Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/638

 

 

 

 

 

 

  2023             06             22                                      2023/ДШМ/638

 

 

         У.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч У.М-ын өмгөөлөгч Д.Ч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлээр У.М-т холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчим …….. дүүргийн ……. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” зочид буудлын ……. тоот өрөөнд хүн асууж орохдоо цэнэглэхээр залгасан байсан С.С-ийн Самсунг-51 маркийн, Н.Ж-ын Самсунг-М12 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 670.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлан авах зорилгоор ......... дүүргийн ... дугаар хороо, ..... дүгээр байрны харалдаа байрлуулсан байсан 5 хүний тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн буюу хохирогч А.Ө-ий ........... улсын дугаартай, “Тоёота приус ХW30” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтэрсэн, хохирогч Ж.Б-ийн .............. улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтэрсэн, хохирогч Б.Т-ын ................. улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг тапын жижиг гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтэрсэн, хохирогч Э.О-ын .................... улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, хайрцагтай бялуу болон бэлэн 10.000 төгрөгийг хулгайлан авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Э.Э-ын ............................ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтэрсэн, мөн хохирогч Э.Э-ын тээврийн хэрэгсэлд байсан цахилгаан шатны автомат удирдлагын хавтанг санаатайгаар голоор нь хугалж устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч У.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийн 90 хоногийг 3 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 8 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан цагаас хасаж эдлэх хугацааг 336 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-аас нийт 1.380.000 төгрөг гаргуулан хохирогч Э.О-т 100.000 төгрөг, хохирогч А.Ө-д 65.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 65.000 төгрөг, хохирогч Б.Т-т 65.000 төгрөг, хохирогч Э.Э-д 1.085.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, мөн зүйлийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 .... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, бусдын халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан агуулах” гэж ойлгоно. Мөн “агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдсэн байхыг ойлгодог. Тухайн хэргийн хувьд, шүүгдэгч У.М нь анхнаасаа шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт санаа бодол агуулж, хохирогч нарын тээврийн хэрэгсэл цоожтой байхад нь салхины шилийг цохиж хагалан, нэвтэрч орсон. Шүүгдэгч У.М-ын тээврийн хэрэгсэлд үнэ хүрчихээр, өөрт нь ашиг хонжоо болохоор эд зүйлийг эрж, хайж хууль бусаар нэвтэрсэн. Гэвч нэр бүхий 4 хохирогчийн тээврийн хэрэгсэлд хулгайлах зүйл үлдээгээгүйн улмаас хохирогч нарт гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй, харин шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын тээврийн хэрэгслийн салхины шил хагарч, хор уршиг учирсан байна. Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг зүйлчлэлээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх шинжид заасан хулгайлах үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, хулгайн үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол учирсан, хохирол учраагүй байсан ч хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ. Төгссөн гэмт хэрэг гэж гэм буруутай этгээдийн гэмт санаагаа хэрэгжүүлэх зорилгоор хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив /объект, халдлагын зүйл, объектив тал/ болон субьектив /гэм буруу, сэдэлт, зорилго/ шинж бүрэн агуулагдаж байхыг хэлнэ. Гэмт хэрэг үйлдэхээр завдах үйлдэл нь гадны нөлөөллөөр таслан зогсоогдсон байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагддаг бол энэ хэрэгт шүүгдэгч үйлдлийг хийж төгссөн буюу ямар нэгэн гадны нөлөөлөлгүй болно. Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “улсын яллагчаас хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан ...агуулах”-д нэвтэрсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэм буруугийн зүйлчлэл дээр маргаж, шүүгдэгчийн үйлдлийг хулгайн завдалт” гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг хамааруулан, гэмт хэрэгт тооцохгүй хэмээн тайлбарлаж, прокуророос шүүгдэгч У.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв” хэмээн дүгнэсэн нь логик алдаатай, агуулгын хувьд зөрчилдөөнтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн зарим гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг хамааруулан, гэмт хэрэгт тооцохгүй хэмээн тайлбарласан атлаа тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл гэмт хэрэгт тооцсон аль нь болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн шүүгдэгч У.М-т холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байтал шүүхээс 499 дугаар шийтгэх тогтоолыг 2022 оны гэж алдаатай гаргажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч У.М-ын өмгөөлөгч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед 5 машин байсан. 4 машинаас нь нэг ч эд зүйл аваагүй байдаг. Зөвхөн цонхыг нь хагалсан. Нэг машинаас нь хохирогчийн мэдүүлснээр 10.000 төгрөг, нэг торт авсан байдаг. Иймд анхан шатны шүүх гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзээд гэмт хэрэгт тооцоогүй. Ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн гэхээр зочид буудлаас утас хулгайлсан үйлдлийг шийдвэрлэсэн. Хулгайлах гэмт хэрэг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол шаарддаг тул прокуророос завдалтаар зүйлчлэх байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн болохоос биш, завдалт гэж дүгнээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Харин цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон байдаг. 1 дүгээр хавтас хэргийн 110 дугаар талд байх хоригдсон хугацааг шүүх тооцоогүй. Тэгэхээр 98 хоног цагдан хоригдоогүй. 100 хоног цагдан хоригдсон гэж зөвтгөж өгнө үү. ...” гэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокурорын газраас шүүгдэгч У.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хавтас хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн үзэхэд:

          хохирогч Э.Э-ын “...би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ очиход миний машины жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин шилэн цонхыг хагалсан байсан. Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй. Харин машины урд талын салон дээр байсан цахилгаан шатны автомат удирдлагын хавтан голоороо хугарсан байсан. ...” /1хх 18-19, 23/,

хохирогч А.Ө-ий “...миний машины баруун урд талын жижиг гурвалжин шилийг хагалчихсан, машины жолооч талын хаалга дутуу хаагдчихсан байдалтай, машин дотор урд хайрцаг хэсэгт байсан эд зүйлүүдийг эмх замбараагүй болгож урд сандал дээр гаргаад тавьчихсан байдалтай байсан. ...” /1хх 219-220/,

хохирогч Э.О-ын “...миний машины зүүн урд талын гурвалжин шилийг хагалчихсан байсан. ...машинаас 10.000 орчим төгрөг, хайрцагтай том бялуу, Хаан банкны виза карт хугалсан байсан. ...” /1хх 225-226/,

хохирогч Ж.Б-ийн “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд машин дээрээ ирэхэд машины жолооч талын гурвалжин шил нь хагарчихсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй...” /1хх 230-231/,

хохирогч Б.Т-ын “...машин дээрээ ирэхэд машины жолооч талын гурвалжин шил нь хагарчихсан, машины ойр хавьд байсан гурван машины гурвалжин шил нь хагарчихсан мөн цагдаа ирчихсэн байсан... машинаас алдагдсан эд зүйл байхгүй...” /1хх 235-236/,

яллагдагч У.М-ын “...би хулгай хийх зорилгоор уг автомашинуудад нэвтэрсэн боловч хулгай хийгээгүй. ...” /1хх 22/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 195-199/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 7-8/ Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 34, 2хх 8/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.М нь 2022 оны 12 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнө хулгай хийх зорилгоор 5 хохирогчийн тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн үйл баримт тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, бусдын халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан агуулах” гэж ойлгоно. Мөн “агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдсэн байхыг ойлгох бөгөөд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгааж уг зүйлчлэлээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.    

Харин анхан шатны шүүх, шүүгдэгчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнө хулгай хийх зорилгоор нэр бүхий хохирогч нарын тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргээр хөнгөрүүлэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн “...Тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглах боломжтой тул тээврийн хэрэгсэлд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан ...агуулах”-д нэвтэрсэн гэж зүйлчлэх талаар улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй байна. Тиймээс тээврийн хэрэгсэлд нэвтэрч хулгай хийсэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүрэх бүрэлдэхүүнд хамаарахгүй гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм. ...” гэсэн хууль зүйн ойлгомжгүй зөрүүтэй дүгнэлт хийж шүүгдэгч У.М-ын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Магадлалд дурдсан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул  прокурор Б.Ундрахын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч У.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурор Б.Ундрахын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ