Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0045

 

2018 оны 01 сарын 16 өдөр     Дугаар 221/МА2018/0045    Улаанбаатар хот
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ыг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 106 хоногийн олговор 5378933 /таван сая гурван зуун далан найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.Б нь магистрт суралцана гэж материал бүрдүүлж 3 сарын хугацаатай цалинтай бусад 9 сарын хугацаанд цалингүй нийт 1 жилийн чөлөө авсан боловч сургуульдаа албан ёсоор сураагүй сургуулийн бичигт өөрөө засвар хийж урт хугацааны чөлөөг олгож хуурамч материал бүрдүүлж чөлөө авсан болох нь хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлэхдээ захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль үндэслэлгүй байна.
... Ажил олгогчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар Б.Б- цалинтай 3 сар, цалингүй 9 сарын нийт 1 жилийн чөлөө өгч явуулсан байхад төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйг зөрчиж сургуульд сурахгүйгээр худал ярьж тэр хугацаанд холбогдолгүй алга болсон. 
Б.Б нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл нь байгууллагын эд хөрөнгийг тоолсон ажлын хэсгийн дүгнэлтээр дутаасан хөрөнгийн жагсаалт, аудитын дүгнэлт мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн тайлбарт ажлын газрын техникийг гэртэй ашигладаг гэх мөн ажлаас чөлөө авч явахдаа авч явсан нөүтбүүк зэргийг хувийн хэрэгцээнд ашиглан өөрөө авсан нь хангалттай нотлогдож байхад дээрх нотлох баримтыг үндэслээгүй иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 
ХЯНАВАЛ:
Нэг. “Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд;
Хариуцагч Баян-Уул сумын Засаг дарга дээрх захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-ыг “магистрын сургалтад сурахтай холбогдуулан 1 жилийн чөлөө авсан атлаа сургуульдаа албан ёсоор сураагүй, төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйг зөрчсөн, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж, ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдож, хөдөлмөрийн дотоод журамд тусгасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. 
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь юуны түрүүнд Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг баримтлах үүрэгтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүйгээс бусад асуудлыг шийдвэрлэх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр байна. 
Тиймээс хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа юуны түрүүнд  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 /Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ/, 24.3 /Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ/, 24.4 /Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно/-д тус тус заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, тухайн ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах ёстой байжээ. 
Хуульд заасан дээрх ажиллагааг бүрэн хийгээгүй нь хариуцагч албан тушаалтан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэл болно. 
Сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 /төрийн захиргааны/, 5.2 /энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ/-т заасан төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бөгөөд хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах байтал хариуцагч албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг үндэслэн захирамж гарган нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээр дурдсан заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 /хуульд үндэслэх/-д заасан зарчимд нийцээгүй байна. 
Түүнчлэн хариуцагч албан тушаалтан “өргөсөн тангарагтаа үнэнч байгаагүй, төрийн эд хөрөнгийг хувьдаа завшсан” гэх үндэслэлээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-г ажлаас чөлөөлсөн боловч энэ нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан “Дутагдсан эд хөрөнгийн жагсаалт” , “Засаг даргын Тамгын газрын хөрөнгөнд тооллого хийхэд дутагдсан хөрөнгийн жагсаалт”  зэрэг баримтууд нь дан ганц хариуцагч талаас гаргасан Б.Б-г эд хөрөнгө хувьдаа завшсан гэдгийг нотолж чадаагүй, түүний “чөлөөтэй байх хугацаанд эд хөрөнгөд тооллого хийж, эзэмшигч нь тодорхойгүй, байгууллагын дутсан эд хөрөнгийг Б.Б хувьдаа ашигласан гэж үзсэн” гэх тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна. 
Харин нэхэмжлэгчээс “албан ёсоор сураагүй атлаа сургуулийн албан бичигт өөрөө засвар хийж, урт хугацааны чөлөө авч төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйг зөрчсөн” гэх зөрчлийг үгүйсгээгүй боловч энэ нь дангаараа маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй. 
Хариуцагч Баян-Уул сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээний 4-ийн а/-д “Хагас, бүтэн жилээр өмч хөрөнгө тоолох, бүртгэх, хяналт тавих ажлыг зохион байгуулна”, б/-д “эд хөрөнгө ашиглах гэрээг ажилтан нэг бүртэй байгуулж, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллана” гэж тусгасан байгаагаас гадна ажлын хэсгийг байгуулж, байгууллагын эд хөрөнгийг тоолохдоо дутагдсан эд хөрөнгийг шууд Б.Б-г хувьдаа ашигласан гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай дүгнэлт болжээ. 
Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ажил хүлээлцсэн тэмдэглэлд Нөүтбүүк компьютерийг хариуцагч сумын Засаг дарга хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан, нэхэмжлэгчийг ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул тухайн зөрчлүүдийг үйлдсэн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 12.3-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-г ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулах дээрх үндэслэлүүдийг хариуцагч албан тушаалтан бүрэн шалгаж тогтоогоогүй, тухайн зөрчлүүдтэй холбогдуулж нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулах шаардах боломжийг Б.Б-д олгоогүй байна. 
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй. 
Хоёр. “Б.Б-г Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд; 
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 /Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө/, 23.3.2 /гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон/, 23.5 /Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно/-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гурван сараас дээш хугацааны сургалтад суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох ёстой. 
Маргаан бүхий захиргааны актыг гарах үед Баян-Уул сумын Засаг дарга Б.Б-ын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамжаар “шинэ дадлага сургалт эзэмших магистрын сургалтад хамрагдах болсон” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д 2017 оны 2-4 сар хүртэлх хугацаанд үндсэн цалинг олгож, бусад хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байхаар 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх чөлөө олгосон, Б.Б- тухайн үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөж ажил үүргээ гүйцэтгээгүй байсан, өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдож байсан, энэ талаар ямар нэг маргаангүй байжээ.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүний эрхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хууль бус актыг гарахаас өмнөх байдалд сэргээн тогтоох боломжтой. Тиймээс хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн захиргааны акттай маргаж байгаа энэ тохиолдолд тухайн актыг хүчингүй болгосноор төрийн албан хаагчийн нөөцөд байх нэхэмжлэгчийн эрхийг сэргээх боломжтой, харин нөөцөд байгаад тооцогдож байсан түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох, улмаар тухайн албан тушаалд ажиллаж байсан гэж үзэн маргаан бүхий захиргааны акт гарсан хугацаанаас тооцон нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлгүй.
Хэдийгээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д чөлөө олгосон өөрийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамжийг хариуцагч албан тушаалтан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон боловч энэ талаар маргаагүй тохиолдолд шүүх дүгнэлт хийж, улмаар түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй. 
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1.    Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Б.Б-г Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                     Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ                                     Э.ЗОРИГТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.БАТБААТАР