Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, А*******о 10 дугаар гудамж, 12 тоотод оршин суух, А*******ын О*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 1*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч А.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч А.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Булган аймгийн Ө*******т 1989 оны 07 дугаар сараас 1992 оны 05 дугаар сар хүртэл рентген техникчээр ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч А.О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-А.О*******ын нэрээр 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-7-р хуудас/

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Т.Д*******н, Н.Э******* нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч А.О*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч А.О******* нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган аймгийн сумын хорооны Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 07 дугаар сараас 1992 оны 05 дугаар сар хүртэл рентген техникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.А.О******* нь Булган аймгийн сумын хорооны Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл рентген техникчээр ажиллаж байсан болох нь:

-А.О*******ын нэрээр 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нээсэн 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хорооны Нэгдсэн эмнэлэгт рентген техникчээр авч ажиллуулав, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөр газар шилжих болсон тул ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай рентген техникч А.О*******ыг д 07 дугаар сарын 15-наас эхлэн томилон ажиллуулсугай гэх бичиглэлтэй ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-гэрч: Н.Э*******гийн А.О******* нь Булган аймгийн сумын тосгоны нэгдсэн эмнэлэгт 1989 онд буюу анх байгуулах үед нь рентген техникчээр ажилд орсон. Намайг 1991 онд өөр байгууллага руу шилжин явахад А.О******* нь уг байгууллагад ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг,

-гэрч Т.Д*******нгийн: А.О******* нь Булган аймгийн сумын тосгоны нэгдсэн эмнэлэгт 1989 онд буюу анх байгуулах үед нь рентген техникчээр ажилд орсон. 1992 онд Булган аймаг руу шилжин явсан. Тухайн үед анх байгуулагдахдаа 100 ортой, 100 гаруй эмч, ажилчидтай сум дундын нэгдсэн эмнэлгийн статустай байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч А.О*******ыг Булган аймгийн сумын хорооны Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл рентген техникчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булиа овогт А*******ын О*******ыг Булган аймгийн сумын хорооны Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл рентген техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ