| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0055/З |
| Дугаар | 159/ШШ2024/0070 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 159/ШШ2024/0070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0055/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Шаамар сумын 3-р багийн Засаг даргыг түр томилох тухай” Б/8 дугаартай захирамжаар М.Бг Шаамар сумын Дулаанхаан 3-р багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/342 дугаартай захирамжаар Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны Б/8 дугаартай захирамжийг Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад “...маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/915 дугаартай албан бичгээр гомдлын хариуг хүргүүлжээ.
Нэхэмжлэгч гомдлын хариу албан бичгийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/342 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан З дугаар багийн Засаг дарга Ж.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “өндөр насны тэтгэвэр”-т гарах хугацаа болсон тул тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн байсан. Иймд Ж.Гын хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/6 дугаар захирамжаар Ж.Гыг түүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Ж.Гыг ажлаас чөлөөлсөн тул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан 3 дугаар багийн нийт иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий этгээд нь багийн Засаг дарга юм. Гэтэл багийн Засаг дарга нь ажлаас чөлөөлөгдсөн тул төрийн үйлчилгээг тасралтгүй шуурхай явуулах зорилгоор М.Б намайг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/8 дугаартай захирамжаар Дулаанхан З дугаар багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарч уг захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/8 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжийг эс хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92-94 дэх хэсэгт зааснаар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/З42 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг М.Б миний зүгээс “Сэлэнгэ аймгийн Засаг даргад”-д гаргасан. Миний гаргасан гомдлыг хянаад Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/915 дугаар албан бичгээр “хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Маргаан бүхий захиргааны акт буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн 1 дэх хэсэгт “... Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон ...” гэсэн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг “3асаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж зааж өгсөн байна. Гэтэл өмнөх Засаг дарга болох Ж.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт” өгсний дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/6 “Ж.Гыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарч түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд төрийн алба шуурхай, тасралтгүй байх зарчмын хүрээнд М.Б намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Дээрх үйл баримтаас үзэхэд дээд шатны Засаг дарга буюу Шаамар сумын Засаг дарга нь иргэн М.Б намайг “3асаг дарга”-аар томилоогүй бөгөөд зөвхөн түр орлон гүйцэтгэгчээр л томилсон үйл баримт тогтоогддог. Мөн дээд шатны Засаг дарга буюу сумын Засаг дарга нь М.Б намайг Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохыг хүлээн зөвшөөрч захирамж гаргасан. Эдгээрээс үзэхэд Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/З42 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарласан. Субъектийг буруу тодорхойлсон үүний улмаас М.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Монгол улсын Үндсэн Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж зааж өгсөн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд баг хорооны Засаг даргыг сумын Засаг дарга томилох эрхийг хуулиар олгосон байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга шууд халдсан үйлдэл гэж үзэж байна.
Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т “нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх” гэсэн зарчмыг мөн л зөрчсөн байна. Цаашлаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/З42 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь бичгээр гарч буй захиргааны акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангах ёстой. Гэтэл маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт зааснаар “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлагыг мөн л хангаагүй байна. Уг актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хаана, хэнд, ямар хугацаанд гомдол гаргах нь тодорхой бус байна. Үүнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээр бүгдээс нэгтгэн үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/З42 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь Монгол улсын Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж гарсан, үүний улмаас М.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар ч үндэслэлгүйгээр халдсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/З42 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. “...Иргэн М.Бгийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Үндэслэл нь юу вэ гэхээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны 3-р багийн Засаг дарга Ж.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тул тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч Ж.Гын хүсэлтийг хүлээж аваад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар түүний хүсэлтээр чөлөөлсөн. Ж.Гыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан 3-р багийн иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргыг сонгох удаа дараагийн хурал хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас хүчингүй болсон. Тийм учраас иргэдийн гаргасан өргөдөл, гомдол, шийдвэрлэх эрх бүхий этгээд нь багийн Засаг дарга байдаг. Засаг дарга нь чөлөөлөгдсөн тул төрийн үйлчилгээг тасралтгүй шуурхай явуулах зорилгоор М.Бг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Дулаанхан тосгоны багийн Засаг даргаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Түр орлон гүйцэтгэхтэй холбоотой шийдвэр нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул М.Бгийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлээс 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул шүүхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Шаамар сумын Засаг дарга М.Бг томилохдоо Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан 3-р багийн Засаг даргаар томилоогүй. Зөвхөн түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Мөн дээд шатны Засаг дарга М.Бг томилоод байгаа нь М.Бг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахыг зөвшөөрч захирамж гаргасан байдаг. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамжид заасны дагуу Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг зөрчсөн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөн дээрээс нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамж хүчингүй болгох захирамж нь өөрөө бичгээр гарч байгаа захиргааны акт. Үүнийг хууль тогтоогчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д зааснаар захиргааны актыг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хангах этгээд хугацаа заах ёстой байсан. Уг шаардлагыг мөн хангаагүй байна. Хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар захирамж хууль бус захиргааны акт тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Шаамар сумын 3-р багийн иргэн С.Мягмартогтох нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай 3-р багийн Засаг даргыг томилох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх утга бүхий өргөдөл гаргасны дагуу захиргааны байгууллагаас захиргааны акт нь хууль тогтоомжид нийцсэн байна уу гэдгийг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлох баримтыг цуглуулан шинжилсний үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай захиргааны акт гаргасан.
Захиргааны байгууллагаас тус захиргааны актыг гаргахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон.
Нэгдүгээрт маргаан бүхий захиргааны акт буюу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай 3-р багийн Засаг даргыг томилох тухай захирамж нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн талаар тайлбарлавал: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлах буюу 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн болон бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг Шаамар сумын Засаг даргын захирамж нь уг Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг үндэслээгүй байна гэж үзэж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Шаамар сумын Засаг дарга нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг. Захиргааны ерөнхий хуульд заасан нийтийн эрх зүйн этгээд гэж үзсэн байдаг. Мөн маргаан бүхий захиргааны акт буюу Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамж нь тухайн 3-р багийн Засаг даргыг томилсон уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэхдээ мөн хуулийн 24.1, 24.2-д зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ Шаамар сумын Засаг дарга захиргааны акт гаргахдаа ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгээгүй байна гэж үзсэний үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай захиргааны акт гарсан байдаг. Маргаан бүхий захиргааны акт гарахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.6 дахь хэсгийг үндэслэсэн боловч уг заалтын бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу шаардлагатай ажиллагааг хийгээгүй гэж Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс үзсэн.
Хоёрдугаарт захиргааны байгууллагаас сонгох боломжоо хэрэглэсэн байдлын тухайд дурдвал Шаамар сумын Засаг дарга захирамжаа гаргахдаа ямар шаардлагатай ажиллагаа хийх ёстой байсан бэ гэхээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна гэж заасан. Мөн хуулийн 56.5.1-д зааснаар иргэдийн хурлын төлөөлөгчийн хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам эвсэл дэх бүлэг, түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаар буюу хамтарч мөн хуулийн 56.4-д заасан багийн засаг даргад нэр дэвшигчийн шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэхээр санал гаргана гэж заасан. Мөн хуулийн 56.5.2-д сая миний дурдсан 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 56.3-д санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан байна. Ийнхүү хуульд заасны үндсэн дээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5-д зааснаар багийн Засаг даргад нэр дэвшсэн хүнийг тодорхой шаардлага хангаж олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргаар томилохдоо сумын Засаг дарга шаардлага хангасан хүнийг томилно гэх заалтыг тус тус зөрчиж томилсон буюу дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй атлаа тус хуулийн заалтыг маргаан бүхий захиргааны акт дээр үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс үзсэн байдаг. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг үндэслэсэн байдал нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд юу гэж заасан бэ гэхээр хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд 3.1-д зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн талууд энэ хуулиар зохицуулахаар харилцан тохиролцсон асуудлыг гэж заасан бөгөөд уг харилцаагаар зохицуулагдахгүй хуулийн заалт буюу маргаан бүхий захиргааны актыг үндэслэсэн байна гэж үзэж байгаа юм. Учир нь Шаамар сумын 3-р багийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарах албан хаагч байгаа. Үүнд Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогдох албан тушаал болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19-д зааснаар Шаамар сумын 3-р багийн Засаг дарга нь өөрөө улс төрийн албан хаагч. Тиймээс багийн Засаг дарга нь хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаал болохын хувьд Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай 3-р багийн Засаг даргыг томилох тухай захирамж нь хуульд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн хуульд улс төрийн албан хаагчийг түр томилох хууль зүйн зохицуулалт байхгүй байхад нь хууль бус захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна гэж үзсэн. Иймд миний хэлсэн үндэслэлүүдийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай захирамж нь өөрөө Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар багийн Засаг даргыг томилох тухай захирамж нь илт хууль бус захиргааны акт байна гэж үзсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар илт хууль бус гарсан захиргааны акт нь гарсан цагаасаа үйлчлэлгүй гэх үндэслэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай захирамжаар Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай 3-р багийн Засаг даргыг томилох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай захирамж нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн, мөн сонгох боломжоо хэрэглэсэн захиргааны акт байна уу гэдэг талаар тайлбарлавал: 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шаамар сумын 3-р багийн иргэн Мягмартогтох нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан тус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэх өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Засгийн дарга тухайн захирамжийг хуульд нийцсэн байна уу гэж үзэн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан Засаг даргын бүрэн эрхийн дагуу 60.1.1, 60.1.21 дэх заалт, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 16.1-д зааснаар Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай 3-р багийн Засаг даргыг томилох тухай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй байх тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга тухайн маргаан бүхий Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэн захиргааны акт гаргасан байдаг. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаар бүхий захирамж нь хуулийн үндэслэлтэй. Хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн, сонгох боломжийг хэрэглэсэн захиргааны акт гаргасан тул захиргааны актыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/8 дугаартай “3 дугаар багийн Засаг даргыг түр томилох тухай” захирамжийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч М.Б /Шаамар сумын 3 дугаар багийн Засаг даргаар түр томилогдсон/ шүүхэд “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/6 дугаартай “Ж.Гыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1, 78 дугаар зүйлийн 78.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг үндэслэн Дулаанхан 3 дугаар багийн Засаг дарга Ж.Гыг өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа нь болсон тул өөрийн хүсэлтийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/8 дугаартай “3 дугаар багийн Засаг даргыг түр томилох тухай” захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 56 дугаар зүйлийн 56.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д заасныг тус тус баримтлан Шаамар сумын Дулаанхан 3 дугаар багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Мандах овогтой Баярмааг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилжээ.
3. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Шаамар сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “3 дугаар багийн Засаг даргыг түр томилох тухай” захирамжийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгожээ.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар
1. Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дах нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6-д “Энэ хуулийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж тус тус заажээ.
2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга иргэн М.Бг Дулаанхан 3 дугаар багийн Засаг даргаар томилохдоо дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
3. Тухайлбал Дулаанхан 3 дугаар багийн Засаг даргаар М.Бг томилуулахаар тус багийн иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлээгүй, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч дээрх хуульд заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргаагүй, санал хураалт явуулж олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй, тус багийн иргэдийн Нийтийн Хурал огт хуралдаагүй байна.
4. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас Шаамар сумын Засаг даргад М.Бг томилуулахаар уламжлаагүй байхад иргэн М.Бг тус багийн Засаг даргаар түр томилсон нь дээрх хуулийн шаардлагыг огт хэрэгжүүлээгүй байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно“, 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна“, 5.1.1-д төрийн улс төрийн, 5.1.2-т төрийн захиргааны, 5.1.3-т төрийн тусгай, 5.1.4-т төрийн үйлчилгээний, 5.2-т энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улстөрийн албан тушаалд .... дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж заажээ.
6. Дулаанхаан 3 дугаар багийн Засаг даргын албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байх бөгөөд дээрх хуульд зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны болон тусгай албан хаагч нарыг эзгүйд орлон гүйцэтгүүлж болохоор хуульд заасан бөгөөд багийн Засаг даргыг эзгүйд түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг хуулиар зохицуулаагүй байна.
7. Өөрөөр хэлбэл Шаамар сумын Засаг дарга Дулаанхан 3 дугаар багийн Засаг даргаар М.Бг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг хуулиар зөвшөөрөөгүй байна. Мөн багийн Засаг даргын хувьд улс төрийн албан тушаал гэдэг утгаараа түр орлон гүйцэтгэх журмыг хэрэглэх боломжгүйгээс гадна тус багийн өмнөх Засаг дарга Ж.Г нь эзгүй бус өндөр насны тэтгэвэрт гарсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Зүй нь Дулаанхан 3 дугаар багийн өмнөх Засаг дарга Ж.Г өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд тус багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, дундаасаа багийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал хураалт явуулан олонхийн санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэн Шаамар сумын Засаг даргад уламжилж Шаамар сумын Засаг дарга томилсон тохиолдолд багийн Засаг даргыг томилох үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж үзнэ.
9. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Шаамар сумын Засаг даргын 2024 оны Б/8 дугаартай М.Бг 3 дугаар багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж хуульд нийцсэн үндэслэлэлтэй байх тул нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.1, 56.5.2, 56.6, 66 дугаар зүйлийн 66.3, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бгийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/342 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР