Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 57

 

 

 

П.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаар магадлалтай, П.От холбогдох 201718000122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт П.О нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч П.От 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч П.Оийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож,  

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар П.От 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оээс 72.526.352 төгрөг гаргуулан хохирогч “Номадс Хоспитали” ХХК-д олгуулах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.1, 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Номадс Хоспитали” ХХК-д олгуулах,

Хэрэгт битүүмжлэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газар, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж хохирол төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар П.От холбогдох бусдын 87.305.544 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хэргээс бараа материалын үнэ 14.379.179 төгрөг, түрээсийн төлбөр 400.000 төгрөг нийт 14.779.179 төгрөгийн эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас П.От 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч П.Оийг бусдын 72.526.352 төгрөгийн эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар П.Оээс 72.526.352 төгрөг гаргуулан хохирогч “Номадс хоспитали” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний дараа, 4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний дараа, “/2002 оны/” гэсэн үг нэмж, 6 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... ЦЭСБ Аудит ХХК-ийн дүгнэлтэд Н.Уийн дансанд байгууллагаас 15.785.400 төгрөгийн орлого орсон гэснийг давж заалдах шатны шүүх дүгнээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн төлөөлөгч Б.С нь байгууллагын орлого захирлын дансанд орох боломжгүй, дээрх мөнгө ямар учраас Н.Уийн дансанд орсныг мэдэхгүй гэж хэлсэн...

Шинжээчийн дүгнэлтээр Н.Уийн дансанд цалингаас гадна 65.090.200 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдсон. Н.Уийн нөхөр П.Б “Н.У нь цалингаас өөр орлогогүй байсан ба хэрэгцээний мөнгийг нь би хааяа өгдөг байсан” гэж мэдүүлснээс үзэхэд дээрх орлого хаанаас орж ирсэн нь тодорхой байна. П.О нь өмнөх захирал руу АТМ болон бэлнээр мөнгө өгдөг байсан гэж удаа дараа мэдүүлж байсан ба шинжээчийн дүгнэлтээр АТМ-ээс орж ирсэн орлого 22.278.000 төгрөг байгаа нь миний үйлчлүүлэгчийн хэлсэнтэй таарч байгаа болно.

Өмнөх захирал Н.У нь дөнгөж сургууль төгссөн П.Оийг няравын ажилд авч, давхар нягтлангийн ажлыг хийлгэж байсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Хохирогч байгууллага нь хохирсон гэх нэг жилийн хугацаанд байгууллагын дансаа ашиглахгүй, П.Оийн дансыг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан.

Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад заасан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай заалт нь тодорхой байгууллага, хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгийг П.О банкнаас 8 хувийн зээлийн гэрээ байгуулж авсан ба зээл бүрэн төлөгдөж дуусаагүй, өөрийн нэр дээр шилжээгүй байхад шууд худалдан борлуулахаар заасан нь банк болон гэр бүлийн гишүүдийн дундын өмч рүү халдсан асуудал болж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөхөд хэрэгт хавсаргаагүй, харин давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөхөд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн. Бусдын барьцаанд байгаа хөрөнгөөр хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж, хохирлыг бодитоор тооцон зөвхөн П.От холбоотой хохирлыг гаргуулж шинжээчийн дүгнэлтэд заасан өмнөх захирлын цалингаас гадна орлого болох байгууллагаас шилжүүлсэн 15.785.400 төгрөг, АТМ-аас шилжүүлсэн 22.278.000 төгрөгийг тус тус хохирлоос хасч, шийтгэх тогтоолын 9 дэх заалтын орон сууцтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан хэлсэн саналдаа: “АТМ-р 22 сая төгрөг шилжүүлсэн асуудал ярьдаг боловч энэ нь П.Оээс шилжиж орж ирсэн гэсэн үг биш юм. Хэрэгт 2 удаа аудитын дүгнэлт гардаг бөгөөд эхний дүгнэлтээр 87 сая төгрөг завшсан тухай дүгнэлт л гарсан. П.Оээс урьдны захирал Уранчимэг рүү мөнгө шилжүүлсэн гэх ямар ч баримт хэрэгт байхгүй. 65 сая төгрөгний асуудлын тухайд цалингаас гадуур орлого гээд яг таг тодорхойлсон зүйл биш юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанд барьцааны гэрээ, зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нотлох баримтуудыг мөрдөн байцаах шатанд гаргаж өгөөгүй учраас давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Банкны зээлтэй, эсхүл дундын өмч бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хохирлыг хуулийн дагуу шийдвэрлээд явна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлууд үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...П.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Түүнд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн П.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Номадс хоспитали” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санхүүгийн аргаар 87.305.544 төгрөгийг хувьдаа завшиж “Номадс хоспитали” ХХК-н их хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, 14.779.179 төгрөгийг хохирогч “Номадс хоспитали” ХХК өөрөө хариуцах ёстой гэсэн  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Оээс 72.526.352 төгрөг гаргуулж хохирогч “Номадс хоспитали” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс  “Бизкон Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр “Номадс хоспитали” ХХК-д бараа материалын үнэ 14.379.179 төгрөг, түрээсийн төлбөр 400.000 төгрөг, нийт 14.779.179 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа боловч дээрх хохирлыг П.О завшиж үрэгдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулин 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.От холбогдох хэргээс 14.779.179 төгрөгтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Оийг бусдын 72.526.352 төгрөгийн эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Прокуророос П.От холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар П.Оийг 5 жил 1 сар хорих ял шийтгэхдээ, шүүгдэгчийн бага насны 3 хүүхэдтэй байдал болон 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Энхзаяа нь 3 нас хүрээгүй /1хх-36, 3хх-197/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан журмаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шүүгчийн энэхүү шийдвэр нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна шүүгдэгчийн бага насны хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо П.О нь “Номадс хоспитали” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Уранчимэгийн зааварчлагаар энэ хэргийг үйлдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Н.Уранчимэгийн дансанд цалингаас гадна 65.090.200 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдсон тул П.Оээс гаргуулахаар тогтоосон хохирлоос Н.Уранчимэгийн дансанд байгууллагаас шилжүүлсэн 15.785.400 төгрөг, бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн 22.278.000 төгрөгийн орлогыг тус тус хасаж өгнө үү гэснийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Учир нь “Номадс хоспитали” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.У 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан нь /2хх-82/ шүүгдэгч П.Оийн гэм бурууг үгүйсгэх, хохирлын хэмжээг багасгаж тогтоох үндэслэл болохгүй бөгөөд Н.Уийг П.Отэй бүлэглэж энэ хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл П.О нь байгууллагаас завшсан мөнгөний заримыг Н.Уранчимэгийн дансанд шилжүүлсэн гэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Харин шүүх энэ хэрэгт битүүмжлэгдсэн П.Оийн эзэмшлийн газар, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг шууд худалдан борлуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь тухайн хөрөнгийг барьцаалж зээл олгосон банк болон гэр бүлийн бусад гишүүний эрх ашиг зөрчигдөж болзошгүй байх тул энэ талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, тухайн хөрөнгийг битүүмжилсэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг агуулгын хувьд буруу хэрэглээгүй боловч шийтгэх тогтоол бүхэлдээ зөв бичих дүрмийн алдаа ихтэй, утга найруулга муутай болсныг зориуд тэмдэглэн анхааруулахаас гадна хууль хэрэглэхдээ гаргасан техникийн шинжтэй зарим алдааг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.От оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрэгсдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Шүүгдэгч П.От оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг  “Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 3 дугаар хэсгийн 124-А тоот хаягт байршилтай 1944 м.кв талбайтай газрыг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн /1хх-136/ тогтоол, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолыг /2хх-138/ тус тус хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.” гэж,  

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дугаар зүйлийн 1-д зааснаар П.От оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаар магадлалын заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             

                                    ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН