| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0579/Э |
| Дугаар | 551 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Нямжав,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч БН, Ч.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхнуур овогт Б.Н, Хардэлт овогт Чд нарт холбогдох 1711004270135 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөхнуур овогт Б.Н (РД:0000000000),
2.Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 10 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Хардэлт овогт Чд (РД:0000000000),
нар нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г537 тоотод орших иргэн Ж.Ганзоригийн гэрийн хаалгыг эвдэн орж 42 инчийн Самсуннг загварын зурагт хулгайлан, 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:
1.БНгаас: “…Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид хоёрын ялыг хорих ялаас өөр ялаар хөнгөвчилж өгнө үү” гэв.
БН мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би одоо он сарыг нь тодорхой санахгүй эайна. 2017 оны 8 дугаар сарын дундуур байх Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхэд байх эгч Чимэдлхамын гэрт байхад найз Даваадорж Зүүн хараагаас гарах гэж байна. Орой 17 цагийн орчим хотод бууна, намайг төмөр замд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд найз Даваадорж 17 цаг өнгөрч байхад вагоноос буугаад бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Хараа аваад гудамжинд хувааж уусан. Архиа ууж дуусаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зурагтад найз Өлзийбаттай уулзах гээд явсан боловч утас нь холбогдох боломжгүй байсан учраас уулзаж чадаагүй. Тэгээд Зурагтад гудамжаар дээшээ өгсөөд явж байсан чинь зам дагуу нэг айл эзэнгүй байсан чинь найз Даваадорж орох уу гэж хэлсэн. Тэгээд хашаанд ороод цоожийг нь эвдээд гэрт ороод хавтгай дэлгэцтэй зурагтыг нь аваад зам дээрээс такси барьсан чинь жолооч нь энгийн хувцастай цагдаа байсан бөгөөд бид хоёрыг шууд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр авчирсан. Ингээд цагдаа дээр ирээд хулгайлсан зурагтаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед хулгай хийе гэж ярилцсан зүйл байхгүй. Эзэнгүй айл байхаар нь орж хулгай хийе гээд ярилцаад хулгай хийсэн. Надад өөр ямар нэгэн үйлдсэн хэрэг байхгүй” гэжээ.
2.Ч.Доос: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 8 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүн хараагаас Улаанбаатар хотод орой 17 цагийн үед ирээд найз Намсрайтай уулзсан. Намсрай бид хоёр ойрд уулзаагүй учраас дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад сааданд хувааж уусан. Ингээд бид хоёр нэмж архи уух гэсэн чинь мөнгө байхгүй учраас би хулгай хийх үү гээд хоорондоо ярилцсан. Тэгээд Төмөр замаас Зурагт руу алхаад явсан. Зурагтад очоод эзэнгүй айл хайж явж байгаад хашаан дотроо хоёр гэртэй хашаа руу ороод, хойд талын айлын хаалгыг нь чулуугаар цохиж эвдээд дотогшоо ороод хар өнгөтэй Самсунг гэсэн бичигтэй зурагтыг нь аваад гарсан. Ингээд зам руу алхаад зам дээрээс такси барьсан чинь машин зогсоод, нөгөө машины жолооч бид хоёрыг шууд цагдаа дээр аваад ирсэн. Тухайн үед бид хоёрын хулгайлсан зурагтыг хурааж авсан. Намсрай бид хоёрын хувьд тухайн өдөр нэг шил архи хувааж уусан биеэ авч явах чадвартай байсан. Хулгай хийж мөнгө олъё гэдэг санааг би анх гаргасан. Тухайн өдөр мөнгө олж хөдөө явах гэж байсан юм. Би санааг нь гаргаад хоорондоо ярилцаж байгаад хулгай хийсэн. Надад өөр нэгэн үйлдсэн хулгайн хэрэг байхгүй” гэжээ.
Хохирогч Ж.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-537 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчим ажилдаа явсан. Намайг явахад эхнэр хоёр хүүхдийн хамт унтаад үлдсэн. Ингээд ажлаа хийгээд байж байхад орой 21 цаг өнгөрч байхад эхнэр над руу өөрийн утаснаас залгаад гэрийн хаалга хөшөөд хулгай орсон байна гэхээр нь ажлаасаа гэртээ ирэхэд манай эхнэр хүүхдүүд гэртээ ороогүй гэрийнхаа гадаа зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа гэртээ орж үзэхэд гэрийн хойморт байсан хавтгай дэлгэцтэй 42 инчийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан. Мөн тухайн зурагтыг орны бүтээлгийн хамт аваад явсан байсан. Гэрээс дээрх эд зүйлсээс гадна өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй..., гэрээс алдагдсан орны бүтээлгээ үнэлэх шаардлага байхгүй. Учир нь хэрэглэж байсан хуучин орны бүтээлэг байсан” гэжээ.
Гэрч Э.Хувьзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасагт саатуулах байрны цагдаа жолоочоор 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад шөнө 23 цагийн үед байх нэрийг нь мэдэхгүй таксины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хар өнгийн хавтгай зурагт авч явсан сэжигтэй хоёр хүнийг шалгаад өгөөч гээд надад хүлээлгэж өгөөд явсан. Тухайн хоёр иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд авч явж байгаа зурагтыг хаанаас авсан юм бэ гээд асуухад эхлээд найзынхаа гэрээс авсан гэж хэлсэн. Тэгвэл найзыг чинь дуудаж зурагтыг нь хүлээлгэж өгнө гэхэд үнэнээ хэлж айлд ороод хулгайлж авсан талаараа хэлсэн. Тэгээд цаг орчмын дараа байх манай жижүүрийн албанд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-537 тоотод хулгай орсон байна гэсэн дуудлага ирсний дагуу жижүүрт гарч байсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхэд тухайн айлаас алдагдсан зурагт нь сэжигтэй хоёр этгээдийн авч явсан зурагт мөн байсан. Ингээд тухайн хоёр иргэний саатуулах байранд хүргэж эрүүлжүүлсэн байгаа” гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч БН, Ч.Д нар нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г537 тоотод оршин суух иргэн Ж.Ганзоригийн гэрийн хаалгыг эвдэн орж 42 инчийн Самсунг загварын зурагт радио хулгайлан авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Ганзоригийн “…гэрийн хойморт байсан хавтгай дэлгэцтэй 42 инчийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Хувьзаяагийн “…2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад шөнө 23 цагийн үед таксины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хар өнгийн хавтгай зурагт авч явсан сэжигтэй хоёр хүнийг шалгаад өгөөч гээд надад хүлээлгэж өгөөд явсан. …Манай жижүүрийн албанд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-537 тоотод хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. …алдагдсан зурагт нь сэжигтэй хоёр этгээдийн авч явсан зурагт мөн байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Хөхнуур овогт Б.Н, Хардэлт овогт Чд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч БН, Ч.Д нар нь гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Шүүгдэгч БН, Ч.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч БН, Ч.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох зурагт радиог буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдсон 14 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хөхнуур овогт Б.Н, Хардэлт овогт Чд нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч БНг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Ч.Дийн 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч БНд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Дид оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч БН, Ч.Д тус бүрийн цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч БН, Ч.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ