| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0565/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Өндөрийнхөн овогт Б.А, Өндөрийнхөн овогт Б.М, Боржигон овогт Б.Г нарт холбогдох эрүүгийн 201725030601 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 19 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Баянчандмань нүнжиг” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замт сүж 6 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овогт Б.А (РД:0000000000000),
2.Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсрлтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Баянчандмань АЗЗА” хязгаарлагдмал хариуцлагатай компанид сахиул ажилтай, ам бүл 7, Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замт сүж 6 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овогт Б.М (РД:0000000000),
3.Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамж, 297а тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Г (РД:0000000000000),
нар нь 2017 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “17 шөнийн клуб диско караоке” (17 NIGHT CLUB DISKO KARAOKE) нэртэй баарны урд талд иргэн Н.Баасандоржийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.
Хохирогч Н.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 02 дугаар сарын 25-ны орой 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байх, Төрийн банкны АТМ-тай 17 NIGHT CLUB нэртэй баарны гадаа зогсож байхад Ганзориг гэх залуу мөрлөөд, тэгээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, тэр үед нь Ангирмаа гэх эмэгтэй хүрч ирээд нүүр ам руу гараараа самардаж маажих үед түүний ээж Мөнхбулаг миний араас ирж зууралдан нуруу чих зэрэг газар руу маажиж, биед гэмтэл учруулсан. Харин хамт явж байсан 2 эмэгтэй 1 эрэгтэй нар намайг зодоогүй гэж бодож байна. Надад ямар нэгэн баримт байхгүй, би хохирогч нартай уулзаад 500.000 төгрөг гэж тохироод 400.000 төгрөгийг бэлнээр авсан юм. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ.
Гэрч Г.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Баасандорж баарнаас гараад явчихаар нь би түүний араас гараад баарны үүдэн дээр Бааскаг би харих уу гэж хэлэхэд, бааранд сууж байсан 4 эмэгтэйтэй хамт явсан 1 залуу нь манай найзыг мөрлөөд гарсан. Тэр үед манай найз юм дуугараагүй бөгөөд нөгөө залуу нь бацаанууд минь хариач гэсэн чинь нөгөө залуу манай найзын өөдөөс асаад байхаар нь би найзыгаа авчихъя, эмэгтэйчүүдийг нь ирээд энэ залуугаа авчих тэгээд салъя, адилхан согтуу байна гэж хэлээд зогсож байсан. Уг эмэгтэйчүүд тэнд байсан залуугаа цааш нь авсан. Тэр үед би тамхи асаагаад, Бааска утсаараа хүн рүү залгах гэж байхад тэнд байсан эмэгтэйчүүд манай найз Баасандоржийг зүгээр байхад хүрч ирээд, чи цаашаа яваач гээд байсан. Би тэр эмэгтэйчүүдийг найзаасаа холдуулсан. Тэгсэн чинь манай найз уурлаад би өөрөө явчихна өөрсдөө цаашаа яв гэхэд охид залуус уурлаад янз бүрээр хараагаад байсан. Тэр үед манай найз адилхан хэл амаараа хэрэлдсэн боловч уг эмэгтэйчүүд ээлжлэн ирээд манай найзыг алгадаад, түлхээд эхэлсэн. Аргаа бараад манай найз уурлаад тэнд явсан нэг эмэгтэйг нь алгадаад цааш түлхсэн. Тэгсэн чинь өндөр нуруутай залуу гүйж ирээд шууд заамдаад авсан. Тэгээд салгахын зуургүй эмэгтэйчүүд нь бүгдээрээ ирж хувцаснаас нь татаад нүүр амыг нь маажаад, салгаж дийлэхгүй байхад … манай найзыг зодож явсаар байгаад Хөхийн дуулга баарны үүдэнд ирсэн” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.26-ны өдрийн ¹3217 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Н.Баасандоржийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйх, зүүн хацар, шанаа, хамар, баруун, зүүн чих, хүзүү, дал, ар нуруунд зулгаралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нар 2017 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “17 шөнийн клуб диско караоке” нэртэй баарны урд талд согтуурсан үедээ иргэн Н.Баасандоржтой маргалдан, бүлэглэн зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Н.Баасандоржийн “...Төрийн банкны АТМ-тай 17 NIGHT CLUB нэртэй баарны гадаа зогсож байхад Ганзориг гэх залуу мөрлөөд, тэгээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, тэр үед нь Ангирмаа гэх эмэгтэй хүрч ирээд нүүр ам руу гараараа самардаж маажих үед түүний ээж Мөнхбулаг миний араас ирж зууралдан нуруу чих зэрэг газар руу маажиж, биед гэмтэл учруулсан. “ гэх мэдүүлэг,
гэрч Г.Гансүхийн “Тэр үед би тамхи асаагаад, Бааска утсаараа хүн рүү залгах гэж байхад тэнд байсан эмэгтэйчүүд манай найз Баасандоржийг зүгээр байхад хүрч ирээд, чи цаашаа яваач гээд байсан. Би тэр эмэгтэйчүүдийг найзаасаа холдуулсан. Тэгсэн чинь манай найз уурлаад би өөрөө явчихна өөрсдөө цаашаа яв гэхэд охид залуус уурлаад янз бүрээр хараагаад байсан. Тэр үед манай найз адилхан хэл амаараа хэрэлдсэн боловч уг эмэгтэйчүүд ээлжлэн ирээд манай найзыг алгадаад, түлхээд эхэлсэн. Аргаа бараад манай найз уурлаад тэнд явсан нэг эмэгтэйг нь алгадаад цааш түлхсэн. Тэгсэн чинь өндөр нуруутай залуу гүйж ирээд шууд заамдаад авсан. Тэгээд салгахын зуургүй эмэгтэйчүүд нь бүгдээрээ ирж хувцаснаас нь татаад нүүр амыг нь маажаад, салгаж дийлэхгүй байхад … манай найзыг зодож явсаар байгаад Хөхийн дуулга баарны үүдэнд ирсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.26-ны өдрийн ¹3217 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Өндөрийнхөн овогт Б.А, Өндөрийнхөн овогт Б.М, Боржигон овогт Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ангирмаа нь өсвөр насны боловч тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн “Баянчандмань нүнжиг” цайны газарт тогоочоор ажиллаж орлого олдог тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Хохирогч Н.Баасандорж нь шүүгдэгч нараас хохирлын 400.000 төгрөг хүлээн авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нарын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Өндөрийнхөн овогт Б.А, Өндөрийнхөн овогт Б.М, Боржигон овогт Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.М, Б.Б тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.М, Б.Б тус бүрийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Б.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ