Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/666

 

 

 

 

 

 

  2023              6            29                                        2023/ДШМ/666

 

 

       У.Х-т холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

хохирогч Ш.Е-ы өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Ж.У,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/640 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Х-т холбогдох ....................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Х нь 2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ........... дүүргийн ........... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” гэх газарт хохирогч Ш.Е-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун дээд 1 дүгээр шүдний бүрэн хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-т 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Х-т оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Х-аас 5.019.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Е-д олгож, хохирогч Ш.Е нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 1 цагийн үед манай байгууллагын шинэ жил болсон. Би тэр үед ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан болохоор тухайн арга хэмжээг зохион байгуулж байсан менежер Х надад хандаж манайхан нилээн согтсон байна шүү, хүмүүсээ аятайхан гарахад туслаарай, эмэгтэйчүүд нь юм хумнаас хальтарч унах вий, анзаарч зохицуулаад гараарай гэхээр нь “за” гээд туслалцаад ажилчдаа эвтэйхэн аваад гарахаар хувцасны өрөө рүү ороход өрөөнд Е, Б нар маргалдсан бололтой хоёулахнаа сууж байсан. Миний яг араас О орж ирсэн. Тэгээд би Е, Б хоёрт хандаж “нөгөө хэд чинь нилээн согтсон байна, хэдүүлээ эвтэйхэн аваад гаръя, та хоёр гайгүй биз дээ” гэхэд чимээгүй байж байснаа Е нь яахаараа бид нар наад согтуу хүмүүсийг чинь маллаж явдгийн гэхээр нь би “чи ямар хувиа хичээсэн юм бэ, нэг хамт олон байж, энэ хэдийгээ эвтэйхэн аваад явъя гэж байна шүү дээ” гэхэд Б над руу чиглээд ирсэн тэгэхээр нь эндээс гараад дараагийнх нь үйл ажиллагаа “М”-д болох юм байна. Тийшээ явъя гэтэл Б “өө бид хоёр тэгвэл буруу ойлгосон юм байна, уучилаарай гээд надтай гар бариад намайг тэвэрсэн. Тэгэхээр нь би эвлэрсэн гэж бодоод буйдан дээр гутлаа өмсөх гээд суусан чинь Е нь чи пизда минь яахаараа надтай гар барьдаггүй юм бэ гээд шууд намайг үсдэж доош нь дараад нүүр лүү өшиглөсөн доош нь дарсан байхад ар дагзнаас хүн цохиод байсан. Би Б-ийг гэж бодсон тэгтэл гэрч О, Е-д хандаж чи үсийг нь тавьчих гээд салгах гээд орилоод байсан. Би миний үсийг тавиулаадхаач гэж хэлээд нэг мэдэхэд өндийж босч ирээд Е-ыг алгадсан. Нэг харсан чинь О ширээн дээр Е ширээний наад талд унасан байсан. Хойноос Б намайг зуураад унагаах гээд байсан. Би арайхийж салаад гадагшаа зугтаасан. Тэгтэл гаднаас баахан хүмүүс ороод ирсэн. Тухайн үед бол би биеэ л хамгаалсан болохоос хүний биед хүндэвтэр гэмтэл учруулъя гэсэн санаатай үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүх хохирогч, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад зөвхөн ганц хохирогчийн олон удаагийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэж намайг буруутгасанд гомдолтой байна. Гэрч О-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг нь няцаагаагүй, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн үнэн зөв дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Миний бие аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Х-ын өмгөөлөгч Ж.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөвхөн хохирогч Ш.Е болон түүний дотны найз гэрч Б-ийн мэдүүлгүүдийг үндэслэж миний үйлчлүүлэгч У.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял халдаасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгүүдийг болон хохирогчийн удаа дараа өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн тухайн нөхцөл байдлыг яг хараад хажууд нь байсан гэрч О-ыг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсан боловч хуралд оролцуулаагүй. Гэрч Б, О нарын мэдүүлгүүдэд няцаалт хийж үгүйсгээгүй, тэдгээр мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэгтээ илтэд зөрүүтэй байхад мөн нэг нь нөгөө мэдүүлгээ үгүйсгэж байгаад ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа У.Х нь Е-тай үл ялих маргааны улмаас нүүр хэсэгт нь цохиж хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байна гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үнэн зөв бодитой хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Хэргийг прокурорт буцааж өгнө үү. Миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хийсэн байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Хохирогч Ш.Е-ны өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч, гэрч нарт хууль сануулж, хуулийн дагуу мэдүүлэг авсан. Маргаантай, зөрүүтэй мэдүүлэг байхгүй. Хохирогчийн зүгээс довтолсон зүйл байхгүй. Үүнийг гэрч Б гэрчилж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч У.Х-т ямар нэгэн гэмтэл учраагүй. Анхан шатны шүүх хохирлын мөнгө болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Ш.Е 15.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. 5.000.000 төгрөг дээр нэмж тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар зааж өгнө үү. Аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. ...” гэв. 

Прокурор А.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, хохирогч Ш.Е-ы шууд заасан мэдүүлэг, хохирогч Ш.Е-ы мэдүүлгийг нотолсон гэрч Б-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч У.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Ж.У нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Х нь 2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ............ дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............. гэх газарт хохирогч Ш.Е-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун дээд 1 дүгээр шүдний бүрэн хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Е-ы “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагын шинэ жил “........”-д 19 цаг 30 минутад эхэлсэн. Би шинэ жилдээ найз Г.Б-ийн хамт нэг ширээнд суугаад баярласан. ...Х намайг “чи үхсэндээ муухай хараад байгаа юм пизда минь” гээд над руу дайрахаар нь Г.Б араас нь хэвлий хэсгээр нь тэвэрсэн чинь У.Х миний толгой руу эхэлж цохиод, дараа нь шүд рүү цохиод миний шүдийг хугалсан. Би төрсөн ах Е.Д руу утсаар залгаад намайг зодчихлоо гэсэн чинь удалгүй ирсэн. ...” /хх 12-13/,

гэрч Г.Б-ийн “...Би Х-ыг гэдсээр нь тэврээд салгах хооронд Ш.Е-ыг баруун гараараа нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа цохиод авсан чинь Ш.Е амаа дараад доошоо суусан. Тэр хооронд ажлын хүмүүс орж ирээд болиулаад салгаад У.Х-ыг нэг хүн аваад гарахаар нь Ш.Е бид хоёр араас нь гарч ирээд, Ш.Е ах руугаа залгаад ах нь ирээд цагдаа дуудсан. ...” /хх 18-19/,

гэрч Ш.Д-ы “...Миний төрсөн дүү болох Ш.Е над руу залгаад “би зодуулчихлаа, миний 3 шүд унасан. ...” /хх 21/,

гэрч Б.О-ын “...Ш.Е-ы амнаас цус гараад шүлсээ хаясан чинь унасан шүд гарч ирсэн. ...” /хх 23/,

гэрч Б.О-ийн “...Ш.Е-ы амнаас цус гарсан байхаар нь харсан чинь 1 шүд нь унасан байсан. Би Ш.Е-д “чиний шүд унасан байна боль гээд” хэлсэн чинь Ш.Е уурлаад ах руугаа утсаар залгасан. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ш.Е-ы биед зүүн дээд 1,2 дугаар шүдний түүшин сэртэнгийн хугарал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, уруулд салстын өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 621 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 32-33/,

“...Ш.Е-ы биед баруун дээд 1 дүгээр шүдний бүрэн булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал гэмтлийн улмаас нийт 3 шүд унасан байна. Гурван шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 152 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 34-36/,

БЗДЦГ, ЦХ-3, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 7/, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч У.Х-ын хохирогч Ш.Е-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Х-ыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч У.Х “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У “...У.Х нь аргагүй хамгаалалт хийсэн байгааг анхаарч үзэж, хэргийг прокурорт буцааж өгнө үү, аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч У.Х-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ш.Е /хх 12-13/, гэрч Г.Б /хх 18-19/,  Б.О /хх 23/, Б.О /хх 26/ нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 621, 152 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр 2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд шүүгдэгч У.Х-ын үйлдлийн улмаас хохирогч Ш.Е-ы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Е-ы өмгөөлөгч Б.Э-аас хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх уг баримтыг үнэлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, төдийгүй анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй юм.

Харин хохирогч Ш.Е нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болох талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад тодорхой дурджээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Ж.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/640 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Ж.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ