Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2025/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 153/2024/00303/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.туяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...  овогтой нь 1981 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн. 1998 онд Ховд аймгийн Үенч сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Улмаар 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн академид элсэн орж, 2003 онд Цагдаагийн академийг төгссөн. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2003 оны 11 сарын 15-ны өдрийн 482 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2003 оны 11 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч-дадлагажих ажилтнаар томилогдсон. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2004 оны 06 сарын 29-ний өдрийн 297 дугаар тушаалаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт орж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсныг үндэслэн 2004 оны 06 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2004 оны 07 сарын 01- ний өдрөөс Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр томилогдсон.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2006 оны 04 сарын 26-ны өдрийн 157 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын зөвлөлийн хурлын саналыг үндэслэн 2006 оны 04 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2006 оны 04 сарын 26-ны өдрөөс мөн газарт олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагчаар томилогдсон. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2009 оны 04 сарын 30-ны өдрийн 197 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.35-д заасныг үндэслэн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2009 оны 04 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 05 сарын 05-ны өдрийн 32 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ******* 05 сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль зүйн хэлтсийн даргаар мөн өдрөөс эхлэн *******ыг томилсугай.. гэх тушаалаар Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга ******* ******* 2003 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх тушаалаар чөлөөлөгдсөн. 2015 оноос 2017 оны хооронд Албан журмын даатгагчдын холбооны Ховд аймаг дахь салбарын захирал болон Монгол Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Баруун бүсийн төв-Онцгой байдлын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5/ цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч, 8/ цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч орно. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т Цагдаагийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно. Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 7.Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно. Цагдаагийн академид сонсогчоор 4 жил, Ховд аймгийн Цагдаагийн газарт 6 жил ажиллаж байсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.Цагдаагийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тооцон 13 жил 3 сар ажиллаж байсан, Төрийн захиргааны албанд ажиллаж байсан нэг жилийг 6 сараар тооцон төрийн тусгай алба руу шилжүүлж 16 жил 5 сараар ажилласан байдалд тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Миний хувьд өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг ажилласан жилд тооцуулах шаардлагатай болсон. Улмаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаартай албан бичигт ...Манай байгууллагаас төрийн цэргийн болон цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хугацааны лавлагаа мэдээлэл гарахгүй тул та ажилласан хугацааныхаа асуудлыг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү... гэх албан бичгээр шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэх хариуг өгсөн тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд миний хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлт гаргагч ******* нь 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн академид сонсогчоор суралцсан. Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ЗДТГ-т хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан хугацааг төрийн тусгай албанд ажиллаж байсан хугацаагаар тооцуулах тухай хүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагчийн зүгээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 355 дугаартай албан бичиг өгөхөд шүүхээр тогтоолго гэсэн хариу өгсөн. Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан. Цагдаагийн ерөнхий газрын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаартай тушаал, Цагдаагийн Ерөнхий газрын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 297 дугаартай тушаал, Цагдаагийн Ерөнхий газрын 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаартай тушаал, Цагдаагийн академийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/128 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Ажилласан жилүүд нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. ******* нь 1981 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 1988 онд 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. 1998 оны 09 дүгээр сарын 01-ний Цагдаагийн академид элсэн орсон. Ховд аймгийн ЗДТГ-т хууль зүйн 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 32 дугаартай тушаалаар томилогдсон. 2003 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2017 оны 1 сараас Баруун бүсийн Онцгой байдлын даргаар томилогдон ажилласан. 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогч болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Б.******* “1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогчоор болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй болно.

          Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогч болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан  болох нь Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28-08/717 тоот албан бичиг /хх-ийн 6 хуудас/, Цагдаагийн академийн бакалаврын дипломын нотариатаар батлуулсан хуулбар, хавсралт /хх-ийн 10-11 хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 297 дугаартай “ Алтанбадралыг Ховд аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч”-аар томилсон тушаал, мөн газрын даргын 2006 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 157 дугаартай “******* Алтанбадралыг ахлах байцаагч”-аар томилсон тушаал, Цагдаагийн дээд сургуулийн захирлын б/345 дугаартай анги хуваарилах тушаал, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2003 оны 11 сарын 25-ны өдрийн 482 дугаартай “******* Алтанбадралыг мөрдөн байцаагч-дадлагажих ажилтнаар томилсон тушаал,

Гэрч : “...Би 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт туслах ажилтнаар орсон. Түүнээс хойш тус цагдаагийн газарт эргүүлийн цагдаа, эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа, жижүүрийн офицер, архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, эрүүгийн төлөөлөгч зэрэг албыг хашиж байгаад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цэргийн байнгын тэтгэвэртээ гарсан. ******* нь 2003 онд цагдаагийн академийг дэслэгч цолтой төгсөж ирээд мөрдөн байцаагчаар томилогдон 2004 онд хэрэг бүртгэгчээр, 2006 онд хэв журмын тасгийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагчаар томилогдон ажилласан. Тэгээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80  дугаар хуудас/,

 Гэрч ... ******* бид хоёр цагдаагийн академид хамт сурч байсан. Би 2000 онд Цагдаагийн академид элсэн суралцаад, 2004 онд эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжлээр төгссөн. Ховд аймгийн Буянт суманд хэсгийн төлөөлөгч, Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, мөрдөн байцаагч, Ховд аймгийн Мянгад сумын цагдаагийн тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цэргийн байнгын тэтгэвэртээ гарсан. ******* нь 2003 онд цагдаагийн академи төгссөн. Намайг аймгийн Цагдаагийн газарт дадлага хийхээр ирэхэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2004 онд намайг төгсөж ирэхэд мөрдөн байцаагчаар томилогдсон байсан. 2007 онд олон нийттэй харилцах ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2009, 2010 оны үед хууль зүйн хэлтсийн даргаар томилогдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

          Харин хүсэлт гаргагч Б.******* “1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогчоор болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоолгох, Цагдаагийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар нэмж тооцож ажиллаж байсан байдлыг тогтоолгох, 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ЗДТГ-т Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаагаар тооцуулж тогтоолгох тухай” иргэний хэргийг  Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШЗ/2024/01931 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Уг шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч М.Эрдэнэ-Оюун, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШТ2024/00073 дугаартай Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн Б.******* “1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогчоор болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг хүлээн авч бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Иймд хүсэлт гаргагч Б.******* “1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогчоор болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хангаж бусад шаардлагад шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Хүсэлт гаргагч Б.*******  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Цагдаагийн академид сонсогч болон Ховд аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС