Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/635

 

 

 

 

 

 

   2023            6              22                                       2023/ДШМ/635

 

Ө.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Р.Булган,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч С.Уламбаяр, Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Т-д холбогдох эрүүгийн 2205005462508 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ...............-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... төрсөн, .. настай, э..эгтэй, .......... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .....-ийн хамт ... аймгийн .. сумын .. дугаар баг, . дугаар байрны .. тоотод оршин бүртгэлтэй боловч .. дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД: ............/;

Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Шүүгдэгч Ө.Т нь ажлын зарын дагуу “А А” гэх фэйсбүүк хаягаас хохирогч Д.Д-ын “dashnyam dugersuren” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад Түмэндэлгэрийн Сайнаа гэх Хаан банкны 5302883146 дугаар дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг, мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 06 минутад С-ийн Б гэх Хаан банкны 5302883146 дугаар дансаар 309 утгаар 550.000 төгрөгийг тус тус покерын данс цэнэглүүлэн шаардан авч, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Т-ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ө.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ө.Т-ын хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг А31 загварын гар утас хураагдан ирсэн, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг А31 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч Ө.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч С.Уламбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дүгээр зүйлд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” ... “нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”... гэж заасан байхад шүүгдэгч Ө.Т-ыг “...ажлын зарын дагуу “А А” гэх фэйсбүүк хаягаас хохирогч Д.Д-ын “dashnyam dugersuren” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж сүрдүүлсэн гэснийг ямар нотлох баримтыг үндэслэн гэм буруутайд тооцоод байгаа нь эргэлзээтэй байна. “А А” гэх фэйсбүүк хаягаас хохирогч Д.Д-ын “dashnyam dugersuren” гэх фэйсбүүк хаяг руу ямар хүн чаталсан гэдгийг нотлож тогтоогоогүй, гэрч Ц.Х-ийн мэдүүлэгт... “А А” гэх фэйсбүүк хаягнаас миний зургийг ашиглан бусдаас 300.000 төгрөг заналхийлэн авсан талаар нэгэн танихгүй эрэгтэй хүнээс 2022 оны 01 дүгээр сард чат ирж байсан удаатай гэсэн мэдүүлэг /хх 110-112/,

сэжигтэн Б.Г-ын “...“А А” гэх фэйсбүүк хаягийг мэдэхгүй байна, нэр зургаа сольсон юм шиг байна, гэхдээ энэ чат дээр бичигдсэн зүйлс нь миний Дорнод аймгийн найз Н-тэй чаталж байсан чат мөн байна. Жишээ нь: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр чаталсан чат нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай найз Өлзийбат нас барсаны дараа Н-тэй чаталсан чат мөн байна. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Мөнхчулуун, Дэлгэрбат гэх найзтайгаа гэртээ байхад Нямгүн орой 18 цагийн үед мөнгө асуусан, тэгэхээр нь би алгаа гэж хариу бичиж байсан. Тэгээд миний бичсэн чат хадаглагдаж үлдээд Н-ийн чат устсан гэж гарч ирээд байна, энэ үеэс хойш Н-тэй харьцаагүй...” гэх мэдүүлэг /хх 144-146/.

шүүгдэгч Ө.Т Н-ээс авсан хаягаа “Chuka Tserendorj” гэж сольсон, 2021 оны 5 дугаар сараас огт ашиглахгүй блоклогдсон. Харин “А А” гэх фэйсбүүк хаягаар огт чат бичээгүй, би уг хаягийг мэдэхгүй, анх мөрдөгч Д.Бат-Орших уг фэйсбүүкийн зургийг харуулахад манай ангийн Хэрлэнчимэгийн зураг байна гэж хэлж байсан. Тэгээд кодоо хийгээд орох гэхэд орж болохгүй байсан, яагаад болохгүй байсан гэхээр Н-ээс авсан фэйсбүүк хаяг биш байсан орж чадаагүй, нэг фэйсбүүкийг хэд хэдэн хүн зэрэг давхар ашиглах боломжтой байдаг. Тэгтэл “А А” гэх фэйсбүүк хаягаар гэрч Н, сэжигтэн Гандуулга нар нэвтэрч орсон нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад хэн гэдэг хүн хохирогч Д.Д руу чат бичсэн, чатыг ямар үүрэн холбооны ID дугаартай төхөөрөмжөөс бичсэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү мөрдөгчийн даалгавар явуулж бүрэн тогтоох боломжтой байхад тогтоогоогүй.

2. Хохирогч Д.Д-ын данснаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 06 минутад С-ийн Б-ийн Хаан банкны 5302883146 дугаартай дансаар 309 утгаар 550.000 төгрөгийг хэн авсаныг шалгаж тогтоогоогүй, 5411055855 данстай С-ийн О, 5302883146 дугаартай С-ийн Б-ийн гэх хүмүүсийг олж мэдүүлэг авч шалгаагүй, 309 дугаар тоглогчийг олж шалгаж мэдүүлэг авааагүй. Хохирогч Д.Д-ын мэдүүлэгт “Айпони 8 маркийн утас авмаар байна, мөнгө шилжүүл гээд 5909205401 дугаарын данс /Ж.О/ өгөөд гүйлгээний утга 2325 гэж бичээрэй гэхээр шилжүүлээгүйн улмаас над руу байнга сүрдүүлж, шантаачилсан чат бичих болсон. ...” гэх мэдүүлэгт дурдагдсан 1324, 2325 дугаартай тоглогч нарыг олж шалгаж мэдүүлэг аваагүй, шүүгдэгч Ө.Т-ыг 550.000 төгрөгийг авсан мэтээр яллагдагчаар татсан тогтоолд дурдан шалгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Энэ хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хяналтын прокурор Г.Намжилд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3. Гэрч Т-ийн С-ийн мэдүүлэгт “...Би 5302196211 дугаартай дансыг мэдэхгүй байна. Надад 5111102332 дугаарын данс байсныг Э гэж цуг цэргийн алба хаасан хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. /хх 95/. Энэ 5302196211 дугаартай данс нь Т-ийн С-гийн өөрийнх нь данс байхад энэ дансыг мэдэхгүй гэж мэдүүлсэн тодруулж дахин байцаалт аваагүй, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад Т-ийн С гэх Хаан банкны 5302883146 дугаартай дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр  сарын 17-ны шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг авсан гэж дансыг буруу бичсэн мөн шүүхийн шийтгэх тогтоолд энэ алдаагаа засаагүй.

4. Шүүгдэгч Ө.Т-ыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой сулласан нь 24 цагаас илүү хугацаагаар баривчилсан байхад шийтгэх тогтоолд 1 хоног гэх буруу тооцсон байгаа тул цагдан хоригдсон хугацааг нэмэх.

5. Хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцлийг эргэлзээгүй нотлох ёстой байтал эргэлзээгүйгээр тогтоосон нотлох баримт хангалтгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн болох, тэрээр ямар сэдэлт, зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн болохыг эргэлзээгүй тогтоох, гэмт үйлдийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлээгүй гэж үзэж байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “гэм буруугүйд тооцох, Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг харгалзан үзнэ үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч Р.Булган гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв гэсэн байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянаи шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай гэж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн гэх, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тоггоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв гэсэн дүгнэлтийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутагд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог билээ.

Ө.Т-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны эхний үеэс л эхлэн дуусан дуустал мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин зөвхөн Ө.Т-ыг буруутгах зорилгоор түүний эсрэг бүхий л нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлх баримтуудаар нотлогдоно. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан Дуудан ирүүлэх журмыг зөрчин хэргийн холбогдогч Ө.Т-ыг гэрээс нь шөнийн цагаар цагдаагаар дайлган сүрдүүлж, цагдаагийн газар авчран мөн хуулийн 24.4 дүгээр зүйлийг зөрчиж 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 32 минутаас эхлэн Ө.Т, Т.Н нараас хууль бусаар мэдүүлэг авсан /хх 83-87, 90-91, 106/ эд зүйлийг нь хууль бусаар хураан авсан /ямар ч баримтгүйгээр/, үзлэг хийсэн /хх 63-64/, мөн хууль бусаар баривчилсан /хх 121-132/ байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх мөрдөн шалгах хууль бус ажиллагааг хэргийн холбогдогч болон гэрчид дарамт шахалт үзүүлж, хүнлэг бус харьцаж яллах талын нотлох баримтыг бүрдүүлж байгаа, хүний халдашгүй байх эрхийг бүдүүлгээр зөрчсөн, эрүүдэн шүүж байгаа хэлбэр гэж үзэж байна.

Түүнчлэн дээрх хууль бус үйл ажиллагаагаа хууль ёсны болгох гэж тухайн хэргийн хяналтын прокурорт 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн огноотой “Мөрдөгчийн санал”-ыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 10 минутад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэснийг зөрчиж ирүүлсэн байхад хяналтын прокурор Г.Намжил нь хууль бус мөрдөн шалгах ажиллагааг “хүчинтэй”-д тооцож илтэд хууль бус шийдвэр гаргасан байна. /хх 70-71/

Гэтэл дээрх хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримт болох гэрч Т.Н-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгээр Ө.Т-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. /хх 90-91/

Гэрч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсгөн мэдүүлэгтээ: “Т нь манай ангийн хүүхэд байгаа юм. Миний хувьд “Kherlenchimeg tserenkhorloo” гэсэн фэйсбүүкийг албан ёсоор ашигладаг байсан бөгөөд Т нь тухайн хаягтай маань фэйсбүүкээрээ найзууд байсан. ...яахав хааяа над руу фэйсбүүкээр чат бичиж байсан, ... “А А” нэртэй фэйсбүүк хаягнаас миний зургийг ашиглан бусдаас 300.000 төгрөг заналхийлж авсан талаар нэгэн танихгүй эрэгтэй хүнээс 2022 оны 01 дүгээр сард чат ирж байсан удаатай. Гэхдээ одоо тухайн залуугийн чатыг устгасан болохоор фэйсбүүк хаяг болон нэрийг нь санахгүй байна.” гэсэн байдаг ба энэ нь уг сүрдүүлгийг Ө.Т хийгээгүй болохыг давхар нотлож байна. /хх 110-112/

Ө.Т-ын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн “өөрийн утасны мэдээллийг устгаагүй, устгах шаардлага ч байхгүй” талаарх тайлбараар түүний гар утас дахь ямар нэгэн мэдээлэл устаагүй, устгаагүй болох нь нотлогдож байна.

Түүнчлэн мөрдөн бацаалтын явцад цахим эх сурвалж болох “А А” нэртэй фэйсбүүк хаягт тусгай мэдлэг бүхий этгээдээр ямар нэгэн шинжилгээ хийлгээгүй, уг хаяг нь хэний /нэг буюу хэд хэдэн этгээдийн/ ашигладаг хаяг болохыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөрдөгч Ө.Т-аас удаа дараа “мэдээллээ бүгдийг устгасан” гэсэн мэдүүлэг авсан нь уг хаягийг шалгах боломжгүй болсон мэт ойлголтыг бусдад төрүүлэх гэж хичээсэн байдал харагдаж байна.

Гэтэл уг хаягийн мессенжэрээр өөрийн дотны найз байж мэдэх нэгэнтэй Б.Гандуулга гэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 07, 2022 оны 02 дугаар сарын 05-07, 3 дугаар сарын 04-ний өдрүүдэд чаталж, харилцсан байгаа нь Ө.Т уг хаягийг эзэмшдэг эсэхэд том эргэлзээ торүүлж байгаа бөгөөд үүнийг шалган тогтоогүй. /хх 51-57/

Мөрдөн байцаалтын явцад Хаан банкны тодорхой дугаар бүхий данснуудыг шалгасан байх бөгөөд уг шалгах ажиллагаагаар Ө.Т нь уг сүрдүүлэгтэй ямар ч холбоогүй болох нь давхар нотлогдож байна. Учир нь, Ө.Т нь бусдыг мөнгийг авахаар сүрдүүлэх ямар ч шаардлага, хэрэгцээ байгаагүй болохыг түүний дансны хуулга, гүйлгээ нотолж байна.

Мөн хэрэв тэрээр бусдыг сүрдүүлж мөнгө авах сэдэлт, санаа зорилготой бол 1-рт яагаад өөрийг нь ил болгох кодыг өгөх билээ, энэ нь өөрийн банкны дансны дугаарыг зүгээр л шууд ил өгч байгаатай агаар нэгэн гэсэн үг, 2-рт хохирогчийн данснаас шилжүүлсэн мөнгө Ө.Т-ын дансанд огт ороогүй бөгөөд эхний 2 шилжүүлсэн мөнгө нь Сайнаа гэх 5302196211 дугаар дансыг мэдэхгүй гэж мэдүүлээд байгаа Сайнаа хүний данс руу орсон байдаг. Хохирогчийн сүүлийн шилжүүлсэн мөнгө нь огт өөр кодтой, өөр данс руу орсон байдаг бөгөөд уг мөнгийг Ө.Т авсан л байж таараа гэж сэжиг, таамаглалаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Миний үйлчлүүлэгч тухайн “А А” гэх нэртэй фэйсбүүк хаягийг огт мэдэхгүй хаяг гэж мэдүүлдэг, гэрч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг өгөөгүй, хэлснээс өөрөөр бичигдсэн талаар мэдүүлдэг ба гэрч Т.Н-ийн мэдүүлгээр Ө.Т-ыг буруутгасан бөгөөд уг гол нотлох баргмт нь эргэлзээтэй болж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан боловч хэргийн бодит байдлыг хуульд зааснаар тогтоож чадсангүй гэж үзэж байна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэрэг гарсан байдал буюу хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг нотолж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар түүнд холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, Ө.Т хохирогчийг сүрдүүлсэн гэх “А А” нэртэй фэйсбүүк хаягийг эзэмшиж, ашигладаг эсэх нь бүрэн тогтоогдоогүй, уг сүрдүүлгийг Ө.Т бичсэн эсэх нь үгүйсгэгдэнэ.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Т-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч  Д.Д гэх хүнийг огт танихгүй. Энэ хэрэгт холбогдсоноос хойш мэддэг болж байна. Намайг 240.000 төгрөг, 550.000 төгрөгийг авсан гэж ярьдаг. 240.000 төгрөг миний дансанд орсон нь дансны хуулгаар харагдаж байгаа. Харин 550.000 төгрөгийн талаар юу ч мэдэхгүй байна. Ямар ч нотлох баримт байхгүй. Хохирогчид учирсан 1.080.000 төгрөгийг төл гэсэн учраас би төлсөн. Өмгөөлөгчөөсөө асуухад чи хохирол, төлбөрөө барагдуулбал чамд хэрэгтэй гэх утгаар тайлбарласан учраас би төлсөн. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Т заналхийлэх гэмт хэргийг нууцаар буюу цахимаар үйлдсэн. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг хэргийн үйл баримтыг маш тодорхой мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэгтээ ажлын зарын дагуу холбогдсон, мессеж, чат бичихдээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн. Үүнийгээ скрийншот хийж, Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын групп дээр “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэж эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр пост оруулсан. Уг постоо оруулсны дараа хохирогчоос хоёр удаагийн гүйлгээгээр Сайнаа гэх дансаар 240.000, 290.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан байдаг. Сайнаа гэх дансаар авсан мөнгөөр өөрийн покер тоглодог дансаа цэнэглүүлдэг. Энэ нь Ө.Т-ын үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Үүнээс хойш хохирогчийг заналхийлсэн талаар хохирогч мэдүүлдэг. Мөн гар утас авмаар байна гэж Отгонбаатар гэх хүний дансыг өгдөг. Гэвч хохирогч уг дансанд мөнгийг шилжүүлээгүй учраас шалгах шаардлагагүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлыг шалгуулъя гэдэг. Энэ нь хэргийн үйл баримтад хамааралгүй гэж үзэж байгаа. Ингээд сүүлд 550.000 төгрөг шилжүүл гэж С-ийн Б гэх Хаан банкны 5302883146 дансаар авч, 550.000 төгрөг Н-ийн данс руу орж, Н-ийн данснаас цаг хугацааны зөрүүгүйгээр Ө.Т-ын данс руу орсон байдаг. Ийм учраас 550.000 төгрөгийг цахимаар заналхийлж авсан гэж үзсэн. Покер тоглодог хүмүүсийн ID кодоор нь хайж тогтоох боломжгүй учраас энэ хэрэгт хамааралгүй. Мөн С гэх хүний дансыг анхан шатны шүүх хуралдаанд зөвтгөөгүй, харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд уг техникийн алдааг засуулъя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Уг техникийн шинжтэй алдааг зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг шийтгэх тогтоолд алдаатай бичсэнийг зөвтгөх боломжтой. Шүүгдэгч Ө.Т-ын хувьд 11 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгчийн хамт цагдан хорих байранд мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд цагдан хорих байр дуу хураагууртай, камертай өрөөнд мэдүүлэг өгсөн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт байр сууриа өөрчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийг эрүүдэн шүүсэн мэтээр мэдүүлж, өргөдөл, гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдоос гомдол гаргах эрх нээлттэй байсан. Хэрэв хууль зөрчсөн асуудал байсан бол тухайн үеийн бичлэгийг авч, холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Өмгөөлөгч Р.Булганы хувьд мөн эрүүдэн шүүсэн мэтээр давж заалдах гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс эрүүдэн шүүсэн гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч Ч.Х-ийн өгсөн мэдүүлгийг ярьж байна. Ч.Х нь Ө.Т-ын ангийн хүүхэд гэдэг нь тогтоогдсон, огт танихгүй хүн нь биш байсан. Ч.Х ...миний зургийг ашиглаж, ийм үйлдэл хийснийг би мэдэж байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй явсан... гэдэг. Ө.Т-ыг нэг ангийнхаа хүүхдийн зургийг ашигласан байна гэж прокуророос үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан ...мөрдөгч хойшлуулашгүй үзлэг хийх, хураан авах... гэх хуульд заасан ажиллагааг хийсэн. Хууль зөрчсөн гэх асуудал байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ө.Т нь ажлын зарын дагуу “А А” гэх фэйсбүүк хаягаас хохирогч Д.Д-ын “dashnyam dugersuren” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад Түмэндэлгэрийн Сайнаа гэх Хаан банкны 5302883146 дугаар дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг, мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг 06 минутад С-ийн Бгэх Хаан банкны 5302883146 дугаар дансаар 309 утгаар 550.000 төгрөгийг тус тус покерын данс цэнэглүүлэн шаардан авч, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Д-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсаргасан гэрэл зургууд, харилцсан чатууд /1 хх 11-34/,

шүүгдэгч Ө.Т-ын Самсунг А31 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 63-64/,

Хаан банкны 5302196211, 5302883146, 5909205401 данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 65-67/, Т.Тын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 162-194/, С.Баянмөнхийн 5302883146, Т.Н-ийн 5302705253, Т.Тын 5422008992 дугаарын данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 199-200/,

хохирогч Д.Д-ын “...2021 оны 12 дугаар сард фэйсбүүкээр “Ариунзул Ариука” гэх хаягаас “хийх ажил байна уу” гэж чатаар 2-3 удаа асуусан. Тэгэхээр нь “чи юу хийж чадах юм бэ?” гэж асуухад “юу ч хамаагүй, түрээсийн байрнаас хөөгдөх гээд байна” гэхээр нь “чи маргааш ярьж байгаад хүрээд ир” гэтэл удалгүй Говь-Алтай аймгийн том, том зарын сайт руу ороод чат бичсэнээ постлоод оруулсан байсан. “Ариунзул Ариука” гэх хаяг руу дахин чат бичээд “чи яаж байгаа юм бэ?” гэхэд, “Алтайхан юу гэж ойлгох уу харъя, постоо устгамаар байвал 290.000 төгрөг шилжүүлчих, 280.000 төгрөгөөр виски, 10.000 төгрөгөөр нь мөс авна, яаралтай шилжүүл” гээд 5302196211 данс өгөөд гүйлгээн дээр нь захиалга 1324 гэж бич” гэсэн. Тухайн мөнгийг нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэнд устгасан байсан. Дараа нь би “чамайг байрнаасаа хөөгдөх гээд ядарч яваа хүн юм болов уу гэж бодсон, чи ийм санаатай хүн байсан юм уу” гэхэд “байрнаасаа хөөгдөх гээд байна, 240.000 төгрөг шилжүүл, тэгээд хоёулаа салъя” гэхээр нь 5302196211 дугаарын дансанд 240.000 төгрөг шилжүүлсэн. 14 цагийн үед “гар утасгүй хэцүү байна, 600.000 төгрөг шилжүүл” гэсэн. “Утгаа 2325 гэж бичээрэй” гэхээр шилжүүлээгүйн улмаас байнга сүрдүүлж, шантаачлаад байх болсон. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5302883146 гэх дансны дугаар өгөөд “Гүйлгээний утган дээр 0309 утгаар 550.000 төгрөг шилжүүлчих, тэгээд нэг мөсөн дуусгая” гэхээр нь 550.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 77-78, 82/,

гэрч Т.Н-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т ахаар 2 удаа 15.000 төгрөгөөр цэнэглүүлээд 100 орчим мянган төгрөг хожоод шөнө 03-04 цагийн орчим салсан юм. “Gund Banzragch” нэртэй гэр бүлээс гадуурх харилцаагаар ашигладаг байсан хаягийг надаас Т ах гуйсаар байгаад авсан. Тэгээд нэлээн хугацааны дараагаар “Покер сайтад зардаг юм, 7 хоногт 500.000 төгрөг авдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл өөрийнхөө хаягийг өгье” гэсэн чинь “Тэр болгон хүнийхийг авдаггүй юм” гэж хэлж байсан. 2020 оны 11 сард өөрийн 89990373 дугаарын утсаараа “[email protected]” хаягаар бүртгүүлж байсан. Сансарт ууж байхдаа “Фэйсбүүк хаягаа авъя, би хүнтэй харьцмаар байна” гэж хэлсэн чинь надад өгөөгүй. Дараа нь 2022 оны 10 сард хөдөө ногоон тэжээл тариад Улаанбаатар зочид буудлын ард Т ахын гэрт утсаар нь ярих гээд ариун цэврийн өрөө ороод фэйсбүүк чат руу нь орсон чинь эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаяг байсан. Тэгээд нэрийг нь харж амжаагүй, чат дээр нь нэр угаасаа байхгүй байсан байх, ямар ч байсан бүтнээрээ авхуулсан эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк байсан санагдаж байна. Тухайн чатыг хальт гүйлгээд харахад баахан хүнтэй харьцсан байсан. Гаднаас гэнэт орж ирээд утсаа шүүрч авсан. Би ерөөсөө ариун цэврийн өрөөнд ороод удаагүй утсыг нь ухаад, дөнгөж харж байхад утсаа шүүрээд авсан. ...” /1 хх 91-93/,

гэрч Ц.Х-ийн “...Миний хувьд 2008 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 11в ангийг төгссөн. Ө.Т нь манай ангийн хүүхэд байгаа юм. Миний хувьд “Kherlenchimeg tserenkhorloo” гэсэн фэйсбүүкийг албан ёсоор ашигладаг байсан. Хэд хэдэн удаа “А А” нэртэй хуурамч фэйсбүүк миний зургийг ашиглаад байгаа талаар найзууд маань хэлдэг байсан. Нүүр зураг нь минийх гэдгийг би хүмүүсээс сонссон6 ...” /1 хх 110-112/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.Т-ыг “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Т-ыг ажлын зарын дагуу “А А” гэх фэйсбүүк хаягаас хохирогч Д.Д-ын “dashnyam dugersuren” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж байгаад, харилцсан чатаа ашиглан Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн 1.080.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч С.Уламбаярын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч Р.Булганы “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг нотолж чадаагүй, мөрдөн шалгах хууль бус ажиллагааг хэргийн холбогдогч болон гэрчид дарамт шахалт үзүүлж, хүнлэг бус харьцаж яллах талын нотлох баримтыг бүрдүүлж байгаа, хүний халдашгүй байх эрхийг бүдүүлгээр зөрчсөн, эрүүдэн шүүсэн, Ө.Т хохирогчийг сүрдүүлсэн гэх “А А” нэртэй фэйсбүүк хаягийг эзэмшиж, ашигладаг эсэх нь бүрэн тогтоогдоогүй, уг сүрдүүлгийг Ө.Т бичсэн эсэх нь үгүйсгэгдэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Т-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн тус тус давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...” байхыг энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.Т нь хохирогч Д.Д-ын “dashnyam dugersuren” гэх фэйсбүүкийн хаягаар холбогдож, харилцаж, харилцсан чатаа ашиглан Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группүүдэд “buhniig hiij chadah ohid ene ubatai holbogdooroi” гэх бусдад буруу ойлголт төрүүлэхээр пост оруулан байршуулж, сүрдүүлэн сэтгэхүйн хувьд дарамталсан, хувь хүний биеийн болон сэтгэхүйн байдалд аюултай хүмүүнлэг бус хэлбэрээр халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж баталгаажуулсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Т-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч Р.Булганаас “...эрүүдэн шүүсэн...” талаар гомдолд дурдсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад уг гомдолтой холбоотой нотлох баримт байхгүй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн зохих байгууллагад нь гомдлоо гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

Харин шүүгдэгч Ө.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоол /1 хх 122/-оор шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан байх бөгөөд прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал /1 хх 125-126/-ыг шүүхэд гаргасныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд баривчлагдсан сэжигтнийг суллах тухай шүүгчийн захирамж /1 хх 129-130/-аар сулласан байна. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 9 дэх заалтуудад цагдан хоригдсон хоногийг 1 хоног гэж буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс 2 хоног гэж зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Мөн Ө.Т-ыг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 58 минутад Түмэндэлгэрийн Сайнаа гэх Хаан банкны 5302883146 дугаар дансаар 1314 утгаар 290.000 төгрөгийг, мөн дээрх дансаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг 49 минутад 1314 утгаар 240.000 төгрөгийг сүрдүүлэн, шаардан авсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ дансны дугаарыг 5302883146 гэж буруу бичснийг анхан шатны шүүх 5302196211 дугаар данс гэж залруулахгүйгээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч С.Уламбаяр, Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ө.Т-ын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтыг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлөгч С.Уламбаяр, Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-ын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР