Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 38

 

 

   2023          06           20                                      2023/ДШМ/38

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч *******, *******, ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн ******* нарт холбогдох эрүүгийн 2236001630196 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1977 оны ******* сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх, Молхы ургийн овогт Тилеуханы Эрболат, регистрийн дугаар: *******;

 

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх, Жантекей ургийн овогт Долдорын Амангельд, регистрийн дугаар: *******;

 

3. Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Молхы ургийн овогт Эрболатын Аскадав, регистрийн дугаар: *******

4. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Ховд аймгийн Ховд Улаанбураа багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас ах дүү хоёр *******, сумын ******* нарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Яллагдагч ******* нь хохирогч *******ын эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсыг булаан авч чулуун дээр цохиж, гол руу шидэж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5.Ховд аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

6. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

6.1 . Шүүгдэгч Молхы ургийн овогт Тилеуханы Эрболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Молхы ургийн овогт Тилеуханы Эрболат, Жантекей ургийн овогт Долдорын Амангельд, Молхы ургийн овогт Эрболатын Аскадав нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

6.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

 

6.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

 

6.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох Ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

 

6.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505 1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нараас 256,000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч *******д, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нараас 36,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч *******д тус тус олгож,

 

6.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад тус тус тайлбарлаж,

 

6.7 Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

6.8 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох, шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

 

6.9.Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч *******, *******, ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нар нь давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

7.1  Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ний өдрийн тогтоолын тогтоох нь хэсэгт шүүгдэгч Молхы ургийн овогт Тулеуханы Эрболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн шийтгэсэнд гомдолтой байна.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ Шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ..*******, ******* хоёр зодолдож эхэлсэн. ******* утсаараа бичлэг хийгээд байхаар нь манай нөхөр гар утсыг нь булааж аваад чулуудчихсан. Сүүлд үзэхэд утас нь гол руу унаагүй голын эргийн дэрсэн дээр байсныг олж аваад *******д хүлээлгэж өгсөн....." гэх мэдүүлэг Ховд аймгийн прокурорын 2022 оны ******* сарын 16-ны өдрийн 178 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. *******ын гар утсыг олоод хүлээлгэн өгсөн нэмж хохиролд 500,000 төгрөг авсан байхад. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэрчүүд мэдэж байхад гэрчүүдийг оролцуулаагүй. Мөрдөн байцаагч Антонавт хохирогч ******* нь эзэмшлийн Самсунг A52 /Samsung A52/ загварын гар утсаа олсон талаар хэлсэн боловч шалгалгүй орхигдуулсан. Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ний өдрийн тогтоолд тогтоох нь хэсэгт Молхы ургийн овогт Тулеуханы Эрболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэнд гомдолтой байна.

 

7.2 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай "Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд" үзлэг ба шинжилгээ хэсэгт, хэсэг газрын үзлэгт: Хүзүүний баруун урд хэсэгт олон тооны жижиг бүдэг хүрэн өнгийн зулгаралтууд , зүүн бугалганы урд хэсэгт олон тооны жижиг бүдэг хүрэн өнгийн зулгаралтууд, зүүн бугалганы урд хэсэгт шаргал өнгийн туяа орсон хөхөлбөр өнгийн цус хуралт, хэвлийн дээд хэсэгт хүрэн өнгийн зулгаралт, хэвлийн дунд хэсэгт хүрэн өнгийн зулгаралтууд үүссэн.

 

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай *******ын гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч *******, *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

 

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

4. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Ховд аймгийн Ховд Улаанбураа багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас ах дүү хоёр *******, ******* нарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсыг булаан авч чулуун дээр цохиж, гол руу шидэж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

5. Анхан шатны шүүх *******, *******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

 

6.Шүүгдэгч *******, *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1 Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Ховд аймгийн Ховд Улаанбураа багийн нутаг дэвсгэр Шар тохой гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас ах дүү хоёр *******, ******* нарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь хохирогч *******, ******* гэрч М.Даулет нарын мэдүүлэг, Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  ахлах шинжээч эмч Д.Тогтохын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 565 дугаартай, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт “хэргийн бодит байдалд нийцсэн” байна.

Мөн “шүүх шүүгдэгч *******, ******* нарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.2 Харин шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайлбал, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Гадаа *******, ******* хоёр манай дүүг заамдаж аваад түлхээд, авгай нь модоор цохиод байсан. Тэгэхэд нь би машин руугаа гүйж очоод өөрийнхөө гар утсыг авч бичлэг эхэлсэн. Тэгсэн чинь ******* миний баруун нүдний доод зовхи хэсэгт баруун гараа атгаж байгаад нударгаараа нэг удаа цохисон. Толгойдоо цохиулаад тонгойх үед миний ар дагз хэсэгт дахин нэг удаа цохиод миний гарт байсан гар утсыг булааж аваад гэрийн гадаа байсан чулуун дээр цохиж хагалаад гэрийн гадаа урсаж байсан Буянт гол руу шидчихсэн” гэж /1хх-ийн 73х/,

 

хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тэр үед манай ах утсаараа тухайн болж байсан үйлдлийг бичиж байтал ******* нь утсыг нь гэнэт булааж аваад чулуу руу 2 удаа газраас авч цохиод дараа нь нөгөө утсыг нь газраас аваад гэрийнхээ хажууд байх гол руу шидчихсэн” гэж /1хх-ийн 80х/,

 

гэрч М.Даулет мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ ...Тэр үед ******* өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Дараагаар нь бүгд гадаа гарсан. Гадаа гараад ******* бичлэг хийж байтал ******* ойртож очоод зүүн талын гүд рүү баруун гараа атгаж байгаад нударгаараа нэг удаа цохисон. ******* цохиулаад тонгойход гарт нь байсан утсыг булааж аваад эсгий гэрийн хаяанд байсан чулуун дээр цохиж хагалаад гэрийнх нь гадна урсаж байсан гол руу шидчихсэн” гэж /1хх-ийн 66х/ тус тус мэдүүлсэн байна.

 

Дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр “зодооны үед ******* нь тухайн үйл явцыг өөрийн эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн тул шүүгдэгч ******* нь түүний утсыг булааж авч, чулуунд цохиж хагалаад ус руу шидсэн” үйл баримт тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь анхнаасаа “бусдын эд хөрөнгийг устгах” санаа зорилготой байгаагүй ба харин зодооны үед “тухайн үйл явцыг баримтжуулсан нотлох баримтыг устгаж байна” гэсэн санаа зорилгоор гэмт үйлдэлдээ хандсан байна.

 

Иймээс шүүгдэгч *******ын “хохирогч *******ын эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утсыг устгасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж байхгүй байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7. Харин “хохирогч *******ын эзэмшлийн Samsung A-52 маркийн гар утас эвдэрч гэмтээгүй байсан, утсыг олж хохирогчид буцааж өгсөн” гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хэвээр нь үлдээснийг дурдах нь зүйтэй. 

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******ад Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******, *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нарын гомдлын “зарим хэсгийг буюу шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэнд гомдолтой байна” гэснийг хангаж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Молхы ургийн овогт Тилеуханы Эрболатад Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Молхы ургийн овогт Тилеуханы Эрболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” хэсгийг, 2 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулсан хэсгийг тус тус хасаж,

 

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...шүүгдэгч нарт тайлбарлаж,” гэснийг “...шүүгдэгч нарт тайлбарласугай.” гэж өөрчлөн “...мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Эрболотад тус тус  тайлбарласугай.” гэсэн хэсгийг хасаж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Алимаа нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР