| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0544/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Та, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
Хэлмэрч С.Бямбадэлгэр нарыг оролцуулан,
Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон, Шарайд овогт Тад холбогдох 1703000010010 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын а-7 дугаар гудамж, 136 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.303.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 2.703.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 13.303.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Та (РД:00000000000),
нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанаас Л.Эрдэнийн эзэмшлийн Тоёота Карина маркийн 05-41 УБН улсын дугаартай автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч жолоодож явсан,
-мөн өдөр 22 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тоёота Карина маркийн 05-41 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Чингэлтэйн өргөн чөлөө Дээд салхитын салдаг уулзвар бүхий замд явган зорчигч О.Сүхбаатарыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
-дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулсан. Гэмшиж байна” гэв.
Тагаас мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 14-15 цагийн орчимд гэрээсээ гараад найз Эрдэнээгийн гэрт очиход, Эрдэнээ болон түүний эхнэр Донидням, Нэмэхбаяр, Боолоо нар архи ууж байсан. Би очоод архинаас нь 3-4 хундага уусан. ...Эрдэнээ, Боолоо хоёр дахин 1 шил архи авсан, уг архийг бид 3 хувааж уусан. Би уг архинаас 2 хундага л уусан. Орой Эрдэнээ Боолоо хоёр их согтсон байсан. Эрдэнээ унтаж байсан. Би эхнэрийнх нь гарнаас Эрдэнээгийн машины түлхүүрийг булааж аваад гэрийн гадаа байсан 05-41 УНБ дугаартай Тоёота Карина маркийн автомашиныг жолоодоод Боолоогийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг Дээд салхитын замаар хойноосоо урагшаагаа 40-50 орчим км/цагийн хурдтай явж байхад миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарч явсан нэг хүн миний машины толь хэсэгт мөргөөд машин зам дээр унасан. Би тухайн үед их айгаад “зугтааж болохгүй шүү дээ” гэхэд надтай хамт явсан Боолоо “зүгээрээ, согтуу хүн байсан юм чинь явъя” гэж хэлэхээр нь би зогсолгүй шууд чигээрээ явсан.
...машины хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хуурай, замын гэрэлтүүлэг асаж байсан. ...надад жолооны үнэмлэх байхгүй, жолооны курст сурч байгаагүй. ...хөдөө байхдаа хүний машин жолоодож үзсэн.” гэжээ.
Хохирогч О.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитын 10-185 тоот гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байхад гэрийн ойролцоо байдаг залуучууд тараад архи ууж байхаар нь 1 хундага уусан. Өмнө нь би гэртээ 2 литр орчим айраг уусан байсан. Их согтоод доошоо дэлгүүр рүү алхаж байгаад зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн байсан. ...автомашинд мөргүүлснээ огт мэдэхгүй байна, согтуу байсан” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…05-41 УБН дугаартай Тоёота Карина маркийн автомашин миний эзэмшлийнх, би машинаа Тад зөвшөөрөөд өгөөгүй. Миний автомашиныг Та зөвшөөрөлгүй авч явсан байсан манай эхнэрт миний машины түлхүүр байсан, Та манай эхнэрээс миний машины түлхүүрийг зөвшөөрөлгүй булааж авч машиныг бариад явсан байсан. Би тухайн орой унтаж байсан. Машин манай гэрийн гадаа байсан, манайх хашаа байхгүй. ...машины баруун талын толь хугарсан байсан, үнэлгээ хийлгэхгүй, Та миний машинаар хүн мөргөсөн талаар маргааш нь мэдсэн. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1.Б.Болор-Эрдэнээс: “…Та гэр рүүгээ явъя гээд дагуулаад Эрдэнээгийн автомашиныг аваад бид хоёр хар засмал замаар хойноосоо урагшаа зүг рүү явсан. 7 буудал очоогүй байх, зуслангийн замд нэг согтуу хүн урдуур орж ирээд бидний унаж явсан автомашинд шүргүүлээд унах шиг болсон. Баруун талын толь нь хугарсан байсан. Тэндээсээ бид хоёр автомашинаа зогсоолгүй шууд 6 буудал орчим очин дэлгүүрээс скоч аваад хугарсан толийг наасан. Та цааш автомашинаа жолоодож явсан, би найзынхаа гэр рүү явсан. ...Та модны захад байхад 2 хундага архи, Эрдэнээгийн гэрт ирээд 2 хундага архи уусан, их согтоогүй гайгүй байсан” гэжээ.
2.О.Нямгэрэлээс: “…21-22 цагийн орчим нөхөр Цогтбаатарын хамт харихаар замаа дагаад алхаад явж байхад 1 хүн хойноос "наадах машины дугаарыг хараарай" гэхээр нь бид хоёр машины дугаарыг харахад 05-41 дугаартай Ниссан Санни маркийн автомашин байх шиг байсан. Нөгөө хүнд хэлсэн. Тэгтэл тэр ах “наадах машин чинь хүн мөргөөд зугтаачихлаа” гэхээр нь 102-т дуудлага өгсөн” гэжээ.
3.Р.Баярсайханаас: “…Гэрийнхээ хашааны хаалгыг онгойлгож байхад 1 эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарч явахад хар бараан өнгийн жижиг суудлын автомашин хойноос урд зүгт 1 дүгээр эгнээгээр явж байгаад мөргөж унагаад нэг зогсох гэснээ болиод тэр чигээрээ явахаар нь миний нүдний хараа муу болохоор “наад машиныхаа дугаарыг хараарай” гээд орилоход, замын зүүн талд явсан нэг залуу “05-41 дугаартай байна” гэж хэлсэн, тэгээд дуудлага өгсөн” гэжээ.
4.Б.Цогтбаатараас: “…гэртээ харих гээд явж байхад нэг эрэгтэй хүн “наад машины дугаараа хараарай” гэхээр нь уг машины дугаарыг хараад нөгөө ахад хэлсэн. Тэр машин чигээрээ л яваад өгсөн. Сүүлд сонсоход зам дээр хүн мөргөөд зугтаасан машин гэж байсан. Би осол хэргийг хараагүй” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.20-ны өдрийн ¹9063 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.О.Сүхбаатарын биед баруун дух яс, баруун гайморын хөндийн урд, ар хана, баруун нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн бугалга ясны далд хугарал, дух, баруун хацар, өвдөгт зулгаралт, зүүн шилбэ, ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Замын цагдаагийн албаны 2017.8.05-ны өдрийн ¹292 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Т.Карина маркийн 05-41 УБН дугаартай автомашины жолооч Та нь Монгол Улсын ЗХД-ийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч О.Сүхбаатар нь Монгол Улсын ЗХД-ийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарч буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”. 3.9. “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Та нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 1 тоот хашаанаас Л.Эрдэнийн эзэмшлийн Тоёота Карина маркийн 05-41 УБН улсын дугаартай автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүррмийн 2.1-а, 2.7-а-д заасныг зөрчин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа согтуурсан үедээ уг автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөө Дээд салхитын салдаг уулзвар бүхий замд явган зорчигч О.Сүхбаатарыг автомашинаар мөргөснөөс түүний биед баруун дух яс, баруун гайморын хөндийн урд, ар хана, баруун нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн бугалга ясны далд хугарал, дух, баруун хацар, өвдөгт зулгаралт, зүүн шилбэ, ташааны цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан ба улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а,б,в-д заасныг зөрчин осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь
шүүгдэгчийн “...Би очоод архинаас нь 3-4 хундага уусан. ...Би уг архинаас 2 хундага л уусан. Орой Эрдэнээ Боолоо 2 их согтсон байсан. Эрдэнээ унтаж байсан. Би эхнэрийнх нь гарнаас Эрдэнээгийн машины түлхүүрийг булааж аваад гэрийн гадаа байсан 05-41 УНБ дугаартай Тоёота Карина маркийн автомашиныг жолоодоод Боолоогийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг Дээд салхитын замаар хойноосоо урагшаагаа 40-50 орчим км/цагийн хурдтай явж байхад миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарч явсан нэг хүн миний машины толь хэсэгт мөргөөд машин зам дээр унасан. Би зогсолгүй шууд чигээрээ явсан. ...надад жолооны үнэмлэх байхгүй,” гэх мэдүүлэг,
хохирогч О.Сүхбаатарын “…Их согтоод доошоо дэлгүүр рүү алхаж байхад зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн байсан. ...автомашинд мөргүүлснээ огт мэдэхгүй байна, согтуу байсан” гэх мэдүүлэг,
гэрч Б.Болор-Эрдэнийн “...Та гэр рүүгээ явъя гээд дагуулаад Эрдэнээгийн автомашиныг аваад бид хоёр хар засмал замаар хойноосоо урагшаа зүг рүү явсан. 7 буудал очоогүй байхаа зуслангийн замд нэг согтуу хүн урдуур орж ирээд бидний унаж явсан автомашинд шүргүүлээд унах шиг болсон. Баруун талын толь нь хугарсан байсан. Тэндээсээ бид хоёр автомашинаа зогсоолгүй шууд 6 буудал орчим очин дэлгүүрээс скоч аваад хугарсан толийг наасан. ...Та модны захад байхад 2 хундага архи, Эрдэнээгийн гэрт ирээд 2 хундага архи уусан, их согтоогүй гайгүй байсан” гэх мэдүүлэг,
гэрч О.Нямгэрэлийн “...21-22 цагийн орчим нөхөр Цогтбаатарын хамт харихаар замаа дагаад алхаад явж байхад 1 хүн хойноос "наадах машины дугаарыг хараарай" гэхээр нь бид 2 машины дугаарыг харахад 05-41 дугаартай Ниссан Санни маркийн автомашин байх шиг байсан. Нөгөө хүнд хэлсэн. Тэгтэл тэр ах “наадах машин чинь хүн мөргөөд зугтаачихлаа” гэхээр нь 102-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Р.Баярсайхан, Б.Цогтбаатар нарйн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд гэмт хэргийн талаар дуудлага өгсөн хүний дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.20-ны өдрийн ¹9063 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн өвчний түүх, Замын цагдаагийн албаны 2017.8.05-ны өдрийн ¹292 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хохирлын мөнгө хүлээн авсан, гомдол саналгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Шарайд овогт Таг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан торгох ял, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн ба ингэхдээ мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор, нэг нэгжийг 1000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр, 30 хоногийг нэг сараар тус тус дүйцүүлэн тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэсэн болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хэлгүй, дүлий байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзсэн болно.
Хэдийгээр шүүгдэгч Та нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ч хуульд заасан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9-д заасныг тус тус зөрчин согтуурсан үедээ, явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан зэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг гарсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Та нь хохирогч О.Сүхбаатарт гэмт хэргийн улмаас учирсан бичгийн баримтаар тогтоогдсон эмчилгээний болон бусад зардалд нийт 1.650.000 төгрөг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүх хуралдаанд оруулсан боловч шүүгдэгч нь мөн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.
Иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Шарайд овогт Таг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Таг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 10 (арав) сар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Тад Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногтой тэнцэх буюу 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногтой тэнцэх буюу 1 сар хорих ялууд дээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 10 (арав) сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Тад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ