Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00177

 

 

 

 

 

 

 

 

“ХХБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02571 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч “СХ” ХХК, Я.Б-, Я.С-, Я.Г-, А.О-, Г.Б-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 238 424 516.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-, хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “СХ” ХХК болон Я.С- нар нь Улаанбаатар хотын банктай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1101/160107 дугаар Зээлийн гэрээг байгуулан 75 300 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 81 191 955.10 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 65 687 506.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 903.01 төгрөг, нийт 148 364 364.96 төгрөгийн зөрчил үүссэн. Банкны зүгээс дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах хугацаа, боломжийг олгосон ч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Иймд зээлдэгч “СХ” ХХК, Я.С- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 171 165 296.42 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 65 774 730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 488.98 төгрөг, нийт 238 424 516.28 төгрөг гаргуулж, уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд “СХ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, ХД-73 байр 161 тоот Ү- 2204077277 дугаартай орон сууц, Ү-2204077276 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б-, Б.Б- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 53А дугаар байр, 66 тоот Ү-2204051473 дугаартай орон сууц, Я.Г- А.О- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уул 15 гудамж, 35 тоот Ү-2201012403 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-2201016851 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй 30 000 000 төгрөгийн тухайд тус компани өмнө нь Улаанбаатар банкнаас жилийн 27 хувийн хүүтэй зээл авч байсан, уг зээлийн хүүг бууруулахаар ЖДҮ-ийг дэмжих санд хандаж, улмаар жилийн 18.6% хүүтэй зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ байгуулахын тулд өмнөх зээлийн үлдэгдлийг төлж дуусгах ёстой байсан, энэ төлбөрт 16 000 000 төгрөгийг төлсөн, 13 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Хариуцагч Я.С- тооцооллын талаар маргаагүй харин тооцоо нийлэх хүсэлт гаргасан гол үндэслэл нь энэхүү 13 000 000 төгрөгийг хэрхэн яаж авсан талаар байсан, бид тухайн үеийнх нь ажиллаж байсан салбарын захирлыг нь дуудаж Я.С-тай уулзуулсан, зарлагын баримтаа бэлнээр мөнгөө гаргаад, өөрөө аваад явсан талаарх дансны хуулга нь хэрэгт авагдсан. Иймд 30 000 000 төгрөг яасан нь мэдэгдэхгүй алга болсон гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байна. Шинээр байгуулсан, 175 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан боловч нөхцөл байдлын улмаас 14 хоногийн дараа зээл олгогдсон нь үнэн, гэвч бид энэ хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй. Мөн өмнөх зээлийг 2016 оны 3 дугаар  сарын 21-ний өдөр хаасан гэж байгаа боловч өмнөх гэрээ нэгэнт дуусгавар болсон, бид энэ хугацааны хүүг мөн нэхээгүй юм. Зээлийн тооцооллын хүснэгтэд 148 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаа хэтэрсэн төлөлтийн үнэ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалснаар үндсэн зээлийн үлдэгдлийг бүхэлд нь нэхэмжилж буй үнийн дүн гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 01 дүгээр сарын 21-ний байдлаар 175 300 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн нийт төлбөрийн үлдэгдэл 148 465 364 төгрөг байгаа, үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Хариуцагч Я.С-гийн төлсөн 30 000 000 төгрөгөөс 16 500 000 төгрөг нь төлбөрт тооцогдохгүй, уг мөнгийг хэн авч захиран зарцуулсан нь тодорхойгүй байдал үүссэн. Үүнийг шийдэх зорилгоор талуудад тодорхой хугацаа өгсөн боловч одоогийн байдлаар шийдвэрлэж чадаагүй. Я.С- тооцоо нийлсэн. Өөрөө энэ хуралд ирээгүй учраас хэрхэн тооцоо нийлсэн талаар мэдэхгүй байна. Тэрээр надад мөнгө авдаг өдрийн банкны бичлэгийг өөрийн биеэр үзмээр байна гэхэд бид үзсэн танд үзүүлэх шаардлагагүй гэж банкны зүгээс хэлсэн гэж байсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөнгийг шилжүүлсэн атал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож нэхэмжилсэн. Энэ зээл бодитоор олгогдоогүй, талууд “СХ” ХХК-ийн 2014 онд авсан зээлийг шинэ зээлээр хаах тохиролцоотой байсан. Гэтэл мөнгө шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөө өмнөх зээлийг хаагаагүй, 60 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хаасан байсан. Энэ хооронд 175 000 000 төгрөгийн зээлийн хүү явж л байсан. Нийт 67 хоногийн хүүд 235 000 000 төгрөгийн хүү 7 817 000 төгрөг, 175 300 000 төгрөгийн зээлийн хүү нь 5 612 000 төгрөг болсон байдаг Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 148 465 364 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Хариуцагч Я.Б-, Я.С- нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 81 191 955 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй хэмээн нэхэмжлэлд бичсэн байна. 175 300 000 төгрөгөөс 110 541 618.20 төгрөгийг төлсөн атал нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүтэй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б, Б.Б- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Бя болон Б.Б- бид гэр бүлийн бусад гишүүдийн хамт улсын бүртгэлийн Ү-2204051473 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Лхагвасүрэнгийн гудамж 53а байрны 66 тоотод байрлах 32,37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа амьдардаг бөгөөд “СХ” ХХК-ийн захирал Я.Б-ын хүсэлтээр 3 жилийн хугацаатай Улаанбаатар хотын банкинд зээлийн барьцаанд тавьсан. Я.Б- нь Г.Б- миний танил бөгөөд орон сууцыг 3 жилийн хугацаанд банкны барьцаанд тавиулбал ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр барьцаанаас чөлөөлж эргүүлэн өгнө, зээлээ хугацаанд нь төлчих учраас та бүхэнд эрсдэл үүсэхгүй гэж хэлж гуйсан болохоор бид зөвшөөрсөн. Харин “СХ” ХХК Улаанбаатар хотын банкнаас хэдэн төгрөгийн зээлийг хэзээ хүлээн авсан талаар бид огт мэдээгүй бөгөөд энэ талаар асуухад зээлээ төлж байгаа гэж Я.Б- хэлдэг байсан. “СХ” ХХК болон захирал Я.Б- түүний эхнэр Я.С- нар нь Г.Б- Б.Б- бид нарыг болон манай гэр бүлийн бусад гишүүдийг маш их хохироон, 2 өрөө орон сууцыг минь банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүйгээр нөхцөл байдлыг хүндрүүлж, сэтгэл санаа эд хөрөнгийн асар их дарамт, эрсдэл үүсгэн, хохироож байгаад гомдолтой байна. Мөн биднийг ямар учраас хариуцагчаар татаж, юу нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Г.Б-, Б.Б- бид нарыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Г-, А.О- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид анх эд хөрөнгөө 3 жилийн хугацаатай тавьсан, гэвч одоо хугацаа нь дуусчихсан учраас энэ хэрэгт хамааралгүй. Бид Улаанбаатар хотын банкнаас зээл аваагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “СХ” ХХК, Я.С- нараас үндсэн зээл 171 165 296.42 төгрөг, зээлийн хүү 65 774 730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488.98 төгрөг, нийт 238 424 516.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох “СХ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204077277 дугаартай ХД-73 байрны 161 тоот, Ү-2204077276 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б-, Б.Б- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 53А дугаар байр, 66 тоот Ү-2204051473 дугаартай орон сууц, Я.Г- А.О- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уул 15 гудамж, 35 тоот Ү-2201012403 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-2201016851 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 420 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- давж заалдах гомдолдоо:

... 175 300 000 төгрөгийн зээлийн төлбөрт хариуцагч Я.С- 13 790 000 төгрөг төлсөн атал уг мөнгийг Я.С- буцаан авсан хэмээн зээлийн төлбөрөөс хасаагүй болно. Нэхэмжлэгч тал Я.С- банкинд хүрэлцэн очиж 13 790 000 төгрөг авсан баримтаа хүлээн зөвшөөрсөн ч мөнгө аваагүй тухай өдрийн бичлэгийг үзнэ гэж маргасан хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх Я.С-г хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч нарын тайлбарын эх сурвалж нотлогдоогүй. Хэрэгт 13 790 000 төгрөгийг Я.С- гарын үсэг зурж авсан талаарх баримт байгаа ч уг баримттай Я.С- танилцаагүй учир нотлох баримттай холбоотой маргаан үүсэх боломж хаагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 13 790 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн үндсэн төлбөрөөс 81 191 955 төгрөг хүүгийн төлбөрт 65 364 506 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 903 төгрөг бүгд 148 364 364 төгрөгийн тооцоо байсан. Гэтэл банк уг тооцоон дээр үндэслэлгүйгээр 90 060 152 төгрөгийг нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 110 336 252 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “СХ” ХХК, Я.Г-, Я.С-, Я.Б-, Г.Б-, Б.Б-, А.О- нарт холбогдуулан 238 424 516.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснээс 148 465 364 төгрөгийн төлбөрийг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

“УББ” ХХК болон “Сутай хишиг” ХХК, Я.С- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ1101/160107 тоот “Зээлийн гэрээ”-гээр 175 300 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.55, жилийн 18.60 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр зохигчид харилцан тохиролцжээ. /хх7-8/

 

Монгол банкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив хөрөнгийг салбар тооцооны төвийн хамт Худалдаа хөгжлийн банкинд нэгтгэж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу “УББ” ХХК-ийн эрх залгамжлагчаар “ХХБ” ХХК-ийг тогтоосон байна.

 

Зээлдүүлэгч “УББ” ХХК нь зээлийн хөрөнгө болох зээлийн 175 300 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлснийг зээлдэгч хүлээн авч, зээлийг хуваарийн дагуу буцаан төлж байсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч буюу зээлдэгч “СХ” ХХК, хамтран зээлдэгч Я.С- нар нь зээлийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ зөрчсөнийг сануулж, зөрчлийг арилгах хугацаа тогтоож байснаа зээлдүүлэгч баримтаар нотолсон, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байна. Иймд гэрээг хугацаанаас өмнө цуцлан зээлийн үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн үлдэгдлийг 238 424 516, 28 төгрөг гэж тодорхойлсон зээлийн тооцооллын баримтыг шүүхэд гаргасныг /хх-12, 13/ хариуцагч зөвшөөрөхгүй төлбөрийн үлдэгдлийг 148 465 364 төгрөг гэж маргасан боловч нэхэмжлэгчийн тооцооллыг баримтаар няцаагаагүй, уг дүн нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үүссэн тухайн үеийн гэрээний зөрчлийн хэмжээ байх тул шүүх уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв.  

 

Хариуцагч “СХ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөнгийг шилжүүлсэн атал гэрээ байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хүү тооцож нэхэмжилсэн, мөн мөнгө шилжүүлсэн өдрөө өмнөх зээлийг хаагаагүй, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хаасан, энэ хугацаанд давхар хүү тооцож байсан” гэж маргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харин нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хүү тооцсон болон 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл давхар хүү тооцоогүй гэж тайлбарласан, уг тайлбараа нотолсон тооцооллыг шүүхэд гаргасан нь  хавтаст хэрэг 1-ийн 145-147 дугаар хуудсанд баримтаар  авагдсан байна.

 

Хариуцагч Я.С- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...30 000 000 төгрөгийг дансандаа байршуулсан атал зээлээс хасагдаагүй, 13 000 000 төгрөгийг би аваагүй” гэж мэтгэлцсэн байх боловч хэрэгт авагдсан дансны зарлагын баримтаар Я.С- нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 790 000 төгрөгийг бэлнээр авч, гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон тул зээлийн гэрээний үүргээс хасагдах боломжгүй гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй. /хх184/

 

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл шүүх үндсэн зээл 171 165 296.42 төгрөг, зээлийн хүү 65 774 730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488.98 төгрөг, нийт 238 424 516.28 төгрөгийг хариуцагч “СХ” ХХК, Я.С- нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээ байгуулсанд маргаагүй, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зөв буюу анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02571 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 723 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ