Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 112/ШШ2024/0034

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Л.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Д б  ХХК, хууль ёсны төлөөлөгч Ц.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

   Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Д Б ХХК -ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч М.О /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж /цахимаар/, иргэдийн төлөөлөгч  Б.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

   1.Нэхэмжлэгч  нь Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

 

  Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

  2.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д Б”ХХК-ийн Бхүнсний дэлгүүрийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

  2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

  3.1.Нэхэмжлэгч ”Д Б”ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Говь-Алтай аймгийн Ч сумд үйл ажиллагаа явуулж байгаа Д бХХК-ийн Б8 нэрийн дэлгүүрт 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 0043843 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24-р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10,000.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн Шийтгэлийн хуудсыг 2023 оны 03-р сарын 06-ны өдөр хүлээн аваад гомдол гаргаж байна.

Учир нь иргэн Ц.Ч миний бие нь 2024 оны 01-р сарын 28-ны өдөр Б гэдэг хүн ирж уулзаад эмчилгээндээ хэрэглэх гэсэн юм аа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь цагаан сараар гэртээ ашиглачихъя гээд 3 шил виски авсан байсан. Аваад лангуун дороо тавьчихсан байсныг манай худалдагч эгч лангуун дээр тавьчихсан байсан гэтэл 29-ний орой цагдаа орж ирээд аваад гараад явсан.

Манай дэлгүүр тухайн вискиг борлуулаагүй худалдаагүй учир тухайн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  ”Д Б”ХХК-ийн захирал Ц.Ч байдаг. Ц.Ч нь тухайн зөрчил гарсан гэх цаг хугацаанд Улаанбаатар хот руу явж байгаад сумдаа ирээд Улаанбаатараас авч ирсэн бараануудаа хүмүүст хөдөөгийн малчдад тарааж байсан юм байна. Тэгээд бараагаа тарааж байх хугацаатай давхцаад Б гэж хүн виски авч ирж өгдөг. Наадхыг чинь авахгүй би тийм юм авмааргүй байна гэхэд нөхөр нь цагаан сардаа хэрэглэчихье, ядарсан, өвчин зовлонтой хүн байна гэж хэлээд гурван шил виски авсан. Нөгөө вискиг нь аваад нөхөр нь цаад талдаа хайрцагт хийгээд тавьчихсан байсныг тухайн үед худалдагчаар ажиллаж байсан хүн нь орой дэлгүүрээсээ буугаад явахдаа бараагаа дүүргэж өрөхдөө лангуун дээр нь өрчихсөн.

 

Тэрнээс хойш ямар ч үйлчилгээ явагдаагүй байж байсан чинь цагдаа орж ирээд хураагаад аваад явчихсан. Тэгээд нөгөөдхийг нь манайд ийм архи дарс байхгүй гэдэг асуудал яригдсан чинь нөгөө нөхрийнх нь худалдаж аваад цагаан сардаа хэрэглье гэсэн архийг худалдагч нь өрчихсөн байсныг анзааралгүйгээр ингээд хураасан ийм процесс болсон байдаг. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа яаж явагдсан бэ гэхээр Ц.Ч гэж хүнээс огт мэдүүлэг аваагүй. Тухайн үед зөрчил шалгагдаж байсан С гэж хүний мэдүүлгийг үг үсгийн зөрөөгүй хуулсан тийм мэдүүлгийг Б буюу тухайн вискиг худалдан борлуулсан хүнээр өгч явуулаад Ц.Чээр гарын үсэг зуруулчихсан байдаг. Тэрэн дээр нь яасан бэ гэхээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б тухайн процесс ийм ийм юм болсон гэдгээ мэдүүлсэн байдаг.

 

 Тэр мэдүүлгүүд болоод Бын мэдүүлгийг уншаад үзэхээр тухайн процесс нь 29-нд болоод зөрчил үйлдэгдээд байхад 17-нд гарсан юм шигээр Боос мэдүүлэг авдаг, Ц.Чээс мэдүүлэг авдаг ийм ажиллагааг хийчихсэн тохиолдлууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар мөн харагддаг. Быг холбогдогчоор, Ц.Чээс гэрчээр мэдүүлэг авснаар мөн энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Татварын байцаагч руу шилжсэн ийм процесс болсон. Татварын байцаагч хэрэг бүрдүүлэлтийн ажиллагаа буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар нотлох ажиллагааг явуулахдаа мөн Ц.Чээс нэг асуулт байдлаар ерөнхийдөө тодорхой байдлаар асуугаад явчихсан. Дэлгэрүүлж болсон процесс ямар болсон талаар шалгалгүйгээр ажиллагаа явагдсан байсан. Иймээс шүүх дээр гэрчүүдийг дуудуулж асуулгасан байдаг. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд хууль ёсны дагуу цугларсан нотлох баримт нь шийдвэрийн үндэслэл болохоор заасан байдаг. Иймд тухайн шийдвэрийн үндэслэл нь хууль ёсны дагуу цугларсан нотлох баримт бол байхгүй байна гэж харж байгаа. Ганц нотлох баримт нь юу байсан гэхээр татварын улсын байцаагч Ц.Чийн дэлгүүрт нь ирээд камерын бичлэгийг хуулбарлаж авч явсан. Тэр нь хэдний өдөр цагдаа ирж хуулбарлаж аваад байгаа юм, хэдний өдөр яаж өрсөн гэдэг энэ асуудлууд тэндээс маш тодорхой харагдахаар байсан. Энэ бичлэг чинь устах гээд байна  ирээд аваач гэсэн аваад явсан байдаг.

 

 Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн бичлэг хавсаргагдаагүй байхгүй ийм тохиолдол болчхоод байгаа. Гэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд л тухайн бичлэгийг хуулбарлаж авлаа гэдэг байдлаар тэмдэглэл хөтлөгдсөн боловч тухайн Ц.Чийн яриад байгаа зүйлийг нотлох ийм баримтгүй болчихсон ийм тохиолдлууд болчхоод байгаа. Ийм учраас хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтаар шийдвэр гаргах байтал санаатай борлуулсан үйлдэл болоод байгаа юм уу үнэхээр ийм санаандгүй ийм тохиолдлууд болчхоод байгаа юм уу гэдэг энэ асуудлыг нарийвчилж шалгаж тогтоож мөн чадаагүй. Үүн дээр М мөн хэлдэг би буруу зүйлийг нь өрчихсөн байсан юм байна гэдгээ өөрөө мөн илэрхийлээд явчихсан ийм тохиолдлууд байгаа. Магадгүй худалдагчид байж уу, үнэхээр Ц.Ч буюу компанийн буруу байна уу, үгүй юу гэдэг дээр бас дүгнэлтийг үндэслэлтэй хийж өгөөч гэсэн ийм байр суурьтай байна. Хариуцагч талаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар авсан Бын мэдүүлэг, Чулуунцэцэгийн мэдүүлгүүд хууль ёсны дагуу авагдсан гэж тайлбарлаад байх шиг байна. Ц.Чийн мэдүүлгийг Б авч очоод гарын үсэг зуруулчихсан ийм тохиолдол болж байгаа. Тэгэхээр Бын мэдүүлэг чинь өөрөө үндэслэлтэй шүү дээ гээд тэгэхээр гэрчээр өгч байгаа хүний мэдүүлэг нэг өөр, эрх үүрэг нь ч өөр, болсон асуудлын талаар үнэн зөв ярих үүрэг нь өөрөө гэрчид байдаг холбогдогчид байдаггүй. Тэгэхээр энэ хүн тэнд юу ярьсан байх вэ тэр үнэхээр бодитой байж уу үгүй юу гэдэг асуудал нь өөрөө эргэлзээтэй ийм дүгнэлт болчхож байгаа.

 

 Бын тухайд шүүхэд ирээд өгсөн мэдүүлэг маш дэлгэрэнгүйгээр ярьсан тэр нэг архи хурааж аваад өрсөн өрөөгүй гэдэг асуудлуудыг ерөөсөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгадаггүй. Зөвхөн тэр лангуун дээрээс авсан аваачиж өгсөн би авсан гэдэг асуудлыг л яриад байдаг болохоос энэ нөхцөл байдлын бодит шалтгааныг ерөөсөө тогтоогоогүй. Ер нь бол зөрчил яг хэн үйлдээд байгаа юм бэ ямар учраас үйлдэгдээд байгаа юм бэ гэдэг асуудлыг шалгаж тогтоогоогүй. Үнэхээр архи борлуулах зарах зорилготой байсан юм уу үгүй юу гэдгийг энэ дээр шалгаж тогтоосон зүйл юу ч байдаггүй. Ц.Чээс холбогдогчоор мэдүүлгийг бол татварын улсын байцаагч авсан. Тэр авсан тэмдэглэл хууль зөрчсөн гэдгийг тайлбартаа хэлсэн байж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө заавал хууль ёсны дагуу нотлох баримтуудаа цуглуулах ёстой. Тэгж цуглуулсан нотлох баримт нь өөрөө шийдвэрийн үндэслэл болно гээд 4.15-д маш тодорхой заагаад өгчихсөн. Хууль зөрчөөд цуглуулчихсан нотлох баримт чинь өөрөө шийдвэрийн үндэслэл болохгүй байхаар хуульчилсан. Үнэхээр хэргийн бодит байдлыг тогтооё гэвэл Ц.Чийн нөхрийг нь асуух боломжтой байна. Бын тэр Улаанбаатар хотод хэзээ ер нь эмчилгээнд яваад хэзээ ирсэн байдаг юм үнэхээр энэ 01 сарын 15-н байж уу үгүй юу гэдэг.

 

Тэгэхээр камерын бичлэгийг би огт аваагүй гэж тайлбарлаад байна. Гэтэл камерын бичлэгт очоод үзлэг хийгээд байгаа тэмдэглэл дээр маш тодорхой байгаа юм 01 сарын 29-ний өдрөөс эхлэн бичсэн бичлэгүүд хяналтын камерт байна гээд  тэмдэглэл хөтлөөд авчихсан байж байгаа. Тэгээд Ц.Ч юу гэж тайлбарладаг вэ гэхээр манай камераас болсон үйл явдлыг энэ хүмүүс утсаараа бичээд аваад явсан. Тэр дээрээс бол бүх үйл ажиллагаа тодорхой байсан. Энэ үйл ажиллагаатай тэр камер бүрэн бүтэн байж байсан юм чинь Ц.Ч үнэн яриад байна уу худлаа яриад байна уу гэдэг асуудал тэндээс тодорхой байсан. Гэтэл энэ камерын бичлэг алга болсноороо нөгөө 01 сарын 17 гэдэг рүүгээ  зүтгэх гээд байна. Тэгэхээр энэ асуудлыг  яаж тогтоох вэ гэхээр Бын тэр эмчилгээнд байсан хоног, үнэхээр 01 сарын 15-ны үеэр Ц.Ч Ч сумд байсан юм уу, үгүй юу гэдэг асуудал 01 сарын 15-нд хэрвээ байсан бол Боос Ц.Чийг авсан юм гэж байгаа бол тэр үед Ц.Ч хэрвээ байхгүй байсан бол тэнд дахиад хэн байх байсан юм бэ гэдэг асуудал хүртэл эндээс урган гарахаар ийм асуудлууд байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар бол хэн нь зөрчлийг гаргаад байгаа юм бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3. Хариуцагч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Татварын газарт 2024 оны 01-р сарын 29-ний өдөр Цагдаагийн газраас 102 дугаартай зөрчлийн дугаартай Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх Д.БХХК /3257215/-тай холбоотой зөрчлийг харьяалалын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагааг явуулахад Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч М.О Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 0073343 дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 /арван мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон.

 

Зөрчил үйлдэгч Д бХХК /3257215/-ны захирал Ц.Ч нь Цагдаагийн газрын алба хаагч болон Татварын улсын байцаагчид мэдүүлсэн мэдүүлэгт, хурааж авсан Вlаск нэртэй 3 ширхэг виски зэргээр нотлогдож, өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөерч байгаагаа дурьдан, гарын үсгээ зурсан байдаг. Иймд нэхэмжлэгч Д бХХК-ны захирал Ц.Чт оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн Д бХХК-ны захирал Ц.Чийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн энэ тайпбарыг хүргүүлэв.

 

  3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ хэрэг нь цагдаа дээр явахдаа Быг холбогдогчоор асуусан мэдүүлэг авсан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэг байгаа. Мөн Ц.Чийг гэрчээр мэдүүлгээ авсан, холбогдогч гэж цагдаагаас тогтоосон Бын мэдүүлэг бол яг хууль журмын дагуу хийгдсэн мэдүүлэг, Ц.Чийн мэдүүлгийн хувьд гарын үсгийг зураарай гэж Боор дамжуулуулж оруулж өгсөн мэдүүлэг гэж байдаг. Тэгэхдээ бүх мэдүүлэг дээр Ц.Ч нь өөрөө бас гарын үсгээ зурсан байгаа.  Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу шийдвэрлэж байгаа татварын улсын байцаагч Ц.Ч нь өөрөө биечлэн хууль журмын дагуу мэдүүлэг өгчихсөн байдаг.

 

Тэгэхээр энэ мэдүүлгүүдээс харахад яг л өмнөх үйл баримт нь буюу Б нь гурван шил вискиг Ц.Чээр заруулах гэж лангуун дээр нь тавиулсан байдаг. Тавиулаад тэрнийг нь Ц.Ч хүлээж аваад өвчтэй зовлонтой юм гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд нэг ёсондоо сайн санааны үүднээс лангуун дээрээ байршуулсан гэдэг. Ийм мэдүүлгүүдийг эрх бүхий албан тушаалтанд өгсөн байдаг. Тэгээд энэ мэдүүлгээр зөрчлийг нотлох ажиллагааг явсан байдаг. Мэдүүлэг авах ажиллагааны гол зорилго нь зөрчлийн шинжийг тодорхойлох нөхцөл байдлыг тодорхойлох энэ эрх бүхий албан тушаалтны өөрийн бие дааж хэрэгжүүлдэг ажил байдаг. Нэг ёсондоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нотлох хүрээндээ хэрэгжүүлдэг ажил тэгэхээр энэ Ц.Чийн татварын улсын байцаагчид өгсөн буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг байдаг. Үүн дээр тухайн акцггүй вискиг лангуун дээр байршуулсан гэдэг асуудлыг хэлдэг. Сүүлд буюу 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүх дээр мэдүүлэг авсан.

 

М гэдэг хүнээс мөн мэдүүлэг авсан байдаг.  М гэдэг хүнийг урьдчилаад хэлэх юм бол энэ хүн бол анхны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт дурдагдаагүй. Гэтэл шинээр энэ хоёр хүнээс мэдүүлэг авахад Бын мэдүүлэг нь зөрж эхэлдэг. Нэг ёсондоо хоёр сарын дараа гэсэн үг шүү дээ. Ц.Ч гэдэг хүний нөхөрт нь би бэлнээр зарсан юм гэж өөрчлөгддөг. Мөн М гэдэг хүн нь архийг агуулахаас гаргаж тавьсан гэж байдаг. Гэтэл өмнөх анхан шатны шүүх хурал дээр бид нар агуулахаас гаргаж тавьсан, доор нь тавьчихсан байсан, лангуун дээр байршуулаагүй лангууны доор тавьсан байсан, сүүлдээ шилэн хоргон дотор байршуулсан, шилэн хоргонд нь юу байдаг юм бэ гэхээр үнэтэй архинуудыг зардаг тийм шилэн хоргон дээр байршуулсан байсан гэдгийг бол цагдаагийн албан хаагчаас бас гэрчийн мэдүүлэг шүүх хурал дээр авч тогтоогддог.

 

Тэгэхээр энэ архийг Ц.Ч гэдэг хүн Бын саналыг хүлээн зөвшөөрөөд худалдан борлуулах зорилгоор лангуун дээр байршуулсан үйлдэл бол өөрсдөө мэдүүлэгтээ дурдсан байдаг. Гэтэл энэ мэдүүлэг нь яваандаа шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яваад эхлэхээр холбогдогч, холбогдох гэрчүүдийн мэдүүлэг нь зөрөөд эхэлдэг. Энэ ойлгомжгүй байдал яг юунаас үүдэлтэй вэ гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр анхны буюу яг л зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу энэ зөрчлийг нотлох ажиллагааны хүрээнд өгч байсан талуудын нотлох баримтыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтаар үнэлэх хэрэгтэй гэдэг саналтай байгаа юм. Шийтгэлийн хуудас буюу энэ нотлох ажиллагааг байцаагч чиг үүргийнхээ дагуу хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч баталгаажуулсан. Үүн дээр Ц.Ч өөрөө гарын үсгээ зурсан байдаг.

 

Тэгэхээр энэхүү шийтгэлийн хуудас нь хууль журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бол явагдсан гэдэг байр суурийг бол хамгаалж байгаа юм гэв. 01 сарын 17-нд гэдэг зөрчлийг яг биччихсэн байгаа үйлдэл болохоор тэрийг алдаа юм шиг санагдаад байгаа юм. Гарын үсэг зуруулаагүй гээд маргаад байдаг. Эрүүгийн үйл баримт гэсэн тэр тэмдэглэл дээр бол гарын үсэг нь зурчихсан байгаа бол шүүх шинжлэн судалсан байгаа. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах ажиллагаа хийсэн л гэдэг байна байцаагчаас өөрийнх нь эсрэг та зөрчлөөгүй үлдсэн байна гэдэг нэг ч шаардсан байхгүй шаардсан хууль бус үйлдэл байхгүй. Ийм хэрэг хийчихсэн байна гэж хүчээр тулгаагүй энэ мэдүүлэг хууль ёсны дагуу авагдсан мэдүүлэг ч өөрийнхөө мэдэж байгаа. Хэргийн талаар бодит нөхцөл байдлыг мэдүүлсэн. Тэгэхээр энэ мэдүүлгийг хууль бус гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Камерын бичлэг байгаад байна 29-ний өдөр тэр лангуун дээр нь камерын бичлэгт архи байсан уу үгүй юу тэр нэг камерын бичлэг л нотлох ёстой гэдэг. Тухайн үед байцаагч бол ердийн түвшинд хууль хэрэглээгээ биелүүлээд нэг ёсондоо хууль хэрэглээгээ хэрэгжүүлээд урьдчилан шалгах шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа юм. Тэгэхээр  камерын бичлэгээ нотлох ёстой байсан юм бол цагдаа хаанаас гурван шил актгүй архийг Бгэх дэлгүүрээс хурааж авсан юм бэ гэдэг асуудал гарна.

 

3.5. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Чулуунцэцэг хохирсон. Лангуун дээр байршуулсан. Зөрчил гаргасан хугацаа тодорхой. Шийтгэлийн хуудас хүчингүй болгох гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.О нэхэмжлэгч “Д Б”ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, ... эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; ... бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

6. “Д Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Зөрчил үйлдэгдсэн, гэхдээ зөрчлийг үйлдсэн этгээдийн талаар бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, Д бХХК-ийг архи худалдан борлуулах зорилготой байсан уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоосон зүйл байдаггүй...” гэж,  хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... бүх мэдүүлэг дээр Ц.Ч өөрөө гарын үсгээ зурсан байгаа, цагдаагийн ажилтан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу явуулсан татварын улсын байцаагч нарт Ц.Ч нь өөрөө биечлэн хууль журмын дагуу мэдүүлэг өгсөн бөгөөд энэ мэдүүлгүүдээс харахад яг л өмнөх үйл баримт буюу “Боос гурван шил вискиг Ц.Ч өөрөө худалдан авсань” гэж  тус тус маргадаг.

7. Зөрчлийн хэрэгт авагдсан гомдол мэдээллээс үзвэл 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Ч сумын төвд байрлах “Д Б”ХХК-ийн Баян Алтай хүнсний дэлгүүрээс онцгой албан татварын тэмдэггүй 3 шил согтууруулах ундаа хураан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

8. “Д Б”ХХК нь 2022 оны 05 сард үүсгэн байгуулагдсан байх ба “Хүнсний дэлгүүр”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийн захирлаар Цийн Чийг томилсон гэж улсын  бүртгэлийн гэрчилгээнд тусгасан тул Ц.Ч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар “Д Б”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

9. Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх гэж зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн “Б А” нэртэй хүнсний дэлгүүрт спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрлийг 2022 онд 2 жилийн хугацаагаар олгосон байна.

Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…тэмдэггүй согтууруулах ундаа, …-г бэлтгэн нийлүүлэх, …худалдах, …”-ыг тус тус хориглосон байна.

Тодруулбал, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий этгээд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг хоригложээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн материалд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан холбогдогч Ц.Чээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...асуулт: “Баян-Алтай” хүнсний дэлгүүр нь иргэнээр явдаг уу эсвэл аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдээр явдаг уу? хариулт: ААН-ээр явдаг, асуулт: Та архины зөвшөөрөлтэй байж акцгүй архи яагаад лангуун дээр байрлуулсан юм бэ? хариулт: хорт хавдар туссан Б.Б гэдэг иргэн эгч 3 шил виски мөнгө болгоод өгөөч гэхээр нь авсан, аваад виски тавьдаг лангуунд тавиад хэд хонож байтал сумын цагдаа хурааж авсан ...вискиний лангуунаас хураалгасан, ...тухайн өдөр би өөрөө зогсож байсан” гэж мэдүүлсэн байна. Шүүхээс Говь-Алтай аймгийн Ч сумын иргэн Нарангийн Мыг гэрчээр асуухад тэрээр: Тэр 3 вискиг авгай, нөхөр 2 өөрсдөө авсан, ....би хөдөө гэрлүүгээ явах гэж яараад 3 вискиг барааны лангуунд өрж тавьсан, ... Би тэр вискиг зараагүй” гэж мэдүүлдэг. Үүнээс дүгнэвэл 3 шил виски худалдан борлуулах барааны лангуунд байсан болох нь тогтоогддог.

Мөн нэхэмжлэгчээс “...уг худалдан борлуулахаар тавьсан 3 шил согтууруулах ундааг акцгүй гэж мэдээгүй...”, гэрч Н.Маас “...Чулуунцэцэг тэр вискиг яах гэж лангуунд тавьсан юм гэж надад уурласан...” гэж мэдүүлж байх боловч энэ нь түүний зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааг тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр чөлөөтэй эрхлэх эрхтэй.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “... “Д Б”ХХК-ийн захирал Ц.Ч хэсгийн төлөөлөгч Т.П-т мэдүүлэг өгөөгүй. 2 сард ирж мэдүүлэг өг гэхээр нь мэдүүлэг өгч чадахгүй гэж хэлсэн. Б.Б гэж хүн Чийг гарын үсэг зураад өг гэхээр нь гүйлгэж харсан. Тэгээд зөвлөсөн хэсэгт гарын үсэг зураад өгсөн. Чийн регистрийн дугаарыг буруу бичсэн байхаар нь засаад гарын үсгээ зураад явуулсан. Чийг гэрчээр асуусан. Иймээс анхнаасаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буруу явагдсан” гэж маргадаг. Гэвч цагдаагийн албан хаагчийн үйлдлийн талаар дээд шатны албан хаагчид эсхүл прокурорт гомдол гаргах боломжтой байсан байна.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар зөрчилд холбогдогч тухайн үед прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байна.

Иймээс татварын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар байгууллага, албан тушаалтнаас шилжүүлэн ирүүлсэн зөрчлийн тухай гомдол мэдээллийг 6 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...Хариуцагч М.О Н.Э-той хамт 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Д Б”ХХК-ийн “Б А” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн. Энд хэн вискиг өрсөн, хэн хэн орж ирсэн нь тодорхой байсан. Өөрөө бичлэг дээрээс I phone 8 утсаараа хуулж аваад явсан. Бичлэгийг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй” гэж маргасан.

Хариуцагч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Д Б”ХХК-ийн “Б А” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийж “…I phone 8 утсаар камерын бичлэгийг хуулж авсан” гэж үзлэгийн тэмдэглэлд бичсэн байх боловч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Хугацаа алдаж ирсэн учраас камерын бичлэг авахаар очсон боловч устсан, үзэх боломжгүй байсан. Наана чинь яагаад тэгж орсон талаар мэдэхгүй байна” гэж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шүүх хуралдаанд “1 сар орчмын дараа очсон учир бичлэг байгаагүй” гэж тус тус тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэгчийн камерын бичлэгийг зохих ёсоор бэхжүүлэн авч хэрэгт хавсаргаж чадаагүй байх боловч зөвхөн энэ үндэслэлээр зөрчлийн хэргийг үгүйсгэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч компанийн дэлгүүрийн лангуунд онцгой албан татварын тэмдэггүй 3 шил вискиг худалдан борлуулахаар байршуулсан нь хэрэгт авагдсан баримт /3 шил вискиг хураан авсан тэмдэглэл, холбогдогч болон гэрчүүдийн мэдүүлэг/-уудаар нэгэнт тогтоогдсон байна.

12. Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чийг холбогдогчоор асуухдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх, үүргийг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсанаас гадна “Танд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу, Та өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү” гэхэд “Татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэсэн болох нь холбогдогчоос авсан дээрх мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагчийн энэ үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл 4-т “Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Хариуцагчийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл 3 хуудастай, эхний хуудсад холбогдогчийн мэдээлэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх, үүргийг хуулийн 2.9 дэх заалтаар дуусгаж, хоёрдугаар хуудас мөн зүйлийн 2.10 дахь заалтаар эхэлж, энэ хуудасны дунд хэсэгт болон гуравдугаар хуудасны эцэст Ц.Ч тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар холбогдогч өөрийн, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй байна.

Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнМ.Оийн авсан мэдүүлэг нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиа зөрччихсөн, эрх үүргийг нь тайлбарлаагүй, мэдүүлгийн хуудас болгон дээр гарын үсэг зуруулаагүй, холбогдогчоос мэдүүлэг авахдаа урьдчилж эрх, үүргийг нь тайлбарлалгүйгээр ерөнхийд нь асуугаад л явчихсан. Өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч зөрчил шалган шийдвэрлэхдээ холбогдогчийн эрхийг зөрчсөн, баримтаа зохих ёсоор бэхжүүлээгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч онцгой албан татварын тэмдэггүй 3 шил согтууруулах ундааг дэлгүүрийн лангуунаас хураалгасан, өөрөө дэлгүүртээ худалдаагаа гардан эрхэлж байсан талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл, үйлдэгдсэн зөрчлийн талаар маргаагүй, харин зөрчил шалгах процесс ажиллагаа зөрчилтэй байсан гэх агуулгаар маргасан.

Ц.Ч нь “Д Б”ХХК-ийн үйл ажиллагааг гардан эрхэлдэг, тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зааснаар шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1-д “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж: 1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан;” гэж заасан байна. Энэхүү 11.24 дүгээр зүйл нь “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих” гэсэн байх тул энэ нь тус хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон зохицуулалт гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж энэ хуулийн шударга ёсны зарчимд заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэж үзвэл, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий “Д Б”ХХК нь хуулийн илт тодорхой хориглосон заалтыг зөрчсөн байна.   

         14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5-д зааснаар иргэдийн төлөөлөгч Б.Сарангэрэл Лангуун дээр байршуулсан зөрчил гаргасан хугацаа тодорхойгүй, камерийн бичлэг хавсаргаагүй  гэсэн дүгнэлт гаргасан болно.

15. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх 4 үндэслэлийг тоочин заасан байх бөгөөд энэ үндэслэлүүд нэхэмжлэгч компанид хамаарахгүй байна. Түүнчлэн энэ хуулийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг заасан бөгөөд уг зүйлийн 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.  

16. Иймд “Д Б”ХХК-иас Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.От холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “Д Б”ХХК-иас Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.От холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын  27-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.ОЮУНСҮРЭН

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.АМАРЗАЯА

                                           ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ