Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул,

Хохирогч Т.Лхагвабаатар нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Шагар овогт И.Бад холбогдох 201725031114 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар такси ХХК-нд жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 20-5 тоотод оршин суух хаягтай, урьд 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Шагар овгийн И.Б (РД:00000000000),

нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-256 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Лхагвабаатартай маргалдан улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт  гуйсан. Хохирогч бид хоёр хамт ажиллаад 6 жил гаруй хугацаа өнгөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

            И.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- “...Маргалдсан асуудал нэг их айхтар сүртэй асуудал болоогүй. Би таксинд хэдийгээр явдаг ч дуудлагаар очих зарим хаягаа сайн мэдэхгүй тохиолдолд хамт ажилладаг Лхагвабаатар руу залгаж асуудаг юм. Тэгсэн Лхагвабаатар архи ууж байхдаа очих хаягаа мэдэхгүй надаас асуудаг гэх мэт зүйл ярихаар нь тухайн үед эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаагаар унасан байх үед найзыгаа ярьж тайвшруулахын оронд хаяг мэдэхгүй гэх мэтээр шүүмжлээд байхаар нь чамаас асуухгүй өөр хэнээс асуух юм бэ гээд уур хүрч гартаа барьсан байсан аягатай архи нүүр рүү нь цацаж архины шилээр толгой руу нь цохьчихсон юм аа” гэв.

            Хохирогч Т.Лхагвабаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал байхгүй, бид хоёр хамт олон жил ажиллаж байна. Энэ асуудал дээр миний ч бас буруу байгаа. Найз маань нялх хүүхдүүдтэй амьдралаа авч явдаг” гэв.

Т.Лхагвабаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-...”2017 оны 5 дугаар сарын 25-ны өглөө үүрээр 04 цаг 30 минутын үед байхаа манай Улаанбаатар такси компанид хамт ажилладаг И.Б Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, 28-584 тоот гэрт 0,5 литрийн 0,75 литрийн 2 шил архи авчихсан, тухайн үед И.Б сэтгэл санаа сайнгүй байнаа хоёулаа архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уухгүй, өглөө 8 цагийн үед хүн хүргэж өгөх ажилтай байна гэж хэлэхэд надад “найз нь холоос чам дээр зорьж ирж байхад ядахдаа 3 татчих” гэж хэлсэн. Ингээд би хүргэн Энхболдод өөрийнхөө хүргэж өгөх хүнийг захиж хэлж явуулчихаад И.Б бид 2 уухаар болж 0,5 литрийн архиа хувааж уусан. Өглөө гэгээ орсон 06 цагийн үед найз Баттулгын гэрт очиж үлдээсэн байсан 0,75 литрийн архи И.Б бид 2 хувааж ууж байгаад хоорондоо гэнэтхэн Улаанбаатар хотын хаяг мэднэ, мэдэхгүй гэх мэт зүйл ярьж байгаад маргалдаад гартаа байсан хундагатай архиа над руу цацчихсан. Тэгсэн цацсан архи нь миний нүд рүү орж доошоогоо тонгойгоод байж байхад И.Б ууж байсан архины шилээр гэнэтхэн миний толгой руу цохьчихсон. Ингээд толгой хагарч 5 оёо тавиулсан байгаа” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.26-ны ¹6947 тоот дүгнэлтэд:

1.Т.Лхагвабаатарын биед гавлын дагзны баруун хэсгийн шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1 болон 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ.

Хохирогчийн биед давтан үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.19-ний ¹1067 тоот дүгнэлтэд:

1.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹6947 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3.Т.Лхагвабаатарын биед гавлын дагзны баруун хэсгийн шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх гэмтэл учирсан байх ба уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч И.Б нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-256 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Лхагвабаатартай маргалдан улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, түүний биед гавлын дагзны баруун хэсгийн шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…Өглөө гэгээ орсон 06 цагийн үед найз Баттулгын гэрт очиж үлдээсэн байсан 0,75 литрийн архи И.Б бид 2 хувааж ууж байгаад хоорондоо гэнэтхэн Улаанбаатар хотын хаяг мэднэ, мэдэхгүй гэх мэт зүйл ярьж байгаад маргалдаад гартаа байсан хундагатай архиа над руу цацчихсан. Тэгсэн цацсан архи нь миний нүд рүү орж доошоогоо тонгойгоод байж байхад И.Б ууж байсан архины шилээ гэнэтхэн миний толгой руу цохьчихсон. Ингээд толгой хагарч 5 оёо тавиулсан байгаа” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.5.26-ны ¹6947 тоот дүгнэлт, хохирогчийн биед давтан үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.10.19-ний №1067 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Шагар овгийн И.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч И.Бын торгох ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хохирогч нь гомдол саналгүй, эмчилгээний болон бусад зардалд 2,0 сая төгрөг авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шагар овогт И.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Бын торгох ялыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч И.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ