| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0020/З/Т |
| Дугаар | 159/ШШ2024/0068 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 159/ШШ2024/0068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0020/3/Т
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “БЛТ” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “...”БЛТ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүүнүүдийг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэж газартай холбоотой мэдээллийг “БЛТ” ХХК-нд өгөхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргад тус тус даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, Э.Э нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа , барилга , хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж өөрийн компанийн эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа хүссэн бөгөөд тус газраас “БЛТ” ХХК-ний эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байгаа учраас бүртгэгдээгүй нэгж талбарыг нөхөн бүртгэх ажил улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд явагдаж байгаа тул холбогдох суманд хандаж бүртгүүлж баталгаажуулахыг мэдэгдсэн хариу албан бичиг “БЛТ” ХХК-д хүргүүлсэн байна.
Үүний дагуу “БЛТ” ХХК-ний компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч “БЛТ” ХХК-ний 3 нэгж талбар бүхий газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Ерөө сумын Засаг даргад гаргажээ.
Хариуцагч Ерөө сумын Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр “БЛТ” ХХК-д хүргүүлсэн хариу албан бичигтээ “ ... Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргадаг бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагаас өмнө нь хүсэлт ирүүлээгүй болно ... мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор тусгасан байдаг тул газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэх боломжгүй юм “ гэсэн хариуг “БЛТ” ХХК-д хүргүүлжээ.
Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс Ерөө сумын Засаг даргын эзэмшил газрыг нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа болон хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйн талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад албан бичгээр болон биечлэн удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй байх тул нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний төмрийн хүдэр олборлох зориулалттай 39 га, зочид буудлын зориулалттай 1000 мкв, орон сууцны зориулалттай 10000 мкв газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй, тус газруудтай холбоотой мэдээлэл авах “БЛТ” ХХК-ний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүүнүүдийг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэж, газартай холбоотой мэдээллийг “БЛТ” ХХК-д өгөхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
“БЛТ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Тус компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Хүдэр сумын нутагт Контор зочид буудал-ын зориулалтаар нэгж талбарын ******** дугаар бүхий 3 га газрыг Авто гараашны зориулалтаар нэгж талбарын ******** дугаартай 3 га газрыг Тэсрэх бодисын агуулах-ын зориулалтаар нэгж талбарын ******** дугаар бүхий 2 га газрыг Тоосгоны үйлдвэрийн зориулалтаар нэгж талбарын ******** дугаар бүхий 30 га газрыг нийт 4 нэгж талбар бүхий 38 га газрыг 60 жилийн хугацаатайгаар, мөн Ерөө сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр Төмрийн хүдэр олборлох зориулалтаар 39 га газрыг 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Зочид буудал-ын зориулалтаар 1000 м.кв газрыг 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Орон сууц-ны зориулалтаар 10000 м.кв газрыг тус тус ашиглаж эзэмшдэг.
Энэхүү газрууд дээр маань манай компанийн өмчлөлийн автомашины пүүний байр, автомашины суурь, харуулын байр, тоосгоны үйлдвэрийн барилга, тэсэлгээний материалын агуулах, тэсрэх бодисын агуулах, контор, зочид буудал, уурын зуух, авто гарааш, 110 кв-ын шугам, дэд станцын барилга, тоног төхөөрөмжүүд байрладаг.
Иймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн албан татвар, газрын төлбөрийг компанийн зүгээс хуулийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Хүдэр сумын газрын даамалтай биечлэн очиж уулзан дээрх газруудыг нөхөн бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримтуудын хамт өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очиж газрын даамал Н.Мөнхзаяатай уулзахад танай дээрх газруудыг өөр хуулийн этгээдэд уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлсэн байна. Танай компанийн эзэмших, ашиглах эрх бүхий газруудтай холбоотой мэдээлэл манайд огт байхгүй байна гэж хэлсэн учраас компанийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компанийн эзэмших, ашиглах эрх бүхий газруудыг яг ямар шийдвэрээр цуцалж дээрх газруудыг өөр хуулийн этгээдэд ямар шийдвэрээр олгосон талаар мэдээлэл авахаар бичгээр хүсэлт гаргаж холбогдох баримтуудыг мөн л хавсаргаж өгсөн. Гэтэл энэхүү хүсэлтийг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж холбогдох мэдээлэл бидэнд өгөөгүй.
Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх газруудтай холбоотой нөхөн бүртгүүлэх тухай хүсэлт гаргахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 дугаартай албан бичгээр газрын мэдээллийн санд нөхөж бүртгэх боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн.
Улмаар 2023 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан албан бичиг хүргүүлж, 2023 оны 04 болон 05 сард биечлэн уулзахад уг асуудлуудыг шийдвэрлэж, бичгээр хариу өгнө гэсэн боловч ямар нэгэн хариу бидэнд хариу ирээгүй тул 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж бидэнд бичгээр хариу өгөх ёстой боловч мөн л хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байгаа болно.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 3.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг гэж тус тус заасан.
Дээр дурдсанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумуудад байрлах газрууд дээр манай компанийн үл хөдлөх эд хөрөнгүүд байрладаг тул тухайн эд хөрөнгүүдийг газраас салгах боломжгүй газраас салмагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөх юм.
Түүнчлэн нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх 5.1.3 мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа шуурхай, хялбар байх 5.1.4-д мэдээлэл үйлчилгээ нь ойлгомжтой үнэн зөв бүрэн байх гэсэн зарчимтай байх бөгөөд 7.2-д Хуульд ил тод нээлттэй байхаар заасан эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ, 7.5-д Хуульд ил тод нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй 7.7-д Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж тус тус заасан.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах манай эзэмшил, ашиглалт бүхий газруудыг цуцалж, өөр хуулийн этгээдэд уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлсэн юм бол үүнтэй холбоотой мэдээллийг бид авах эрхтэй байх бөгөөд хуульд заасны дагуу тухайн шийдвэрийг бидэнд өгөх ёстой. Гэтэл энэхүү хязгаарлалтгүй, хаалттай биш мэдээллийг бидэнд огт өгөхгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий нийт 38 га газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн 4 нэгж талбар бүхий 38 га газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад даалгаж, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн Төмрийн хүдэр олборлох зориулалттай 39 га, Зочид буудал-ын зориулалттай 1000 м.кв Орон сууц-ны зориулалттай 10000 м.кв газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй, тус газруудтай холбоотой мэдээлэл авах “БЛТ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын эс үйлдэхүүнүүд хууль бус болохыг тогтоож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ийн газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэж газартай холбоотой мэдээллийг “БЛТ” ХХК-д өгөхийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргад тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....“БЛТ” ХХК нь Ерөө сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр Төмрийн хүдэр олборлох зориулалтаар 39 га газрыг 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Зочид буудал-ын зориулалтаар 1000 м.кв газрыг 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Орон сууц-ны зориулалтаар 10000 м.кв газрыг тус тус ашиглаж эзэмшдэг. Тус газрууд дээр маань манай компанийн өмчлөлийн автомашины пүүний байр, автомашины суурь, харуулын байр, тэсэлгээний материалын агуулах, тэсрэх бодисын агуулах, контор, зочид буудал, уурын зуух, авто гарааш, дэд станцын барилга, тоног төхөөрөмжүүд байрладаг. Одоог хүртэл цахилгааны дэд станцыг ашигладаг. Тухайн орон нутгийн газар дээр эдгээр үл хөдлөх эд хөрөнгө байгаа гэдэгтэй талууд маргадаггүй. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийнхөө татваруудыг нэхэмжлэгч компани төлдөг. Үүнтэй холбоотой баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Газрын даамал З.М гэх хүнтэй би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уулзсан юм. Үүнээс өмнө Э.Э төлөөлөгч холбогдох удирдлагуудтай нь уулзаж байсан. Намайг уулзахад газрын даамал танай газруудыг өөр хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байна, танай компанитай холбогдох тус газартай холбоотой нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй байна гэж хэлж байсан. Улмаар 2022 онд газартай холбоотой хүсэлтээ холбогдох баримтуудын хамт гаргасан. Бидэнд нөхөн бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Улмаар 2023 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг даргад албан бичгээр хандаж, 04, 05 дугаар сард нь биечлэн удаа дараа уулзахад аймгийн Засаг дарга хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг төрөөс баримталдаг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хэлнэ.” гэж заасан. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах манай үл хөдлөх эд хөрөнгүүд нь газраас салгах боломжгүй, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно. Иймд манай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, газар эзэмших, холбогдох эрхүүд маань зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын газрын мэдээллийн нэгдсэн санд манай компанийн мэдээллийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгаж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх би 2020 онд ажлаа аваад материалуудтайгаа танилцаад тухайн холбогдох газруудын эзэмших эрхийн хугацаа 2020 оны 8 сард хугацаа нь дуусгавар болох байсан учир түүнээс өмнө хугацаандаа хуулийн хүрээнд би өөрөө биечилж очиж тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мөн сумын Засаг дарга Г.Сэргэлэн гэж хүнтэй уулзаж байсан. Газрын даамалтай уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй, утсаар тухайн үедээ холбогдоход “...би жирэмсэн байгаа, декреттэй байгаа..” гэж хэлж хүсэлтүүдээ би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Ариунбат гэж хүнд бичлээр өгсөн. Тухайн үед намайг 2020 оны 05 дугаар сард очиж байхад газрын мэдээллийн нэгдсэн цахим сан дөнгөж бий болох гээд бэлтгэл ажил хангагдаж, аж ахуйн нэгжүүд газрын мэдээллийг цаасаар авч байсан үе байсан. Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мөн сумын Засаг дарга нартай биечлэн уулзаж манай нэгж талбарын хувийн хэрэг хаана байна вэ?, хувийн хэрэг байгаа бол биечлэн танилцмаар байна гэхэд газрын даамал декриттэй байгаа учраас үзүүлэх боломж байхгүй, хойноос чинь явуулъя гэж хэлээд, үл ойлголцож явсаар байгаад өнөөдрийг хүрж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд 2015 онд 15 жилийн хугацаатайгаар олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2020 оны 10 дугаар сард дуусгавар болох байтал тус цаг хугацаанаас өмнө өөр компанид эзэмшүүлсэн байгаа нь харагдаж байна. Түүнээс өмнө би 30 хоногийн өмнө газар эзэмших эрхийнхээ хугацааг сунгуулмаар байна, манай газрын төлбөрийг гаргаж өгнө үү, бүгдийг нь төлье, өмнө нь ажиллаж байсан хүн хайнга хандаж, орхигдуулсан байж болзошгүй байна гэсэн. Тус газруудын хувьд ямар ч нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, анхнаасаа 2004 онд 12 дугаар сар, 2005 оны 10 дугаар сар, 2005 оны 06 сард тухайн газрыг эзэмших эрхийг олгосон учир газрын гэрчилгээнд холбогдох нэгж талбарын хувийн хэрэг байх ёстой. Тухайн газруудын нэгж талбарын хувийн хэрэг хаачсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус 2 газар дээр чинь дүгнэлт гаргах гэхээр хувийн хэрэг нь байхгүй болохоор шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна. Гэхдээ “О” ХХК-ийн газартай нэг га газар давхцалтай байна. Бусад газар нь давхцалтай эсэх нь тодорхойгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Манай компанийн үл хөдлөх хөрөнгүүд тухайн газруудад байрладаг гэдгийг тус сумын иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сумын засаг захиргаа, даамал нар бүгд энэ олон жилийн хугацаанд мэдэхийн дээдээр мэддэг. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газраас нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдэд өнөөдрийг хүртэл элэгдэл хорогдлыг нь тооцохгүйгээр танайх тайландаа үүнийгээ бүрэн бүтэн байна гэж тусгасан тул татвараа төл гэдэг байдлаар шаарддаг тул аргагүйн эрхэнд төлсөн, одоо ч төлөөд явж байна. 2023 2024 оны татварыг шүүхийн маргаан хэлэлцэгдэж байгаа учраас татварыг нь түдгэлзүүлэх хүсэлтээ би өөрөө Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн газрын байцаагчтай очиж уулзсан. Ямар ч хүсэлт өгч байгаагүй гэж хэлж болохгүй. Тухайн газрын дээд талд нь объект буюу холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүд, манай компанийн цахилгаан байдаг. Газрын асуудлуудыг шийдээд өгчих юм бол тухайн орон нутагт байгаа алслагдмал мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүст тодорхой хэмжээний тогоор хангах боломж мөн байгаа гэдгийг сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, холбогдох удирдлагуудад танилцуулж байсан. Манай газрыг бусдын газартай давхцаагүй байна гэдгийг нь Сэлэнгэ аймгийн газрын албаны ахлах байцаагч н.Алтанзул гэх хүнтэй би өөрөө өмнө нь 2 ч удаа очиж уулзаж давхцаагүй нь байна, тэдэн төгрөг болох юм байна, тэдэн төгрөг болохыг нь бодоод чиний мэйл рүү явуулъя гэсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй, үл ойлголцож явсаар байгаад аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандсан. Яагаад ямар шалтгаанаар өгөхгүй байна вэ?, газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон гэж дүгнэж байгаа юм бол ямар материалыг үндэслэж, ямар хувийн хэргийг үндэслэж, ямар Засаг даргын захирамжийг үндэслэж газрын хугацаа дуусгавар болсон гэж дүгнэж байна вэ?, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй асуудалд яагаад дүгнэлт гаргаад 30 хоногийн өмнө хуулийн хүрээнд сунгах хүсэлтээ өгөөгүй учир хугацааг сунгахгүй гэж байна вэ? үүнийг хариуцагч газрын даамал тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл тодорхой мэдээллийг өгөөгүй. Бид нар үл ойлголцож явсаар ийм байдалд хүрч байна. Манай газрыг сэргээж өгөхгүй байгаа шалтгаан нь юу вэ?, манайд өгөхөд хэний эрх ашиг хөндөгдөх гээд байна вэ?, тухайн газар дээр манайх үл хөдлөх хөрөнгө байж байгаа, өмчлөөд авсан улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд нь байгаа, холбогдох татваруудыг хуулийн хүрээнд нь төлөөд явж байна. Боломжгүй зүйл гэж манай компанийн зүгээс харахгүй байгаа, боломжтой, хүсэхгүй байгаадаа л өнөөдрийг хүртэл ийм байдалд хүргэж байна. Намайг хүсэлтээ өгөөд уулзаад явж байхад хугацаа дуусаагүй байсан. 2005 оны 6 сарын 20-ны өдөр 106 дугаар захирамжаар олгосон газрын хугацаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эцсийн байдлаар хугацаа дуусгавар болно. Газартай холбогдох материалууд газрын албандаа үе үе шаттайгаар байж байх ёстой. Газрын даамал 2018 оноос ажиллаж байгаа бол хэзээнээс ч байсан бай тухайн холбогдох хүнтэйгээ мэдэгдэх хуудсаа өгөөд газрын төлбөрөө төл гэж шаардаад асуудлыг шийдвэрлээд явах ёстой. Гэтэл огт тийм харилцаа байхгүй, “...Би жирэмсэн декреттэй өөр хүн байгаа, одоогоор томилогдсон хүн байхгүй, хэзээ би декретээсээ орно, тэр үедээ би ажлаа шийднэ.” гэсэн харилцаатай байсан. Үүнийг нуун дарагдуулах ямар шаардлага байна вэ? 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 39 га газар бидний хэсэг бүрчлэн маргаж байгаа газраас тусдаа асуудал энэ бол Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн лицензтэй холбоотой эзэмшүүлсэн 39 га газрыг бид яриагүй. Энэ газар бол “О” ХХК-тай нэг га газраараа давхцалтай юм байна гэсэн шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Түүнээс манай газар дээр дүгнэлт хийсэн зүйл байхгүй байхад хугацаа нь дууссан гэх зүйлийг ярьж үл ойлголцож хүндрүүлээд байж болж байгаа юм уу?, газрын даамал та бас бодоод үзээрэй. Би энэ асуудлуудыг удаа дараа хэлж байсан, ярьж байсан, газрыг маань сунгаад өгчих юм бол дээд талынхаа объектуудыг янзлаад засаад тухайн орон нутагтай хамтран ажиллаад тогоо сэргээлгээд тэр хавийн малчид тог татах боломжтой, та бүхэн харгалзаж үзнэ үү гэж хүсэлт гаргасан Сэлэнгэ аймгийн ажлын хэсэг очиж үзэж танилцсан. Үзэж танилцаад нээрээ тийм юм байна гээд ажиллаад явсан. Аль аль талдаа мэдээлэлтэй, уялдаа холбоотой байвал зүгээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хэний ч эрх ашгийг хөндөөгүй, манай л эрх ашгийг хөндөгдөж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал хүсэлт тавьсны дагуу тухайн газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх асуудал хөндөгдөж эхэлсэн. Тухайн 3 газар нь гурвуулаа газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигч өөрөө хүсэлтээ хугацааг сунгуулах талаар гаргах ёстой. Уг хүсэлтийг ирүүлж байсан эсэх нотлох баримтыг бичиг хэргээс шүүхэд тийм баримт байхгүй, хүсэлт ирүүлж байгаагүй байна. Иймд хүчингүй гэрээ, гэрчилгээг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх боломжгүй.”, “...Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гэдэг хүнийг анх удаа өнөөдөр харж байна. Бид 2 өнөөдөр анх удаа уулзаж байна. Газартай холбоотой аливаа асуудал болон бусад асуудлыг албан бичиг тоотоор албан хүсэлтээр харьцдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлан дарга, Засаг даргатай уулзаад хүсэлтээ өгсөн, гуйсан гэж байна. Энэ нь албан тоотоор явах ёстой гэж бодож байна. Мөн миний хувьд декриттэй байсан хугацаа байхгүй. Би албан үүргээ гүйцэтгээд л одоо хүртэл явж байна. Ямар нэгэн бүртгэхгүй байх шалтгаан, асуудал байхгүй. Хуулийн дагуу зөвхөн хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээг бүртгэх ёстой. “БЛТ” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон учраас бүртгэх боломжгүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой. Тус хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй 3 нэгж талбар бүхий газар гурвуулаа хугацаа нь дуусгавар болсны дараагаар 2022 оны 12 дугаар сард хүсэлт явуулсан тул боломжгүй, хүчингүй гэдэг тайлбарыг өгсөн. Газар эзэмшиж эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэж байгаагүй гэж байна. Гэтэл газар эзэмших эрхийг Засаг дарга хүчингүй болгоогүй, зөвхөн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон. Тус 2 асуудал нь маань хоорондоо ялгаатай ойлголт юм. Нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй гэж байна. Нэгж талбарын хувийн хэрэг үүсэх ёстой. Гэтэл тухайн нэгж талбартай хамааралтай хувийн хэрэг яагаад үүсээгүй талаар би мэдэхгүй байна. 2018 оноос хойш уг ажлыг би авч гүйцэтгэж ирж байна. Хугацаа нь дуусгавар болсон байна гэдэг мэдээллийг нэхэмжлэгч компаниас ирсэн хүсэлтээр л мэдэж архивын баримт шүүж байж тайлбарыг өгсөн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БЛТ” ХХК шүүхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний төмрийн хүдэр олборлох зориулалттай 39 га, зочид буудлын зориулалттай 1000 мкв, орон сууцны зориулалттай 10000 мкв газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй , тус газруудтай холбоотой мэдээлэл авах “БЛТ” ХХК-ний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүйнүүдийг хууль бус болохыг тогтоож , Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэж, газартай холбоотой мэдээллийг “БЛТ” ХХК-д өгөхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “тус газруудтай холбоотой мэдээлэл авах “БЛТ” ХХК-ний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газартай холбоотой мэдээллийг “БЛТ” ХХК-д өгөхийг Ерөө сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд , нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж өөрийн компанийн эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа хүссэн бөгөөд тус газраас “БЛТ” ХХК-ний эзэмшлийн газрууд газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байгаа учраас бүртгэгдээгүй нэгж талбарыг нөхөн бүртгэх ажил улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд явагдаж байгаа тул холбогдох суманд хандаж бүртгүүлж баталгаажуулахыг мэдэгдсэн хариу албан бичиг “БЛТ” ХХК-д хүргүүлсэн байна.
3. Хариуцагч Ерөө сумын Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр “БЛТ” ХХК-д хүргүүлсэн хариу албан бичигтээ “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргадаг бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагаас өмнө нь хүсэлт ирүүлээгүй болно., ...мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор тусгасан байдаг тул газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэх боломжгүй юм “ гэсэн хариуг “БЛТ” ХХК-д хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний зүгээс Ерөө сумын Засаг даргын эзэмшил газрыг нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа болон хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйн талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад албан бичгээр болон биечлэн удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй байна.
5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн лавлагаагаар “БЛТ” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд захирлаар нь Луузандамбын Баярцогт 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр бүртгэгдсэн байна.
6. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаартай захирамжаар төмрийн хүдэр олборлох зориулалтаар 39 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар, мөн сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай захирамжаар орон сууцны зориулалтаар 10000 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр , 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаартай захирамжаар 1000 мкв газрыг 15 жилийн хугацаагаар зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгожээ.
7. Шүүхээс “БЛТ” ХХК-д хандаж Ерөө суманд байрлах 3 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувиудыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч тус компаний зүгээс хөрөнгө оруулан хамтран ажиллаж байсан БНХАУ-ын иргэд гэрчилгээ болон бусад баримт бичгүүдийн эх хувийг хүлээлгэн өгөлгүй нутаг буцсан талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “БЛТ” ХХК нь уг гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулахаар “ Шуурхай зар” сэтгүүлд хандсан талаар баримтыг шүүхэд ирүүлжээ.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заажээ.
2. Дээрх хуульд зааснаар “БЛТ” ХХК-ний эзэмшлийн Ерөө суманд байрлах 3 нэгж талбар бүхий газрыг газрын мэдээллийн нэгдмэл санд нөхөж бүртгэхийг хүссэн “БЛТ” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 22-нд гаргасан хүсэлтийг хариуцагч Ерөө сумын Засаг дарга нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэхгүй.
3. Учир нь “БЛТ” ХХК-ний дээрх хүсэлтийн хариуд хариуцагч Ерөө сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр татгалзсан хариу өгсөн байна.
4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заажээ.
5. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний эзэмшлийн Ерөө сумын 3 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байна. Үүнд :
а/ Ерөө сумын Засаг даргын “БЛТ” ХХК-д 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаартай захирамжаар төмрийн хүдэр олборлох зориулалтаар 39 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна.
б/ Ерөө сумын Засаг даргын “БЛТ” ХХК-д 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай захирамжаар орон сууцны зориулалтаар 10000 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна.
в/ Ерөө сумын Засаг даргын “БЛТ” ХХК-д 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаартай захирамжаар 1000 мкв газрыг 15 жилийн хугацаагаар зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус дуусгавар болсон байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон Ерөө сумын ЗДТГ-н ирсэн бичиг, баримтын үзлэгээр нэхэмжлэгч “БЛТ” ХХК нь дээрх Ерөө суманд байрлах 3 нэгж талбарын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
7. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд дээрх эмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсоны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх 3 нэгж талбар бүхий газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтийг Ерөө сумын Засаг даргад гаргасан байна.
8. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний 3 нэгж талбар бүхий газруудын газар эзэмших эрх дуусгавар болсонтой холбогдуулан хариуцагчаас дээрх газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэж газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх боломжгүй тухай хариу хүргүүлснийг буруутгах боломжгүй юм.
9. Нэхэмжлэгч “БЛТ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжаар “БЛТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хэрэг тус бүрд тэнцүү хувааж 35100 төгрөг байхаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “БЛТ” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний төмрийн хүдэр олборлох зориулалттай 39 га, зочид буудлын зориулалттай 1000 мкв, орон сууцны зориулалттай 10000 мкв газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “БЛТ” ХХК-ний газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “БЛТ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР