Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 43

 

 

   2023          07           18                                      2023/ДШМ/43

 

*******өд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******өд холбогдох эрүүгийн 2336000710092 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Шамбийнхан ургийн овогт Баатаржавын Хайртмөнх, 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар ******* ******* ******* *******од оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

 

2. Шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар ******* ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эвийн хүч" худалдааны төвийн гаднаас хохирогч *******ийн гээгдүүлсэн Самсунг Галакси (Samsung Galaxy A-52) загварын гар утсыг олж авч, улмаар бусдын гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж Ховд аймгийн Жаргалант сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг "Арвай" барьцаалан зээлдүүлэх газарт 270'000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Шамбийнхан ургийн овогт Баатаржавын Хайртмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

 

4.4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.5. Хэргийн хамт ирсэн нэг ширхэг сиди дискийг хэрэгт хадгалж,

4.6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна.

5.2 Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ******* нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжтой бус, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээтөрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаар тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч Хайртмөнхийг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 12-13 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар /Баатархайрхан/ ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эдийн хүч” худалдааны төвийн гаднаас  хохирогч *******ийн гээгдүүлсэн Самсунг Галакси (Samsung Galaxy A-52) загварын гар утсыг олж авч, улмаар бусдын гээгдэл эд зүйлийг мэдсээр байж Ховд аймгийн Жаргалант сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Арвай” барьцаалан зээлдүүлэх газарт 270,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан нь тогтоогдсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч Хайртмөнх нь “бусдын гээгдэл эд зүйлийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч *******, гэрч Б.Мөнх-Соёл, Б.Солонго нарын мэдүүлэг, барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гар утасны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

6. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч *******өд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ

6.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******өд тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР

 

 

 

с