Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/611

 

 

 

 

 

 

  2023             06            08                                        2023/ДШМ/611

 

 

                                                              Л.Б-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.С,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/.....  дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Б-д холбогдох ........................ дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.................. овгийн Л-н Б , ........оны ........ дугаар сарын ..............-ны өдөр ..................... аймгийн ............ суманд төрсөн, ........... настай, ............тэй, ............. боловсролтой, .............. мэргэжилтэй, ........... хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..........., эхнэр, ........ хүүхдийн хамт ............... дүүргийн ............. дугаар хороо ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн .......... дүгээр хороо “..........” хотхоны ........ дугаар байрны ......... тоот хохирогч Э.Д-ын гэрт түүнийг эхнэр М.М-тай хардан “миний эхнэр М.М-тай унтсан байна чи, үнэнээ хэл” гэж маргалдан улмаар Э.Д-ын хэвлийн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн холбогдсон гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирогчид эмчилгээний зардал, бусад төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд саад учруулалгүй хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Би урьд өмнө нь ямар нэгэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй.  Э.Д найз минь нэлээн хүүхэмсэг хүн байгаа юм. Бид хоёрын хооронд ямар нэг муудалцах асуудал, ашиг сонирхлын зөрчил, ажил хэргийн зөрчил, өс хонзон байхгүй. Өдийг хүртэл нөхөрлөж ирсэн билээ. Одоо ч ямар нэгэн зөрчил байхгүй. Би найздаа хэзээ ч муу санаж байгаагүй. ... би өөрөө 103 дугаарт түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хамт очсон. Дараа нь эмнэлгээр хамт явж анхаарал тавьсан. Би өөрийн энэ гэмт үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. ... Иймд гэмт хэргийн байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж, надад тохирсон зүйл анги, зүйлчлэлээр зүйлчилж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүрдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно. Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.... шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх үед сэтгэл, санаа нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгчийн эхнэрийг хохирогч Э.Д хүчирхийлсэн эсэх асуудлыг шалгуулахад “тухайн асуудал тогтоодохгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо “..........” хотхоны ........ дугаар байрны ......... тоот хохирогч Э.Д-ын гэрт түүнийг эхнэр М.М-тай хардан “миний эхнэр М.М-тай унтсан байна чи, үнэнээ хэл” гэж маргалдан улмаар Э.Д-ын хэвлийн тус газар нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Д-ын “.... ...Энэ гэмтлийн улмаас надад 10.000.000 төгрөгийн зардал гарсан. Эм тариа, сувилал гэх мэт баримтууд нь байгаа. Л.Б надад “Тоёота приус 4 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгт бодож өгсөн. Өөр бусад 30.000.000 төгрөгийг өгсөн. Л.Б өөрөө сайн дураараа энэ бүхнийг өгсөн миний зүгээс ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй. ...” /хх 22-26, 32-33/,

гэрч Ш.О-ийн “...тухайн өдөр 19 цагийн орчим Л.Б ирж бид нарыг авахдаа Э.Дтай ирсэн. Тэгээд бид 4 хамт байж байгаад Э.Д “бүгдээрээ манайд очъё” гэсэн санал тавьж, тэр саналыг хүлээн авч Э.Дын гэрт 2.5 литрийн савтай 1 пиво хуваан уусан. Дараа нь Л.Б, Э.Д нар гарч дэлгүүрээс 1 литрийн виски авч ирсэн ба тэгээд бид идэж уугаад архийг дуусгасан. Тэгээд М.М унтсаны дараа би Э.Д, Л.Б нартай жаахан сууж байгаад ганцаараа 2 эрэгтэй хүнтэй үлдсэн. Мөн гэр ойрхон учир би тэндээсээ гараад алхаад гэртээ харьсан. ...намайг явах үеэр М.М, Э.Д-ын зочны өрөөний буйдан дээр унтаж, Л.Б, Э.Д нар сэрүүн үлдсэн. Хэр согтсон байсан талаар би харин мэдэхгүй байна. ...Л.Б бид 2 унтлагын өрөөний тагт дээр гарч тамхи татсан. Ойролцоогоор 10 орчим минут болсон. Тамхи татаад эргээд орох гэтэл тагтны хаалга түгжигдсэн байсан. Тэгээд цонх хаалга цохиж байгаад орсон. Орж ирэхэд М.М буйдан дээр унтаж байсан ба тасраад л унтсан байхаа. Ямар хувцастай байсан талаар санахгүй байна, ямар ч байсан нүцгэн шалдан байсан зүйл харагдаагүй. ...” /хх 42-43, 45/,

гэрч М.М “...виски ууж байгаад нэлээд согтоод тасраад Э.Д-ын зочны өрөөний шалан дээр Э.Д-ын зассан гудас дээр хувцастайгаа унтсан. Э.Д-ын гэр 2 өрөө орон сууц бөгөөд зочны өрөө гал тогооны өрөө нэг, унтлагын өрөө тусдаа ба унтлагын өрөө тагттай байсан. Зочны өрөө тагтгүй байсан ба унтлагын өрөөний тагт дээр гарч тамхи татацгааж байсан. Тэгээд би их согтож бараг тасраад зочны өрөөний шалан дээр гудас тавьж зассан орон дээр унтсан. Бид Э.Д-ын гэрийн зочны өрөөнд сууцгааж байсан. Тэгээд тасраад нэг мэдэхэд Л.Б намайг татаж сэрээгээд “юу болоод байгаа юм бэ” гэл үү нэг юм хэлж би тэгээд хартал миний палаж дээш сөхөгдсөн, дотуур хувцас цавь хүртлээ доошилсон байдалтай байхаар нь яагаад ингээд унтчих ваа гээд тоолгүй хувцсаа янзалсан болчихоод буцаад унтчихсан. Тэгээд байж байтал утас дуугарч цаг харахад 5 цаг орчим болж байсан. “Э.Д бид нар эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Тэгээд л Э.Д-ын гэрт нь цагдаагийн хүмүүс ирсэн бөгөөд би Э.Д-ын гэрт нь ганцаараа сэрсэн. ...” /хх 49/ гэх мэдүүлгүүд,

“...Э.Дын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал, баруун сарвуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь шинэ байна...“ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9591 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 53-54/,

“...Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойно болон өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Л.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...“ гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1111 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 62-63/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-14/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж Л.Б-ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Л.Б “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирогчид эмчилгээний зардал, бусад төлбөрийг нөхөн төлсөн. гэмт хэргийн байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж, тохирсон хэргийн зүйлчлэлээр зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч О.С “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Э.Д /хх 22-26, 32-33/, гэрч Ш.О /хх 42-43, 45/, гэрч М.М /хх 49/ нарын мэдүүлгээр 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Д-ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмжний хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун сарвуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь нотлогдож байна. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Л.Б-ийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан шинж тэмдэг илрээгүй болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын 1111 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээр тогтоогджээ.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлд нь тохирсон ялыг хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэн оногдуулдаг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.С-ын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ