| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0065/З |
| Дугаар | 159/ШШ2024/0072 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2024/0072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0065/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С.П
Гомдлын шаардлага: “С.Пд холбогдох 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0661075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч С.П, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б С.П нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газарт инженерийн шугам татсан гэх үндэслэлээр 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 0661075 дугаар шийтгэлийн хуудсаар 150,000 төгрөгийн шийтгэлийн хуудас оногдуулжээ.
2. Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 0661075 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан байна.
3. Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг. Тус сумын Шим худалдааны төвд 108 мкв үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бөгөөд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө CU олон улсын сүлжээ 24 цагийн хүнсний дэлгүүрт түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан юм. Уг гэрээний нөхцөлийн дагуу инженерийн шугам сүлжээг шинэчилж халуун хүйтэн устай, бохирын шугамтай болгон их засвар хийх шаардлагатай болсон. Энэ талаар Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболдод танилцуулахад зөвшөөрсөн тул холбогдох мэргэжлийн байгууллага болох ус суваг ашиглалтын “Г” ОНӨААТҮГ болон “Дархан-Сэлэнгийн Цахилгаан сүлжээ” ХХК-нд техникийн нөхцөл авахаар хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргасан юм. “Дархан-Сэлэнгийн Цахилгаан сүлжээ” ХХК-нд техникийн нөхцлийг хуулийн хугацаандаа гаргаж өгсөн.
Гэтэл “Гавшгай -Ус” ОНӨААТҮГ нь хуулийн хугацаандаа буюу 14 хоногийн дотор асуудлыг шийдэж хариу өгөөгүй болно. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага нь хариу өгөөгүй тул би сумын Засаг даргад энэ талаар мэдэгдэхэд намайг инженерийн шугам татах ажлаа эхлүүл зөвшөөрлийг нь олгуулна гэсэн тул би ажлаа хийгээд дуусгасан юм. Гэтэл Шим худалдааны төвд миний нэгэн адил үл хөдлөх хөрөнгө өмчилдөг иргэн Б.Та нь миний Хөтөл хотын төв магистрал шугамаас татуулсан цэвэр, бохир усны шугамын ажлыг өөрийн эзэмшлийн газар доогуур явуулсан, зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хэлтэст гомдол гаргасан байна. Түүний гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 8.1.2-т зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж намайг 150,000 төгрөгөөр торгосон. Би уг шийтгэлийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж байна.
Шим худалдааны төвийн өмнөх талбай нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд энэ газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж хэлэлцүүлж байгаагүй гэдэг нь нотлогдсон болно. Анх Шим худалдааны төвийн барилгыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Н.Тэрбиш худалдан авах үед Сайхан сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай захирамжаар зөвхөн барилгын доорх 2630 мкв газрыг эрх шилжүүлэх байдлаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж байсан байна. Энд худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбай хамрагдаагүй байна. Үүнээс хойш Засаг дарга нар эрх шилжүүлэх захирамж гаргаж байснаас бус шинээр нэмж газар эзэмшүүлээгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар огт хэлэлцэгдээгүй байна. Иргэн Н.Тэрбиш нь анх авсан худалдааны төвийн барилгаа Худалдаа хөгжлийн банканд болон, иргэн Л.Энхболд, Х.Болормаа, /Орос хүнс/, Д.Дандар, С.Ганхүү, Ж.Давааням, 3.Уламцэнгэл болон надад 2010-2016 онуудад хэсэгчлэн зарсан юм.Намайг 2016 онд уг барилгаас 108 мкв үл хөдлөх хөрөнгө худалдан авах үед өмнө нь зарагдсан үл хөдлөх хөрөнгийн нийт талбайг хасаад Н.Тэрбиш агсанд 1824 мкв үлдээж, С.П надад 108 мкв газрыг мөн 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 121 дугаартай захирамжийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Засаг дарга С.Энхтайван гаргаж байсан билээ. 2021 онд иргэн Б.Та нь дээр дурдсан иргэн аж ахуйн нэгжийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үлдсэн хэсгийг нь худалдан авсан байдаг ба түүний худалдан авсан талбай нь “Эй Би Дизайн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 554 мкв талбай бүхий үл хөдлөх болох нь нотлогдсон байна.
Гэтэл Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1716 мкв газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Байгалмаад 25 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна. Үүний дараа 2021 оны 04 сарын 26-ны өдөр А/72 дугаартай захирамж гарган 1524 мкв газрыг Б.Тад шилжүүлсэн захирамж гаргасан байна. Энэ бүх захирамжууд нь эрх шилжүүлэх журмаар Шим худалдааны төвийн барилгын доорх газрыг эзэмшүүлсэн эрхзүйн акт гэдэг нь тодорхой нотлогдож байна. Гэтэл Б.Тагийн гомдлын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь сумын Засаг дарга нарын эрх шилжүүлэх гэрээгээр эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэгүүдийг кадастрын зурагт үндэслэн нийтийн эзэмшлийн талбай нь эзэмшлийн газарт орж байгаа эсэхийг нарийвчлан шалгаагүй тул гомдолтой байна. Би түүнд энэ бүх захирамжуудыг танилцуулсан өөрөө ч судалсан байсан зөвхөн захирамжуудыг судлаад явсан. Эзэмшлийн газрын кадастрын зураг дээрх эргэлтийн цэгүүдийг тавьж шалгаагүй, энэ талбай нь Б.Тагийн эзэмшлийн талбай мөн үү, уг хэн нь ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоогоогүй, гомдол гаргах эрхтэй юу гэдгийг нь ч тогтоогоогүй байж түүний гомдлын дагуу надад шийтгэл ногдуулсан учир гомдолтой байна.
Мөн “Г” ОНӨААТҮГ нь миний хүсэлтэд хуулийн хугацаандаа буюу 14 хоногийн дотор асуудлыг шийдэж хариу өгөөгүй учир би ажлаа эхлүүлсэн, зөвшөөрөхгүй гэсэн хариуг 14 хоногийн дотор өгсөн бол инженерийн шугам тавих ажлыг хийхгүй байх байсан. Гэтэл энэ байдлыг зөрчил шалган шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй тул улсын байцаагчийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0661075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах гомдлыг хүлээн авч, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сайхан сумын иргэн Б.Тагаас гомдол ирж, Сайхан суманд очиж хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхдээ газар дээр нь очиж хараад фото зураг аваад газрын даамлаас нэгж талбарын хувийн хэргийн материалыг татаж үзсэн. Иргэн С.Пг дуудаж, ийм зөрчил байна та зөвшөөрөлгүй шугам татсан байна. Зөвшөөрөлгүй шугам татах асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр оногдох ёстой. Б.Та гэх иргэн өөрөө гомдолдоо дурдахдаа “...миний эзэмшлийн талбай байхад Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-д зааснаар надаас зөвшөөрөл аваагүй шугам татсан учраас арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн. Үүний дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар биш 8.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 150 нэгжийн торгуулийн арга хэмжээ ноогдуулна гэж хэлсэн. С.П “...CU гэх дэлгүүр оруулж ирэх гэж байна, сумын Засаг даргаас аман зөвшөөрөл авсан.” гэж хэлсэн. Сумын Засаг дарга аман зөвшөөрөл өгч газар дээр нь үйл ажиллагаа явуулах эрхийг зөвшөөрдөг хүн биш. С.П хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэйгээр үйл ажиллагаагаа эхлэх ёстой байсан. Тухайн үед цаг хугацаа, техникийн боломж бололцоо бүгдийг Сумын Засаг даргаас аман зөвшөөрөл авсан гэх агуулгаар шалгалтаар очиход хийчихсэн байсан. Та сум орон нутагтаа шийдэгдэнэ гэж байгаа бол иргэний гомдолд дурдсанаар Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 150,000 төгрөгөөр торгоё гэж хэлсэн. Өөрөө зөвшөөрөөд торгуулийн мөнгийг төлчихье гээд торгуулийн дансанд хийсэн.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Пгийн хувьд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, дутуу ажиллагаа хийсэн. Б.Та өнөөдөр нийтийн эзэмшлийн талбайг эзэмшиж байгаа нь үнэн юм уу, үндэслэлтэй юу? үгүй юу?. Захирамжууд хоорондоо зөрчилтэй юу? үгүй юу?. Яагаад тусгай зөвшөөрөл олгохгүй байна вэ? Ямар үндэслэл шалтгаан байна вэ? гэдгийг шинжлэн судлаагүй. Тусгай зөвшөөрөл хэзээ гаргасан бэ? Хүсэлтээ хэзээ гаргасан бэ?. Ямар хугацаанд хариу өгөх ёстой вэ?. Яагаад хариу өгөөгүй вэ?. Хариу өгөхгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу вэ? Техникийн талаас болохгүй байна уу? Зөвхөн Б.Тагийн газар дээр юм хийж болохгүй гэх шалтгаанаар өгөхгүй байна уу? гэдгийг шалгаж тогтоогоогүй байж зөвшөөрөлгүйгээр инженер шугам сүлжээний ажил хийсэн гэж зөрчилд холбогдуулж торгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өнөөдөр хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад Б.Та гэх хүн нийтийн эзэмшлийн талбайг эзэмшдэг гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоодоггүй. Яагаад гэвэл газрын гэрчилгээ, газрын хувийн хэргээс авч байгаа материалуудаас Б.Тагийн газар 1524 мкв газар байгаа юм байна. Түүний тал нь барилгын дотроо байгаа юм байна. Тал нь барилгын гаднаа байгаа юм байна гэж харагдаж байгаа юм шиг боловч уг газрыг олгоод байгаа актууд нь эрх зүйн зөрчилтэй байна. Жишээ нь анх 2008 онд “Цемент шохой” ХХК-с нийгмийн даатгалын өрөнд шилжүүлээд нийгмийн даатгалаас худалдаж авахдаа барилгын доорх газрыг гэж захирамж гаргасан байдаг. Түүнээс хойш шинээр газар нэмж олгохгүйгээр эрх шилжүүлэх гэрээгээр газар шилжүүлж явсаар байгаад хамгийн сүүлд 2021 онд Б.Та худалдаж авсан. Б.Та 1524 метр газар тунаж үлдсэн байдалтай. Б.Та энэ бол миний талбай гэсэн байдлаар хандаад байгаа юм. Гэтэл “Монте” ХХК, Н.Тэрбишийн гэр бүлийн хүн шүүх хуралдаанд барилгын анхны эзэмшсэн газар нь 1776 метр кв газар байсан гэдгээ хэлдэг. Анхнаасаа буруу явсан захирамжуудын дагуу яваад эцэст нь ийм байдалд хүрсэн гэж үзэж байгаа учир эрх зүйн зөрчилтэй актуудыг хүчингүй болгож байж уг асуудал шийдэгдэх ёстой юм болов уу гэж үзэж байна. Хамгийн сүүлд Б.Тад газар олгосон А/72 тоот захирамж нь 1524 мкв газрыг Б.Тад олгоод байна. Дараа нь уг захирамжийг хүчингүй болгож А/122 дугаар захирамжаар Б.Тад газар эзэмшүүлсэн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон. Өнөөдөр Б.Та газар эзэмшээгүй байна. Газар эзэмших үйл ажиллагаа яаж явагддаг вэ гэхээр сумын Засаг дарга захирамж гаргаж байж газар эзэмшүүлдэг. Өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосон учраас хүчин төгөлдөр эрх зүйн актаар Б.Та газар эзэмшиж байна гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас Б.Тад шаардах эрх, гомдол гаргах эрх байхгүй. Зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан сум 1 дүгээр баг 3-9 тоотод оршин суугч С.Пг бусдын эзэмшил ашиглалтад байгаа газарт инженерийн шугам татсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч С.П шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0661075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...” тухай гомдол гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, хэргийн газрын болон баримт бичгийн үзлэг, нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн С.Пд Сайхан сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжаар Сайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 202А-д буюу Шим худалдааны төвд худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 108 мкв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан, эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
2. Иргэн С.П нь өөрийн эзэмшлийн 108 мкв газраараа дамжуулан ашиг олох зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Премиум Нэксус” ХК-тай түрээсийн гэрээ байгуулж, CU олон улсын сүлжээ 24 цагийн хүнсний дэлгүүр ажиллуулахаар тохирчээ.
3. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгч компани нь инженерийн шугам сүлжээг шинэчилж, халуун хүйтэн устай, бохирын шугамтай байх шаардлага тавьжээ.
4. Иргэн С.П 2024 оны 05 дугаар сарын 15–ны өдөр, 2024 оны 08 дугаар сарын 27-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Г” ОНӨААТҮГ-т хандаж цэвэр бохир усны шугам татах техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг гаргасан боловч уг байгууллагаас 03 сар 15 хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдөр 83 дугаартай албан бичгээр, 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 85 дугаартай албан бичгээр, 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 103 дугаартай албан бичгүүдээр хуульд заасан татгалзах үндэслэлгүйгээр техникийн нөхцөл олгох боломжгүй тухай хариу өгчээ.
5. “Гайвшгай-ус” ОНӨААТҮГ нь иргэн С.Пгийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй, 3 сар гаруй хугацааны дараа татгалзсан хариу өгснийг үл харгалзан гомдол гаргагч С.П нь иргэн Б.Тагийн эзэмшлийн гэх 1524 мкв газрыг дайруулан цэвэр бохир усны шугамын хоолойг тавьжээ.
6. Гомдол гаргагч С.Пгийн дээрх үйлдлийг иргэн Б.Та “...надаас зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн...” гэж үзэж Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гомдол гаргажээ.
7. Шим худалдааны төвийн талбайд иргэн С.П 108 мкв, иргэн Б.Та 1524.2 мкв талбай эзэмшдэг гэх боловч Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэших эрх шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Д.Байгалмаагаас иргэн Б.Тад 1524.2 мкв газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд үлдэх 192 мкв газрыг иргэн Д.Байгалмаад үлдээж шийдвэрлэжээ.
8. Гэтэл Сайхан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А/122 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай“ захирамжаар иргэн Д.Байгалмаагаас үлдсэн 192 мкв газраас иргэн Б.Тад 24 мкв шилжүүлж, уг захирамжийн 4 дэх заалтаараа иргэн Б.Тад иргэн Д.Байгалмаагаас шилжүүлсэн 1524 мкв газар шилжүүлэн эзэмшүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгожээ.
9. Сайхан сумын Засаг даргын 2021 оны А/122 дугаартай захирамжаар иргэн Б.Тад 2021 оны А/72 дугаартай захирамжаар олгосон 1524.2 мкв газар эзэмших эрх олгосон захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосноор Б.Таг уг 1524.2 мкв газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй бөгөөд С.П нь иргэн Б.Тагийн эзэмшлийн 1524.2 мкв газраар дайруулан цэвэр бохир усны шугам татсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. 0661075 дугаартай шийтгэлийн хуудасны талаар
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл , шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ“, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаануудаас бүрдэнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заажээ.
2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Б.Б нь гомдол гаргагч С.Пгийн бусдын эзэмшил газраар дамжуулан зөвшөөрөлгүйгээр цэвэр бохир усны шугам татсан гэх үйлдэлд хяналт шалгалт хийж, шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, зөрчлийн хэргийн материал, хэргийн газрын үзлэг, баримт бичгийн үзлэг зэргээр тогтоогдож байна.
3. Тухайлбал хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны явцад С.Пд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан шийтгэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй, шүүгчээс шүүх хуралдаанд асуусан асуултад хариулаагүй, зөрчлийн хэргийг шалгах явцдаа нотлох баримт цуглуулах бэхжүүлэх үүргээ огт хэрэгжүүлээгүй, бичиг баримтын болон хэргийн газрын үзлэг хийгээгүй, гомдол гаргагч С.П нь иргэн Б.Тагийн эзэмшил газраар дамжуулж цэвэр бохир усны шугам татсан эсэхийг Сайхан сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр захирамжуудад үндэслэж бодитой шалгаж тогтоогоогүй, гомдол гаргагч С.П нь Гавшгай- ус ОНӨААТҮГ /хангагч/-т хандаж шугам татах техникийн нөхцөл авахаар хэзээ ямар хэлбэрээр хүсэлт гаргасан, хүсэлтийн хариуг хэзээ ямар хэлбэрээр өгсөн, хуулийн хугацаанд хариу өгсөн эсэх, зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, зөвхөн зөрчилд холбогдогчийн мэдүүлгээр шийтгэл оногдуулсан гэж дүгнэхээр байна.
Гурав. Техникийн нөхцөлийн талаар
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “техникийн нөхцөл гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг хэлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно”, хэрэглэгч нь 15 дугаар зүйлийн 15.1.10-т заасны дагуу “хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах” үүрэгтэй, Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “инженерийн хангамжийн байгууллага техникийн нөхцөл олгож баталгаажуулах ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрэлэнэ”, хангагч нь Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам–ын 2.7-д “техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд багтаан хянаж, шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасныг хангагч байгууллага буюу “Г” ОНӨААТҮГ нь зөрчсөн эсэхийг хариуцагч нь хяналт шалгалтын явцдаа шалгаж тогтоогоогүй байна.
2. Тухайлбал гомдол гарагч С.П нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нийт 3 удаа хангагч “Г” ОНӨААТҮГ-т хандан техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан бөгөөд хангагч байгууллагаас 3 сар гаруй хугацаааны дараа техникийн нөхцөл олгох боломжгүй, харин иргэн Б.Татай харилцан тохиролцож цэвэр бохир усны шугамаас огтлол авахыг зөвлөсөн хариу өгчээ.
3. “Г” ОНӨААТҮГ нь дээрх хуульд заасан хугацаанд буюу 10 өдрийн дотор техникийн нөхцөл олгох эсэх талаар албан ёсоор хариу өгөөгүй, мөн техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан, мөн журамд заасан техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбоотой өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй зэрэг гомдол гаргагчаас үл хамаарах шалтгаанаар техникийн нөхцөл олгох үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна гэж дүгнэхээр байна.
4. Нөгөө талаас дээрх хуульд хэрэглэгч нь 15 дугаар зүйлийн 15.1.10-т “хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах” үүрэгтэй гэж зааснаар эхний ээлжинд “Г” ОНӨААТҮГ-аас техникийн нөхцөл олгох эсэх асуудал шийдвэрлэгдсэний дараа гомдол гаргагч С.П нь иргэн Б.Татай /түүний эзэмшлийн 1524.2 мкв газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр тохиолдолд/ харилцан тохиролцож, цэвэр бохир усны шугам татах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.
5. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж зааснаар гомдол гаргагч С.П нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газраар дайруулан цэвэр бохир усны шугам татах тохиолдолд уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг тухайн газар эзэмшигчээс шаардах эрхтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.14 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.1.10, Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С.Пгийн гомдлын шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 0661075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд яхнан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 70,200 төгрөг гаргуулан гомдол гаргагч С.Пд олгосугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР