| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0580/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Нямжав,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч, хохирогч О.Э,
Шүүгдэгч, хохирогч Б.Н нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон Боржигон овогт О.Э, Онход овогт Б.Н нарт холбогдох 1711000000235 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1960 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Трас мед” ХХК-нд аж ахуйн туслах ажилтан, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-596Б тоотод амьдардаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт О.Э (РД:000000000000),
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын 544Б тоотод амьдардаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онход овогт Б.Н (РД:М000000000000),
нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 544Б тоот хашаанд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Э, Б.Н нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эаас мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Оногдуулж буй эрүүгийн хариуцлагатай санал нэг байна” гэв.
О.Э хохирогчоор мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Наранбаатар, Батбилэг бид нар 3 шил 0,75 граммтай архи уусан. Нилээн согтсон. Батбилэг Наранбаатарыг бариа хийдэг гээд миний зүүн гарыг Батбилэг бариулаад байж байгаад унасан, нэг мэдсэн Наранбаатар бид хоёр зууралдаад зодолдож байсан. Наранбаатартай зодолдсоноос болж толгой хагарсан, гарын шуу зүсэгдсэн байсан. Наранбаатар гартаа 2 хутга барьсан байсан ба нэг хутганы ишээр нь миний толгой руу цохиод байсан нөгөө хутганы ишээр нь миний гарын шуу хэсэгт зүссэн юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Наас мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Оногдуулж буй эрүүгийн хариуцлагатай санал нэг байна” гэв.
Б.Н хохирогчоор мэдүүлэхдээ: “...Батбилэг бид 3 Энхбаярын гэрт архи уусан. Архи ууж байх үедээ Энхбаяр, Баагий хоёр шорон яриад, хоорондоо хэрэлдэж муудаад байсан. Энхбаяр ах хутга гаргаад ирэхээр нь би хутгыг булааж аваад Баагийг гаргаад явуултал араас дахин хутга бариад ирсэн. Хутгыг нь булааж автал миний нүд толгой руу цохиод байхаар нь зөрүүлээд 2-3 удаа цохьсон” гэв.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ны өдрийн ¹13688 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.О.Эын биед духны цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн бугуйн үений шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ны өдрийн ¹13713 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.Б.Нын биед баруун нүдний доод зовхи, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч О.Э нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 544Б тоот гэртээ Б.Н, Батбилэг нартай архи ууж согтуурсан үедээ Б.Нтай маргалдан, түүнтэй зодолдсоноос О.Эын биед духны цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн бугуйн үений шарх бүхий хөнгөн гэмтэл, Б.Нын биед баруун нүдний доод зовхи, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь
|
|
|
|
шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, О.Эын хохирогчоор мэдүүлсэн “...Наранбаатартай зодолдсоноос болж толгой хагарсан, гарын шуу зүсэгдсэн байсан. Наранбаатар гартаа 2 хутга барьсан байсан ба нэг хутганы ишээр нь миний толгой руу цохиод байсан нөгөө хутганы ишээр нь миний гарын шуу хэсэгт зүссэн” гэх мэдүүлэг, Б.Нын хохирогчоор мэдүүлсэн “...Энхбаяр ах хутга гаргаад ирэхээр нь би хутгыг булааж аваад Баагийг гаргаад явуултал араас дахин хутга бариад ирсэн. Хутгыг нь булааж автал миний нүд толгой руу цохиод байхаар нь зөрүүлээд 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13688 болон №13713 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт О Э, Онход овогт Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч О.Э, Б.Н нарын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Онход овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.Н тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.Н нарын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.Н нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ