| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00063/И |
| Дугаар | 301/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 301/ШШ2025/00073
301/ШШ2025/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ... дугаар баг Т хороолол ... тоотод оршин суух Д овогт Ргийн Нын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Чыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Н шүүхэд гаргасан хүсэлтээ: Миний бие Оын Чт мөнгө зээлүүлсэн ба зээлсэн мөнгөө буцаан төлөх хугацаа нь хэтэрч мөнгөө өгөхгүй байсан учир эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэтэл О.Ч нь өөрийн хаягтаа оршин суудаггүй, би түүний өөр хаана ямар хаягтайг нь мэдэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Би түүнд зээлсэн мөнгөө буцаан авах зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна. Иймд Оын Чыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд ирүүлсэн хүсэлтээ дэмжиж байна...гэв.
2. Хүсэлт гаргагч Р.Наас:
- А аймгийн Эсумын ... дүгээр багийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 тоот багийн засаг даргын тодорхойлолт,
- А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай тэмдэглэл”,
- 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1478 тоот зээлийн гэрээ,
- Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 40 тоот албан бичгээр ирүүлсэн О.Чын “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтыг бүрдүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Чыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Р.Н О.Ч нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээгээр О.Ч нь Р.Наас 2,500,000 төгрөгийг 300,000 төгрөгийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээл, хүүгийн хамт төлөхөөр авсан нь тогтоогддог ба хүсэлт гаргагч нь О.Чт холбогдуулан 2,500,000 төгрөгийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр О.Ч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.
Хэрэгт авагдсан
А аймгийн Эсумын ... дүгээр багийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 тоот багийн засаг даргын тодорхойлолт,
- А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай тэмдэглэл”,
- 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1478 тоот зээлийн гэрээ,
- Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 40 тоот албан бичгээр ирүүлсэн О.Чын “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” зэргээр О.Ч нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн А аймаг Эсум ... дүгээр баг Б ... тоотод оршин суухгүй байгаа болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Оын Ч /РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Оын Ч /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Чыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
/ Хүсэлт гаргагч Р.Н, утасны дугаар: 88503750/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР