Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/637

 

 

 

 

 

 

  2023             06            22                                        2023/ДШМ/637

 

 

                                                           М.Д, Ц.Ч нарт холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................ дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 40 минутын орчим .......... дүүргийн ..... дугаар хороо, ..... дугаар байрны гадна хамт архи ууж байсан Б.Г нь түүнд өөрийн Хаан банкны виза картаа өгч, картны нууц кодоо хэлж “архи аваад ир” гэж дэлгүүр явуулахад нь Б.Г-ын картаас 200.000 төгрөгийг авсан, мөн дахин цаасан аяга авна гэж картыг авч явж 4.000.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим ......... дүүргийн ..... дугаар хороо ....... дугаар байрны гадна хамт архи ууж байсан Б.Г-ын куртикний халаасанд байсан Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүний картаас 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 5.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 150.000 төгрөгийг тус тус авсан, мөн дахин картыг ашиглан 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр 1.000.000 төгрөг, 5.000 төгрөгийг тус тус авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 6.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Ч-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар М.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-оос 6.255.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-т олгож, шүүгдэгч Ц.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Б.Г-т 6.255.000 төгрөгийг төлж, хохиролгүй болгож шүүх хуралдаанд оролцох тул хэргийг минь дахин хэлэлцэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-ийн өмгөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. 14-16 насны 2 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлуудыг харгалзан үзэж, хорих ялыг нь 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Ч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа хохирлыг төлж барагдуулсан. Иймд өмгөөлөгч Ж.Э-ийн гаргасан санал дээр тусгайлан гаргах саналгүй. Зорчих эрх хязгаарлах ялыг оршин суух дүүргийнх нь нутаг дэвсгэрээр бүсчлэн тогтоох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 40 минутын орчим ........ дүүргийн ....... дугаар хороо, ....... дугаар байрны гадна хамт архи ууж байсан Б.Г нь түүнд өөрийн Хаан банкны виза картаа өгч, картны нууц кодоо хэлж “архи аваад ир” гэж дэлгүүр явуулахад нь Б.Г-ын картаас 200.000 төгрөгийг авсан, мөн дахин цаасан аяга авна гэж картыг авч явж 4.000.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим ........... дүүргийн ........ дугаар хороо ....... дугаар байрны гадна хамт архи ууж байсан Б.Г-ын куртикний халаасанд байсан Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүний картаас 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 5.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 150.000 төгрөгийг тус тус авсан, мөн дахин картыг ашиглан 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр 1.000.000 төгрөг, 5.000 төгрөгийг тус тус авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 6.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Г-ын “...хот тохижилтын хоёр хүн цас цэвэрлэж байхаар нь нэг хүн рүү нь би “сайн уу, ахын дүү ажил ихтэй хэцүү байна уу” гэх маягаар ойр зуурын яриа өрнүүлж байгаад “та хоёрыг хоолонд оруулж өгье” гээд тухайн үед яг ямар хоолны газар орсноо санахгүй байна. Ингээд нэг газар орж тухайн хот тохижилтын 2 хүнийг хоолонд оруулан архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба хамгийн сүүлд хоол захиалж байгаад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул би тасраад маргааш нь эрүүлжүүлэхэд сэрсэн. ...”/хх 7-8/,

яллагдагч М.Д-ийн “...Тухайн хүн шөлөндөө цайны газарт байхад гар утсаараа данс руугаа ороод “надад 10.000.000 төгрөг байна.” гэж бид хоёрт харуулсан. Би тэр хүний картаас нийт 4.200.000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө цагаан сарын бэлэг, архи, ууц, бусад мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...” /хх 44-45/,

яллагдагч Ц.Ч-ийн “...Б.Г-ын куртикны халаасанд байсан Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүний картнаас 3 удаагийн үйлдлээр 5.000.000, 500.000, 150.000 төгрөгийг авсан. Мөн дахин картыг нь ашиглан 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр 1.000.000, 5.000 төгрөгийг авсан. Нийт 6.655.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. ...” /хх 34-36/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Б.Г-ын эзэмшлийн Хаан банкны .......... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65-66/, Хаан банкны дансны хуулга /хх 67/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ц.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч М.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн  нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ч “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхийн давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцэхээр байна.

Ц.Ч нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6.255.000 төгрөгийг /хх 146/ нөхөн төлсөн, хохирогч Б.Г-ын гомдол, саналгүй гэсэн хүсэлт /хх 145/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн Хаан банкны карт, нууц үгийг бусдад хэлж, өөрийн дансанд байгаа мөнгийг харуулснаараа хохирогч болох шалтгаан нөхцөл болсон болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Ц.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5  дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5  дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ч-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, түүнийг нэн даруй сулласугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар тогтоосугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Ч-т мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Б.Г-т гэмт хэргийн улмаас  учруулсан хохирол 6.255.000 /зургаан сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

                        

                         ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ