Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00045

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, З******* тоотод оршин суух, Б*******н овогт Ч*******ийн Л******* /рд:ГЖ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, О******* сум, 3 дугаар баг, Бүхт гэх газарт оршин суух, М.М******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Н*******г тогтоолгож, хадам аав М.Мын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Н*******д ногдох эд хөрөнгө болох 202,840,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

О******* аймгийн Бр сумын Хүрэн булаг багийн тоотод байрлах орон сууц, T маркын, 62-48 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Bongo-3 маркын, улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2021 оны малын А дансанд М.Мын нэр дээр бүртгэгдсэн малыг талийгаач М.Х*******, М.М, Ж.Дн нарын өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, талийгаач М.Х*******ын хөдлөх хөрөнгийн ногдох хэгсийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий 1/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Л*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ал,

Гуравдагч этгээд Ж.Дн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, С.В,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Дн,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Л******* нь хариуцагч М.М******* холбогдуулан Талийгаач М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Н*******г тогтоолгож, хадам аав М.Мын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Н*******д ногдох эд хөрөнгө болох 202,840,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Миний хүү Х******* овогтой Н******* нь 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Мын Х*******ын ууган хүү болж төрсөн. Миний бие талийгаач М.Х*******тай 2006 онд танилцаж гэр бүл болж дундаасаа ганц хүүтэй. Бид гэрлэлтийн баталгаа хийлгээгүй ч олон жил хамтран амьдарсан. Нөхөр бидний дундах хамтын амьдралд амьдралын сайн муу олон зүйлээс болж маргаан гардаг байсан ч жаргалтай өдрүүд ч олон байсаар энэ амьдралыг туулж ёс бусаар насан өөд болсон. Талийгаач нөхөр минь хүүдээ өөрийн амьнаасаа ч илүү хайртай байсан төдийгүй, хадмуудтайгаа нэгэн гэр бүл болж олон жил хамт амьдарсан. Гэтэл үхсэн хүн үг хэлэх биш гэдгээр нөхрийг минь нас барсны дараа хадам аав М, түүний хүүхдүүд нь нөхөр бид хоёрыг хүүхэдгүй байсан, намайг бараг мэдэхгүй, хүү минь ганц ч хүүхэдгүй аав ээжийнхээ хамтаар амьдарч байсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Булган аймгийн нотариатч П.Заар өвлөх эрхийн гэрчилгээ хийлгэж талийгаачийн нэр дээрх эд хөрөнгийг зарж борлуулсан нь үнэхээрийн хүний санаанд багтамгүй, увиагүй үйлдэл хийж хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг.

Манай нөхөр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэнэтийн золгүй байдлаар нас барж бидэнд үнэлж баршгүй гарз учирсан. Нөхөр Х******* нь амьд сэрүүн байх хугацаандаа хүүдээ маш их хайртай байснаас гадна түүнд бүхий л зүйлээ зориулдаг байсан. Миний хүү аавынхаа өвөө, эмээ, төрөл садангийнд нь зочлон очиж нэг гэр бүл шиг л байдаг байсан. Гэтэл нөхрийг минь нас барсны дараа төрсөн ганц хүүг нь үгүйсгэж эд хөрөнгөд нь шунахдаа бүхэл бүтэн ач хүүгээ хүн биш, ийм хүүхэд ертөнц дээр төрөөгүй болгож харьцсан. Өнөөдөр миний хүү Х.Н******* нь эрүүл саруул ухаан цэлмэг, цовоо сэргэлэн өсөн торниж байгаа ба аавыгаа алдсаны улмаас хагацал зовлондоо шаналж байхад өөрийнх нь өвөө эмээ ах эгч нар нь түүнийг ертөнц дээр төрөөгүй, хүн биш мэтээр хандаж байгаад ихээхэн цочролд орсон.

Миний хүү Х.Н******* нь өөрийн талийгаач эцэг М.Х*******ын хууль ёсны өвлөгч бөгөөд тэрээр амьд сэрүүн байхдаа хүүдээ зориулж байр, машин авсан гэж ярьж байсан. Гэтэл нөхрийг минь нас барсны дараа хүү бид хоёрт ингэж хандаж байгаад гайхшраад барахгүй ба туйлын гомдолтой байна. Уг нь манай хадмууд мал ахуй ихтэй, хөрөнгө чинээ элбэгтэй хүн чанартай л хүмүүс. Гэтэл төрсөн хүүгийнхээ ганц хүү, өөрсдийн удмын тасархай ач хүүгээ үгүйсгэн байж хөрөнгө мөнгөнд шунаж байгаад туйлын гомдолтой байна.

Хүний амьдралд сайн муу олон зүйл тохиолдож, бидний хоорондын амьдралд хадмууд ихээхэн оролцдог байсан. Төрсөн хүү Х.Н*******г хүртэл талийгаачийн хүү мөн биш гэж хэрүүл хийж байсан удаатай. Эцэг эх 2 нь өөрсдийн хүүг хамтдаа өсгөж өндийлгөж байхад хадмын гэр бүл миний хүүг түүний хүүхэд мөн биш гэж маргаж гэр бүлийн дундуур хүртэл оролцдог байсан. Бид ийм шалтгааны улмаас Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхээр орж хүү Х.Н*******г М.Х*******ын төрсөн хүү мөн болохыг хүртэл тогтоолгож нотолгоо болгон хадмууддаа үзүүлж байсан. Түүнээс гадна намайг хүртэл салж сарнидаг, эхнэр нь биш, хамт амьдарч байгаагүй ирээд л явсан хүн мэтээр хадмын гэр бүл үзэж бидний амьдралд хөндлөнгөөс маш их ордог байсан. Талийгаач бид 2 ярилцаж байгаад би М.Х*******тай хамтран амьдарч байсан нь үнэн гэдгийг ч мөн шүүхээр тогтоолгож байсан.

Гэтэл талийгаач нөхрийг маань амьд сэрүүн байхад хүү бид хоёрыг ад үздэг байсан бол нас барсны дараа нь хүүг минь хорвоо дээр байгаа ч үгүй гэж хандаж байгаад туйлын харамсалтай байна.

Иймд би хүү Х.Н*******гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээлгэхээр хууль шүүхийн газарт хандаж байна. Тиймээс хүү Х.Н*******г талийгаач нөхөр Х*******ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү.

Мөн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр талийгаач нөхөр М.Х*******ыг хууль ёсны өв нээгдэх хугацаа болсон тул Булган аймаг дахь нотариатч дээр очиж өв нээлгэх хүсэлт гаргасан боловч хадам аав М.М нь ирээгүй тул нотариат дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй, шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нотариатч хэлсэн болно. Түүнчлэн талийгаач нөхрийн бүх л эд хөрөнгө хадам аав М.Мын эзэмшилд байдаг. Миний бие талийгаач нөхрийн нэр дээр байдаг эд хөрөнгийн лавлагааг гаргуулан авахаар Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Булган сумын Засаг даргын тамгын газар, О******* сумын Засаг даргын тамгын газарт хандсан боловч надад бичиг хийж өгөхгүй, та шүүхээр хүсэлтээ гаргавал лавлагаа өгнө гэж тайлбарлаж хүсэлтийг буцааж байна.

Миний мэдэж байгаачлан талийгаач нөхөр М.Х*******ын нэр дээр түүний эзэмшилд дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Үүнд:

улсын дугаартай тээврийн хэрэгсэл, арлын дугаар 0 дугаартай, Тоуаta Hilux маркын тээврийн хэрэгсэл, 50,000,000 төгрөгөөр анх авч байсан,

Адуу 72, үхэр 138, хонь 900, ямаа 200 нийт 1310 тооны мал, Нийт үнийн дүн 428,520,000 төгрөг

-     маркын 2028 улсын дугаартай тээврийн хэрэгсэл. машиныг 30,000,000 төгрөгөөр үнэлж байна.

О******* аймаг, Баян-Өндөр сум 4-8 тоот байранд 2 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгөтэй байдаг. Үнэлгээг 100,000,000 төгрөгөөр үнэлж байна.

Нийт хөрөнгийг үнэлгээ 608.520.000 төгрөгөөр үнэлэх боломжтой байна.

Миний бие дээрх эд хөрөнгийг дараах байдлаар үнэлж дүнг гаргаж байна.

Адуу 72 ширхэг:

Бүдүүн адуу 46 ширхэг х 1.600.000 нийт 70.000.000

Шүдлэн хязаалан 10 ш х 800.000 нийт 8.000.000

Сарваанууд 16ш х 600.000 нийт 9.600.000

Нийт 87.600.000

Үхэр 138 ширхэг.

Бүдүүн үхэр 50ш эм х 1.500.000 нийт 75.000.000

Бүдүүн үхэр эрх 50 ш х 1.500.000 нийт 15.000.000

Шүдлэн үхэр 25ш эр х 1.200.000 нийт 30.000.000

Бяруу 20ш эр х 700.000 нийт 14.000.000

Бяруу эм 13ш эм х 700.000 нийт 9.100.000

Нийт 143.100.000

Хонь 900 ширхэг

Бүдүүн хонь эм 350ш х 200.000 нийт 70.000.000

Бүдүүн хонь эр 96ш х 200.000 нийт 19.200.000

Шүдлэн эм, эр 200ш х 180.000 нийт 36.000.000

Төлөг эм 150ш х 200.000 нийт 20.000.000

Төлөг эр 10Ош х 150.000 нийт 15.000.000

Нийт 162.700.000

Ямаа 200 ширхэг

Бүдүүн эр ямаа ЮОш х 200.000 нийт 20.000.000

Бүдүүн эм ямаа 9ш х 180.000 нийт 16.200.000

Ямаа 10ш х 150.000 нийт 1.500.000

Ямаа 40ш х 150.000 нийт 6.000.000

Ямаа 40ш х 150.000 нийт 6.000.000

Нийт 35.120.000 төгрөг

Малын нийт дүн 428.520.000 төгрөг болно. 1.170.000, 383.000, 178.000

Миний хувьд талийгаач нөхрийнхөө нэр дээр бүртгэлтэй дээрх эд хөрөнгийг мэдэж байна. Амьд сэрүүн байхдаа хүүдээ хадгаламж нээсэн ирээдүйд нь зориулж хадгалж байгаа гэж хэлдэг байсан ба хэдий хэмжээний зүйлийг өөрийн болон хүүгийнхээ нэр дээр хадгалсныг мэдэхгүй байна.

Би дээрх эд хөрөнгөөс өөрийн хүүдээ хамаарах хэсгийг өв залгамжлах эрхтэй гэж бодож байна. Нас барснаас нь хойш нөхрийн эд хөрөнгийг худалдаж борлуулсан бусдад шилжүүлсэн зүйл их байгаа. Талийгаач нөхрийн минь эцэг эхэд нь хуваарилагдах хөрөнгийг нь хасаад хүү Х.Н*******д ноогдох хэсгийг 202.840.000 төгрөг гэж үнэлж байна. Уг хөрөнгийг талийгаач нөхрийн аав М.М, хадам ээж Дн, хүү Х.Н******* нийт 3 хүнд ногдох нэг хүний хувь нь 202.840.000 төгрөг болж байна. Үүнээс хүү Х.Н*******д ногдох хэсэгт хамаарах үнийн дүнд дүйцэх эд хөрөнгийг хадам аав М.Мын эзэмшлээс гаргуулан авахыг хүсэж байна.

Миний хүүгийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийг хүлээн авахыг хүсэж байна. Энэхүү маргаанд би өөрийгөө оролцуулаагүй бөгөөд хүүгийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа болно. Талийгаач нөхөр минь нас барсны дараа хадмууд минь хүүд минь эд хөрөнгө өгөх нь битгий хэл хүүг минь энэ дэлхий дээр хүн болж төрөөгүй, тийм хүүхэд оршин тогтнодоггүй гэж хуурамчаар баримт бичиг үйлдэж нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ хүртэл хийлгэж байгаа хүмүүс цаашид бидний эрх ашгийг яаж ч зөрчиж болзошгүй билээ. Бусад төрийн байгууллагад хандахаар лавлагаа мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэх юм. Надад шүүхэд хандаж эрхээ сэргээлгэхээс өөр гарц байхгүй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч талийгаач нөхөр М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн хүү Х.Н*******г тогтоож, хадам аав М.Мын эзэмшлээс өв залгамжлагдах нийт 608.520.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс хүү Х.Н*******д ноогдох 202.840.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Миний бие Ж.Днтэй гэр бүл болж 6 хүүхэд төрүүлсэн. Том охин И.Уг, М.А, М.Ал, М.Цн М.Бл нар 5 хүүхэд нь тус тусдаа гарсан. Хүү М.Х******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан ба бусадтай гэр бүл болж, тусдаа гараагүй бидэнтэй хамт амьдарч байсан билээ. Нөхөр бид хоёр өндөр настай болсон тул өөрсдийн гэсэн орон сууцтай болъё гээд орон сууц худалдан авахаар шийдэж байсан ба тухайн орон сууцыг худалдан авахдаа өөрийн охин М.Алаас 10000000 төгрөг, охин М.Блаас 7000000 төгрөг авч , мөн малаа зарж худалдан авсан. Тухайн орон сууцыг авахдаа өөрийн хамт амьдарч байсан хүү М.Х*******ыг бичиг баримт хөөцөлдөх, гарын үсэг зурах, орон сууцны сар бүрийн гэрэл цахилгаан дулаан хэд гарч байгааг мэдэж төлөхөд туслуулах зорилгоор түүний нэр дээр О******* аймгийн Баян өндөр сум, Хг баг, тоот орон сууцыг авсан.

Миний нас барсан хүү М.Х******* нь миний гэр бүл, үр хүүхдүүдийн минь малыг маллаж өсгөхөд тусалж, хамт амьдарч байсан учир тухайн орон сууцны өмчлөгч гэр бүлийн гишүүний нэг мөн. Мөн би болон нөхөр маань тухайн орон сууцны өмчлөгч билээ. Малаа маллах, хол ойр явахдаа унаа болгох санаатай худалдан авсан. Тоуотa Hilux 62-48 БУА тээврийн хэрэгсэл , Bongo-3 тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүд мөн бидний гэр бүлийн дундын хөрөнгө билээ.Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Х******* нас барсны дараа түүний төрсөн хүү Х.Н******* гэх хүү гарч ирсэн ба түүний төрсөн эх Ч.Лхавгасүрэн гэх хүн тухайн орон сууц, автомашин, малаас өв авна гэж маргах боллоо.

Энэхүү хөрөнгүүд нь үүрийн таван жингээр унтах нойроо хугаслан байж, өвгөн оид хоёрын өсгөсөн хэдэн малын маань буян хишиг шингэсэн хөрөнгө бөгөөд хүүгээ гэнэт алдаж, сэтгэлийн хүнд зовлон эдэлж явахад эд хөрөнгийн өвийн маргаан үүссэн учир дээрх хөрөнгүүд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, М.Х*******ын ногдох хэсэгт хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд О******* аймгийн Баян өндөр сумын Хүрэн булаг багийн тоот орон сууц, Тоуото Hilux 62-48 БУА тээврийн хэрэгсэл , Вongo-3 тээврийн хэрэгсэл, 2022 он байдлаар малын А дансанд М.Мын нэр дээр бүртгэгдсэн мал зэрэг хөрөнгүүдээс О******* аймгийн Баян өндөр сумын Хүрэн булаг багийн 4-8- 51 тоот орон сууц, Тоуото Hilux 62-48 БУА тээврийн хэрэгсэл , Вongo-3 тээврийн хэрэгсэл, М.М, нас барсан хүү М.Х******* болон миний өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, М.Х*******ын эд хөрөнгийн ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, мөн 2021 он байдлаар малын А дансанд М.Мын нэр дээр бүртгэгдсэн малаас охин

1 .Охин М.Уг үнээ 4, тугал 4, эр үхэр 3 , хонь 55, хурга эр 20, хурга 15, эр хонь 10, төлөг 18 малтай ,

2. Охин М. Бл үнээ 3, тугал 3, бяруу 2, үхэр 2 , хонь 50 ш , эм хурга 20, эр хурга 19, эр хонь 5 , төлөг 5 малтай,

3.      Охин М.А үнээ 3, тугал 3, бяруу 4, эр үхэр 2, хонь 150, хурга эр 25, эм 50, төлөг 24, гүү 10, унага 8, даага 3, морь 4 , ямаа 50, ишиг эр 15 , эм 15, борлон 23 малтай ,

4.   М. Цн хонь 58, эм хурга 20, эр хурга 5 , төлөг 5, үхэр 10, үнээ 3, тугал 3, бяруу 2, эр үхэр 2 малтай

5.   М.Ал хонь 100, эм хурга 35, эр 10, төлөг 20 , үнээ 5, тугал 4, бяруу 3, эр үхэр 4, гүү 3, унага 3, даага 3, морь 2, ямаа 50 эм 15, эр ишиг 15, борлон 10 мал бүхий хөдлөх хөрөнгөтэй болохыг болон бусад мал бүхий хөдлөх хөрөнгө нас барсан хүү М.Х*******, М.М, Ж.Дн нарын өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, нас барсан хүү М.Х*******ын хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.В шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Зохигчийн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгаа. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрхэд заасан зохицуулалтын дагуу дундын эд хөрөнгө данс, О******* аймагт байрлах 4-8 тоот байрны 169,598,000 төгрөг, Toyota hilux маркийн авто машин 23,150,000 төгрөг, Воngo G3 тээврийн хэрэгслийн үнэлгээ, малын үнэлгээ 2021 оны жилийн эцсийн А дансаар тоологдсон мал, хонь, ямаа, үхэр, адуу зэрэг малын нийт үнэ 210,990,000 төгрөг болж байна. Талийгчийн хадгаламжид байсан буюу Хны дансанд байсан, Төрийн банк нийт хадгаламжийн мөнгө нь нийт гэр бүлийн хамтран эзэмших дундын эд хөрөнгө нь 416,591,030 төгрөг байна гэж тооцсон. Үүнийг гэр бүлийн гишүүдэд 3 хуваагаад үзэхээр 138,864,313 төгрөг болж байна. Үүнийг гэр бүлийн 3 гишүүнд хуваахаар 1 хүнд 46,288,100.4 төгрөг оногдож байна гэж үзлээ. Тийм учир эцсийн байдлаар хариуцагч С.Маас 46,288,100.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 2,000,000 төгрөг төлөгдсөнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх саналтай байна гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгч Х*******тай 2007 оноос хойш хамт амьдарсан. Х******* бид хоёрын дундаас 2008 онд миний хүү төрсөн. Тууштай амьдарсан зүйл байгаагүй. Би Х*******ынд ирэн очин 7, 8 жил амьдарсан. Х******* бид хоёрын дундаас нэг хүү төрсөн. Бид хоёр Булган аймагт ирж амьдарч байсан. Х******* бид хоёр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Одоо Х*******ын хүү хохирч байна. Би хүүгээ маш сайн өсгөж хүмүүжүүлж байгаа. Сургалтын төлбөрт хэдэн төгрөг ч өгдөггүй байсан. Би илүү дутуу зүйл нэхээгүй. Өндөр настай ээж, аав хоёрыгоо хардаг. Х******* хүүдээ маш их хайртай байсан. Х******* нь өнгөрхийнхөө өмнө Ал эгчийнд очоод надад хайртай сууна гэж ярьж байсан. Миний хүү одоо 16 настай бид нараас ичиж байна гэсэн. Миний хүү өвөө, эмээ хоёр дээрээ цагаан сараар очиж золгодог. Улаанбаатар хотод сургуульд сурдаг. Миний хүү айрганд дуртай миний хүүд айраг өгч явуулсан. Танайд байх хугацаанд би бүх л зүйлийг хийж байсан. Чулуун гуай хүртэл хэлдэг байсан. Байх хугацаандаа өдөр болгон юм аа хийдэг байсан. Намайг одоо худлаа ярилаа гэж гүтгэж байна. Би зүүн түрүүний хүмүүст ч хэлсэн. Яах аргагүй үр хүүхэд нь мөн. Х******* өнгөрөхдөө хүртэл хүүгээ яриад өнгөрсөн байдаг. Би тэр Х*******ын орооцолдож байсан хүүхэнтэй нь зодоо хийгээд шүүх хурлаар орчихсон байсан. Би бүх хуулийн гаргалгаагаар нь явж байгаа. Хэтэрхий доош нь үнэлчихсэн байсан болохоор үнэлгээ хийлгээд явж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлага дээр Н*******д холбогдох эд хөрөнгийг гаргуулах гэж оруулж ирсэн. Үнэлгээ бүхий эд хөрөнгөөс хүү Н*******д 202,840,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. 608,000,000 төгрөгийг багасгаж 418,000,000 төгрөгөөр тодорхойлсон. Хуваагдсан эд хөрөнгө буюу Х*******т оногдох хэсгээс Н*******д оногдох хэсгийг эд хөрөнгийг гэдэг агуулгаар бичигдсэн байсан. Х*******ын Н*******г хууль ёсны өвлөгч гэж тодорхойлж түүнд ногдох эд хөрөнгийг гаргуулах саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л******* нь өөрөө нөхөртэй, 2 хүүхэдтэй байж миний дүү Х*******тай явалдаж байна гээд би Х******* Л******* нартай цуг уулзаж загнаад салгасан гэж бодож байна. Миний дүү тэр хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хүлээн зөвшөөрч байсан бол миний дүү яах гэж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн юм бэ? Гэр бүлээс гадуурх зүйл хийгээд байсан. Ажил хийсэн дор хүнтэй зууралдаад нэг хүүхэд гаргачихъя гэсэн бодолтой байдаг байх. Л******* нь миний дүү Х*******тай гэрлэлтийн баталгаагаа салгасан байдаг. Хамт амьдраад Л*******гийн хөдөлмөрийг мөлжсөн бол тэр хавийн хүмүүсийг дуудаж гэрчээр асуулгая. Би олон жил хөдөлмөрлөхөд 40,000,000 төгрөгийг гар дээрээ тавьж үзээгүй байна. Манай аавд хамаатан садан ах, дүү байхгүй. Улс тарах үеэр хувьчлагдаж хэдэн мал ирсэн байдаг. Тэр малын үр шимээр амьдарч байна. Хоёр хөгшнөө асарч байгаа нэрийдлээр гэртээ сууж байна гэж байна. Өдий насны хүн хөдөлмөрлөж ажил төрөл хийсэн нь дээр байх. Уг хөрөнгө нь цаанаа эзэнтэй манай ээж, аав хоёрын хувьчлалаар хувьчилж авсан мал хөрөнгийг дундын эд хөрөнгө болгож хуваах гэж байгаад гомдолтой байна. Ор тас хөрөнгөгүй хүн гэж юу байх вэ? Талийгаачийн нэр дээр Хны дансанд 2,000,000 төгрөг байсан. Тэр мөнгийг талийгаачийн оршуулгын зардалд гаргасан. Х*******т зохих хэмжээний хөрөнгө байсан. Воngo G3 машин байгаа. Hilux тээврийн хэрэгсэл нотариат дээр очиж нэрийг шилжүүлж авсны дараа зарчихсан. 2022 оны 08 дугаар сард 18,000,000 төгрөгөөр зарсан. Байрыг талийгаач байхдаа ээж, аав хоёртоо дулаан байранд байг гээд авч өгч байсан юм. Байр нь одоо байгаа. 46,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөхгүй байгаа. Талийгаач өнгөрснөөс хойш шүлхий өвчин гарч үхэр мал үхсэн. Түүнээс хойш мал гэдэг чинь хөдлөх хөрөнгө учир үхэх нь үхээд хорогдол гарч байсан. Мал маллах малчны цалин хөлс зэрэг гардаг. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрч 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарт 46,000,000 төгрөгийг гаргаж өгч чадахгүй. Миний өөрийн бодол талийгаач Х*******ын өмчийг хадгалаад авч явж чадахгүй. Би 15,000,000 төгрөгийг өгье гэж хэлсэн. М бид хоёр 6 хүүхэдтэй нэг нь өнгөрчихсөн. 1994 онд хөдөө гараад 31 жил болоход энэ зэргийн хөрөнгийг бүтээсэн. Малыг бид нар одоо элэгдэл хорогдолгүй маллаж чадахгүй. Банканд мөнгө байгаа гээд байна. Тэр нь бид хоёрын тэтгэврийн мөнгө юм. Талийгчийн дансанд байсан мөнгө нь талийгчийн оршуулгын зардалд гаргасан. Би 3 жил хүүгийнхээ хойноос зул өргөж байна. Гэтэл Л******* нь нөхөр бид хоёрт хүүгээ аваачиж нэг ч удаа золгуулдаггүй. Тэгтэл миний хүүг өнгөрсний дараа гэнэт нэг хүүхэд гарч ирээд зөндөө хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн. Л******* 16,000,000 төгрөгийг нэг жилийн дотор ч олж чадхаар хүн. Ямар над шиг хөгшин явж чадахгүй ажил хийж чадахгүй хүн байгаа биш төрд ажиллаад хөдөлмөр эрхлэх боломжтой гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дн нь нөхөр М гуайтай гэр бүл болоод 6 хүүхэд төрүүлсэн. Хүү Х******* 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Нөхөр бид хоёр өндөр настай болохоор өөрийн гэсэн орон сууц авсан. Х*******ыг орон сууц худалдан авах өөрсдийн эрүүл мэндийн шалтгааны улмаас Х*******ын нэр дээр тухайн байрыг авсан. Х******* нь мал маллаж өсгөхөд маш их оролцоо байсан. Toyota hilux тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Х******* нас барьсан болохоор М тэр машиныг зарсан. Х*******ын хууль ёсны өвлөгч нь түүний аав М, ээж Дн нар гэж ойлгож байгаа. Х*******ын эд хөрөнгийн ногдох хэсгийг хууль ёсны төлөөлөгч болохыг гаргаж өгч байгаа. Малын А данс Х*******ын нэр дээр байсан. Гэр бүлийн бусад гишүүд, Уг гэж том охин байгаа тугал 4, эр үхэр 3, хонь 55, эр хурга 20, эм хурга, 5, эр хонь 5, төлөг 18 тооны малтай байсан гэж байна. Охин Блын хувьд 3 тугалтай үнээ, бяруу 2, үхэр 2, хонь 50, эм хурга 19, эр хурга 20, эр хонь 5, төлөг 5 тооны малтай байсан. Ад үнээ 3, тугал 3, бяруу 4, эр үхэр 2, хонь 150, хурга 25, эм хурга 50, төлөг 24, гүү 10, унага 8, даага 3, морь 4, ямаа 50, ишиг эр 15, эр ишиг 15, борлон 23, тооны малтай. Цнгийн хонь 58, хурга 5, эм хурга 20, төлөг 5, үхэр 10, үнээ 3, тугал 3, бяруу 2, эр үхэр 2 тооны малтай Алд 100 эм хонь, эм хурга 35, эр хурга 10, төлөг 20, үнээ 5, тугал 4, бяруу 3, эр үхэр 4, 3 гүүтэй 3 унагатай, даага 3, морь 2, ямаа 50, эм ишиг, 15, эр ишиг 15, тооны малтай байсан. Х******* хүүдээ тусгайлан тусад нь салгаж өгсөн мал байхгүй. А Ал, Бл 3 малаа маллуулж байгаагийн хувьд туслах малчны цалинг өгдөг байсан. Цн, Уг нарын мал нь хүүхэд байхад нь зүсэлж өгсөн мал байгаа гэдгийг тусгайлан хэлж өгөөрэй бид тусдаа тооцоо хийдэггүй байсан. Үхэр өсдөггүй тухайн жилдээ идшиндээ идчихдэг байсан гэж тайлбарлаж байсан. Энэ бүх малыг Х******* туслах малчинтай хамтран малладаг байсан. Хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Одоогийн байдлаар А малаа аваад явсан бусад хүүхдүүд малаа аваагүй байгаа. Малчны зээлийг жил болгон өөрөө авч малаа өсгөж байсан гэж М.М гуай дамжуулж хэлж өгөөрэй гэсэн гэв.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Л*******гийн нэхэмжлэлтэй, М.М******* холбогдох иргэний хэрэгт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын саналаар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Х******* овогтой Н*******г эцэг Х*******ын хууль ёсны өвлөгчөөр тогтоохыг хэн аль нь хүлээн завшаарав.

2.Өв залгамжлалын эд хөрөнгө болох хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцож, өв залгамжлагч Х.Н*******д 30,000,000 төгрөгийг олгохоор хариуцагч М.М хүлээн зөвшөөрөв.

3.Өвлөгдөх хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч зөвшөөрч харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л******* нь хариуцагч М.М******* холбогдуулан талийгаач М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Н*******г тогтоолгож, хадам аав М.Мын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Н*******д ногдох эд хөрөнгө болох 202,840,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрийн шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, Х******* овогтой Н*******г эцэг Х*******ын хууль ёсны өвлөгчөөр тогтоохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч, өв залгамжлалын эд хөрөнгө болох хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцож, өв залгамжлагч Х.Н*******д 30,000,000 төгрөгийг олгохоор хариуцагч М.М хүлээн зөвшөөрч, өвлөгдөх хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсгээ зуржээ.

 

Хуульд зааснаар зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.

 

Зохигч шүүх хуралдааны шатанд харилцан тохиролцож эвлэрлийн байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Л******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ал нарын Х******* овогтой Н*******г эцэг Х*******ын хууль ёсны өвлөгчөөр тогтоохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч, өв залгамжлалын эд хөрөнгө болох хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцож, өв залгамжлагч Х.Н*******д 30,000,000 төгрөгийг олгохоор хариуцагч М.М хүлээн зөвшөөрч, өвлөгдөх хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,242,350 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/

төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус Төрийн санд үлдээж, хариуцагч М.Маас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Л*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ