Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 112/шш2024/0033

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр                    Дугаар 112/ШШ2024/0033                 Есөнбулаг сум

 

 

 

  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Л.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхим д нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Б хоршоо

  Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч М.О /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзул,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 1.Нэхэмжлэгч нь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

 Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 2.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсаар Б хоршооны Х хүнсний дэлгүүрийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

 2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

 

 Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

 3.1. Нэхэмжлэгч Бхоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай хоршоо нь 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 оноос хойш Ххүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Ингээд Б хоршооны дарга нь Ч.Д гэх хүн байдаг бөгөөд 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсаар торгосон болохыг манай дэлгүүрийн худалдагч Н.С нь хоршоог төлөөлөх итгэмжлэх өгөөч торгуулсан асуудлаар шүүхэд хандах гэсэн юм гэх үед нь буюу 2024 оны 03-р сарын 20-ны өдөр мэдсэн байна. Түүнээс өмнө нь буюу зөрчлийн хэрэг бүртгэх үед хоршоог төлөөлөх эрх бүхий этгээдэд шийтгэл торгууль зөрчлийн талаар цагдаа, татварын байцаагчаас Шийтгэлийн хуудсын талаар мэдэгдээгүй, Бхоршооны зүгээс тус акцгүй архи согтууруулах ундааг худалдаж аваагүй, дэлгүүртээ нийлүүлээгүй байна. Тус дэлгүүрийн худалдагч Н.С нь хувьдаа авсан байсан гэх тайлбарыг өгч байгаа болно. Иймээс хоршоог торгож байгаа шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч Б хоршооны хууль ёсны төлөөлөгч Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б хоршоо нь Ххүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч, 2002 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Б хоршооны худалдагч Н.С хувийн архийг хоршооны нэрийг барьж нэхэмжлэх гаргаж байгааг хоршоонд торгууль ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгүүрийн худалдагч Н.Сг хувьдаа авсныг гэрчилж өгнө үү. Худалдагч Н.Сг виски хувьдаа авсан хоршоонд хамааралгүй байхад торгууль оногдуулж байгааг хүлээх боломжгүй байна. Энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ..сумд үйл ажиллагаа явуулдаг Б хоршооны эзэн Ч.Дгийн итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд татварын улсын байцаагчийн оногдуулсан актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Учир нь: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил хэн үйлдсэн, зөрчил оногдуулсан хувь хүн, хуулийн этгээд хэн болохыг тогтоож чадалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Тухайн ажиллагаа явагдахдаа хууль зөрчсөн, нотлох баримтуудыг бүрдүүлсэн байдаг. Нотлох баримт хууль ёсны дагуу бүрдэж байж, хууль ёсны шийдвэрийн үндэслэл болохоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Холбогдогч хэн болох, иргэн хуулийн этгээд мөн гэж үзэж байгаа бол холбогдох төлөөлөх эрх бүхий хүнд нь эрх үүргийг ямар нэгэн байдлаар танилцуулж тухайн үйл ажиллагаатай холбоотой тайлбарыг авсан юм байхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдчихдаг. Д гэдэг хүн хэзээ энэ асуудлыг мэдсэн бэ гэхээр С Хоршооны хэрэг дээр надад итгэмжлэл өгөөч ээ гэж Дтой уулзсан асуудлаар мэдсэн байдаг. Улмаар манай хоршоонд торгууль ногдуулсан юм байна гэдгийг С-гаас мэдсэнээрээ энэ ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулахаар хандсан байгаа.

 Ерөнхийдөө нотлох баримтуудаас харахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуусан хүмүүс гэхээр С байдаг. Холбогдогч болгоод байгаа С-г цагдаагийн эрх бүхий албан тушаалтан шалгахдаа гэрчээр асуусан байдаг. Холбогдогч нь хэн байсан бэ гэхээр Б байдаг. Татварын улсын байцаагчид харьяаллаар шилжсэний дараа С-г холбогдогч  болгодог. С-гаас тайлбар мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн. Тухайн этгээдэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхүүдийг энэ хэрэгт холбогдогчоор асууж байгаа хүмүүст ерөөсөө тайлбарлаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн эрх, үүргийг л тайлбарлаад байхаас Үндсэн хуулийг тайлбарлаагүй. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өнөөдөр бид нар яг энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд явагдсан нотлох баримтаар ямар нэгэн асуудал шийдээд явах юм бол магадгүй Быг, уул нь Б акцгүй архи зараад яваад байгаа хүн юм. Ядахдаа хувь хүнээр нь торголоо гэж бодъё тэгэхээр энд цугларсан баримтаар торгоё гэхэд л шалгасан, мэдүүлэг авсан ажиллагаа нь хууль зөрчөөд явсан. Мөн С-г торгоё гэхэд мөн л зөрчсөн. Ерөөсөө өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарладаггүй. Гэрчид ч, холбогдогчид ч тэр үндсэн хуульд заасан эрхийг нь заавал сануулж тайлбарлаж байж аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг тайлбарлалгүй явчихдаг.

  Мөн тухайн зөрчил гарсан он сарыг хүртэл цагдаагийн албан хаагч өөрөө шалгасан байдаг. Өөрөө зохиомлоор он сар гаргаж ирээд Бын мэдүүлгийг гэхэд л Быг хэзээ зөрчил гаргаад байгааг тогтоолгүй зохиомлоор хийгээд явчихсан. Энийг яаж мэдсэн бэ гэхээр шүүх дээр тухайн гэрчүүд ирээд холбогдогчоор яваад байгаа С нар ирээд мэдүүлэг авах ажиллагаа явагдахад юу тайлбарладаг вэ гэхээр урьд өдөр нь архи өгөөд маргааш орой нь хураагаад авч байгаагаар С тайлбарладаг. Гэтэл энийг цагдаагийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахдаа арван хэд хоногийн өмнө Б өгөөд тэрийг шалгаад яваад байгаа юм шигээр мэдүүлгийг авсан байдаг, тэр ажиллагааг ч тэгж тогтоосон байдаг. Мөн эдгээр хүмүүсийн эрхийг маш их зөрчсөн байдаг. Хоршоо гэдэг асуудлыг Д холбогдуулан хуулийн этгээд байсан юм уу, хувь хүн байсан юм уу гэдгийг шалгаагүй.

  Тус ажиллагаанд хуулийн этгээдтэй холбоотой нэг ширхэг ч баримт байгаагүй. Энэ шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлээс авч байж энэ ажиллагаа явагдсан. Улмаар нэхэмжлэл гаргахдаа бид нар холбогдох баримтаа гаргаж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа  хууль зөрчсөн шалгах ёстой зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй. Бхоршоонд холбогдох асуудал дээр С хэрвээ буруутай бол тэр ажиллагаа тусдаа шийдэгдэх асуудал болохоос биш Бхоршоонд С хамаатай юу хамаагүй юу гэдэг нь асуудал бол шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тодорхойлогдож гарч ирсэн болохоос биш энэ бол ямар нэгэн хамааралгүй. Өнөөдөр Д гэдэг хүн эд зүйлийг аваад худалдагчдаа хүлээлгэж өгөхдөө тийм зүйл хүлээлгээд өгчихсөн байсан бол магадгүй хуулийн этгээдийн буруу байх байсан. Гэтэл худалдагч дур мэдээд өөрөө өөрийнхөө ажиллуулж байгаа дэлгүүрт бараа аваад байгаа нь худалдагчид хамаатай болохоос хуулийн этгээдэд хамааралгүй. Хуулийн этгээд үйлдсэн юм гэж хийсвэр байдлаар дүгнэх нь үндэслэлгүй юм гэв.  

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зөрчил үйлдсэн үү гэдэг нь хангалттай нотлох баримтгүй зөрчлийн талаар мэдээллүүд анх цагдаагаар шалгагдаад М.О байцаагч зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тэгээд очоод гэрчээр асуусан мэдүүлэг дээр энэхүү 3 шил акцгүй архийг худалдан борлуулах зорилгоор дэлгүүрийн лангуун дээр байршуулсан үйл баримт мэдүүлгээр нотолсон байдаг. Энэ нөхцөлд бол хариуцлага зайлшгүй байх ёстой. Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд хариуцлага зайлшгүй хүлээлгэх ёстой. Гэтэл Бхоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн нь Д гэж хөдөө оршин суудаг хүн болж таарсан. С гэх этгээд нь бол яг энэ дэлгүүрийн лангууг тухайн Бхоршооны нэрийн өмнөөс үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг этгээд болж таарсан. Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох боломжгүй бол хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагаа бол байцаагчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхийн хүрээндээ шийднэ гэсэн үг. Тэгэхээр С-г холбогдогчоор тогтоож шийтгэл оногдуулсан байгаа. Энэ ажиллагаа бол Д гэх хүнийг тогтоох ёстой байсан ч гэсэн энэ ажиллагааг заавал зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт мэдээлэл цуглуулж шийдэх ёстой ажиллагаа байдаг. Тэгэхээр энэ ажиллагаан дээр шүүхийн шийдвэр дээр болохоор зөрчлүүд зайлшгүй байх ёстой. Зөрчилд нь хариуцлага хүлээлгэх зайлшгүй гээд хэрвээ энэ шүүхээс энэ процесс ажиллагааны алдааг алдаа гэж үзэх бол энэхүү холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох тогтоох ёстой асуудал бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар хэрэгжих ёстой эрх бүхий албан тушаалтан бид нарын хэрэгжүүлэх ёстой ажиллагаа байдаг. Тэгэхээр өмнө нь нэг хэрэг маань нэгтгэгдэж яваад буцаад анхан шатны шүүхээр тусгаарлагдаж ирсэн. Тэгэхээр хэрэгт давж заалдах гомдол дээр хүртэл хэрвээ энэ холбогдогчийг буруу тогтоосон байна гэж үзэж байгаа бол шүүхийн шинжлэн судлах боломжоос холбогдогч эрх бүхий байцаагчийн шийдвэрлэж тодруулах ёстой асуудал байна гэж үзээд үүнийг бол түдгэлзүүлж өгөөсэй гэж давж заалдах гомдлын агуулга бол иймэрхүү утгатай байсан. Тэгэхээр ийм хариу тайлбарыг өгч байгаа. Зөрчил нь гарцаагүй үйлдэгдсэн, тэрэнд нь хариуцлага зайлшгүй байх ёстой. Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх бол хуулийн этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий байцаагч бие даан тодруулах ажиллагаа хийх ёстой энэ ажиллагааг хийх боломж өгнө үү гэж шүүхээс хүсч байна.

 

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь эхлээд цагдаагийн байгууллага дээр эхэлсэн. Аливаа этгээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хүний эрхийг ноцтой зөрчих боломжтой байдаг болохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд дагаж мөрдөнө. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зарчимд шударга ёсны зарчимд тийм зарчим хуульчлагдаагүй. Гэрчээр анх мэдүүлэг өгч байхдаа С гэдэг хүн нь Б гэдэг хүн өвчтэй зовлонтой байсан. Надад хүн өгсөн 3 шил архийг худалдан борлуулаад өгөөч ээ яагаад гэхээр та тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллуулдаг гэсэн. Энэ саналыг хүлээн зөвшөөрөөд авсан гэдгийг ярьдаг. Тэгэхлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч худал мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг. Мөн энэ ажиллагаа яваад байцаагч дээр Б гэдэг хүнээс авсан мэдүүлэг дээр хүртэл татварын улсын байцаагчийн ажиллагаан дээр  холбогдогчоор буюу С гэх хүнээс авсан мэдүүлэг дээр энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ үйл баримт шүүх дээр яваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээд шүүхээс гэрчээр асуух мэдүүлэг дээр шал өөр болоод хувирсан. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зөрчлийн хэргийг нотлох ажиллагаа мэдүүлгийг үндэслэх ёстой бол тухайн зөрчил үйлдэгдсэн цаг хугацаатай хамт хамгийн ойр үйлдэгдсэн буюу авагдсан тэрхүү нотлох баримт нотолгооны чадвартай байна гэсэн тайлбарыг өгч байна. Яагаад гэхээр тухайн үйл баримттай ойр хүмүүсийн мэдүүлэг өгөхөд бодит үйл явдлыг санаж байгаа байдал нь хүртэл ойр түүнийг л шинжлэн судлах боломжтой, түүнийг л үнэлэх боломжтой гэв. 

 

  3.5. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Дэлгүүрийн худалдагч С гэдэг хүн дэлгүүрийн лангуун дээр акцгүй архи тавьсан байгаа нь дэлгүүрийн худалдагчийн буруу байна. Хоршоонд хамааралгүй гэж үзэж байна гэв.

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан маргаан бүхий актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

5. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О нэхэмжлэгч Б хоршоонд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, ... эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; ... бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

  6. Б хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аэс: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил хэн үйлдсэн, зөрчил оногдуулсан хувь хүн, хуулийн этгээд хэн болохыг тогтоож чадалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж,

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Бхоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн нь Д гэж хөдөө оршин суудаг хүн болж таарсан. С гэх этгээд нь энэ дэлгүүрийн лангууг тухайн Бхоршооны нэрийн өмнөөс үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг этгээд болж таарсан. Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох боломжгүй бол хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагаа нь байцаагчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхийн хүрээндээ шийднэ гэсэн үг. Тэгэхээр С-г холбогдогчоор тогтоож шийтгэл оногдуулсан байгаа гэж тус тус маргадаг.

  7. Зөрчлийн хэрэгт авагдсан гомдол мэдээллээс үзвэл 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн албан хаагч Говь-Алтай аймгийн ..сумын төвд байрлах Б хоршооны Хнэртэй хүнсний дэлгүүрээс онцгой албан татварын тэмдэггүй 3 шил согтууруулах ундаа хураан авсан болох нь мэдүүлэг болон илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

          8. Б хоршоо нь 2002  онд үүсгэн байгуулагдсан, 2006 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн, тус хоршооны захирал нь Ч-ийн Д гэж улсын  бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Иймээс Б хоршоог Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ч.Д байна. Харин Ххүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ..сумын иргэн Н.С эрхлэн явуулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

9. Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх” гэж зааснаар тус аймгийн Засаг даргаас Б хоршооны Хнэртэй хүнсний дэлгүүрт спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрлийг 2022 онд 2 жилийн хугацаагаар олгожээ.

Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…тэмдэггүй согтууруулах ундаа, …-г бэлтгэн нийлүүлэх, …худалдах, …”-ыг тус тус хориглосон байна.

Тодруулбал, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий этгээд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг хоригложээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл: “…Н.С гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Б гэх иргэнээс 3 шил онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан авч, түүнийгээ худалдан борлуулахаар дэлгүүрийнхээ лангуунд байршуулсан талаараа мэдүүлсэн байх ба энэ талаар маргаагүй байдаг.

10. Гомдол гаргагч Б хоршооны захирал Ч.Д Б хоршоо нь Ххүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч 2002 оноос өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна ...дэлгүүрийн худалдагч Н.С виски хувьдаа авсан нь хоршоонд хамааралгүй байхад торгууль оногдуулж байгааг хүлээх боломжгүй байна...” гэсэн тайлбарыг гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

Тодруулбал, хуулийн этгээдийг төлөөлөн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдах зөрчил үйлдсэн бол тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар байна.

Тухайн зөрчил Б хоршооны Ххүнсний дэлгүүрт үйлдэгдсэн талаар талууд маргадаггүй.

Ххүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэгч Н.С  Б хоршооны захиралтай байгуулсан ямар нэг гэрээ, хэлцэл байхгүй, тус хоршоонд гишүүнчлэлгүй болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул Б хоршооны ашиг сонирхлын төлөө тухайн зөрчлийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-ийн 1.4-т "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг”, хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б хоршоо, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Дг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор тогтоогоогүй, татварын улсын байцаагч нь Бхоршоог онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдсан гэх зөрчлийг үйлдсэн болохыг  эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримт  цуглуулалгүйгээр 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно. гэж заасанд нийцээгүй байна.

12. Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар байгууллага, албан тушаалтнаас шилжүүлэн ирүүлсэн зөрчлийн тухай гомдол мэдээллийг 6 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй.  Хариуцагч татварын улсын байцаагч Б хоршооны Ххүнсний дэлгүүрт 3 шил онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдахаар лангуунд байршуулсан байсан гэх зөрчилд холбогдогчийг тогтоож чадаагүй, Б хоршооны захирал Ч.Дгоос зөрчилтэй холбогдуулан мэдүүлэг аваагүй атлаа хоршоонд торгууль оногдуулсан, дэлгүүрийн эрхлэгч гэх Н.С уг зөрчилд хэрхэн хамаарах талаар нотлох баримт цуглуулаагүйн улмаас түүний шийдвэр Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэсэнд нийцэхгүй байна. Тодруулбал: Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.5-т “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7-т “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.9-т “зөрчлийн хэрэгтэй танилцах” зэрэг холбогдогчийн эрхийг зөрчсөн байна.

Үүнээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчилд холбогдогч Б хоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ч.Дг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр Б хоршоонд шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Ххүнсний дэлгүүрийн худалдагч Н.С нь онцгой албан татварын тэмдэггүй 3 шил архийг иргэн Б.Боос авч худалдан борлуулахаар лангуун дээр байршуулсан гэх энэ тохиолдолд холбогдогчийг зөв тодорхойлж, шийтгэл оногдуулах эрх нь эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд татварын улсын байцаагчаас зөрчилд холбогдогчийг зөв тогтоогоогүй энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актын биелэлтийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5-д зааснаар иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзул “Дэлгүүрийн худалдагч дур мэдэн дэлгүүрийн лангуун дээр акцгүй архи худалдаалсан нь зөрчил үүсэх шалтгаан болсон байна. /Дэлгүүрийн худалдагч зөрчилтэй гэж үзэж байна./” гэсэн дүгнэлт гаргасан болно.

14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж шүүхээс үзлээ.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж зааснаар Говь-Алтай аймгийн Татварын газраас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаар шийтгэлийн хуудсыг татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОЮУНСҮРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.АМАРЗАЯА

                               ШҮҮГЧ                                                     Л.ТУНГАЛАГ