Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 550

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Иргэдийн төлөөлөгч М.Гэрэлсайхан,

            Шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хулангуа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Батхаан овогт С.Лд холбогдох 1711007020110 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамж, 26 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Ардын армийн тусгай шүүхийн 1978 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлийн А, 200 дугаар зүйлийн А, 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1979 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Батхаан овогт С.Л (РД:0000000000),

нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 97а тоотын задгайд иргэн О.Гантулгын цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “…Би 19-ний өглөө охиных руугаа явах гээд гартал Баасансүрэн, талийгаач Гантулга хоёр надтай тааралдаад 7 буудал яваад ээж дээрээс нь мөнгө аваад нэг шил архи уусан. Тэгсэн Гантулга нэг утас заръя гэхээр нь би эхнэртээ хэлээд ажил дээр нь очтол харуулын хүн нь утас авъя гэсэн. Тэгсэн чинь мөнгө нь хүрэхгүй байна гээд үлдсэн. Тэгээд би харилаа гээд явсан. Гэтэл орой байж байтал нөгөө 2 утсаа зарсан гээд 2 шил архи аваад ирсэн. Тэгээд гурвуулаа уугаад дуусаад одоо манай эхнэр ирлээ, та яв архиа болъё гэтэл Гантулга би хоол идчихээд явъя, манайд хоол байхгүй гэхээр нь тэг гээд би хоол хийх гэтэл мах хөлдүү байсан. Тэгээд Гантулга хоол болтол дахиад нэг шил архи ууя гэсэн. Би махаа цавчаад сууж байсан. Гэтэл Гантулга гэнэт уурлаад намайг 3 удаа толгой руу цохиод байсан, тэгээд би болиоч гээд түлхсэн чинь хутга нь орчихсон юм шиг байна лээ, тэгээд Гантулга гараад явсан, эхнэр орой 10 цаг гээд ирсэн. Би өглөө босоод гартал 00-ын тэнд Гантулга хэвтэж байсан, тэгэхээр нь эхнэртээ хэлээд хажуу талын Хуягаа, Бямбаа нарыг дуудаад, гэтэл Хуягаа энэ хүн чинь үхчихсэн байна ш дээ гээд тэгээд цагдаа дуудсан. Миний л буруу. Их харамсаж байна” гэв.

            С.Л мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “…Тухайн үед би гэрийн гол хэсэгт зүүн талд сууж мах цавчиж байхад миний толгой руу Гантулга 2-3 удаа цохьсон. Гантулга болохоор гэрийн хоймор хэсэгт сууж байсан. Тэгээд над руу агсараад байхаар нь би яаж байгаа юм бэ гээд мах цавчиж байсан хутгаараа цээж хэсэг рүү нь нэг удаа хатгасан чинь Гантулга надад юм ярилгүй гэрээс гараад явчихсан. Би хоолоо хийхээ болиод хутгаа буцаагаад шургуулгандаа хийчихсэн. Орой эхнэр ажлаас ирэхэд би гэрээс гарах гэж хүлээж байсан юм, тэгтэл эхнэр маань нилээн орой ирэхээр нь гэрээс гарахаа болиод унтаж амарсан. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 7 цагийн орчим босоод угаадсаа асгах гээд гэрээсээ гарсан чинь Гантулга манай гэрээс урд талд холгүй, доошоо хараад хэвтэж байсан. Би тэгэхээр нь Гантулгыг очоод үзсэн чинь хөдлөхгүй байсан. Би гайхаад урд талын хашаанд амьдардаг Бямбааг дуудаад Гантулга манай хашаанд доошоо хараад хөдлөхгүй байна, чи очоод үздээ гэж хэлсэн. Бямбаа манайд ирээд Гантулгыг үзээд нас барсан байна та цагдаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ хэлээд цагдаа дуудаарай гээд эхнэр цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. ...Тухайн үед сэтгэцийн өвчтэй Сүрэнсайхан, Л.Гантулга бид гурав л байсан. Тухайн үед Гантулгаас цус гарсан эсэхийг анзаарч хараагүй бор иштэй хутгаа шургуулганд хийсэн. Өглөө нь цагдаа нар ирээд цустай хутга байна гэдгийг хэлсэн. ...Манай гэрээс Гантулга гарснаас хойш манай эхнэр л ирсэн.” гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хулангуа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Би талийгаачийн охин нь, аав маань 1964 онд төрсөн, 53 настай, 3 хүүхэдтэй, би дундах охин нь юм. Миний эмээ хараа нь муу учир аав маань цуг байдаг байсан, гэртээ хааяа ирдэг, эхнэртэйгээ бага хүүтэйгээ гурвуулаа амьдардаг байсан, манай эмээгийнх Лхагвасүрэн ахынхтай ойрхон байдаг, миний аав хувиараа сийлбэр хийдэг хүн байсан, миний аав Лхагвасүрэн ахыг байнга ярьдаг их сайн, нутгийн ах маань юм байгаа, хааяа манай гэрт цуг ирдэг байсан, би ерөнхийдөө энэ хүнийг мэднэ, энэ хүн ач зээгээ гэртээ хараад байж байх байтал ингээд ийм зүйл хийчихдэг муухай байна, оршуулгын зардалд 6.657.000  төгрөг авсан. Одоо сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэв.

            Гэрч нараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

            1.М.Ганхуягаас: “…Би Лхагваа ахтай хамт 2015 онд байшингийн хаалга, цонх хийж байгаад танилцсан. Харин Гантулгатай 2015 онд Лхагваагийнд юм хийж байгаад танилцаж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагийн үед хүүхдээ сэрээгээд сургууль руу нь явуулчихаад гэртээ байж байтал Лхагваа ах Бямбаа хоёр намайг дуудсан. Тэгээд гараад очтол Лхагваа ах надад чи Гантулгыг үздээ амьсгалж байна уу гэхээр нь би чадахгүй гэсэн. Тэгээд би Лхагваа ахын гэрт орсон чинь нэг эмэгтэй би цагдаа дуудлаа гэсэн” гэжээ.

            2.Х.Бямбажаваас: “…2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн үед босоод ажилдаа явах гээд цай чанаж байтал гаднаас Лхагваа манай гэрт орж ирээд Гантулга хашаан дотор унасан байна. Би айгаад цагдаа дуудсан байгаа битгий ойрт гэхээр нь би ойртоогүй” гэжээ. 

            3.Г.Хорлоогоос: “…Лхагвасүрэн өглөө орж ирээд манай хүү Бямбажавыг дагуулаад гарсан. ...Бямбажавыг хурдан манай хашаа руу очъё манайх руу оръё гэсэн. Тэгж Бямбажавыг яаруулж байхдаа Лхагваа “хамар амнаас нь цус гарч байна, мөн бие нь их хүйтэн хөдлөхгүй байна гэж байсан” гэжээ.

            4.Ц.Сүрэн: “…Би орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай нөхөр Лхагвасүрэн халамцуу тамхи татаад хажуудаа хоосон архины шил тавьсан хоймрын орон дээр сууж байсан. ...Тэгээд Ганаа надад архи өгөөд бас 5000 төгрөг өглөө гэж ярьсан. ...Тэгээд орой 23 цагийн үед унтаж амраад өглөөний 7 цаг 20 минутаас 7 цаг 30 минутын хооронд манай өвгөн Лхагвасүрэн гарч жорлон ороход жорлонгийн хажууд талийгаач хэвтэж байна гээд орж ирсэн. Улмаар би түүнийг босгохгүй яасан юм гээд хэлэхэд Лхагвасүрэн би мөр рүү нь түлхсэн чинь босохгүй байсан гэсэн. Тэгээд би нийлж архи уудаг Бямбаа, Хуягаа нарыг дуудаж үзүүлэхэд өнгөрсөн байна гээд бид нар дуудлага өгсөн” гэжээ.

            Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.10-ны өдрийн ¹1877 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.5.Талийгаачийн цогцост цээжний зүүн талд зүүн талын 6 дугаар хавирга, зүүн 5. 6 дугаар хавирга хоорондын булчин, үнхэлцэг хальс, зүрхний орой, зүүн 8, 9 дүгээр хавирга хоорондын булчинг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх цээжний зүүн талд зүүн талын 6 дугаар хавирга, зүүн 5, 6 дугаар хавирга хоорондын булчин, үнхэлцэг хальс, зүрхний орой, зүүн 8, 9 дүгээр хавирга хоорондын булчинг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь бүгд нас барахаас өмнө үүссэн ба гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

            4.Талийгаач нь гэмтэл аваад тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба гэмтэл авснаас хойш нас барах хүртэлх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

            6.Талийгаачийн цусанд 3.3 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

            7.8. Талийгаач В(III) бүлгийн цустай байжээ.

            9.Талийгаач нь цээжний зүүн талд зүүн талын 6 дугаар хавирга, зүүн 5, 6 дугаар хавирга хоорондын булчин, үнхэлцэг хальс, зүрхний орой, зүүн 8, 9 дүгээр хавирга хоорондын булчинг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас баржээ гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.10.10-ны өдрийн ¹891 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.С.Л нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

            2.3.С.Л нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

            4.С.Л нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. 

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч С.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 97а тоот задгайд орших өөрийн гэртээ О.Гантулгатай хамт архи ууж, согтуурсан үедээ хохирогчийг өөрийнх нь толгой руу цохилоо гэх шалтгаанаар түүний цээжин тус газарт хутгалснаас хохирогч О.Гантулга нь цээжний зүүн талд зүүн талын 6 дугаар хавирга, зүүн 5, 6 дугаар хавирга хоорондын булчин, үнхэлцэг хальс, зүрхний орой, зүүн 8, 9 дүгээр хавирга хоорондын булчинг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас барсан болох нь

            шүүгдэгчийн “…Тухайн үед би гэрийн гол хэсэгт зүүн талд сууж мах цавчиж байхад миний толгой руу Гантулга 2-3 удаа цохьсон. Тэгээд над руу агсараад байхаар нь би яаж байгаа юм бэ гээд мах цавчиж байсан хутгаараа цээж хэсэг рүү нь нэг удаа хатгасан чинь Гантулга надад юм ярилгүй гэрээс гараад явчихсан. Би хоолоо хийхээ болиод хутгаа буцаагаад шургуулгандаа хийчихсэн. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 7 цагийн орчим босоод угаадсаа асгах гээд гэрээсээ гарсан чинь Гантулга манай гэрээс урд талд холгүй, доошоо хараад хэвтэж байсан. Би тэгэхээр нь Гантулгыг очоод үзсэн чинь хөдлөхгүй байсан. Тухайн үед Гантулгаас цус гарсан эсэхийг анзаарч хараагүй бор иштэй хутгаа шургуулганд хийсэн. Өглөө нь цагдаа нар ирээд цустай хутга байна гэдгийг хэлсэн. ...Манай гэрээс Гантулга гарснаас хойш манай эхнэр л ирсэн” гэх мэдүүлэг,

            гэрч Ц.Сүрэнгийн “…манай өвгөн Лхагвасүрэн гарч жорлон ороход жорлонгийн хажууд талийгаач хэвтэж байна гээд орж ирсэн. Улмаар би түүнийг босгохгүй яасан юм гээд хэлэхэд Лхагвасүрэн би мөр рүү нь түлхсэн чинь босохгүй байсан гэсэн. Тэгээд би нийлж архи уудаг Бямбаа, Хуягаа нарыг дуудаж үзүүлэхэд өнгөрсөн байна гээд бид нар дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,         

            гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-43/, амь хохирогчийн нас барсан байдалтай байсан газрын схем зураг /хх-43/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-48-49/, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.10-ны 1877 тоот шинжээчийн дүгнэлт /хх-80-81/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.10.10-ны 891 тоот шинжээчийн дүгнэлт, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн хутга, “Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. АВО системээр В(III) бүлгийн хүний харъяалалтай хүний цус байна” гэх 2017.09.29-ний өдрийн №9019 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Батхаан овогт С.Лг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ. Мөн шүүгдэгч С.Лгийн хувийн байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хулангуад оршуулгын зардалд гарсан нийт 6.657.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс хүлээлгэн өгснийг дурдах нь зүйтэй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа боловч уг хохирлыг хэрхэн яаж тооцох талаар Иргэний хуульд ямар нэг байдлаар зохицуулж, заагаагүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч С.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Батхаан овогт С.Лг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лгийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хэрэгт хураагдан ирсэн нийт урт 27.5 см, ажлын хэсгийн урт нь 17.5 см, бариулын хэсгийн өргөн 2.4 см, бариулын хэсгийн урт 11.5 см урттай хүрэн өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БУЯННЭМЭХ

ШҮҮГЧИД                                                           С.БАТГЭРЭЛ

                                                                               Б.ХАЛИУН