| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0560/Э |
| Дугаар | 524 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хатагин овогт П.Тт холбогдох 1711011630236 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 29 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 88-1283в тоотод түр оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овогт П.Т (РД:00000000000),
нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 88-1283 В тоотод хүргэн ах Б.Жаргалсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 88-1283в тоотод амьдардаг. Би өөрөө Улаан-Үдэд барилгын ажил хийдэг юм. Амралтаар ирчихээд 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед гэртээ байж байсан чинь манай эхнэрийн дүү болох П.Т орж ирсэн юм. Намайг Улаан-Үдэд байх үед Тамир манайд түр байсан юм байна лээ. Тэгээд орж ирэхээр нь би “гутлаа тайлж ор, хөлөө угаахаар бол хойд ахынхаа гэрт очиж угааж бай, чи архи уугаад байгаа юм уу” гэж хэлсэн. Гэрт орж ирээд архи уусан хүн шиг үүдэнд доошоо харж суугаад байхаар нь архи уусан байна гэж бодсон. Архи уусан юм шиг харагдаад өөдөөс үг сөрөөд байхаар нь нүүр орчимд нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь П.Т “би архи уугааүй чи даварч байна шүү” гэж хэлээд өөдөөс учиргүй уурлаад намайг гэрт байхад нүүрэн тус газарт хоёр, гурван удаа цохиж аваад хоёулаа гаръя чамайг зөндөө тэвчиж байгаа шүү гэж хэлэхээр нь дагаж гарсан чинь барьж аваад газар унагаасан. Эмнэлэгт үзүүлсэн хавирга хугарсан, хамар хугарсан гэж хэлсэн. …Одоо эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
1.П.Бадамцэцэг: “...Би гэр рүү ирж байсан чинь манай нөхөр дүү 2 заамдалцаад гэрээс гараад ирсэн. Манай дүү Тамираа манай нөхрийн нүүр лүү нь цохиод унангуут нь цээж орчимд нь өшиглөсөн.” гэжээ.
2.Х.Тунгалаг: “…Жаргалсайхан Бадамцэцэгийн дүү болох Тамиртай заамдалцаж аваад гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Жаргалсайхан, Тамир 2 нэг нэгнийгээ заамдсан зогсож байсан. Жаргалсайхан ам хамраас нь цус гарсан байдалтай байсан.” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13572 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Б.Жаргалсайханы биед хамрын ясны хугарал, баруун 11-р хавирганы хугарал, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын төвгөр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, шанаа, зүүн нүдний доод зовхи, баруун чихний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 88-1283 В тоотод оршин суух Б.Жаргалсайхан нь өөрийн гэртээ орж ирсэн хүргэн дүү П.Тамирыг үг сөрлөө гэх шалтгаанаар нүүр орчимд нь нэг удаа цохисноос шүүгдэгч П.Тамир нь зөрүүлж хүргэн ахыгаа зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Жаргалсайханы “...П.Тамир архи уусан юм шиг харагдаад, өөдөөс үг сөрөөд байхаар нь гүүр орчимд нь нэг удаа цохисон... П.Т “би архи уугааүй чи даварч байна шүү” гэж хэлээд өөдөөс учиргүй уурлаад, намайг гэрт байхад нүүрэн тус газарт хоёр, гурван удаа цохиж аваад хоёулаа гаръя чамайг зөндөө тэвчиж байгаа шүү гэж хэлэхээр нь дагаж гарсан чинь барьж аваад газар унагаасан” гэх мэдүүлэг, гэрч П.Бадамцэцэгийн “...манай нөхөр дүү 2 заамдалцаад гэрээс гараад ирсэн. Манай дүү Тамираа манай нөхрийн нүүр рүү нь цохиод унангуут нь цээж орчимд нь өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Х.Тунгалагийн “…Жаргалсайхан Бадамцэцэгийн дүү болох Тамиртай заамдалцаж аваад гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Жаргалсайхан, Тамир 2 нэг нэгнийгээ заамдсан зогсож байсан. Жаргалсайхан ам хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13572 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “хохирогчийн шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй гэх хүсэлт”, болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Хатагин овогт П.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Жаргалсайхан нь шүүгдэгчтэй эвлэрсэн, хохирлыг төлж барагдуулсан бөгөөд ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Тамрыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч П.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хатагин овогт П.Тыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч П.Тт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ