| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0587/Э |
| Дугаар | 545 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Шоорон овогт Ц.Чад холбогдох 1711000000242 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 30 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянмонгол хорооллын барилга дээр ажилладаг гэх, ам бүл 8, эгч, хүргэн ах, дүү, эгчийн 4 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар баг /Баян/-т оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Нарантуул-2 захын урд талын нийтийн байрны 10 тоотод амьдардаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шоорон овогт Ц.Ч (РД:0000000000),
нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-23-Б тоот хаяганд байрлах нийтийн байрны 10 тоотод хамтран амьдрагч Э.Гантуяатай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Ч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Оногдуулж буй эрүүгийн хариуцлагатай санал нэг байна гэв.
Хохирогч Э.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Чулуунбаттай хамт архи уусан 2 зүс таних залуу яваад өгсөн. Тэгсэн Чулуунбатын утсанд мессеж ирэхээр нь би унших гэхэд мессежээ устгачихаар нь би уурлахад Чулуунбат шууд хоолой боож орон дээр дарж унагаахад би өөдөөс нь биеэ хамгаалах гэж эсэргүүцэн хацар руу нь алгадаж түлхээд 1-2 удаа өшиглөсөн. Тэгсэн гараараа миний нүүр рүү цохисон. Ингээд би хувцсаа аваад явлаа гэхэд явуулахгүй гээд үснээс зулгааж чирсэн. Надаас уучлалт гуйсан байгаа. Одоо гомдол санал байхгүй” гэв.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.06-ны өдрийн ¹13801 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.Э.Гантуяагийн биед тархи доргилт, баруун зүүн дээд доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун 4 хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нийтийн байрны 10 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гар утсан дээрх мессэж үзүүлэхгүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч Э.Гантуяатай маргалдан, улмаар түүний нүүр рүү цохьж, үснээс нь зулгааж зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, баруун зүүн дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун 4 хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Гантуяагийн “...Чулуунбат шууд хоолой боож орон дээр дарж унагаахад би өөдөөс нь биеэ хамгаалах гэж эсэргүүцэн хацар руу нь алгадаж түлхээд 1-2 удаа өшиглөсөн. Тэгсэн гараараа миний нүүр рүү цохисон. Ингээд би хувцсаа аваад явлаа гэхэд явуулахгүй гээд үснээс зулгааж чирсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.06-ны өдрийн ¹13801 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Шоорон овогт Ц.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Ц.Чын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Шоорон овогт Ц.Чыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ