигхэн гялгар ууттай зүйл гарч ирсэн. Ц.С ахаас н.Төгөлдөр гэдэг цагдаа энэ ямар учиртай эд зүйл болох талаар асуухад манай ээж, эхнэрийн эд зүйлүүд гэж хэлж байсан. Тэгээд машины арын тээшийг онгойлгож шалгахад машины ард талаас цүнхтэй зүйл гарч ирсэн. Цүнхтэй зүйлийн талаар асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Харин Ц.С ах хэлэхдээ ойр зуурын хүнсний зүйл байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр 2 цагдаа бид гуравыг Хайрхандулаан сумын цагдаагийн хэлтэс дээр байлгаж байгаад маргааш өглөө нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар авчирч ирсэн. Тухайн үед Хужирт сумын цагдаа н.Мягмарсүрэн ирсэн байсан. н.Мягмарсүрэн цагдаа бид гуравыг Хархорин сумын цагдаа дээр авчирч бид 3 анхныхаа мэдүүлгийг өгсөн. Анхныхаа мэдүүлгийг өгөхдөө би үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа, одоо ч гэсэн үнэн зөв мэдүүлэг өгч байна. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, оролцоогүй. Анхны шүүх хурал болох өдрийн өмнө Ц.С ах н.Гончиг гэдэг хүний талаар яриадах гэж гуйгаад байсан юм. Тэгэхээр нь ахынхаа үгэнд ороод н.Гончиг гэдэг хүний талаар худал мэдүүлэг өгсөн юм. Худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө хулгай хийж хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Мал маллаж малынхаа ашиг шимээр амьдарч ирсэн. Тийм болохоор энэ хэрэгт ямар ч хамааралгүй тул миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ: Бид гуравын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх гэж байгаа та бүхэндээ маш их баярлаж байна. Өнөөдөр би холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгье. 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай том ах Ц.С, түүний эхнэр н.Болдмаа, түүний хоёр хүүхдийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд том ах Ц.С нь маргааш ах нь морины шүтээн үзэж, ээжийн эгч нь дээр очно, мөн Шаргалжуутын рашаан орчихоод ирэх гэсэн юм ахдаа машинаа өгчих гэж надаас гуйсан. Миний хувьд машинаа авчихаад машин авсан хүндээ мөнгийг нь өгөөгүй байсан учраас Ц.С ахад хүний машин болохоор би таньд машинаа өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд ах маань 12-13 настай охиноо манайд үлдээчихээд явсан. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц.С ах манай утас руу залгаад байсан юм. Би тухайн үед утсаа авахгүй байж байтал манайд үлдээсэн охин нь Ц.С ах таньтай утсаар яръя гээд байна гэж утсаа өгөхөөр нь ахтай ярьсан. Утсаар ярих үед Өвөрхангай аймаг явчихаад ирье машинаа өгчих гээд намайг дуудсан. Тэгээд би манайд үлдээсэн охиныг нь аваад Ц.С ахынд очсон. Намайг очих үед Ц.Ц ах Ц.С ахынд байсан. Бид 3 миний машинтай аймгаас гарсан. Гарах үед Ц.С ах миний машинд 70000 төгрөгөнд бензин хийж өгсөн. Тэгээд Хархорин сумын төв дээр ирээд машиныхаа дугуйнуудыг янзлуулсан. Дараа нь Хужирт сум орж, Хужирт сумаас Өвөрхангай аймаг руу явах гэж байгаад Хужиртын голоор гарсан чинь машиныхаа доод талын касчерийг чулуунд цохьчихсон юм. Тэгээд би машинаа янзлах гээд өөрийнхөө өмсөж явсан ягаан өнгийн пүүзийг тайлчихаад гадуураа муу дээл өмсөж, машин дотроос түрийтэй хар гутлаа авч өмссөн юм. Тухайн үед Ц.С ах дэлгүүр орж тамхи ойр зуурын юм авчихаад ирье гээд миний ягаан пүүзийг өмсөж явсан юм. Харин Ц.Ц ах надад машины багаж, түлхүүр зэрэг ойр зуурын зүйл ойртуулж өгч байгаад ахынх нь нойр хүрээд байна ах нь жоохон унтая гээд машинд ороод унтаад өгсөн юм. Би машинаа янзалчихаад ах Ц.С руу залгасан чинь утсаа машинд үлдээчихээд явчихсан байсан. Тэгээд ахыг машиндаа хүлээж байгаад нэг мэдэхэд нам унтсан байсан. Унтаж байхад Ц.С ах намайг дуудсан. Намайг сэрэх үед өглөө болж байсан. Тэгээд бид гурав Өвөрхангай аймаг орсон. Машинаа техникийн зах дээр очиж дахин янзлуулсан. Дараа нь ээжийн эгч дээр очсон чинь эзэнгүй байсан. Тэгэхээр нь бид 3 морины шүтээн рүү явсан. Морины шүтээн дээр хоол унд идээд байж байхад Ц.С ах Шаргалжуутын рашаан орчихоод маргааш буцахдаа ээжийн эгчийнхээр орьё гэж хэлсэн. Тэгээд цаашаагаа Шаргалжуутын рашаан явж байгаад бид 3 замаасаа төөрч Хайрхан дулаан төв рүү орж ирсэн. Нэгэнт замаасаа төөрсөн болохоор эндээ унтаж байгаад Шаргалжуутын рашаан орье гэж ярилцаж тэндээ унтацгаасан. Өглөө нь унтаж байхад тухайн сумын 2 цагдаа ирсэн. Эргүүлийн цагдаа н.Төгөлдөр гэдэг хүн ирээд машиныхаа бичиг баримтыг шалгасан. Дараа нь бид 3-н биед нэгжлэг хийе гээд нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед Ц.С ахын халааснаас жижигхэн ягаан өнгийн даавуун ууттай зүйл гарч ирсэн. Мөн жижигхэн гялгар уутан дотор эмэгтэй хүний эдэлж хэрэглэдэг зүйлүүд гарч ирсэн. н.Төгөлдөр цагдаа Ц.С ахаас энэ ямар учиртай эд зүйлийн талаар асуухад ээж, эхнэрийн эд зүйлс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд дараа нь машины ар талын багааж онгойлгоход ногоон өнгийн цүнх байсан. Ц.Ц ах бид хоёроос цүнхэн дотор юу байгаа талаар асуухад бид хоёр юу байгаа талаар мэдэхгүй байсан болохоор мэдэхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь том ах Ц.Саас асуухад ойр зуурын хүнсний зүйл байгаа юм гэж хэлж байсан. Би Ц.С ахаас энэ цүнхэнд юу байгаа талаар асуухад та хоёрт хамаагүй гэж хэлсэн. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм. Тийм болохоор хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Хэрэг гарснаас хойш Ц.С ах намайг миний дүү энэ хэргийг даачих би чиний гутлыг өмсөж байгаад энэ хэргийг үйлдсэн юм. Ах нь одоо л нэг эхнэр, хүүхэдтэй болж байна. Эхнэр маань хүүхдээ авахуулж сална гээд байна ахдаа нэг тус болчих гээд гуйгаад байсан юм. Миний хувьд бол ахыгаа бодоод өмнө нь гэмт хэрэг үйлдээд шоронгоор олон удаа явж байсан болохоор нь ахынхаа өмнөөс хэргийг нь үүрчихмээр санагдсан юм. Гэхдээ би эхнэр, хүүхдээ бодоод хийгээгүй хэргийнхээ төлөө ял авч үнэхээр чадахгүй байсан юм. Тийм болохоор үнэн зөвөөр мэдүүлгээ өгч байна. Миний хувьд өмнө нь алдаж онож явсан удаа байгаа. Гэхдээ би эзэнгүй айл руу орж айлын эд зүйлүүдийг хулгайлсан зүйл огт байхгүй. Би адуунд их сонирхолтой бөгөөд айлын адуунд сайхан морь харагдахаар нь адуутайгаа нийлүүлж байгаад тухайн үед баригдсан юм. Тэр үеийнхээ хариуцлагыг хүлээсэн байгаа. Үнэхээр энэ хэрэгт бага ах Ц.Ц бид хоёр ямар ч холбогдолгүй юм. Энэ талаараа ч мөрдөн байцаалтын шатанд хэлсэн байгаа. Өмнөх шүүх хурал дээр Ц.С ахад үнэнгээ хэлье гэж хэлэхэд намайг н.Гончиг гэдэг хүний талаар хэлээдэх цаг авч, хэргээ жаахан заваартуулмаар байна. Эхнэр маань жирэмсэн, өвлийнхөө түлээ түлшийг бэлдмээр байна гэхээр нь анхан шатны шүүх хурал дээр ахыгаа бодож ахынхаа үгээр худлаа хэлсэн юм. Энэ бол миний буруу. Та бүхний өмнө худлаа хэлсэнд намайг уучлаарай. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв. Хохирогч Ц.Амгалангийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө би эхнэртэйгээ цаг уур дээр очиж хамт хоносон. Эхнэрийн ажил дээр хоночихоод маргааш өглөө 09 цагийн орчим эхнэр П.Гэрэлтуяагийн хамт гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын хоёр вакум цонхийг онгойлгосон байсан. Би гэрийнхээ хаалгаар ороод хартал гэрт дотор байсан эд хогшил, хувцас хунарыг эмх замбараагүй болгосон байсан. Мөн манай байшингийн мансартанд байсан авдарыг ухаад дотор нь байсан дээл хувцасыг бүгдийг нь гаргаад ундуй сундуй болгосон байсан. Тэгээд эхнэр бид хоёр цагдаад мэдэгдээд цагдаа нар ирж үзлэг хийсний дараа гэртээ байсан эд зүйлүүдийг бүртгэсэн чинь унтлагын өрөөнд байсан эхнэрийн ээмэг бөгж, хийдэг жижиг хайрцаг дотроос жижиг ууттай байсан монет, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт нарыг ууттай нь аваад явсан байсан. Мөн унтлагын өрөөнд мансарт руу гардаг шатны доогуур байсан самсунг маркийн core IЗ хар өнгийн зөөврийн компьютерийг цүнхнээс нь гаргаад дангаар нь аваад явсан байсан. ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн картыг салгаад авсан байсан, унтлагын өрөөний толины урд байсан эхнэрийн эдэлж хэрэглэдэг хүзүүний зүүлт, ээмэг, бөгж зэрэг нь байхгүй байсан. Тэр өдөр манайхаас гадна манай баруун талын хөрш айл Ж.Бямба-Очир, хойд талын хөрш айл Ш.Алтангэрэл нарынд хулгай орсон гэж сонссон...Би гэрээсээ алдагдсан эд зүйлүүдээ хүлээн авсан. Тэрнээс 3 ширхэг мөнгөн ээмэгний өрөөсөн, ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн карт зэрэг эд зүйл дутуу байсан. Би 3 ширхэг өрөөсөн ээмэгийг авахгүй. ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн карт болон 3 хос ээмэгний мөнгийг нэхэмжилнэ....” гэжээ. /хх-ийн 94-96 дугаар хуудас/
Хохирогч Г.Эрдэнэсувдын 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай унтлагын өрөөнд байсан авдар дотроос манай талийгаач хүүхдийн маань дээлний 5 ширхэг мөнгөн товч алдагдсан. Харин дэлгүүрээс омо угаалгын нунтаг 5 ширхэг, визо угаалгын нунтаг 6 ширхэг, нямка нэртэй давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок нэртэй хүүхдийн угаалгын нунтаг 1 ширхэг, өд ариун цэврийн цаас 3 ширхэг, peanuts даршилсан самар 2 ширхэг, jmpression нэртэй хайрцагтай печень 2 ширхэг, жалам хар нэртэй лаазтай пиво 4 ширхэг, алфен голд нэртэй шоколад 1 ширхэг, голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт нэртэй шоколад 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна. Үүнээс гадна манайхаас хойшоо байдаг Ц.Амгалан, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир нарын гэрт хулгай орсон гэсэн. Тэр 3 айлд орж хулгай хийсэн хүмүүс манай байшинд орж хулгай хийсэн юм шиг байна лээ. Хулгай хийсэн хүмүүсээс цагдаа нарын хурааж авсан эд зүйлүүд дотор манай алдагдсан эд зүйл, бараа бүтээгдэхүүн байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлүүдийнхээ мөнгийг нэхэмжилнэ. Би бараа хүлээж авахгүй. Тухайн үед тэр хүмүүс манай гэрт хууль бусаар орж бараануудыг хулгайлаагүй бол би өдийд зарж борлуулаад ашиг олоод авчихсан байгаа. Гэрээсээ алдагдсан ягаан өнгийн талийгаач хүүгийнхээ дээлийг алдсаныг хэлээгүй байна лээ. Тэр дээлийг 2016 онд оёж байсан. 80.000 төгрөгний үнэтэй дээл юм байгаа юм...Би гэрээсээ алдагдсан 5 ширхэг мөнгөн товч, эрэгтэй хүний ягаан дээл хоёрыг хүлээн авсан. Бусад алдсан хүнс, ариун цэврийн бараануудыг хүлээн авахгүй. Мөнгийг нэхэмжилнэ. Надад 5 ширхэг визо, 4 ширхэг омо угаалгын нунтагын асуудлыг хэрэгсэхгүй болгоход гомдол, санал хүсэлт байхгүй...” гэжээ. /хх-ийн 98-101, 2 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/
Хохирогч Ш.Алтангэрэлийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд гэртээ ортол манай гэрийн унтлагын өрөөнд байсан хувцасны шүүгээг ухаад дотор нь байсан хувцсыг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд манай эхнэр гэрт байсан эд зүйл хувцаснуудаа бүртгээд савхин куртик байхгүй байна гэсэн. Хужирт сумын цагдаагийнхан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тэр хүмүүсийг барьсан гэхээр нь цагдаагийн тасаг дээр ирж тухайн хүмүүсийг авч явсан гээд баахан эд зүйлийг харсан чинь манай эхнэрийн савхин куртик байсан. Манай эхнэр 2016 онд 150.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. 150.000 төгрөгөөр үнэлнэ. Би гэрээсээ алдагдсан хар өнгөтэй эмэгтэй савхин куртикийг хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 103-105 дугаар хуудас/
Хохирогч Ж.Бямба-Очирын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө би хөдөөнөөс сүү зарах гээд орж ирээд цагдаа нараас гэрт хулгай орсон талаар мэдсэн. Би гэртээ ирэхэд манай байшингийн урд зүүн талын цонхны порчик онгорхой байсан. Гэртээ ороод харахад манай том өрөөнд байсан ДДШ ТВ-ийн хүлээн авагч, картны хамт унтлагын өрөөнд байсан. Хувцас хийдэг ногоон өнгийн цүнхэн дотор хөх өнгийн, ногоон өнгийн хоёр ширхэг эрэгтэй оймс байсан. Эдгээр эд зүйлс байхгүй болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манайхаас гадна хажуу талын Ц.Амгалан, тэдний арын Ш.Алтангэрэл нарынд хулгай орсон гэж байсан. Цагдаа нар манай алдагдсан ДДШ ТВ-ийн хүлээн авагч, карт, ногоон өнгийн цүнх 2 ширхэг, оймс зэргийг хулгайлсан хүмүүсийг олсон учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 107-108 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Энх-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 07 дугаар сард би приүс-10 маркийн 10-42 УНР улсын дугаартай саарал өнгийн машиныг Х.Энхжаргал гэдэг хүнээс бэлэн 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үедээ би хөдөөгүүр ажилтай явсаар байгаад одоог хүртэл машин нэрийг нь өөр дээрээ шилжүүлж аваагүй байсан бөгөөд Х.Энхжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 14-15-ны үед Ц.Л гэх хүнд Архангай аймагт 3.500.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед Ц.Л удахгүй мөнгийг өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авна гэж байсан юм. Тэгээд явсаар байгаад одоог хүртэл миний машины мөнгийг өгөөгүй. Миний иргэний үнэмлэхний нэр бол Ч.Энх-Эрдэнэ гэдэг юм. Намайг бага байхад манай гэрийнхэн н.Цэдэн-Иш гэж дуудсаар байгаад одоо зарим нь н.Цэдэн-Иш нэрээр минь дуудаад байдаг юм. Би 2016 оны 07 дугаар сард Х.Энхжаргал гэх хүнтэй наймаа хийхдээ өөрийнхөө нэрийг н.Цэдэн-Иш гээд хэлчихсэн юм. Одоо миний машин Х.Энхжаргал гэх хүний эзэмшил дээр байгаа. Х.Энхжаргал бид хоёрын хооронд одоо ямар нэгэн мөнгө төгрөгний тооцоо байхгүй. Ц.Лгээс машины мөнгө нэг ч төгрөг аваагүй байгаа тул машин болон мөнгөө нэхэмжилж байна...”гэжээ. /хх-ийн 112 дугаар хуудас/
Гэрч Д.Болдмаагийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц.Ц ирээд түүний араас Ц.Л ирээд Ц.С нар рашаан орно гээд өдөр 14-15 цагийн үед Ц.Лгийн жолоодож явсан приүс-10 маркийн автомашинтай гарсан. Би улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед Ц.Ц , Ц.Л нар гэрт ирээд Ц.Сыг рашаан ороод ирье гээд аваад явсан. Ямар рашаан орох гэж байгаагаа хэлээгүй. Шөнөдөө хүрч ирнэ гэж байсан. Тэгээд тэр 3 тэр шөнөдөө ирээгүй. Надтай холбоо бариагүй. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц.Сын ээж н.Алтанцэцэг нөгөө хэд чинь Хархорин суманд цагдаа дээр байна. Машинаа хураалгачихсан гэнээ гэсэн. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорин суманд ирээд тэр 3-ыг хулгай хийж байгаад баригдсан гэж сонссон. Би яг хаанаас юу хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Би нөхрөөсөө та нар хаанаас юу хулгай хийсэн юм, авсан юмнуудаа яасан юм гэсэн чинь буцаагаад өгсөн гэж надад хэлсэн. Манай нөхөр гэрээсээ гарахдаа цагаан канттай биеийн тамирын цамц, хар хөх жинсэн өмд, хар хромон гутал, хөх дээл, ногоон бүстэй гэрээсээ гарсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Лгийн эхнэрийн 89533474 дугаарын гар утаснаас “ягаан өнгийн кетийг та өмсөж явсан” гэж мэдүүлэг авбал хэлээрэй гэсэн утгатай мессеж ирсэн. Энэ асуудлаас болж би Ц.Лгийн эхнэртэй маргалдсан. Ц.Л түүний эхнэр хоёр манай нөхрийг ганцаараа хэргээ үүрчих гээд байгаа юм шиг байгаа юм. Манай нөхөр Ц.С надад хэлэхдээ Ц.Л та миний өмсөж явсан гутлыг өөрөө өмсөж явсан гээд хэлчих гээд байх юм яах уу гэсэн. Тэгэхээр нь би Ц.Сыг тийм юм хийхгүй, үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй гэж хэлсэн. Би Ц.Лгийн эхнэрт тийм юм байхгүй шүү би цагдаад үнэнээр нь хэлж мэдүүлэг өгнө гэсэн чинь Ц.Лгийн эхнэр намайг ална хядна гээд бөөн юм болсон. Ц.Л жинсэн өмдтэй, дээгүүрээ тод өнгийн фудволктой, гутал нь болохоор нөгөө манай нөхрийн өмсөж явсан гээд хэлчих гээд байгаа пүүзтэй явж байсан. Ц.Ц цээжээрээ улаан фудволктой, доогуураа биеийн тамирын бараан өнгийн өмдтэй, хар түрийтэй хромтой төстэй гуталтай байсан...” гэжээ. /хх-ийн 116-117 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд гэрч Д.Болдмаагийн өгсөн мэдүүлэгт: Би Ц.С-тай 1 жил хамтран амьдарсан. Ц.С өөрийнхөө үйлдсэн хэргийнхээ талаар надад хэлсэн зүйл байхгүй. Өөрөө 2 дүүтэйгээ хамт явж байгаад манай хоёр дүү энэ гэмт хэргийг хийсэн. Би энэ гэмт хэрэгт ямар ч хамааралгүй гэж хэлж байсан. Тухайн үед би тэгж хэлэхэд нь Ц.Л, Ц.Ц хоёр хулгайн гэмт хэрэг хийчихээд ах руугаа буруугаа тохоод байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл одоо өөрөө гэмт хэрэг хийчихээд хоёр дүү рүүгээ түлхээд байна гэж ойлгож байгаа. Би анхны шүүх хурал болсны дараа Ц.Сд энэ гэмт хэргийг үйлдсэн юм бол хариуцлага үүрээд явна биз. Би амьдралаа бодоод явна гэж хэлсэн юм. Мэссэжний тухайд гэвэл би ерөөсөө хараагүй. Нөхрөөсөө тэр мэссэжний талаар мэдсэн гэв.
Гэрч О.Нямцэрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр, ах Ц.С Ц.Ц нарын хамт Өвөрхангай аймгийн Морины шүтээн орно гээд явсан. 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ц.С манай нөхрийг машинаа өгчих Өвөрхангай аймгийн Морины хөшөө орчихоод ирье гэхээр нь хүнээс аваад мөнгийг нь өгөөгүй байгаа гээд өгөөгүй. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийг хөдөө гэрт нь байж байхад Ц.С гар утсаараа ярьж дуудсаар байгаад аваад явсан. Манай нөхөр явахдаа нэг хоёр хоноод ирье гээд 14 цагийн үед хөдөө гэрээсээ Архангай аймгийн төвд байдаг Ц.Сынх руу явсан. Тэгээд тэд нар яваад маргааш орой нь манай нөхрийн утас холбогдохоо больсон. Тэгсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорины цагдаа дээр байна гэж хадам ээжээсээ сонсоод ирсэн чинь хулгай хийчихсэн гээд байж байсан. Би тэр гурвыг хаанаас юу хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ Ц.С ах Хужирт сумын төвд айл руу орж хулгай хийсэн гэж хэлсэн. Тухайн үед надад юу хулгай хийсэн талаар хэлээгүй...” гэжээ. /хх-ийн 118-119 дүгээр хуудас/
Гэрч Ц.Дэлгэрийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хадам ээжээсээ Ц.Ц ыг ах Ц.С дүү Ц.Л нарын хамт Хархорины цагдаа дээр баригдчихсан байна гэж сонсоод ирсэн чинь эд нар цагдаа дээр хулгай хийсэн гээд баригдчихсан байж байсан. Би тэд нарыг хаанаас юу хулгайлсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар Ц.Ц надад ямар нэгэн зүйл яриагүй. Манай нөхрийг Ц.С 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө хөдөө гэртээ байхад нь гар утсаар дуудаад Өвөрхангай аймгийн Морины шүтээн, Шаргалжуутын рашаан орьё гэсэн. Архангай аймгийн төвд ах дээрээ очоод дүүтэйгээ гурвуулаа явж байна гэж надтай ярьсан...” /хх-ийн 120-121 дүгээр хуудас/
Гэрч Ц.Батзулын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн харьяат Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 16 цагаас 23 цаг хүртэл манай сумын баруун хойд овоон дээр саарал өнгөтэй жижиг тэрэг зогссон. Машиныг шалгах зорилгоор очиход саарал өнгөтэй 10-42 УНР улсын дугаартай приүс-10 маркийн автомашин байсан. Гадаа нь нэг хүн машины жолоон дээр нэг хүн, арын суудал дээр нэг хүн нийт 3 хүн унтаж байсан. Би нэрийг нь асуухад Ц.С, Ц.Ц , Ц.Л гэж хариулсан. Бид гурав Шаргалжуутын Рашаан ороод амраад буцаад явж байна. Араас машинтай хүмүүс ирж байгаа хүлээж байна гэсэн. Автомашиныг шалгахад урд хайрцаг, голын хайрцагнаас монет, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, гинж, гэх мэт жижиг эд зүйлүүд гарч ирсэн. Машины арын багажийг шалгахад дотор нь зөөврийн компьютер, ДДШ тв-ийн хүлээн авагч, савхин куртик, адидас нэртэй ногоон цүнхэн дотор дүүрэн ариун цэврийн болон хүнсний бараа бүтээгдэхүүнүүд 2-3 дээл байсан. Нөгөө 3 хүнийг машинтай нь ажил дээрээ авчирч уг эд зүйлүүд хэний эд зүйл болох талаар асуухад Ц.С манай ээжийнх гэж хэлсэн. Ц.Ц , Ц.Л нар нь мэдэхгүй гээд хэлээгүй. Ц.Л нь дээгүүрээ фудволктой, жинсэн өмдтэй, ягаан өнгийн кеттэй, Ц.Ц нь дээгүүрээ биеийн тамирын цамцтай, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай, Ц.С нь дээлтэй, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай явсан...” /хх-ийн 122-123 дугаар хуудас/
Гэрч Г.Төгөлдөрийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд цагдаа хийж байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 17-ны орой Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэсгийн төлөөлөгч Б.Батзулын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр эргүүл хийж байгаад сумын баруун хойд дэнж дээр саарал өнгийн суудлын машин зогсож, байхаар нь очиж шалгахад машин ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай машины гадаа нэг хүн дээл нөмрөөд хэвтсэн, машин дотор жолоочийн суудал дээр нэг хүн, машины арын суудал дээр нэг хүн тус тус хэвтэж байсан. Уг автомашинтай хүмүүсийг хаанаас хаа хүрч яваа талаар асуухад Шаргалжуутын рашаан орчихоод явж байна гэсэн. Тэр 3 ах дүү гурав байсан. Ахыг нь Ц.С, дундахыг нь Ц.Ц , дүүг нь Ц.Л гэдэг. Би тэр гурваас машины түлхүүрийг нь асуухад байхгүй гээд өгөөгүй. Ц.С машины урд суудал дээр сууж байгаад газар нэг юм хаях гээд байх шиг болохоор нь очиж харахад жижигхэн арц хийгээд байдаг гялгар уутанд ээмэг, бөгж зэрэг байсан. Хэдэн ширхэг ээмэг бөгж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан гялгар уутан дотор дүүрэн ээмэг бөгж байсан. Ц.Саас энэ хэний ээмэг бөгж юм гэж асуухад манай эхнэр ээжийн юмнууд байгаа юм гэсэн. 10-42 УНР улсын дугаартай приүс-10 маркийн автомашин байсан. Тэр машины урд хайрцаг, голын хайрцагнаас ягаан өнгийн даавуун ууттай эмэгтэй хүний ээмэг бөгж, бугуйвч зэрэг эд зүйл гарч ирсэн. Машины ард талд ДДШ ТВ-ийн хүлээн авагч, зөөврийн компьютер, дээл зэрэг эд зүйлүүд байсан...” гэжээ. /хх-ийн 124-125 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хэргийн газраас илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан №12 гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №11 гэж дугаарласан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. №12 гэж дугаарласан гутлын улны мөр нь Ц.Лгийн зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна. Харин хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бүдэг гараагүй байдлаас өөр хооронд нь харьцуулах боломжгүй байна...” гэжээ. /хх-ийн 130 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 9, 12, 5-8, 10-11, 13-14 дүгээр хуудас/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай / 2 дугаар хх-ийн 58, 69, 79, 88 хуудас/
Хохирогч Ц.Амгалан, Г.Эрдэнэсувд, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир нарын гэрээс алдагдсан эд зүйлийн “Лэндс” ХХК-ний үнэлгээ /2 дугаар хх-ийн 59, 70, 80, 89 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд /хх-ийн 51, 60, 63, 89-92 дугаар хуудас/
Хохирогч Ц.Амгалан, Г.Эрдэнэсувд, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир нарын гэрээс алдагдсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-58 дугаар хуудас/
Хохирогч Ц.Амгалан, Г.Эрдэнэсувд, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65-69 дүгээр хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээ /хх-ийн 71-73, 75, 79-82, 84, дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.С, Ц.Ц , Ц.Л нарын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204, 246 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Л, Ц.Ц , Ц.С нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Л, Ц.Ц нар хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэсэн мэдүүлэг нь гэрч Г.Төгөлдөр, Ц.Батзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, хохирогч Ц.Амгалан, Г.Эрдэнэсувд, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Ц.Амгаланд 2.045.000 төгрөгний, хохирогч Ш.Алтангэрэлд 150.000 төгрөгний, хохирогч Ж.Бямба-Очирт 177.000 төгрөгний, хохирогч Г.Эрдэнэсувдад 296.100 төгрөгний хохирол учруулснаас хохирогч нарт хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн, хохирогч Ц.Амгаланд 53000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэсувдад 108100 төгрөг төлсөн нь ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нар энэ хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 105 хоног тус тус цагдан хоригдсоныг хорих ял эдлэхэд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нар бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдаж, учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа харгалзан үзсэн бөгөөд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 0403839 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Лд, 1005044 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.Сд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүнсний зүйл нь хадгалалтын горим алдагдсан тул 3 ширхэг өрөөсөн ээмэг, омо 1 ширхэг, висо угаалгын нунтаг 1 ширхэг, нямка давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок /хүүхдийн угаалгын нунтаг/ 1 ширхэг, өд оо цаас 3 ширхэг, Peanuts нэртэй даршилсан самар 2 ширхэг, Jmpression /печень/ 2 ширхэг, жалам хар нэртэй лааз пиво /0,5 грамм/ 4 ширхэг, алфен голд шоколад 1 ширхэг, Голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт шоколад 1 ширхэг зэргийг устгаж, ягаан өнгийн шар ултай эрэгтэй гутал 1 хосыг шүүгдэгч Ц.Лд, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Ц.Л, Ц.Ц нарын тус бүр 5 адууг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Гэрч Х.Энхжаргалын ...10-42 УНР улсын дугаартай Prius 10 маркийн машиныг Цэдэн-Иш / Ч.Энх-Эрдэнэд/ 3.500.000 төгрөгөөр зарсан. Машины үнийг бүрэн төлсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байгаа... гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ч.Энх-Эрдэнэ ...уг машиныг Х.Энхжаргалаас худалдаж авсан. Машины үнийг бүрэн төлсөн. Нэр дээрээ машины гэрчилгээг шилжүүлээгүй. Архангай аймагт Ц.Л гэх хүнд өөрийн 10-42 УНР улсын дугаартай Prius 10 маркийн машинаа зарсан. Мөнгөө өгөөгүй тул машиныг нэр дээр нь шилжүүлээгүй, машинаа авнаа... гэх мэдүүлгээр 10-42 УНР Тoyota Prius 10 автомашины эзэмшигч нь Ч.Энх-Эрдэнэ байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчид буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрээс 1.166.666 төгрөгийг улсын орлогод оруулах нь хуульд нийцэж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, Ц.Л, Ц.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ц.Л, Зая боржигон овогт Цэрэнжамцын Цэндбазар, Боржигин овогт Цэрэнжамцын Сосорбурам нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц.С-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө овогт Ц.Л-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З овогт Ц.Ц-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Ц , Ц.Л нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Л, Ц.Ц нарын тус тус цагдан хоригдсон 105 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нар бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн 00403839 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Лд, 1005044 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.С-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-42 УНР Тoyota Prius-10 автомашиныг иргэний нэхэмжлэгч Ч.Энх-Эрдэнэд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1.166.666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг өрөөсөн ээмэг, омо угаалгын нунтаг 1 ширхэг, висо угаалгын нунтаг 1 ширхэг, нямка давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок /хүүхдийн угаалгын нунтаг/ 1 ширхэг, өд оо цаас 3 ширхэг, Peanuts нэртэй даршилсан самар 2 ширхэг, Jmpression /печень/ 2 ширхэг, жалам хар нэртэй лааз пиво /0,5 грамм/ 4 ширхэг, алфен голд шоколад 1 ширхэг, голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт шоколад 1 ширхэг зэргийг устгаж, ягаан өнгийн шар ултай эрэгтэй гутал 1 хосыг шүүгдэгч Ц.Лд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Л, Ц.Ц нарын тус бүр 5 адууг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, Ц.Л, Ц.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч , улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА