| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0066/З |
| Дугаар | 159/ШШ2024/0069 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 159/ШШ2024/0069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0066/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Х” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М
Гомдлын шаардлага: “Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Мын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Н /цахим/, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Д /цахим/, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Э.Бээс ирүүлсэн гомдлын дагуу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Т”-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Т” ХХК-ийг “...“Т” ХХК-ийн ажилтан Э.Бд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар цалинжуулсан нь тогтоогдсон” гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар 9.1 дэх заалтыг зөрчсөн гэм буруутайд тооцож 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагчаас тус шийтгэлийг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан гаргасан гомдлыг шүүх 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан байна.
Гомдол гаргагчаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлсэн гомдлыг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан байна.
Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Мын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч зөрчлийн 2431000601 дугаартай хэрэг үүсгэн шалгаад торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүйд болгуулахаар гомдол гаргаж байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь “Т” ХХК-ийг манаач Э.Бд цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоож олгож байсан нь тогтоогдсон гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэм буруутайд тооцож 5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсныг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажилтан Э.Б нь “Х З” ХХК-д ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар танай “Х” ХХК компанийн өмч барилга объект түүхий эд материалын манаачаар ажиллая гэж өөрөө хүсэлт гаргасны дагуу түүнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ /ажиллаж байгаа гэдэг утгаар нь хөдөлмөрийн хавсран/ шинэ хуулиар хөлсний доод хэмжээний 75 хувиар цалинжуулж байсан болно. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан өөрийн байгууллагатаа болон өөр байгууллагад ажил хавсран ажиллах эрх нь нээлттэй байдаг тул түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан ажилтан хавсран ажилласан тохиолдолд үндсэн цалингийн 30-40 хувиар цалинжуулахаар компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасныг баримтлан цалинжуулсан болно.
2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Батдэмбэрэл нь “Х” ХХК-ийн захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл, цалин хөлсний хэмжээг талууд харилцан зөвшилцсөн бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулсан болно. Гэрээнд заасны дагуу манай компанийн гадна талбайд буулгасан байсан “Т” ХХК-ийн түүхий болох ихээхэн хэмжээний шохойн чулууг үрэгдүүлсэн байсан учир түүнтэй хариуцлага тооцох асуудал тавигдмагц Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргасан нь хариуцлагаас мултрах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь миний мэдүүлэгтээ түүнийг “Х З” ХХК-ийн үндсэн ажилтан, тэнд ажилладаг холбогдогчоор өгсөн манай “Х” ХХК-д давхар ажил гүйцэтгэдэг талаар мэдүүлсээр байхад энэ байдлыг шалган тогтоогоогүй байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, компанийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.
Манаач Э.Б нь “Т” ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй юм. Гэтэл шийтгэлийг “Т” ХХК-д оногдуулаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Мын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү..” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Х” ХХК-иас гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Гомдолд дурдсан асуудалд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч "Т" ХХК-д 0122061 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон бөгөөд "Х" ХХК нь дээрх шийтгэлд гомдол гаргах этгээд биш гэж үзэж байна. "Т" ХХК нь 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй тул шийтгэвэрт гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Хэрэв торгуулийг барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх болно.” гэжээ.
Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т” ХХК-д 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Хүлээлгэж өгсөн баримтыг шуудангийн баримтаар тогтоогддог. Гэтэл “Т” ХХК 09 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан байдаг. Манайхаас хүргүүлсэн албан тоот дээр ч мөн дурдсан байгаа. 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандаарай гэж дурдсан.
“Т” ХХК-ийн гомдолд дурдсан зэрэгцсэн гэрээгээр ажиллаж байгаа гэдэг утгаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-иар цалинжуулж, ажил хавсаргасан тохиолдолд 30-40%-иар цалинжуулж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн дотоод журамд заасан, баримталсан гэж байна. Уг агуулгыг харвал “Т” ХХК-ийн захирал Ж.Н нь зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрдөг. “Т” ХХК-ийн гаргасан албан тоот дээрээ үндсэн цалингийн 75%-иар цалинжуулсан. Дотоод журамд заасныг үндэслэсэн. Дээрээс нь 30-40%-иар цалинжуулахаар дотоод журамд зааснаар шийдвэрлэсэн гэж байгаа юм. Үүнээс Э.Б нь “Т” ХХК-ийн ажилтан мөн гэдэг нь тодорхой болж байна. Нэг ойлголтын зөрүү гарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ажил хавсаргана гэж заасан. Ажил ямар тохиолдолд хавсрах вэ гэхээр байхгүй байгаа ажилтан, эсхүл ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажлыг компани дотроо хийх асуудал байгаа юм. Мөн хуулийн 55 дугаар зүйлд ямар агуулга байгаа гэхээр зэрэгцсэн гэрээ гэдэг нь өөр өөр байгууллагад ажиллахыг хэлнэ. Тэгэхээр уг компани маань хууль зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн. 107.4-д юу гэж заасан гэхээр ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин, үндсэн цалин тогтоохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн. Үүнээс харвал Э.Б нь “Х” ХХК, “Х З” ХХК, “Т” ХХК нартай зэрэгцсэн гэрээгээр ажиллаж байсан байна гэж тогтоож байна.
“Т” ХХК-ийн өмч болох ихээхэн хэмжээний шохойн чулууг үрэгдүүлсэн талаар дурдсан байна. Энэ бол хэлэлцэж байгаа хэрэгт хамааралгүй. Харин нэхэмжлэлийн агуулга дээр нэг зүйл анзаарагдаж байна. Э.Б нь “Т” ХХК-ийн өмч буюу шохойн чулууг хадгалж байсан байна. Ажил үүрэг гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоогдож байна. “Т” ХХК-г гэрээ байгуулаагүй байхад “Т” ХХК-г торгосон гэх асуудал байгаа. Энэ дээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.Бтэй Ж.Н нь 2023/01 дугаартай ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний агуулгыг харвал нэр нь өөр болохоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан байсан. Тухайн ажилтантай ажил үүрэг тохироод цалин хөлс олгож, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар харилцан үүрэг гүйцэтгэж гарын үсэг зурсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д тодорхой заасан байгаа. Гэрээг сайн уншвал Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол гол нөхцөлүүдийг бүгдийг нь тохирсон байсан. Дээрээс нь ажил олгогчийн эрх үүрэг дээр Хөдөлмөрийн тухай хуулийг дандаа ишлэл болгосон байсан. Хэрэв уг гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн өгүүлбэр орчихсон байгаа. Миний хувьд цалин хөлсийг тогтооход нэлээн хүндрэлтэй байсан. Нийгмийн даатгалын газар луу албан хүсэлт явуулсан. Тэгэхэд огт нийгмийн даатгал төлөөгүй байсан. Энэ дээр юу гэж харагдаж байна гэхээр заавал даатгуулах ёстой даатгалыг ажил олгогчийн зүгээс хийгээгүй байсан. Үүргээ биелүүлээгүй байсан. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байсан. Би үндсэндээ хоёр талаас материал цуглуулсан. Энэ дээр цалин хөлсөнд янз бүрийн бүтээгдэхүүн өгсөн байсан. Бал, төмөр, ямар нэгэн бүтээгдэхүүн өгсөн байсан. Э.Б гэх ажилтан энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Харин ч нааштай хандаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг мөн зөрчиж байсан. Хоёр тал Э.Б гуай ч гэсэн авсан мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрч байсан. Ж.Н захирал магадлал дээр хохирлыг тооцсон судалгаа дээр хүлээн зөвшөөрч гарын үсэн зурсан байдаг. Тийм учраас би шийтгэлийн хуудсыг бичиж хариуцлага тооцсон.” гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Бийн хувьд “Х” ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэдэг нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Х” ХХК-тай байгуулсан гэрээгээр нотлогдож байна гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн. “Т” ХХК гэж бичигдсэн байгаа боловч ажил олгогч нь зөвхөн “Х” ХХК юм. Харуул хамгаалалтын компанийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг “Х” ХХК хэмээн боловсруулж түүний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан байдал нотлогдож байна. “Т” ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байхад “Т” ХХК-ийг торгосон зөрчил шалган шийдвэрлэх үйлдэл нь буруу байна гэж үзэж байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Гомдол гаргах хугацааны хувьд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, хамламж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Т” ХХК-ийг ажилтан Э.Бд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар цалинжуулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.1-д зааснаар 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Шүүхэд гомдол гаргагч “Х” ХХК болон “Т” ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Н “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1. Захиргааны хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймаг Сайхан сумын нутаг дэвсгэрт ган ширэм өнгөт металлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК, гадаад дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-уудын захирал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бүртгэснээр Жадамбын Нармандах байна. / хх-н 6, 31-р хуудас /
2. “Х” ХХК–ний захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар Э.Бийг манаачаар ажилуулах тушаал гаргаж сарын 420,000 төгрөгөөр тогтоож, өдрийн цагаар давхар ажил гүйцэтгэх хүсэлтийг зөвшөөрч 300,000 төгрөгөөр цалинжуулахаар тохирч мөн өдөр 2020/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулжээ.
3. “Х” ХХК-ний захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 03 дугаартай “Цалин нэмэх тухай“ тушаал /тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ шинэчилсэн/ гаргаж сарын цалинг 660,000 төгрөгөөр тогтоож, манаач Э.Б нь өдрийн цагаар давхар ажил эрхлэх хүсэлтийг харгалзан цалингийн 75 хүртэл хувиар тооцож 500,000 төгрөгөөр цалинжуулахаар тохирч, мөн өдөр 2023/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Х” болон “Т” ХХК–ний захирал Ж.Н манаач Э.Бтэй байгуулжээ.
4. Захиргааны болон зөрчлийн хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар “Т” ХХК нь “Х” ХХК-ний манаач Э.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
5. Хариуцагч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...Гомдолд дурдсан асуудалд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч "Т" ХХК-д 0122061 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон бөгөөд "Х" ХХК нь дээрх шийтгэлд гомдол гаргах этгээд биш гэж үзэж байна. "Т" ХХК нь 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй тул шийтгэвэрт гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна...“ гэх тайлбарыг ирүүлжээ.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар
1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.1-д “Ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг“, 3.1 дүгээр зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заажээ.
2. Хариуцагч Д.М нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох ажиллагааг хуульд заасан журмаар шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээд буюу холбогдогчийг зөв олж тогтоогоогүй байна.
3. Тухайлбал “Х” ХХК-ны манаач Э.Б нь “Т” ХХК-тай ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй бөгөөд “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээний нэг тал болохоос тухайн компанийн ажилтан биш байна.
4. Мөн “Х” ХХК-ний манаач Э.Б нь “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байхад хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжуулсан үндэслэлээр шийтгэлийн хуудсаар торгосон нь үндэслэлгүй байна.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар “Т” ХХК болон манаач Э.Б нар “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажлын хөлсөө хэлэлцэн тохиролсон ёсоор өгч авах үүрэгтэй бөгөөд үүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хамаарахгүй зөвхөн гэрээний үнийн дүнгээр гүйцэтгэсэн ажлын хөлс зохицуулагдахаар байна.
6. Мөн хариуцагч нь Э.Бийг 2020 оны 05 сараас хойш 2024 оны 05 сар хүртэл “Т” ХХК-д ажилласан гэж үзэж магадлагаа гаргасан бөгөөд тус магадлагаагаар “Т” ХХК нь 2020-2024 оны хооронд манаач Э.Бд 7,162,500 төгрөгний хохирол учруулсан гэж тогтоосон нь үндэслэлгүй байна.
7. Учир нь 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ“-ээр “Т” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2024 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр биш ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан тул дээрх үнийн дүн бүхий хохирлыг “Т” ХХК барагдуулах үндэслэлгүй байна. Харин гэрээт ажилтан Э.Б нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг дутуу олгсон гэж үзвэр харьяалах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хор учруулсан нэхэмжлэлийг гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.
8. Хариуцагч нь гомдол гаргагчийг гомдол гаргах эрхгүй болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан баримтаар уг тайлбар үндэслэлгүй байна.
9. Тухайлбал тухайн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч “Х” болон “Т” ХХК-ууд нь хоёр тусдаа өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч нэг өмчлөгч эзэмшигчтэй бөгөөд захирлаар нь нэхэмжлэгч Ж.Н ажилладаг байна. Мөн хөдөлмөрийн улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүхэд гомдол гаргасныг шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байх бөгөөд гомдол гарагчаас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулан буцаан шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-ний гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0122061 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж , хариуцагч Д.Маас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР