Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 156/2016/00502/И |
Дугаар | 001/ХТ2016/01181 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2016/01181
Ж.Жаргалсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэр,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар магадлалтай,
Ж.Жаргалсайханы нэхэмжлэлтэй
Хэнтий аймгийн Автотээврийн төвд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128 тоот тушаалаар Автотээврийн үндэсний төвийн харьяа Хэнтий аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтнээр анх ажилд орж өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажилд орсон цагаас хойш Н.Санжаадорж дарга албан тушаалаа ашиглан дарамталж удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оноон хохироож, дутагдал гаргаагүй байхад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Манай байгууллага төвийн захирлын тушаалаар ажилд томилж хөдөлмөрийн гэрээг цуцалдаг. Н.Санжаадорж Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын 3.16, 3.17.1, 3.17.8, 3.18.2, 11.6, 3.17.7-г тус тус зөрчиж тушаал гаргаж намайг хохироож байна. Мөн Засаг захиргаа нутгийн удирдлагын нэгжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг зөрчсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Жаргалсайхан зөрчил гаргасны улмаас 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3, мөн оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авагдсаны дараа дахин арга хэмжээ авагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, дотоод журмын дагуу Автотээврийн үндэсний төв рүү мэдэгдэж албан бичиг явуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хуулийн дагуу бүх үйл ажиллагаа явагдсан. Ж.Жаргалсайхан 2 удаа сахилгын арга хэмжээ авахуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаагүй учраас зөвшөөрсөн гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. Хурлын тэмдэглэлд хүмүүсийн хэлсэн бүх зүйлийг тэмдэглэж байж асуудлыг шийдвэрлэсэн. Байгууллагын ажил 1 хүнээс болж бутарч байсныг хурлын тэмдэглэлүүдийг бүгдийг нь унших юм бол ойлгоно. Яагаад 2 удаа арга хэмжээ авагдсан юм бэ? гэхээр 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хамт олны хурал хийж байхад чөлөө авна гэхээр нь хурал дээр чөлөө өгөхгүй гэдгээ хэлсэн ч гараад явснаас болж арга хэмжээ авсан тухай хурлын тэмдэглэлд бүгд бичээстэй байгаа. Би чөлөө өгөх ёстой ч өгөхгүй гэж хэлсээр байтал ажлаа тасалж явсан учраас арга хэмжээ авсан. Хүнээр актаа өгөөд явуулахаар нь аймагт байхгүйг нь мэдсэн. Миний гаргасан тушаалыг Автотээврийн үндэсний төв хүчингүй болгох ёстой. Ж.Жаргалсайхан нь арга хэмжээ авахуулчихаад Автотээврийн үндэсний төв рүү өргөдөл бичиж гомдол гаргаагүй. 2 удаа арга хэмжээ авагдсан тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан. Захиргааны зөрчил авагдаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын дотор гомдол гаргах хэрэгтэй. 1 сарын хугацаа өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гэж би ойлгож байгаа. Өөрийнхөө зан байдлын улмаас ийм зүйл болсныг зөвшөөрөх ёстой байтал цаг хугацаа барж байна. Өмнө нь нотлох баримт дутуу гээд өргөдлөө татаж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Хэнтий аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №14 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Жамц овогтой Жаргалсайханыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтний ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд /ажилгүй байсан/ түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож олгохыг Хэнтий аймгийн Автотээврийн төв /Н.Санжаадорж/-д үүрэг болгож, нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг төлөн холбогдох бичилтийг хийж нөхөн баталгаажилт хийхийг Хэнтий аймгийн Авто тээврийн төв /Н. Санжаадорж/-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ж. Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул гомдол гаргаж байна.
1.Магадлалын үндэслэл нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй нь дараах баримтуудаар няцаагдана. Нөгөө талаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1524 дүгээр шүүгчийн захирамжийг үгүйсгэж байгаа мэт ойлгогдож байна. Үүнд:
-Захирамж нь нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авлаа гэж шүүгчийн захирамжид тодорхой дурдагдсан,
-2015 оны 14 дүгээр тушаалыг мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 20 гэхэд нэхэмжлэл гаргасан нь шүүгчийн захирамжаар нотлогдоно. Дээрх байдлуудаас үзэхэд давж заалдах шатны шүүх захирамжуудыг судлан шинжлээгүйг нь харуулж байна.
2.2015 оны 7 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Автотээврийн үндэсний төвд очиж эвдэрхий принтер засуулж, бүртгэлгүй тээврийн хэрэгслээ архивт оруулж ажилласан тухай бүртгэлийн газрын дарга н.Энхцэцэгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4/983 тоотыг найз нөхдийн журмаар гаргаж өгсөн гэж үндэслэлгүйгээр үгүйсгэсэн нь буруу. Тухайн үед ажиллаж байсан ахлах мэргэжилтэн Ж.Дэлгэрсайханы тодорхойлолтыг үндэслэж газрын дарга н.Энхцэцэг өөрийн хариуцсан албан үүргийнхээ эрх хэмжээнд бичгээр хариу гаргаж өгсөн хүчин төгөлдөр тодорхойлолтыг яагаад нотлох баримтаар үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Шүүх шийдвэртээ шийдвэрийнхээ эх сурвалж, үндэслэлийг заалгүй зөвхөн хариуцагчийн ярианд тулгуурласан нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Хариуцагч нь хурлын тэмдэглэлийн бичлэгийг нөхөж оруулсан нь түүний тайлбараар нотлогдоно. Ажилчдын хурал хийхдээ тэмдэглэл хөтлөөгүй нь төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.1, 2.4.3.2, 2.4.3.3, 2.4.3.4, 2.4.3.5, 2.4.3.6, 2.4.3.7-г тус тус зөрчсөн. Диктафонд хураасан бичлэгийг буулгаж бичүүлсэн гэх боловч өөрийн санаагаа найруулж бичсэн гэж үзэж байна. Учир нь бичлэгийг нь сонсъё гэхэд устгасан гэж тайлбарладаг.
3. 2015 оны 7 дугаар сарын 08-09-ний өдрүүд нь Аймгийн баяр наадмын амралтын өдрүүд байсан нь Аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/195 тоот захирамжаар нотлогдож байна. Автотээврийн үндэсний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6.9-д ажлын зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд ажилтныг нийтээр амрах баяр амралтын болон 7 хоног бүрийн амралтын өдөр /захиргааны ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно/ гэсэн заалтыг зөрчиж ажил тасалсан мэт үзэж сахилгын шийтгэл оноосныг давж заалдах шатны шүүх нь ажлын өдөр гэж үзсэн хөдөлмөрийн дотоод журмын 6.9-д заасныг буруу тайлбарласан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.3-т заасныг буруу тайлбарласан. Энэхүү заалт нь тодорхой нэр зааж салбарын дарга, Автотээврийн үндэсний төвийн захирлын томилолт зөвшөөрөлгүйгээр ажлаа дур мэдэн орхин гадаад болон, орон нутаг, нийслэлд явсан нь тогтоогдсон бол сахилгын арга хэмжээ авна гэсэн заалтыг миний талд буруугаар ашиглан шийдсэнийг буруу тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед хариуцагч хөдөлмөрийн дотоод журамд заасан зайлшгүй шаардлага гараагүй.
4. Өвчтэй байхад сануулах арга хэмжээ авсан нь буруу, шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
5. 2015 оны 14 дугаартай ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохгүйг харуулж байна. Намайг халах тухай саналыг Автотээврийн үндэсний төвд явуулсан 2015 оны 66 дугаартай албан бичгийн хариуд “Хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д зааснаар ажлаас халах тухай заахдаа тухайн ажилтны харьяалах газар, хэлтэс, алба, салбарын даргын санал ажилтан албан хаагчийн албан үүргийн гүйцэтгэлийг харгалзан үзнэ” гэснийг зөрчиж өгсөн тодорхой байх бөгөөд халагдсан тушаалаа авч очоод тодруулж асуухад Автотээврийн үндэсний төвийн газар, хэлтсийн дарга нар мэдэхгүй байсан. Ёс зүйн салбар хороо болон, төвийн ёс зүйн хороогоор ороогүй бөгөөд ёс зүйн хорооноос н.Санжаадоржид 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/1818 албан тоот ирж дүрэм журмаа зөрчсөн байна гэсэн нь 2 удаа сахилгын арга хэмжээ авахуулсан өргөдлөө дэд захирал н.Баясгаланд мөн оны 8 дугаар сарын 10-ны өдөр дэд захирал н.Батбаатарыг аймагт шалгалтаар ирэхэд нь өгсөн.
6. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх шилжүүлэх өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэсэн заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх уг хуулийн заалтыг илтээр мушгин санаатайгаар буруу тайлбарлаж байгаа нь буюу миний хувьд ажлаас халагдсан тухай асуудлаар нэхэмжлэл гаргасныг илтээр мушгин гуйвуулж байгааг илт харуулж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан нь Хэнтий аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай тушаал”-ыг хууль бус гэж тодорхойлсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн зохицуулалт нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хэм хэмжээ мөн бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой уг хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Жаргалсайхан нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох гомдлоо шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1524 дүгээр шүүгчийн захирамж хэрэгт байхгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримт учир гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА