Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2024/0067

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0054/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “БЛТ” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа , барилга , хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж өөрийн компанийн эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа хүссэн бөгөөд тус газраас “БЛТ” ХХК-ний эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байгаа учраас бүртгэгдээгүй нэгж талбарыг нөхөн бүртгэх ажил улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд явагдаж байгаа тул холбогдох суманд хандаж бүртгүүлж баталгаажуулахыг мэдэгдсэн хариу албан бичиг “БЛТ” ХХК-д хүргүүлсэн байна.

Үүний дагуу “БЛТ” ХХК-ний компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр холбогдох баримтыг бүрдүүлэн Хүдэр сумын газрын даамалтай уулзаж газрын мэдээллийн нэгдсэн санд компанийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах 38 га газрыг бүртгүүлэхээр өгсөн боловч бүртгээгүй бөгөөд Хүдэр сумын Засаг дарга болон газрын даамлаас тус компанид албан ёсоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Улмаар нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс Хүдэр сумын Засаг даргын эзэмшил газрыг нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа болон хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйн талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад албан бичгээр болон биечлэн удаа дараа хандсан боловч мөн хариу өгөөгүй байх тул нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

“БЛТ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Тус компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Хүдэр сумын нутагт Контор зочид буудал-ын зориулалтаар нэгж талбарын 171500412 дугаар бүхий 3 га газрыг Авто граж-ын зориулалтаар нэгж талбарын 171500413 дугаартай 3 га газрыг Тэсрэх бодисын агуулах-ын зориулалтаар нэгж талбарын 171500411 дугаар бүхий 2 га газрыг Тоосгоны үйлдвэрийн зориулалтаар нэгж талбарын 171500410 дугаар бүхий 30 га газрыг нийт 4 нэгж талбар бүхий 38 га газрыг 60 жилийн хугацаатайгаар, мөн Ерөө сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр Төмрийн хүдэр олборлох зориулалтаар 39 га газрыг 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Зочид буудал-ын зориулалтаар 1000 м.кв газрыг 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Орон сууц-ны зориулалтаар 10000 м.кв газрыг тус тус ашиглаж эзэмшдэг.

Энэхүү газрууд дээр маань манай компанийн өмчлөлийн автомашины пүүний байр, автомашины суурь, харуулын байр, тоосгоны үйлдвэрийн барилга, тэсэлгээний материалын агуулах, тэсрэх бодисын агуулах, контор, зочид буудал, уурын зуух, авто гарааш, 110 кв-ын шугам, дэд станцын барилга, тоног төхөөрөмжүүд байрладаг.

Иймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн албан татвар, газрын төлбөрийг компанийн зүгээс хуулийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Хүдэр сумын газрын даамалтай биечлэн очиж уулзан дээрх газруудыг нөхөн бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримтуудын хамт өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очиж газрын даамал Н.Мөнхзаяатай уулзахад танай дээрх газруудыг өөр хуулийн этгээдэд уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлсэн байна. Танай компанийн эзэмших, ашиглах эрх бүхий газруудтай холбоотой мэдээлэл манайд огт байхгүй байна гэж хэлсэн учраас компанийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компанийн эзэмших, ашиглах эрх бүхий газруудыг яг ямар шийдвэрээр цуцалж дээрх газруудыг өөр хуулийн этгээдэд ямар шийдвэрээр олгосон талаар мэдээлэл авахаар бичгээр хүсэлт гаргаж холбогдох баримтуудыг мөн л хавсаргаж өгсөн. Гэтэл энэхүү хүсэлтийг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж холбогдох мэдээлэл бидэнд өгөөгүй.

Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх газруудтай холбоотой нөхөн бүртгүүлэх тухай хүсэлт гаргахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 дугаартай албан бичгээр газрын мэдээллийн санд нөхөж бүртгэх боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн.

Улмаар 2023 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан албан бичиг хүргүүлж, 2023 оны 04 болон 05 сард биечлэн уулзахад уг асуудлуудыг шийдвэрлэж, бичгээр хариу өгнө гэсэн боловч ямар нэгэн хариу бидэнд хариу ирээгүй тул 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж бидэнд бичгээр хариу өгөх ёстой боловч мөн л хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байгаа болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 3.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг гэж тус тус заасан.

Дээр дурдсанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумуудад байрлах газрууд дээр манай компанийн үл хөдлөх эд хөрөнгүүд байрладаг тул тухайн эд хөрөнгүүдийг газраас салгах боломжгүй газраас салмагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөх юм.

Түүнчлэн нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх 5.1.3 мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа шуурхай, хялбар байх 5.1.4-д мэдээлэл үйлчилгээ нь ойлгомжтой үнэн зөв бүрэн байх гэсэн зарчимтай байх бөгөөд 7.2-д Хуульд ил тод нээлттэй байхаар заасан эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ, 7.5-д Хуульд ил тод нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй 7.7-д Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж тус тус заасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах манай эзэмшил, ашиглалт бүхий газруудыг цуцалж, өөр хуулийн этгээдэд уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлсэн юм бол үүнтэй холбоотой мэдээллийг бид авах эрхтэй байх бөгөөд хуульд заасны дагуу тухайн шийдвэрийг бидэнд өгөх ёстой. Гэтэл энэхүү хязгаарлалтгүй, хаалттай биш мэдээллийг бидэнд огт өгөхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгаж, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн Төмрийн хүдэр олборлох зориулалттай 39 га, Зочид буудал-ын зориулалттай 1000 м.кв Орон сууц-ны зориулалттай 10000 м.кв газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй, тус газруудтай холбоотой мэдээлэл авах “БЛТ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын эс үйлдэхүүнүүд хууль бус болохыг тогтоож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэж газартай холбоотой мэдээллийг “БЛТ” ХХК-д өгөхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...."БЛТ" ХХК нь Хүдэр сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаар захирамжаар 38 га газар эзэмшдэг гэх боловч тухайн 4 нэгж талбар дээр Хүдэр сумын газрын даамалд хувийн хэрэг хадгалагдаагүй. Сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаар захирамж дээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 14 тоот тогтоолыг үндэслэсэн боловч тухайн тоот тогтоол сумын ИТХурлын архивд байхгүй байгаа нь уг захирамж нь хүчин төгөлдөр захирамж гэхэд эргэлзээтэй байна. "БЛТ" ХХК-иас маргаан бүхий газруудыг ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж байсан болон одоо барьцаанд байгаа эсэх талаар дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар 2022 оны 11-р сарын 29-ны өдөр хүсэлт ирүүлж байсан байна. Уг хүсэлтийн хариуг "БЛТ" ХХК-ны хуулийн зөвлөх Энхрийцэцэг 94044567, Чулуунбаатар 92115438 тоот дугааруудад ярьж амаар мэдэгдэж байсан. "БЛТ" ХХК нь 2010 оноос хойш Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" 35 дугаар зүйлийн 35.3.3-д "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх", 40 дүгээр зүйлийн 40.1.5 "Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" зэрэг холбогдох хууль тогтоомж, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тул хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хуульд ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байгууллагуудад зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээн эдлүүлэх зорилготой байдаг. Нэхэмжлэгч компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Хүдэр сумын нутаг дэвсгэрт контор, зочид буудлын зориулалтаар нэгж талбарын дугаар бүхий 3 га газар, авто гараашны зориулалтаар нэгж талбар бүхий 3 га газар, тэсрэх бодисын агуулахын зориулалтаар 2 га газар, тоосгоны үйлдвэрийн зориулалтаар 30 га газар нийт 4 нэгж талбар бүхий 38 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж ашигладаг. Одоогийн байдлаар эзэмшиж, ашиглах эрх дуусгавар болоогүй, эрхийг цуцалсан, хүчингүй болгосон ямар нэгэн захиргааны акт, шийдвэр гараагүй. Тус газрууд дээр манай компанийн өмчлөлийн автомашины байр, харуулын байр, тоосгоны үйлдвэр, тэсэлгээний материалын агуулах, бодис, контор, зочид буудал, уурын зуух, авто гарааш 110квт-ын шугам, дэд станцын барилга, тоног төхөөрөмжүүд зэрэг олон үл хөдлөх эд хөрөнгүүд байрладаг. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрладаг эсэх талаар талууд маргадаггүй.  Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн татварыг манай компанийн зүгээс бүгдийг нь төлдөг. Нэхэмжлэгчийн зүгээс Хүдэр сумын газрын даамалтай биечлэн уулзаж удаа дараа газартай холбоотой асуудлаар холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан. Мөн Газар геодези, зураг зүйн газрын мэргэжилтэнтэй нь очиж уулзаад хүсэлтийн дагуу хариугаа авч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр “...он дуусах гэж байна, газрын мэдээллийн нэгдсэн нэгдсэн санд бүртгэх боломжтой, холбогдох байгаа баримтуудаа газрын даамалд яаралтай өгчих, газар чинь бусдын эзэмших газартай давхцаагүй, эзэмших эрхийн дуусгавар болоогүй учраас бүртгэчихнэ..” гэсэн хариуг өгсөн. 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сүмд очоод газрын даамалд холбогдох баримт бичгүүдээ хүлээлгэн өгсөн. Газрын даамал “...холбогдох зүйлсийг шалгаж үзээд хариугаа хэлье, боломжтой юм шиг байна, бусдын газартай давхцалгүй байна..” гэсэн боловч хариу өгөөгүй, асуудлыг шийдвэрлээгүй. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан боловч 30 хоногийн дотор өргөдлийг шийдвэрлээгүй, дахин 30 хоногоор сунгаж байна гэсэн хариу өгсөн боловч мөн л хариу өгөхгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болсон учир бид захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүний дараа Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтэнтэй очиж уулзахад Д.Н газрын даамал хамт байж таарсан тул “...манай газруудыг бүртгэх боломжтой гэж байсан, яагаад бүртгэхгүй байна вэ?...” гэж асуухад “...нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргаад хандсан учраас шүүхээр шийдвэрлэгдэхгүй бол болохгүй юм байна...” гэж  хариу хэлж байсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчмыг төрөөс баримталдаг. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 нэмэх хуульд зааснаар дараах эд хөрөнгө доор дурдсан утгаар ойлгоно гээд 3.1.1-д "…”үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг” хэлнэ  гэж заасан.  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах манай үл хөдлөх эд хөрөнгүүд нь газраас салмагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох учир манай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маш ноцтойгоор хөндөгдөж байна.  Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгаж өгнө үү. Үүнтэй холбоотойгоор 38 га газрыг маань газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлээ гэж бодоход өөр бусад хүн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй, газрын давхцал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшихдээ тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгах ёстой байдаг. “БЛТ” ХХК-нд газар эзэмших эрх олгосон 2007 оны 109 тоот захирамж нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. 109 дүгээр тоот захирамжид сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 14 тоот тогтоолыг үндэслэсэн байгаа боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архиваас шүүж үзэхэд 14 тоот тогтоол нь газартай холбоотой тогтоол биш өөр утга агуулгатай тогтоол байсан. Иймд тус захирамжийг хууль бус гэж үзэж байгаа учраас газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэх боломжгүй байна. Миний бие 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хүдэр сумын газрын даамлын ажилд томилогдсон. 2019 онд “БЛТ” ХХК-аас нөхөн бүртгэх тухай албан бичиг ирүүлэхээс өмнө газрын төлбөрөө төлөөгүй, гэрээгээ дүгнүүлээгүй. Энэ нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болох бөгөөд газар эзэмших гэрээгээр хүлээсэн ноцтой зөрчин зөрчсөнд тооцогддог. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж  гараагүй ч тухайн газраа 2 ба түүнээс дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, газрын төлбөр төлсөн баримт байхгүй, гэрээ дүгнэсэн баримт байхгүй, газар олгоход цахим болон цаасан архив үүсэх ёстой боловч тус “БЛТ” ХХК-д олгосон газартай холбоотой 2019 онд ирүүлсэн хүсэлт түүнтэй холбогдох материалаас өөр ямар ч бичиг баримт байхгүй тул тус газрыг нөхөн бүртгэх боломжгүй гэж үзэж байна. 2018 онд газрын мэдээллийн нэгдсэн сан систем үүсэж бүх улс даяар 3-4 жилийн хугацаанд уг ажил зохион байгуулагдсан. Тус хугацаанд “БЛТ” ХХК нь ирж газраа бүртгүүлэх боломжтой байсан боловч ямар нэгэн байдлаар холбогдоогүй байна.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхээ эдлээд явж байсан байна. Гэхдээ бид эрхээ эдлэхээс илүүтэйгээр үүргээ биелүүлж, үүргээ биелүүлснийхээ дараа эрхээ эдлэхийг шаардах хэрэгтэй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, тодорхой байх ёстой. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар зэргээс харахад үүргээ биелүүлээгүй,  2018 онд Монгол Улсын хувьд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үйл ажиллагаа явуулж байна гэдгийг олон нийтийн телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байхад тухайн үед бүртгүүлээгүй хоцорсон байна. Сүүлд нь мэдэж Монгол Улсын шүүхэд хандчихаад газрын даамлыг буруутгаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын гэрээ байхгүй, газар эзэмших, ашиглах гэрчилгээ нь гэрээтэйгээ хамт байж хүчин төгөлдөр болно. Гэтэл ямар нэгэн эрх зүйн бичиг баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүгд хуулбар хувь байна. Хууль ёсны бичиг баримтгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй, эрхгүй нь тодорхойгүй баримт бүрдүүлчхээд төрийн байгууллага ажлаа хий гэж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан хэлбэрийн шүүхийн шийдвэр гарах ёстой. Гэтэл 106 дугаар зүйлд заасан ямар шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл  гаргасан нь тодорхойгүй байна. Газрын төлбөрийг төлөөгүй байх нь бүртгэхгүй байх, татгалзах үндэслэл гэж үзэж байна. Бүртгэхэд өнгөрсөн цаг хугацаанд үүргээ биелүүлсэн баримтуудыг үндэслэж байж бүртгэх ёстой. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэж олон тайлбар хэлж байна. Эрх зүйн суурь зарчим онолд зааснаар компанийн дотоод асуудал хүндэтгэн үзэх шалтгаан биш. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн ямар заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байх учир хариуцагчийн тайлбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “БЛТ” ХХК нь шүүхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд , нэхэмжлэгч болон  хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Үйл баримтын талаар

          1. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа , барилга , хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж өөрийн компанийн эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа хүссэн бөгөөд тус газраас “БЛТ” ХХК-ний эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байгаа учраас бүртгэгдээгүй нэгж талбарыг нөхөн бүртгэх ажил улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд явагдаж байгаа тул холбогдох суманд хандаж бүртгүүлж баталгаажуулахыг мэдэгдсэн хариу албан бичиг “БЛТ” ХХК-д хүргүүлсэн байна.

          2. Үүний дагуу “БЛТ” ХХК-ний компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр холбогдох баримтыг бүрдүүлэн Хүдэр сумын газрын даамалтай уулзаж газрын мэдээллийн нэгдсэн санд компанийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах 38 га газрыг бүртгүүлэхээр өгсөн боловч бүртгээгүй бөгөөд Хүдэр сумын Засаг дарга болон газрын даамлаас тус компанид  албан ёсоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

          3. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс Хүдэр сумын Засаг даргын эзэмшил газрыг нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа болон хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйн талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад албан бичгээр болон биечлэн удаа дараа хандсан боловч мөн хариу өгөөгүй байна.

          4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн лавлагаагаар “БЛТ” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд захирлаар нь Луузандамбын Баярцогт 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр бүртгэгдсэн байна.

          5. Хүдэр сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 109 дугаартай захирамжаар “БЛТ” ХХК-д тоосгоны үйлдвэрийн зориулалтаар 30 га, тэсрэх бодисны агуулахын зориулалтаар 2 га, контор, зочид буудлын зориулалтаар 3 га, автогражын зориулалтаар 3 га, нийт 38 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

          6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, баримтын үзлэгээр нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний Хүдэр суманд байрлах дээрх 4 нэгж талбар бүхий 38 га газрын газар эзэмших эрх дуусгавар болоогүй, эзэмших эрхийн хугацаа дуусаагүй, Хүдэр сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгоогүй , мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар бусдад эзэмших эрх шилжээгүй,  тусгай хэрэгцээнд болон нөөцөд аваагүй байх тул нэхэмжлэгч компанийн дээрх 38 га газар эзэмших эрх хүчин төгөлдөр байна гэж үзнэ.

          7. Хариуцагч Хүдэр сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...”БЛТ” ХХК нь Хүдэр суманд 109 дугаартай захирамжаар 38 га эзэмшдэг гэх боловч тухайн 4 нэгж талбар дээр Хүдэр сумын газрын даамалд хувийн хэрэг хадгалагдаагүй...”, “...сумын ИТХ-н 14 тогтоолыг үндэслэсэн боловч тухайн тоот тогтоол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивт байхгүй байгаа нь уг захирамж нь хүчин төгөлдөр захирамж гэхэд эргэлзээтэй...”, “...2010 оноос хойш газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “Газрын төлбөрийг хугацаанд төлөх“, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” зэрэг холбогдох хууль тогтоомж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэх тайлбарыг ирүүлжээ.

          8. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагч талууд “БЛТ” ХХК нь Хүдэр санд байрлах 4 нэгж талбар бүхий 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх талаар уулзаж амаар болон утсаар тохиролцсон талаар маргадаггүй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгч талын хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй талаар хүлээн зөвшөөрдөг.

          9. Шүүхээс “БЛТ” ХХК-д хандаж Хүдэр суманд байрлах 4 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувиудыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч тус компаний зүгээс хөрөнгө оруулан хамтран ажиллаж байсан БНХАУ-ын иргэд гэрчилгээ болон бусад баримт бичгүүдийн эх хувийг хүлээлгэн өгөлгүй нутаг буцсан талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “БЛТ” ХХК нь уг гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулахаар “Шуурхай зар” сэтгүүлд хандсан талаар баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хоёр.Хууль зүйн үндэслэлийн талаар

            1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасныг хариуцагч зөрчсөн байна.

          2.  Хариуцагч Хүдэр сумын Засаг дарга, газрын даамал нь нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний Хүдэр суманд байрлах 4 нэгж талбар бүхий 38 га газраа газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхээр хандсан өргөдөл, гомдыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, хариу өгөөгүй эс үйлдэхүй нь “БЛТ” ХХК-ний Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”  эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

          3. Нөгөө талаас хариуцагч нь “БЛТ” ХХК-ний эзэмшлийн 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйгээ тайлбарлахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас бүртгэх боломжгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд уг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          4. Учир нь Газрын тухай хуульд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулах, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхэд тодорхой шалгуур тавигдаагүй , өөрөөр хэлбэл газраа газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхийг хүссэн этгээдийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байхад хангалттай юм.

          5. Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан үндэслэл буюу нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн холбогдох заалт, гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн гэж тухайн сумын Засаг дарга үзсэн тохиолдолд тухайн хууль, гэрээ зөрчсөн асуудлаар шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсны дараа хэрхэн шийдвэрлэх нь тухайн сумын Засаг даргын Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн асуудал байна.

          6. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний эзэмшлийн Хүдэр суманд байрлах 38 га газар нь Хүдэр сумын ИТХ-н 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор баталсан “Хүдэр сумын газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөө”- ний жагсаалтын 14-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

           7. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжаар “БЛТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хэрэг тус бүрд тэнцүү хувааж 35100 төгрөг байхаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БЛТ” ХХК-д олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР