Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/616

 

 

 

 

 

 

  2023             06              13                                     2023/ДШМ/616

 

 

        Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр эсэргүүцлээр Г.М-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ..... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......................... хажуу талын авто зогсоол орчим ........ улсын дугаар “Тоёота Гаяа” загварын тээврийн хэрэгсэлд явахдаа куртикнийхээ халаасанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 3.455 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 65 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүгдэгч Г.М-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 70 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын 65 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.М-д оногдуулсан нийт 1 жил 6 сар 65 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.М-д урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 3.455 грамм цэвэр жинтэй, гялгар уутны хамт 3.783 грамм жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Дээд шатны прокурор анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцахад Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3, 4 дэх заалтад заасан зарим хугацаанууд ойлгомжгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 65 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтэд тустай ажил хийлгэх ялаас хэдэн цагийг нь 1 хоногийн хорих ялд шилжүүлж буй аргачлалыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэснийг дурдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүгдэгч Г.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 70 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил, 6 сар, 65 хоногийн хугацаагаар тогтоож” гэсэн байна. Өөрөөр хэлбэл 3 дахь заалтад дурдсан 65 хоногийн хугацааг 70 хоног гэж зөрүүтэй бичжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоол нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд дээд шатны прокуророос Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3, 4 дэх заалтуудад зохих өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байгаа тул уг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Өөр тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ....... дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. хажуу талын авто зогсоол орчим ............. улсын дугаартай “Тоёота Гаяа” загварын тээврийн хэрэгсэлд явахдаа куртикнийхээ халаасанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 3.455 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Г.Л-ын “...М машинд орж ирж суухдаа куртикээ машины арын суудалд тавьж байсан. Цагдаа нар үзлэг хийх үед М-ын куртикнээс мөс гэх зүйл гарч ирсэн. ...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр М манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд надад ийм зүйл оллоо гээд ууттай цагаан юм үзүүлсэн. Тэр зүйлийг нь сонирхоод М-аас нууцаар жоохон хэсгийг тасалж аваад мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад утааг нь 2-3 удаа сорж үзсэн. Тэгтэл ямар ч нөлөө үзүүлээгүй. Үлдсэн цагаан ууттай зүйлийг буцаагаад М өмсөж явсан куртикний халаас руу хийсэн. Ингээд гэрээс гараад аавын машиныг М унаад би хажууд нь суугаад Төв цэнгэлдэхийн хойно зам дээр явж байгаад цагдаад баригдсан. ...” /хх 50-51, 53/,

яллагдагч Г.М-ын “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. ...” /хх 129/ гэсэн мэдүүлгүүд,

“...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан 3.455 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин илрэв. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4079 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 99-101/,

“...Г.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 881 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 105-106/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-20/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-33/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.М-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.М-ын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 3.455 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заажээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тохирсон байна.

Шүүх, шүүгдэгч Г.М-ыг өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийгэх ялыг биелүүлээгүй тул уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 65 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж эдлүүлэхээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн боловч тогтоох хэсэгт “70 хоног” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг магадлалаар зөвтгөж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.М нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаас 176 хоногийг эдэлж, 7 хоногийн үлдэгдэлтэй байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /1хх 137/-ээр тогтоогдож байхад шүүх ялыг хэрхэх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 хоногийн ялыг тусад нь эдлүүлж, хорих ялыг эдэлж дууссаны дараа биелүүлэхийг дурдсан нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ийнхүү тусад нь ялуудыг эдлүүлэх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болохгүйн гадна Эрүүгийн хуулийн зорилтыг зөрчихгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт, нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хэрхэх талаарх хууль зүйн дүгнэлтийн саналаа гаргаж оролцож байх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М-ын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 65 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

            5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан нийт 1 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй. 

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 хоногийн ялыг тусад нь эдлүүлж, хорих ялыг эдэлж дууссаны дараа биелүүлэхийг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ