Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 421

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоот хаягт Т овогт Халзангийн Б*******, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Б******* 

Нэхэмжлэлийн шаардлага: Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Б******* 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Б******* миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Намайг албан үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Б/126 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсгийг үндэслэн болгосон нь буруу байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д ”Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэж заасан байхад уг Б/126 тоот тушаалд намайг түр чөлөөлсөн тухай огт дурдаагүй байгаа нь уг албан тушаалаас бүр мөсөн чөлөөлсөн гэж ойлгогдож байна. Миний бие эрүүл мэндийн байдлын улмаас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байхад буюу 2016 оны 03 дугаар 04-ний өдөр надад албан ёсоор мэдэгдэж, тайлбар, тодруулга авалгүй ажлаас бүр чөлөөлсөн хууль бус тушаал гаргасан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх байдлаар шалтаглан ажлаас бүр чөлөөлсөн үйлдэлд нь Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулиар тодорхойлсон хүний эрх, төрийн албан хаагчийн эрх баталгааг ноцтой зөрчсөн байна. Миний бие эмнэлэгт хэвтсэнээрээ Улсын нөөцийн газрын ажил саатсан ямарч тохиолдол гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаа ба ажлаас чөлөөлөх шалтаг болохоос хуульд заасан үндэслэл бүхий шалтгаан биш гэдэг нь тодорхой байна. Энэхүү хууль бус Б/126 дугаар тушаалын улмаас тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч миний эрх зүйн байдал, хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрх хязгаарлагдаж, ашиг сонирхол маань хохирч байна. 

Иймд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Х.Б*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү. Төрийн албаны зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөдлөө гаргасан” гэжээ. 

Иргэн Х.Б*******ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* би иргэн Х.Б*******ийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байгааг хүлээн авна уу.

Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, Онцгой байдлын хурандаа Х.Б******* нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш К-73,9 гэсэн оноштой эмнэлгийн магадалгаа авч 2016 оны 03 дугаар сарын 04-ний /ажлаас халагдсан/ өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ эрхлээгүй.

Онцгой байдлын хурандаа Х.Б******* нь 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж батлуулаагүй, Онцгой байдлын ерөнхий газрын даргатай 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй болно. 

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 1, 2, 3 дугаар сарын цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээний дагуу Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор нөхцөл байдал хүндэрсэн аймаг, орон нутагт улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн бараа материал хүлээн авах, хуваарилах, хүргүүлэх, хадгалах, сэлгэх, гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай болсон.

Энэ үед Х.Б******* өвчний учир ажил хөдөлмөрөө эрхлэхгүй байсан нь 2016 оны 03 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Монгол Улсын нийт нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл, цасан шуурганы үеэр Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын даргыг өөрчлөн томилох нөхцөл байдал үүсч, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/126 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, Захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Б******* 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажлын байранд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Б/126 дүгээр тушаалаар Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, онцгой байдлын хурандаа Халзанхүүгийн Б*******ийг “эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээтэй байгаа” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Уг тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг тус тус үндэслэн Х.Б*******ийг төрийн албанаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч Х.Б*******ийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө, 23.3.1. хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч Х.Б******* нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай эмнэлгийн хуудсуудаар өвчтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон гэдгийг хангалттай нотлоогүй, түүнийг цаашид эрүүл мэндийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй эсэхийг холбогдох байгууллагаас тодруулаагүй атлаа Х.Б*******ийг “эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээтэй байгаа” гэж дүгнэж, ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ. 

Нэхэмжлэгчээс “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 дугаар тушаалаар Х.Б*******ийг ажлаас чөлөөлөх үед Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх бөгөөд ажлаас халсан тушаалтай танилцуулаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй” гэж хариуцагчаас “ Онцгой байдлын ерөнхий газраас тушаал, шийдвэр гаргахад хуулийн хэлтсээр хянуулж гаргах ёстой. Гэвч Х.Б*******ийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахад хуулийн хэлтсээр хянуулаагүй гаргасан байсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Иймд Х.Б*******ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримтлан төрийн албанаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 дугаар бүхий “Х.Б*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгон, Х.Б*******ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/126 дугаар бүхий “Х.Б*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгон, Х.Б*******ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Б*******ийг ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4.753.388 /дөрвөн сая долоон зуун тавин гурван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг олгохыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОЮУМАА